| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2021/00151/И |
| Дугаар | 155/ШШ2021/00522 |
| Огноо | 2021-05-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2021/00522
Хэргийн индекс 155/2021/00151/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн А... сумын .. дугаар багт оршин суух, регистрийн дугаар РВ....., Х.... овогт Б..Э.. нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн А... сумын .. дугаар багт оршин суух, регистрийн дугаар РИ..., Ш.. овогт Б.Э.. холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсэг болох 16.166.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ц., нэхэмжлэгч Б.Э., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г., хариуцагч Б.Э. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Э. нь нөхөр Б.Э. 2016 онд танилцан үерхэж байгаад 2018 онд албан ёсоор нэг гэртээ орж, гэр бүлээ 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр батлуулсан. Бид дундаасаа 1 хүүхэдтэй ба хүү Э.Б. 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 2 настай юм. Нөхөр Б.Э. архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх дуртай, архи уусан уугаагүй хамаагүй намайг пизъда, янхан гэх мэтээр байнгын хэл амар доромжилж, улмаар миний биед халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болсон. Би эрэгтэй хүнтэй тааралдаад дуугарах болон инээх эрх байдаггүй, хэрэв таньдаг эрэгтэй хүн тааралдаад юм ярьчихвал гэрт ирээд чи саяны хүнтэй ямар холбоотой юм гэж тулгаж асуухаар нь би хэрцгий зодолтоос нь айгаад холбоотой гэж хэлэхэд тийм байх ёстой гээд зоддог. Намайг нөхөр зодохдоо зүгээр ч нэг алгадаж цохьдоггүй үснээс зулгаагаад галтай зуух руу толгойг хийх гэдэг, гартаа таарсан хатуу зүйлээ шидэж миний биеийн хаана ч хамаагүй цохиж зоддог. Мөн хутга бариад хутгална гэдэг. Хүү маань намайг нөхөрт зодуулж байхад уйлаад миний хажууд ирэхэд хүүтэй маань хамт зоддог байсан. Аавынхаа энэ байдлаас болоод хүү маань их айдастай аймхай болсон. Би хөдөө байдаг байсан тул Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй зодуулаад л өнгөрдөг байсан. Би үнэхээр ганцаардаж мөн зодуулж, доромжлуулсандаа их шаналдаг байсан. Нөхөр бид 2 малыг нь маллаж байсан, саахалт амьдардаг н.Анхбаяр гэдэг ах миний энэ хэцүү байдлыг хараад надад сэтгэлийн дэм өгч, утсаар ярьж ойр зуурын асуудалд тус болдог байсан. Энэ байдлыг нөхөр буруугаар ойлгож, н.А. ахтай намайг гэр бүлээс гадуур харьцаатай гэж хардан мөн л удаа дараа зодсон. Нөхрийн намайг байнга доромжилдог, зоддог байдлуудыг нь би тэвчихээ байгаад хүүгээ аваад 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс хойш гэрээсээ явсан. Тэр үед нөхөр маань намайг зодсон учир бие маань муу гэрээсээ явсан. Би аав, ээжийгээ дуудуулаад аав, ээжийнхээ тусад гарахад бэлдэж өгсөн ойр зуурын зүйлийг аваад явсан. Би гэр, мал маллан ажлын хөлсөнд авсан машин, нийт 122 тооны малыг орхиод явсан. Би 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулаахр Б.Э.г уулзалтанд удаа дараа дуудсан боловч хүрэлцэн ирээгүй. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаа дууссан тул би шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргасан. Бид хамтын амьдралынхаа явцад н.А. ахын малыг 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэл малласан юм. Мал малласны хөлсийг сар бүр 400.000 төгрөгөөр тооцож, эхний 5 сард нь сар болгон хөлсөө авч байгаад дараагийн 5 сарын мал малласны хөлс 2 сая төгрөгөнд Бонго Пронтер маркийн 37-33 ХӨВ дугаартай тээврийн хэрэгсэлийг авсан. Уг тээврийн хэрэгсэл нь н.А. ахын нэр дээр ч байгаагүй. Хөвсгөл аймгийн Тариалан сумын н.Н. гэдэг хүний нэр дээр байсан ба нөхөр бид 2 өөрсдийнхөө нэр дээр болгож аваагүй. Н.Анхбаяр ах хавар мал сайн төллүүлсэн гээд 5 хургатай хонь, 5 ишигтэй ямаа өгсөн. Манайх 2019 оны малын тооллогоор 128 толгой мал тоолуулсан ба үүнээс 5 үхэр үхсэн, 21 тооны хонь, ямааг нөхөр миний өмч гээд орхиод явсан байсан. Ингээд 102 толгой мал дээр н.А. ахын өгсөн нийт 20 тооны бод малыг нэмэхээр нийт 122 тооны мал үлдсэн.
Би шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа Б.Э..с гэрлэлтээ цуцлуулах, хүү Э.Б.г эх миний асрамжид үлдээлгэх, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр эцэг Б.Э..с гаргуулах, дундын эд хөрөнгө болох:
Адуу 5, морь 1х1.000.000=1.000.000 төгрөг, гүү 2х900.000=1.800.000 төгрөг, даага 1х600.000=600.000 төгрөг, унага 1х300.000=300.000 төгрөг, нийт 3.700.000 төгрөг, үхэр 13, тугал 2х200.000=400.000 төгрөг, бяруу 3х500.000=1.500.000 төгрөг, шүдлэн 2х700.000=1.400.000 төгрөг, үнээ 6х1.000.000=6.000.000 төгрөг, нийт 9.300.000 төгрөг, хонь 55, эм хонь 31х100.000=3.100.000 төгрөг, хурга 4х50.000=200.000, эр хонь 15х130.000=1.950.000 төгрөг, төлөг 5х80.000=400.000 төгрөг, нийт үнэ 5.650.000 төгрөг, ямаа 49, ишиг 9х400.000=360.000 төгрөг, борлон 8х60.000=480.000 төгрөг, эм ямаа 22х80.000=1.760.000 төгрөг, эр ямаа 10х100.000=1.000.000 төгрөг, нийт 3.600.000 төгрөг, Бонго пронтер маркийн 37-33 ХӨВ дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 төгрөг нийт 24.250.000 төгрөгний үнэ бүхий мал, эд хөрөнгөнөөс өөрт болон хүү Э.Б. ногдох хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 16.166.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдааны шатанд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхэддээ ногдох хэсэг болох 16.166.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд бидний гэрлэлтийн цуцалж, хүү Э.Б.г миний асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагч Б.Э. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр Б.Э. 2016 онд танилцаж, үерхэж байгаад 2018 онд албан ёсоор нэг гэртээ орж албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүү Э.Б. төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүдэд бидний харилцаа хэвийн амьдрал сайхан байсан боловч бид сүүлийн жилүүдэд таарч тохирохгүй болсон. Бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2 удаа эхнэртээ гар хүрсэн нь үнэн. Гэхдээ эхнэр Б.Э.н нэхэмжлэлд дурьдсан шиг ийм зүйл болж байгаагүй. Энэ асуудал болох үед эхнэр Б.Э бид хоёрын малыг нь маллаж байсан н.А гэх хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэснээс хэрүүл маргаан эхэлсэн. Хардалтаас болж эхнэртээ гар хүрсэндээ гэмшиж, харамсаж явдаг. Дээрх маргаанаас болоод эхнэр маань 2020 оны 9 дүгээр сард гэрээсээ явсан. Үүнээс хойш бид одоог хүртэл тус тусдаа амьдарч байна. Эхнэр Б.Э нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон. Эхнэр маань гэрээсээ явахдаа хамтран амьдрах хугацаанд бий болсон дундын эд хөрөнгөөсөө өөрт ногдох хувиа аваад явсан. Бидэнд одоо 122 тооны толгой мал байхгүй. Мал малласны хөлсөнд авсан гэх Бонго Пронтер маркийн 37-33 ХӨВ машины тухайд анхаасаа ашиглах боломжгүй эвдэрсэн машин байсан тул би хүнд өгөх ёстой байсан мөнгөндөө тооцож өгсөн юм. Би эхнэр Б.Э..с гэрлэлтээ цуцлуулах, хүү Э.Б эхийнх нь асрамжинд үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Эд хөрөнгийн хувьд бид харилцан тохиролцож, эхнэр Б.Э энэ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Миний хувьд эхнэртээ гар хүрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь үнэн. Эхнэрээ өөр хүнтэй гэр бүлийн харилцаа үүсгэсэн гэж бодохоор надад цаашид хамт амьдрах итгэл төрөхгүй байна. Энэ байдлаас болоод бидний хооронд байнгын хэрүүл маргаан үүсч би биеэ барьж чадахгүй эхнэртээ гар хүрдэг. Хүүтэйгээ би байнга уулзаж байна. Хүүгээ ээжийнх нь асрамжинд үлдээх, хүүхдийн тэтгэлэг төлөх, гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Э холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхэддээ ногдох хэсэг болох 16.166.000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны шатанд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхэддээ ногдох хэсэг болох 16.166.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсныг, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн А сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 6704000006 дугаарт бүртгэсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Б.Э нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүү Ш овогт Э Б нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь хүүхдийн төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно. гэж заасан байх ба нэхэмжлэгч Б.Э нь хүү Э.Бг өөрийнхөө асрамжид авахаар шаардахад хариуцагч Б.Э хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрсөн, Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн дүгнэлт, гэрч М.С мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэж хүү Б.Б эх Б.Э асрамжинд үлдээлээ.
Хүү Э.Б эх Б.Э асрамжинд үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Б.Э, эх Б.Э нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт: Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно. гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт: 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт: 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр. гэж тус тус заасан байх тул 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, хүү Ш овогт Э Б эцэг Б.Эс сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхэддээ ногдох хэсэг болох 16.166.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно... гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна., мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: Шүүхийн зардлыг ..., нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ., 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт: Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, ... хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана. гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт: ... урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх ((650.001-1.300.000 төгрөг (20.150 төгрөг дээр 650.000 төгрөгнөөс давсан үнийн дүнгийн 2.4 хувийг нэмнэ.) гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Б.Э улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 392.970 төгрөгнөөс нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 344.317 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эс 105.537 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 48.653 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Э олголоо.
Хэрэгт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар хуулбар үнэн гэсэн дардас дарагдсан Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллогын хуулбар, Төрийн сан Мэргэжилтэн 354 гэсэн дардас дарагдсан Б.Э 2021 оны А дансны тодорхойлолт, ХААН банк 15550-01 гэсэн дардас дарагдсан Б.Э, Б.Э нарын Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумны Яргис багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/06 дугаар албан бичиг, Төрийн сан Мэргэжилтэн 354 гэсэн дардас дарагдсан Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогын баримтын хуулбар, ХААН банкны 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/202045430287 дугаар Зээлийн гэрээний хуулбар, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн БГХ202045430287 дугаар Барьцааны гэрээний хуулбар зэрэг баримтууд авагдсан ба эдгээр баримтууд нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байх тул шүүх үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч С.Б мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хариуцагчийн хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явууллаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6 дахь хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар регистрийн дугаар РВ, Х овогт Б.Э, регистрийн дугаар РИ, Ш овогт Б.Э. нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РА.., 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, хүү Ша. овогт Э.Б.г эх Б.Э. асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар регистрийн дугаар РА..., 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, хүү Ш. овогт Э.Б.д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Э...с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э. нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхэддээ ногдох хэсэг болох 16.166.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Э..н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 392.970 төгрөгнөөс нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 344.317 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э..с 105.537 төгрөгийг, улсын орлогоос илүү төлөгдсөн 48.653 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Э.. олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээдэг болохыг, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглохыг, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг тус тус мэдэгдсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА