| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2021/00349/И |
| Дугаар | 155/ШШ2021/00517 |
| Огноо | 2021-05-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2021/00517
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Ч............р суманд 1993 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын туслах багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн .............................. ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .........дүгээр багийн............дугаар гудамжны ... тоотод оршин суух, .............. дугаар регистртэй, Боржигон овогт Төмөрсүхийн Оюунгэрэлийн,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн У......л суманд 1989 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, Хөвсгөл аймгийн .............. сумын . дугаар багт оршин суух, ......... дугаар регистртэй, Чонос овогт Б .Л холбогдох,
Хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2021/00349/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Т.О, хариуцагч Б.Л нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Л 2012 оноос танилцан үерхэж байгаад хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас охин Л.М 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн. Би өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан тул Б.Л албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, харин охиноо эцгээр нь овоглож, гэрчилгээг нь авсан. Б.Л найз нөхөд, ах дүү нарынхаа үгэнд их ордог, хэрэг төвөгт их орооцолддог байсан. Энэ байдал нь цаашдаа охины хүмүүжилд болон ирээдүйд сөрөг нөлөөтэй учир тусдаа амьдрахаар шийдсэн. Би охин Л.М аавд нь өгөөд явуулахад өөрөө харж хандахгүй, хүүхдийг чинь зодоод байна гэж хүнээс хэл ирэхэд нь очиж авсан. Б.Л одоо өөр эмэгтэйтэй хамт амьдарч байгаа. Би бас өмнөх нөхөртэйгээ хамт амьдарч байна. Иймд цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй тул охин Б.М өөрийн асрамжид авч, эцгээс нь хуульд заасны дагуу тэжээн тэтгүүлэх тэтгэлэг гаргуулж авна гэв.
Хариуцагч Б.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.О бид хоёр 2012 онд танилцан үерхэж байгаад хамтран амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд охин Л.М 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрж, би өөрийн нэрээр овоглосон. Бид эвтэй сайхан амьдарч байсан боловч Л.М төрснөөс хойш Төв аймагт барилгын ажил хийх болсноор бидний харилцаа хөндийрч эхэлсэн. Би мөнгө олж амьдралаа авч явахын тулд ажил хийх шаардлага гарч, ямар нэгэн ажил хийхээр явах болгонд уурлаж уцаарлаж, охиноо аваад яв гэдэг байсан. Намайг 2019 онд гэрээсээ хөөхөөр нь явсан. Би охинтойгоо 2019 оноос 2020 он хүртэл хамт амьдарч байхдаа дарамталж зодсон зүйл байхгүй. Одоо хамт амьдарч байгаа хүний минь аав намайг ийш тийшээ ажилд явахаар охиныг минь цэцэрлэгт зөөгөөд хардаг байсан. Намайг ажилд явсан байхад энэ хүн ирж, охиныг аваад явсан байсан. Эмэгтэй хүүхдийг хойд эцгийн гар харж амьдарна гэхэд эргэлзэж байна. Би охиноо өөрийн асрамжид авна. Ээжээс нь хүүхдийн тэтгэлэг авахгүй. Хэрэв ээжийнх нь асрамжид үлдээвэл хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч Б.Л холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 26, 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.О, хариуцагч Б.Л нар хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас охин Л.М 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрж, эцэг Б.Л овоглож бүртгүүлэн, эхийн асрамжид байдаг, одоо эрүүл бойжиж байгаа болох нь нэхэмжлэгч Т.О “...Бидний дундаас охин Л.М 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн. Би өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан тул Б.Л албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, харин охиноо эцгээр нь овоглож, гэрчилгээг нь авсан...” гэх тайлбар, хариуцагч Б.Л “...охин Л.М 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрж, би өөрийн нэрээр овоглосон...” гэх тайлбар,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтаны олгосон “РД: рю16.........дугаар регистртэй, ........... овогт Л. М, охин, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн газар төрснийг Хөвсгөл аймгийн Мөрөн төрсний бүртгэлд 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов...” гэх бичилттэй №6701000355 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Далайн-Элбэрэлт” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн “Л.М, 5 настай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн” гэх бичилттэй тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно” заажээ.
Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Л.М. нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх, хүүхдээ асрамжлах үүрэгтэй болохыг Гэр бүлийн тухай хуулиар зохицуулсан байдаг.
Нэхэмжлэгч Т.О, хариуцагч Б.Л нар хүүхдийн асрамжийн талаар маргаж, хариуцагч хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч, хүүхдийн нас, амьдарч дассан орчин нөхцөл, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал зэргийг харгалзан 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Л.М эх Т.О асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ”, 26.2.2-д “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Б.Л сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй болно.
Иймд охин Л.М эх Т.О асрамжид үлдээж, хариуцагч Б.Л охин Л.М сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Л.М 05 нас хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 213.800 төгрөгийн 50 хувь болох 106.900 төгрөгийг охин Л.М сар бүр эцэг Б.Л төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Л.М сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.282.800 төгрөг болж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Т.О нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 35.537 төгрөг, бүгд 105.537 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн. Хариуцагч Б.Л хүүхдийн асрамж тогтоолгох тухай эд хөрөнгийн бус үнийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 35.537 төгрөг, бүгд 105.537 төгрөгийг улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Чонос овогт Лхагважавын Маралмааг төрсөн эх Б овогт Т.О асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Ч овогт Л.М 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг овогт Б. Л хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Т.О улсын тэмдэгтийн хураамж бүгд 105.537 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч Б.Л улсын тэмдэгтийн хураамж бүгд 105.537 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Золжаргалд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА