| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2021/00377/И |
| Дугаар | 155/ШШ2021/00475 |
| Огноо | 2021-04-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2021/00475
| 2021 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 155/ШШ2021/00475 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн А суманд 1998 онд төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн А сумын 6 дугаар багт оршин суух, РБ....дугаар регистртэй, О... овогт Б.Б.
Хариуцагч: Хөвсгөл аймгийн А. сумын .........дугаар багт оршин суух, ................дугаар регистртэй, эрэгтэй, ..........овогт М.Г холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2021/00377/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүххуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Б.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Г 2016 онд танилцан, үерхэж байгаад 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүү Г.Эг төрүүлсэн. Тэгээд гэрлэлтээ батлуулж, хүүгээ эцэг М.Г овоглосон ч бид хамтдаа амьдарч байгаагүй. Одоо хүү Г.Э 02 нас хүрсэн, ноднин жилээс хойш М.Г ирэхгүй болж, хүүхэдтэйгээ уулзаж, анхаарал, халамж тавихаа байсан. Цаашид М.Г хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Хүү Г.Э өөрийн асрамжид авна, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг авахгүй, эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.Б 2016 онд танилцан, үерхэж байгаад 2019 онд хүү Г.Э төрсөн. 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид хамтран амьдарч байгаагүй.
Иймд 2019 оны гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлахыг, хүү Г.Э эхийн асрамжид үлдээхийг тус тус хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М.Г холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид болох Б.Б М.Г нар албан ёсоор гэр бүл болсон ч хамт амьдраагүй, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Б.Б, М.Г нар 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Хөвсгөл аймгийн А сумын улсын бүртгэлийн ажилтаны олгосон “Эрэгтэй: РД: рб94061713, Монгол улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, овог: Б, эцэг /эх/-ийн нэр: М, нэр: Г, эмэгтэй: РД: рб98061903, Монгол улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, овог: О, эцэг /эх/-ийн нэр: Б, нэр: Б нар 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болсныг иргэний гэрлэсний бүртгэлийн 6707000001 дугаарт бүртгэсэн” гэх бичилттэй гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тэдний дундаас хүү Г.Э 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн нь Хөвсгөл аймгийн А сумын улсын бүртгэлийн ажилтаны бүртгэсэн 6707000012 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон, хүүхдийн нас, амьдарч дассан орчин нөхцөл, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал зэргийг харгалзан 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Г.Э төрүүлсэн эх Б.Б асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Хүү Г.Э нь төрүүлсэн эх Б.Б асрамжид үлдсэн нь эцэг М.Г хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл хүү Г.Э эцэг М.Г хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүү Г.Э хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.
Иймд Б.Б, М.Г нарын гэрлэлтийг цуцалж, хүү Г.Э эх Б.Б асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч М.Г шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Оовогт Б.Б овогт М.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Г.Э эх Б.Б асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг М.Г, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Б нарт тус тус даалгасугай.
4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Б олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Золжаргалд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА