| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2021/00376/И |
| Дугаар | 155/ШШ2021/00550 |
| Огноо | 2021-05-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2021/00550
Хэргийн индекс 155/2021/00376/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М.. сумын ... дугаар багийн .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, регистрийн дугаар РЗ..., Б. о.вогт Л.Н. нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн М..сумын .. дугаар багийн ... дугаар гудамж ... тоотод оршин суух, регистрийн дугаар РЯ..., С.. овогт Б.О.д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч Л.Н., хариуцагч Б.О., хариуцагчийн өмгөөлөгч П.Ж. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Н. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Н. нь нөхөр Б.О. танилцаж үерхэж байгаад 2008 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж, хамт амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2008 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүү О.Б. төрсөн. Хүү маань одоо 13 настай. Бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2012 оноос хойш одоог хүртэл 9 жилийн хугацаанд тус тусдаа амьдарч байна. Одоо тус тусдаа гэр бүлтэй болсон ба цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй. Тусдаа амьдрах хугацаанд хүү О.Б. миний асрамжинд байсаар ирсэн.
Бидний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй бөгөөд нөхөр Б.О. гэрлэлтээ бүртгүүлсэн 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж, хүү О.Б.г миний асрамжинд үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага анх шүүхэд гаргасан.
Хариуцагч Б.О. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад надад 5.000.000 төгрөг бэлнээр өгч цаашид хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй талаараа хэлж, бид харилцан тохиролцсон тул би хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа шүүх хуралдааны шатанд татгалзаж байна.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийг маань миний асрамжинд үлдээж өгнө үү. гэв.
Хариуцагч Б.О. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Н. бид хоёр 2008 онд гэр бүл болж, бидний дундаас 2008 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүү О.Б. төрсөн юм. Бидэнд зан байдлын хувьд таарамжгүй байдал үүсч бид 2012 оноос хойш одоог хүртэл 9 жил тус тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд хүү О.Б. эхийнхээ асрамжинд байсан. Бид тус тусдаа хамтран амьдрагчтай болж, тэднээсээ үр хүүхэдтэй болцгоосон. Цаашид эвлэрч хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон. Би нэхэмжлэгч Л.Н. 5.000.000 төгрөг бэлнээр өгсөн ба бид харилцан ярилцсаны үндсэн дээр нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар тохиролцсон.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү О.Б. эх Л.Н. асрамжинд үлдээж өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Н. нь хариуцагч Б.О. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болсныг, 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0044055-34 дүгээрт бүртгэсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь Б.О. бид 2 тусдаа амьдраад 9 жил болж байгаа ба би энэ хугацаанд н.Э. гэгч хүнтэй гэр бүлийн харилцаатай болж, бидний дундаас төрсөн хүүхэд маань эцгээрээ овоглож, бид хамтран амьдарч байгаа гэж тайлбарлан хэрэгт Т. овогт Э.Т. төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Э.н иргэний үнэмлэхний хуулбар, ХААН банк 09778-01 гэсэн тэмдэг дарагдсан Л.Н. ХААН банк дахь 5890865837 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Хариуцагч нь Л.Н. бид хоёр тусдаа амьдраад 9 жил болж байгаа ба өөр өөрийн хамтран амьдрагчтай, тэднээсээ хүүхэдтэй болсон гэж тайлбарлаж байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Л.Н., хариуцагч Б.О. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Гэрлэгчдийн дундаас 2008 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүү С. овогт О.Б. төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно. гэж заасан байх ба нэхэмжлэгч Л.Н. нь хүү О.Б. өөрийнхөө асрамжид авахаар шаардахад хариуцагч Б.О. хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн, хүүхэд төрсөн цагаасаа эхийнхээ асрамжинд байгаа, хүүхдийн санал зэргийг харгалзан үзэж хүү О.Б. эх Л.Н. асрамжинд үлдээлээ.
Хүү О.Б. эх Л.Н асрамжинд үлдээж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Б.О., эх Л.Н. нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Нэхэмжлэгч Л.Н. нь хариуцагч Б.О. хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед татгалзсан бөгөөд зохигчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно..., гэж мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: Шүүхийн зардлыг ..., нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт: Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, ... хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана. гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх ((650.001-1.300.000 төгрөг (20.150 төгрөг дээр 650.000 төгрөгнөөс давсан үнийн дүнгийн 2.4 хувийг нэмнэ.)) гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О. хангагдаж буй нэхэмжлэлийн шаардлагад тохирсон 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Н. олголоо.
Гэрлэгчид 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа, тус тусдаа гэр бүлээс гадуур харьцаа үүсгэн дундаасаа хүүхэдтэй болцгоосон, гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар регистрийн дугаар РЗ87122900, Б. овогт Л.Н., регистрийн дугаар РЯ., С. овогт Б. О. нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РЗ.., 2008 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, хүү С. овогт О.Бя.эх Л.Н. асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О.с 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Н. олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээдэг болохыг, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглохыг, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг тус тус мэдэгдсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА