Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2022/0445

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х***********” ХК,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц***********, Б.Г*********** нарын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ш***********, Б.С***********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б***********, хариуцагч Б.Г***********, Ц.Ц***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “Х***********” ХК нь анх 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд “...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц***********, Б.Г*********** нарын “Х***********” ХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж гаргасан 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн НА-3521000005* тоот татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Уг нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны явцад тодруулж, “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц***********, Б.Г*********** нарын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн NА35210000050 тоот нөхөн ногдуулалтын татварын актын 3, 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулан маргасан болно.  

Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:

2.1. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц***********, Б.Г*********** нар нь Монголын Татварын албаны 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 35214006** дугаар “Татварын хяналт шалгалт хийх томилолт”[1]-ын дагуу “Х***********” ХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн.

2.2. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн НА-3521000005* дугаар “Нөхөн ногдуулалтын акт”[2]-аар “...2020 онд орон сууцны борлуулалтын урьдчилгаа төлбөр авсан 988,528,334.00 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, тайлагнаагүй, захиалагч нарт төлбөрийн баримт олгоогүй, ...2020 онд 164,937,000.00 төгрөгийн үндсэн хөрөнгөнд бүртгэгдсэн Х-спорт заалны өргөтгөлийн барилга байгууламжид үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулан, төлж тайлагнаагүй...”[3] гэж үзэн 129,936,176.17 төгрөгийн нөхөн татвар, 50,679,721.61 төгрөгийн торгууль, 14,801,295.83 төгрөгийн алданги, ний 195,417,193.61 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2.3. Дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хянаад тус зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4* дугаар тогтоол[4]-оор Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц***********, Б.Г*********** нарын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн НА-3521000005* дугаар Нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн.

2.4. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4* дугаар тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Х***********” ХК-д гардуулжээ.[5]

2.5. Нэхэмжлэгчээс  маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ш*********** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт СТОУС15-ын дагуу бүтээгдэхүүнийг худалдан авагчид шилжүүлсний дараа орлогыг хүлээн зөвшөөрч бүртгэхээр заасан. Тухайн худалдан авагч төлбөрөө буцаах, ипотекийн зээл урт хугацааны судалгаатай байдаг учраас 30 хувиа манайд байршуулж, 70 хувийн төлбөрийн ипотекийн зээлийн банкны судлагдах хугацаа их байдаг.

Өөрөөр хэлбэл ипотекийн зээл урт хугацааны судалгаа хийгддэг учраас тэр хүний нэр дээр 30 хувиар борлуулалт хийх боломжгүй, 988 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийн ихэнх нь 30 хувьд хүрээгүй байсан ба энэ 3 үндэслэлийн дагуу бид Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт СТОУС15-ыг баримталж бүртгэлээ хөтөлсөн.

2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 11 цаг 53 минутад улсын байцаагч IE93077 гэсэн албан бичгээр манай тайланг алдаагүй гээд баталгаажуулж хүлээж авсан.

2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн хугацаанд ногдуулан тайлагнасан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулан татвар, алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөхөөр заасан. Татварын ногдлоо төлчхөөд байхад бидэн дээр акт тавьж, алданги, торгууль ногдуулсан.

2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр татварын байцаагч тайланг хүлээж аваад 2021 оны 05 дугаар сард татварын хяналт шалгалт орж тухайн тайланг зөрчилтэй гэж акт торгууль тавьсан....” гэв.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*********** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2020 оны орон сууцны борлуулалтын урьдчилгаа төлбөрийг авсан 988,528,330 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар тайлагнаагүй тул нөхөн татвар болон торгууль, алдангийг ногдуулсан. Гэтэл улсын байцаагч нарын 988,528,330 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж тайлагнаагүй, захиалагч нарт төлбөрийн баримт олгоогүй гэдэг нь үндэслэлгүй.

...Сангийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 410 дугаар тогтоолоор баталсан Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 15-ыг баримталж, бүртгэл хийх журмын дагуу орон сууцны захиалгын урьдчилгаа төлбөрийг манай компани санхүү бүртгэлдээ өглөг дансанд, барилгын гэрээний орлого зарлагыг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт СТОУС15-ын 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу барилгын ажил гүйцэтгэх аж ахуйн нэгж нь барилгын гэрээнд тусгагдсан хуваарьт төлбөрөөс гадуур захиалагчаас хүлээн авсан урьдчилгаа төлбөрийг дансны өглөг дансанд бүртгэж, уг дүнг гэрээнд заасан төлбөрийн хэмжээ бүрдсэн тохиолдолд гэрээт ажлын нэхэмжлэхийг үндэслэн дансны шилжүүлэг хийх зохицуулалт байдаг.

Иймд манай компани урьдчилгаа төлбөр 30 хувийг өглөгт бүртгэж, тухайн борлуулалтыг 100 хувь хийгдсэний дараа дансны борлуулалтын орлогод бүртгэж явсан нь хууль зөрчөөгүй. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасны дагуу урьдчилгаа төлбөр 30 хувьд борлуулалт шивээгүй гэж байцаагч нар акт тавиад байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ” гэж заасан. Манай хувьд бараа нь үл хөдлөх эд хөрөнгө буюу түүний өмчлөх эрхийн гэрчилгээ. Үл хөдлөх эд хөрөнгө тухайн худалдан авагчийн өмчлөлд бүрэн шилжсэнээр борлуулалт хийгдсэн гэж тооцогдох хуулийн зохицуулалттай. Тиймээс бид урьдчилгаа төлбөр бус төлбөрийг 100 хувь төлсний дараа нэмэгдсэн өртгийн албан татварыг шивдэг. 988 сая төгрөгтэй холбоотойгоор 9 худалдан авагч төлбөрөө 100 хувь төлсөн учраас бид нэмэгдсэн өртгийн албан татварыг шивсэн. Борлуулалт 2021 онд 100 хувь хийгдсэн.

...Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үл хөдлөх эд хөрөнгө шилжихээр заасан. Уг заалтын дагуу өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө шилжсэн нэмэгдсэн өртгийн албан татварыг шивсэн нь хууль зөрчөөгүй. Урьдчилгаа 30 хувийн төлбөрийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх ёстой гэж акт үйлдэж байгаа нь хууль бус шийдвэр.

30 хувьд төлөлт хийгдсэн ч тухайн 30 хувиа эргүүлж буцааж авах тохиолдол байдаг. Хавтаст хэргийн 159, 161, 163, 164 дүгээр хуудсанд 30 гаруй сая төгрөгийн буцаалт хийгдсэн материалууд авагдсан. Гэрээний эрх үүргийн дагуу тухайн иргэн гэрээгээ цуцалж мөнгөө буцаах боломжтой учраас 30 хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар шивэгддэггүй.

...Татварын албанаас өгсөн баримтад манай компанийн 2019-2020 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлсөн баримт хэрэгт бий. Манай компани үл хөдлөх эд хөрөнгөө өөрсдөө ашиглаж байсан ч хэмжээг нэмэгдүүлээгүй, засаж сайжруулсан. Энэ талаараа 2020 оны үл хөдлөх эд хөрөнгийн тайланд тайлагнасан. 2019 оны тайланд 316,049,520 төгрөг, 2020 оны тайланд 476,049,529 төгрөгөөр тайлагнасан. Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор жилийн эцэст тайлагнах ёстой. 2020 оны тайланг бид 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр засвар хийж нэмэгдүүлсэн дүнг 476,049,529 төгрөгөөр тайлагнасан. Хэргийн материалын 169 дүгээр хуудсанд нэмэгдүүлж тайлагнасан тайлан бий.

Гэтэл улсын байцаагч 2020 онд 164 сая төгрөгийн үндсэн хөрөнгийн бүртгэл нэмэгдсэн байхад Х өргөө спорт заалны өргөтгөлийн байгууламжид үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж тайлагнаагүй гэж акт ногдуулж, торгууль, алданги тавьсан. Манай компани үл хөдлөх эд хөрөнгийн татварыг тайлагнасан, татвараа ч төлсөн. Хавтаст хэргийн 121 дүгээр хуудсанд манайх татвараа төлсөн байгаа. Нэмэгдүүлсэн дүнгийн татварыг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1 сая 600 мянган төгрөгөөр буюу 1 хувиар нэмэгдүүлж татвараа төлсөн. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,649,370 төгрөгөөр татвараа нэмж төлсөн. Татварын систем дээр гарч ирсэн нэхэмжлэхийн дагуу бид татвараа төлсөн. Бид тайландаа нэмж тайлагнаад, татвараа нэмж төлсөн.

Татварын улсын байцаагчийн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу захиргааны байгууллага хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан. Тухайн акт нь ямар хуулийн ямар зүйл заалтыг яаж зөрчсөн талаар тодорхойлсон байх ёстой байтал хяналт шалгалтын үйл ажиллагаагаар тодорхой тогтоогоогүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд борлуулалтын талаар заасан байхад өөр хуулийн заалтыг ашиглаж буруу тодорхойлсон.

Захиргааны удирдамжууд болон хугацаанууд дээр эргэлзээ төрсөн. Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Татварын ерөнхий хууль, Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын дагуу татварын хяналт шалгалтыг томилолт болон хугацаатай явуулах ёстой байтал ингэж явуулаагүй. Хяналт шалгалт эхэлсэн бол тасралтгүй явагдах ёстой. Гэтэл энэ хугацаа тасалдсан. Хэргийн материалын 103, 104 дүгээр материалд авагдсан татварын улсын байцаагч нарын томилолт 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр эхэлж 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дуусна. 104 дүгээр хуудсанд хяналт шалгалтын хугацааг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр буюу 104 ажлын өдрөөр сунгасан. Төрийн хяналт шалгалт тасралтгүй явагдах ёстой. 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дууссанаас шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү. 35 хоногийн дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс дахин хяналт шалгалтыг эхлүүлсэн. Хяналт шалгалтыг дунд нь зайтай 4 удаа сунгасан байдаг.

Татварын хяналт шалгалтын 3,4 дүгээр заалтад 2020, 2021 оны зөрчлүүд гэж тавьж байгаа ч энэ үед ковидын цар тахалтай үе таарсан, энэ үеийн ковидын зохицуулалт хэрэгжих ёстой. Улсын Их Хурлаас 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 2 хууль гаргасан. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулсан, тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татвар, алданги, торгуулиас тухайн албан татварыг нэг удаа чөлөөлөхөөр заасан. Энэ хуулийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар сунгасан. Энэ зохицуулалт манай компанийн хугацаатай таарч байгаа. Бид нэмэгдсэн өртгийн албан татвар, үл хөдлөх эд хөрөнгийн тайлангаа санхүүгийн албанд өгч тайлагнасан. Гэтэл нэг удаа татвараа төлөөгүй тохиолдолд алданги, торгуулиас чөлөөлөх хуулийг ашиглаагүй, хуулийг зөрчсөн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ гэж заасныг зөрчсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бүрэн шилжсэнээр борлуулалт гэж тооцохыг тооцоогүй. Татварын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг ашиглалгүй өөр хуулийн зохицуулалтыг ашиглаж манайд торгууль, алданги тавьж байгаа нь хууль бус.

Үл хөдлөх эд хөрөнгөд сэндвичээр өндөрлөж засвар хийсэн болохоос нэмж барьсан зүйл байхгүй. Засвар хийсэн барилгадаа татвараа нэмэгдүүлж татварын тайланг гаргасан байхад татвараа тайлагнаагүй гэдэг. Татвараа төлсөн байхад нэмж татвар болон торгууль, алдангийг тооцож байгаа нь үндэслэлгүй.

Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх эрхийг хуулийн дагуу эдлүүлэхгүй бол хууль бус үйлдэл гэж үзэхээр заасан. Энэ заалтыг мөн зөрчсөн. Татварын байцаагч Иргэний хуулийн зүйл заалтыг барьж үл хөдлөх эд хөрөнгийн татварыг нэмж төлөх ёстой гэж тайлбарлаж байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь хуулийн этгээд болоод үд хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тайлагнах төлөх ёстой хуулийг зөрчөөгүй татвараа хуулийн хугацаанд тайлагнаж, татвараа төлсөн.” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*********** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Хяналт шалгалтын томилолтын хугацааны хувьд хяналт шалгалтыг “Х***********” ХК-д хийхэд хэцүү байсан. Захирал, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдүүдтэй холбогдоход өвчтэй, ковидтой гэж байсан. ... Нөхөн ногдуулалтын актын 2017-2020 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн нөхөн ногдуулалтын актаар 1 тэрбум 456 сая 416 мянга төгрөгийн зөрчилд 129 сая 336 мянга 176 төгрөгийн нөхөн татвар, 50 сая 676 мянга 721 төгрөгийн торгууль, 14 сая 801 мянга 295 төгрөгийн алданги, нийт 195 сая 417 мянга 493 төгрөгийн төлбөрийг ногдуулсан. Нэхэмжлэгч тал 195 сая 417 мянга 493 төгрөгөөс 150,895,679.43 төгрөгийг эс зөвшөөрч гомдол гаргасан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль яригдаж байгаа.

Тухайн компани барилга барьж иргэдээс урьдчилгаа авч байгаа. Урьдчилгаа нь эдний компанид орлого болж дансанд орж ирж байгаа. Энэ компаниуд нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт гэх зүйл яриад өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж байна. Компаниуд нь буцаалт хийдэг, банкнаас зээл бүтдэггүй тул төлбөрийн баримтыг өгдөггүй гэж хэлдэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд орлого олсон тухай бүр нэмэгдсэн өртгийн албан татварын баримт өгөхөөр заасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар улиралдаа бид 2 хувийн буцаалтыг авдаг. Дараа жил юм уу бүх мөнгийг нь гүйцээж өгсний дараа нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг өгвөл буцаалт авч чадахгүй, сугалаанд оролцож чадахгүй болно. Энэ компани нь өөрсдийнхөө эрсдэлийг бодоод төлбөрөө 100 хувь төлсний дараа өгнө гэдэг. Гэтэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тухай бүрт баримтыг нь өгөхөөр зохицуулсан. Эдний компани руу орлого хийсэн л бол тэр үнийн дүнгээр тохирсон баримтыг авах ёстой. Захиалгын гэрээгээр мөнгө авч ажил үйлчилгээ үзүүлж байгаа учраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасанд хамаарч байгаа.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д  Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна гэж заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хууль руу оруулчихлаа гээд байгаа юм. Татварын алба Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн албан татварын тухай хуулийн тухайн заалтыг баримтлан бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулахаар заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно гэж заасны дагуу хөрөнгө нэмэгдүүлсэн үнээр тооцсон. Эднийх спорт зааландаа засвар хийгээд тайлан дээрээ хөрөнгийн үнэлгээ нэмэгдэж орж ирсэн. Засвар хийсэн бол засварын зардал гарах ёстой байсан. Гэтэл засварын зардал гараагүй. Татварын албаны нэг цэгийн үйлчилгээний байцаагч илгээсэн тайланг хүлээж авдаг. Тухайн байцаагч хяналт шалгалтын бус тайлан хүлээж авдаг байцаагч. Хяналт шалгалтаар ороод буруу тайлан хүлээж авсан байвал тайлангаа засах боломжтой. Тайлангаа засах боломжтой байхад тайлангаа засаагүй, татвараа хугацаандаа төлөөгүй нуун дарагдуулсан. Нэмэгдсэн өртгийн албан татварыг өглөг дээрээ бүртгээд борлуулалт дээрээ бүртгээгүй нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зугтааж байна гэсэн үг. Томруулж нэмэгдүүлээгүй гэж байгаа нь татвараас зайлсхийх боломжийг олгож байна гэсэн үг. Энэ нь хууль зөрчиж байгаа. Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-т Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд байгаа татвар төлөгчийн мэдээлэл тухайн татвар төлөгчид нээлттэй байх ба мэдээллийн үнэн зөвийг татвар төлөгч хариуцна гэж заасан. Засвар хийсэн гэх боловч засварын зардлаа тайландаа тусгаагүй, татвараас зайлсхийж, тайлангийн үнэн зөвийг өөрөө хариуцах ёстой байтал одоо ийм юм яриад сууж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

   ҮНДЭСЛЭХ НЬ:

Дөрөв: “Х***********” орон сууцны 84 айлын барилгын захиалгын гэрээгээр 2020 онд орон сууцны борлуулалтын урьдчилгаа төлбөр авсан 988,528,334.00 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, тайлагнаагүй, захиалагч нарт төлбөрийн и-баримт олгоогүй тухайд:

4.1. Маргааны үйл баримтад холбогдох 84 айлын “Х***********” орон сууцны барилгын ажлын гүйцэтгэлийг “Х***********” ХК хийж гүйцэтгэн, Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн БА-115/2020 дугаар дүгнэлтээр ашиглалтад хүлээлгэн өгсөн[6].

4.2. Хавтас хэрэгт цугларсан баримтын хүрээнд л авч үзэхэд нэхэмжлэгч компани дээрх орон сууцыг ашиглалтад хүлээлгэж өгөхөөс өмнө буюу 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар[7] ”Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ”-г нэр бүхий иргэдтэй байгуулсан байна.

4.3. Энэхүү гэрээний 1.1-д “...Монгол улсын Иргэний хууль...болон холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон...,захиалагч тал уг орон сууцыг захиалан хөрөнгө оруулалт хийхтэй холбогдсон харилцааг зохицуулна...”, 1.2-т “...захиалагч тал гэрээнд заасан захиалгын ажлын төлбөрийг Гүйцэтгэгч  талд гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх...”,  үүрэгжүүлсэн заалтыг талууд ерөнхий нөхцөлдөө тохирчээ.

4.4. Өөрөөр хэлбэл “Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ”-ний  ерөнхий болон тусгай нөхцөл, түүнд заасан хоёр талын эрх үүргийг тодорхойлсон зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэж болно.

4.5. Хэрэгт авагдсан баримтад нэр бүхий иргэд дээрх гэрээний адил “Орон сууц барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ”-г “Х***********” ХК-тай байгуулсан байх бөгөөд уг гэрээнд заасны дагуу өөрийн захиалсан орон сууцны төлбөрийн урьдчилгаа болох мөнгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан төлбөр төлөх хуваариуд, түүнд заасан төлсөн дүн[8], бэлэн мөнгөний орлогын баримт[9], байр захиалга цуцалсантай холбогдуулан шилжүүлсэн төлбөрийн даалгавар[10], хүсэлт[11] болон төлбөрийн хүснэгт бүхий баримтаар[12] нотлогдож байна.

4.6. Дээрх үйл баримтаар “Х***********” ХК-д мөнгөн орлого орж ирсэн хугацааг илтгэж байх бөгөөд тус компанийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1-д заасан “...ажил, үйлчилгээний борлуулалтын орлогыг хүлээн авсан өдөр” буюу бараа, ажил, үйлчилгээ борлуулсан.

4.7. Тэдгээр урьдчилан орсон мөнгөн дүн бүхий орлогыг маргааны үйл баримтад холбогдох 84 айлын “Х***********” орон сууцны барилгын ажлын гүйцэтгэлийн үйл ажиллагаанд зарцуулагдсан гэж үзэхээр байна.

4.8. Учир нь орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх үйлчилгээнд урьдчилгаа төлбөрийг авч байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "борлуулалт" гэж..., ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ...” гэж заасантай нийцнэ.

4.9. Энэ тохиолдолд “Х***********” ХК нь өөрт орлого орсон тухай бүрт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-д ”албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ”,  17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно”, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүргээ хэрэгжүүлэх ёстой байжээ.

4.10. Иймд маргаан бүхий актын 3-т  2020 онд орон сууцны урьдчилгаа төлбөр болох 988,528,334.00 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд 98,852,833.4 төгрөгийн нөхөн татвар, 39,514,133.36 төгрөгийн торгууль, 10,003,906.74 төгрөгийн алданги , нийт 14*,397,873.5 төгрөгийн төлбөрийг ногдуулсан нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Тав: 2020 онд 164,937,000.00 төгрөгийн үндсэн хөрөнгөнд бүртгэгдсэн “Х***********” спорт заалны өргөтгөлийн барилга байгууламжид үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулан, тайлагнаагүй тухайд:

5.1. Нэхэмжлэгч компани 2019 онд өөрийн “Х***********” спорт заалны суурь хэмжээг өөрчлөхгүйгээр хуучин барилгынхаа шалыг нь шинээр янзалж, сэндвичээр дээвэр хийж, 164,937,000.00 төгрөгөөр спорт заалаа өргөтгөсөн байна[13].

5.2. Бодит байдалд “Х***********” ХК нь өөрсдийн ашиглаж байсан спорт заалныхаа суурь болон талбайн хэмжээг нэмэгдүүлээгүй, зөвхөн засаж сайжруулсан аж.

5.3. Энэ тухайгаа “Х***********” ХК-иас Татварын албанд 2019 онд 316,049,529.88 төгрөг, 2020 онд 476,049,529.00 төгрөгөөр тайлагнасан болох нь хавтас хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаар нотлогдож байна[14].

5.4. Өөрөөр хэлбэл “Х***********” спорт заал гэж нэрлэн заагаагүй ч түүнийгээ үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланд тусган Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 08-нд харьяалагдах татварын албанд тушаасан.

5.5. Хожим Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж заасны дагуу татварын систем дээр гарч ирсэн нэхэмжлэхийн дагуу тайландаа нэмж тайлагнаад 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр татвараа нэмж төлсөн байна[15].

5.6.Гэтэл хариуцагчаас “...“Х***********” ХК засвар хийсэн бол засварын зардал гарах ёстой. Гэтэл засварын зардлаа тайландаа тусгаагүй, татвараас зайлсхийсэн...” гэж актын холбогдох хэсгийн үндэслэлийг тайлбарлан маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

5.7. Учир нь зөвхөн энэ тохиолдолд хариуцагчаас тодорхой бус байдлыг тодруулах, эргэлзээтэй байдлыг арилгахаар үл хөдлөх хөрөнгийн албан татварын ногдуулалттай холбоотойгоор “Х***********” ХК-иас мэдээлэл авч Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-д “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх” заасан үйл ажиллагааны зарчмыг баримталж болох байсан.

5.8. Түүнчлэн  нэхэмжлэгч компанийг татварын ногдлыг бууруулах, татварын суурь багасгах, ...энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан нөхцөлийг бүрдүүлэх үйлдлийг гаргасан гэж үзэхээр хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.

5.9. Иймд нэхэмжлэгч “Х***********” ХК-ийг  Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д “Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд байгаа татвар төлөгчийн мэдээлэл тухайн татвар төлөгчид нээлттэй байх ба мэдээллийн үнэн зөвийг татвар төлөгч хариуцна” заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байх тул Татварын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №НА3521000005* дугаар нөхөн ногдуулалтын актын 4 дэх хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.13-т заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х***********” ХК-ийн “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц***********, Б.Г*********** нарын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн NА3521000005* тоот нөхөн ногдуулалтын актын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Х***********” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц***********, Б.Г*********** нарын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн NА3521000005* тоот нөхөн ногдуулалтын татварын актын 4 дэх хэсгийг хүчингүй болгосугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4* дугаар зүйлийн 4*.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.БАТБААТАР

 

 

[1] - Хавтаст хэргийн 103 дугаар хуудас

[2] - Хавтаст хэргийн 105 дугаар хуудас

[3] - Хавтаст хэргийн 108 дугаар хуудас

[4] - Хавтаст хэргийн 126 дугаар хуудас

[5] - Хавтаст хэргийн 33 дугаар хуудас

[6] Хавтас хэргийн 141-142 хуудас

[7] Хавтас хэргийн 194-205 хуудас

[8] Хавтас хэргийн 77 хуудас

[9] Хавтас хэргийн 201 хуудас

[10] Хавтас хэргийн 159, 161, 163-164  хуудас

[11] Хавтас хэргийн 160, 162 хуудас

[12] Хавтас хэргийн 168 хуудас

[13] Хавтас хэргийн 252 хуудас

[14] Хавтас хэргийн 169-173 хуудас

[15] Хавтас хэргийн 120 хуудас