Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 81

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Х.Түмэнчимэг;

улсын яллагч: Б.Соёлсайхан;

шүүгдэгч: С.Баярсайхан, түүний өмгөөлөгч Я.Батханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тунгалаг ерөө овогт Сурмаагийн Баярсайханд холбогдох эрүүгийн 201625020031 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар байрны 4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3/20 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 162 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөлийн хуулийн 2-т зааснаар өршөөн хэлтрүүлсэн, МТ68030119 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Тунгалаг ерөө овогт Сурмаагийн Баярсайхан.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Сурмаагийн Баярсайхан нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар байрны 4 тоотод өөрийн хамтран амьдрагч байсан Б.Итгэлтөгсийг “өмдөндөө шээлээ” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, бусадтай хардсаны улмаас зүүн гар руу нь “прүс” модоор цохиж биед нь зүүн гарын богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Баярсайхан мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Итгэлтөгс /хх-ийн 20-22, 67-68/, шинжээч Д.Мөнхбат /хх-ийн 23-24/, гэрч Д.Шинэбаяр /хх-ийн 69-70/, О.Баяраа /хх-ийн 71-72/, Ж.Жавзанпагма /хх-ийн 73-74/, Н.Намуун /хх-ийн 75-76/, З.Түвшинтөр /хх-ийн 77-78/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 419 дугаартай дүгнэлт /хх-ийн 27/, С.Баярсайханы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 28, 94/, С.Баярсайханы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29, 95/, С.Баярсайханы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 33-41, 96-98/, С.Баярсайханы сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 87-91/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Баярсайхан нь нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар байрны 4 тоотод өөрийн хамтран амьдрагч Б.Итгэлтөгсийг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу эр эмийн хардлага, “өмдөндөө шээлээ” гэх зэргээр маргалдаж, буруутган зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

хохирогч Б.Итгэлтөгсийн /хх-ийн 20-22, 67-68/: “ ... 2015 оны 11 дүгээр сарын 19-нд манай найз Шинэбаяр, Төрөө, Баярсайхан нар манай гэр болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айлын гудамж, 3 дугаар байрны 4 тоотод архи ууцгаасан. Бид нар бүгд тэндээ унтаж амарсан. Өглөө сэрсэн чинь Баярсайхан, Шинэбаяр хоёр гарч хүмүүстэй архи уусан байсан. Гэрт Түвшинтөр бид хоёр газраар ор засаад унтаж байсан. Гэтэл гаднаас Баярсайхан, Шинэбаяр хоёр согтуу буцаж орж ирсэн. Тухайн үед би эрүүл болсон байсан. Баярсайхан орж ирээд надад “Төрөө та хоёрыг явалдаад, Төрөө танайхаас салахаа больсон” гэж хүмүүс гадуур яриад байна гэж хэлээд гэрт гал түлэхээр оруулсан байсан барилгын “прүс” модноос нэгийг аваад намайг цохиход би зүүн гараараа хаасан. Миний зүүн гарын богтос ясанд далд хугарал гэмтэл учирсан. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй …” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Шинэбаярын /хх-ийн 69-70/: “ ... 2015 оны 11 дүгээр сарын сүүлчээр Баярсайханы хамтран амьдрагч Итгэлгөгсийн 100 айлд байдаг гэрт нь Баярсайхан, Төрөө, Итгэлтөгс бид дөрөв 2 шил архи хувааж уусан. Шөнө нь бид Итгэлтөгсийн гэрт хоносон. Маргааш өглөө нь Баярсайхан Итгэлтөгсийгөө “архи уулаа, Төрөөг гэртээ байлгаж хамт архи уулаа” гээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэр шөнө Итгэлтөгс өмдөндөө шээчихсэн байсан. Үүнээс болоод “эмэгтэй хүн байж ор дэрэндээ шээлээ” гээд хэрэлдсэн. Баярсайхан хэрэлдэж байгаад зуухны урд талын түлээний хайрцаг дотроос урт түлээний “прүс” мод аваад Итгэлтөгсийн гар руу нь цохьчихсон …” гэх мэдүүлэг,

 

гэрч З.Түвшинтөрийн /хх-ийн 77-78/: “ ... 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр  би 100 айлд байдаг Илтэгтөгс, Баярсайхан нарын гэрт очсон. Намайг очиход Баярсайхан, Итгэлтөгс, Шинээ гурав архи ууцгааж байсан. Би очоод цуг архи уусан. Бид тэндээ хоноцгоосон. Маргааш өглөө нь босоод ирэхэд Итгэлтөгс бид хоёр л гэрт нь байж байсан. Баярсайхан, Шинээ хоёр цуг орж гараад яваад байсан. Баярсайханд хүмүүс “Төрөө танайхаас салахаа байсан” гэх утгатай зүйл хэлсэн гэсэн. Баярсайхан Итгэлтөгс бид хоёрыг хардаад хоорондоо хэрэлдээд байсан. Гэтэл Баярсайхан зуухны хажууд байсан түлээний модноос нэг жижиг нарийн “прүс” мод аваад Итгэлтөгсийг цохьсон. Цохих үед нь Итгэлтөгс гараараа хаачихсан. Би тэдэнд “больцгоо” гэж хэлсэн. Баярсайхан нэг л удаа цохичихоод гараад явчихсан. ...Тэр явдлаас хойш хэд хоногийн дараа Итгэлтөгсийнд ирэхэд нэг гараа шохойдуулчихсан “гар хугарсан” гэж байсан ...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч С.Баярсайханы буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Итгэлтөгсийн биед “зүүн   гарын   богтос  ясны   далд   хугарал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 419 дугаартай актын дүгнэлт /хх-ийн 27/ болон шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар С.Баярсайханы гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

С.Баярсайхан нь хохирогч Б.Итгэлтөгсийг архи ууж “өмдөндөө шээлээ” хэмээн буруутган маргалдаж, улмаар эр эмийн хардалтаас түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч С.Баярсайханыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан эд хөрөнгийн материаллаг хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн баримт хавтаст хэргийн 22, 68 дугаар талд авагдсан нь шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болж байна.

 

Шүүгдэгч С.Баярсайханы хувьд тэрээр урьд ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ялгүйд тооцогдсон байна.

 

Шүүгдэгч С.Баярсайханыг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов. Харин түүний хувьд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.Баярсайхан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг бичлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тунгалаг ерөө овогт Сурмаагийн Баярсайханыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баярсайханыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баярсайханд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Баярсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баярсайханд оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар  дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулан өгсөнөөс хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Баярсайханд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ