Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 00006

 

М.Нт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч З.Хосбаяр, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,

Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолтой М.Нт холбогдох 2038000130108 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Д.Чийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дархан овогт М-ийн Н, 1994 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ........./.

Шүүгдэгч М.Н нь 2020 оны 1 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Мөрөн сумын 5 дугаар багийн 34 дүгээр гудамжны урд байрлах асфальт замд Тоёота приус-20 маркийн 7706 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, С.Жын амь насыг хохироож, Д.Чийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Дархан овогт М-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуугаар зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч М-ийн Н-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нт оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч М.Н нь хохирогч Ө.С-д 5,000,000 /таван сая/ төгрөг төлж эвлэрсэн болохыг, хохирогч Д.Чт төлөх төлбөргүй болохыг, иргэний хариуцагч Г.Ө нь өөрт учирсан хохирол болох 2,360,000 /хоёр сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг хариуцах болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Ч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол төлбөрөө шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч М.Нын 886207 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах С.Д-ууд даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч М.Ныг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хорихоор шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Ч давж заалдах гомдолдоо: Хохирогч Д.Ч миний бие Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 дугаар сарын 31-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд 1.Шүүхээс М.Нт оногдуулсан ялыг зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь М.Н нь согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ хурд хэтрүүлж зам тээврийн осол гаргаж нэг хүний амь нас хохироож нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Надад учирсан цалин болон эмчилгээний бусад зардлуудыг бүрэн /нэхэмжилсэн 10,000,000 сая төгрөгийг/ хэмжээгээр төлж барагдуулж өгөөгүй байхад хохирол төлбөр төлсөн, уучлалт гуйсан гэх мэтээр хийсвэр дүгнэлт хийж хэт хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байна.

2. Анхан шатны шүүх нь гаргасан шийдвэртээ дүгнэлт хийхдээ хохирогч Д.Ч энэ мөнгийг аваагүй надад ямар ч хохирол төлөөгүй гэж мэтгэлцэж байх тул шүүгдэгч М.Ныг хохирогч Д.Чт хохирлын төлбөр огт төлөөгүй, төлбөл зохих хүнд хохирол төлөөгүй гэж дурдсан байгаа ба М.Н-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж оногдуулах үндэслэлтэй хохирол төлбөр төлсөн гэж эрс хоёр өөр дүгнэлт хийсэн байна.

 Би зам тээврийн осолд орж баруун дунд чөмөг хугарч цаашид УБ хот руу гэмтэл согог судлалд үзүүлэх шаардлагатай ба би осолд орох үедээ “Мөнх-Өргөө” хувийн компанид ажиллаад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. Компанийн тодорхойлолт байхад хөдөлмөрийн чадвар алдсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгөөгүйд гомдолтой байна. Намайг бүх насаар минь тахир дутуу болгож хөдөлмөр хийх чадваргүй болгосонд М.Нт гомдолтой байна. Иймд хэргийг хянуулахаар гомдол гаргав гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч М.Н нь 2020 оны 1 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Мөрөн сумын 5 дугаар багийн 34 дүгээр гудамжны урд байрлах асфальт замд “Тоёота приус-20” маркийн 7706 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, явган зорчигч С.Жын амь насыг хохироосон, иргэн Д.Чийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянахад 7706 ХӨҮ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл нь хэний өмчлөл, эзэмшлийнх болох нь тодорхойгүй, эргэлзээтэй байхад иргэн Г.Өлзийбатыг иргэний хариуцагчаар татан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь ойлгомжгүй байна.

Иргэний нэхэмжлэгч гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг” хэлэх ба Г.Өлзийбатыг иргэний нэхэмжлэгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэрч Г.Цэцэгдэлгэр нь 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “Дээрх тээврийн хэрэгслийг манай дүү Өлзийбат нь худалдаж авсан хэдий ч ийш тийшээ ажил хийхээр явчихдаг учир тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь миний нэр дээр байдаг юм” гэж,

Иргэн Г.Өлзийбат 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэгтээ “ ... машины маань бичиг баримт эгч Цэцэгдэлгэрийн нэр дээр байдаг. Би хөдөө гадаа явдаг болохоор эгчийнхээ нэр дээр бичиг баримтыг нь болгочихсон юм.” гэж тус тус мэдүүлсэн байх боловч 7706 ХӨҮ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 83 тал/-т өмчлөгч нь “ЭНТ ФИНАНС ХХК” байх ба өөрчлөгдсөн тэмдэглэгээ хийгдээгүй байна.

Тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч гэм хорыг арилгах үүрэгтэй тул 7706 ХӨҮ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдийг эргэлзээгүй тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх нь хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйл, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д заасантай нийцэх юм.

Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр аймгийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн зөрчил гаргасан байна. Тухайлбал шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Чингист хохирол төлсөн гэж үзэх боломжгүй байна гэж” дүгнэсэн атлаа дээрх хуулийн заалтыг хэрэглэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх заалтыг хэрэглэсэн алдаа гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Хохирогчийн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл  давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                             З.ХОСБАЯР

                                                                        Н.БАЯРХҮҮ