Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2021/00540

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ................ суманд 1979 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, боловсролгүй, Хөвсгөл аймгийн ...............сумын 3 дугаар багт оршин суух, Р......... дугаар регистртэй, Цагаан барь овогт Т.П,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ............суманд 1987 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, Хөвсгөл аймгийн .................. сумын 1 дүгээр багт оршин суух, ................дугаар регистртэй, Хариад овогт Б.Д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2021/00363 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Т.П. түүний өмгөөлөгч Д.Д., хариуцагч Б.Д., түүний өмгөөлөгч Д.У. нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 онд Б.Д танилцаад, Шинэ-Идэр суманд хурим найраа хийж, энэ хүний албан ёсны эхнэр болсон. Хамт амьдарч байх хугацаанд 2012 онд хүү Д.Ц, 2015 онд хүү Д.Н нар төрсөн. Б.Д архи ууж, хэд хоногоор ч хамаагүй айл хэсээд 2 хүүхэдтэй минь орхиод явчихдаг байсан. Бид эхний үед эвтэй сайхан амьдарч байсан боловч нөхөр маань 2018 оноос зан ааш нь өөрчлөгдөж, 2019 оны хавар өөр хүнтэй амьдарна, чамайг гэрт чинь хүргэж өгнө гээд дагуулж явсан. Тэгээд сумын төв орж, Засаг даргын Тамгын газрын даргатай уулзаж, бид хоёрыг салгаад өгөөч гэсэн. Гэтэл чиний буруу салж болохгүй гэхэд намайг аавынд хүргэж өгсөн. Манай аав, ээж, ах дүү нараас хол….......суманд бид амьдардаг байсан тул Б.Д зодож дарамтласан зүйл байхгүй. Харин өөрөө архи ууж, манай аав, ээжид агсам тавьж байсан. Намайг аав, ээжид минь хүргэж өгсний дараа утсаар ярьж, хүүхнийхээ юмыг хурдан ирж ав гэж шаардаад байсан тул нөхрийнхөө ялгаж өгсөн хонь, ямаа, хурга, ишиг нийлсэн 56 бог мал, 6 үхэр, нийт 62 толгой мал авсан. Мөн миний хүүгийн үсний мялаалганд манай ах, дүү нарын өгсөн 3 адуунаас хоёрыг өгсөн. Гэр доторхи эд хогшлоосоо өөрийн 3 авдар, ор, антен, зурагтаа авсан. Гэр болон мотоциклио Б.Д авсан. Илүү эд хөрөнгө, мал аваагүй учир хүүхдийн тэтгэлэгт оруулж тооцох боломжгүй. Б.Д өөр хүнтэй суугаад хүүхэд төрүүлсэн, одоо дахиад хүүхэд төрнө, бид цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Хүү Д.Ц, хүү Д.Н хоёроо өөрийн асрамжид авч хамтад нь өсгөнө. Б.Д хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлнэ. Би өөрийн эд хөрөнгөө авсан тул эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэр Т.П 2009 онд танилцан үерхэж байгаад 2009 оны 11 дүгээр сард албан ёсоор нэг гэртээ орж хурим найраа хийсэн. Бидний дундаас 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүү Д.Ц, 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүү Д.Н нар төрсөн. Эхнэр, бид хоёр хоорондоо таарамж сайтай болж бүтэж байсан боловч хадам талын хүмүүсийн дарамт, зодолтыг тэвчихээ байгаад 183 толгой малаа бүгдийг нь орхиод гэрээсээ явсан. Миний хамт амьдарч байгаа хүнээс хүүхэд маань төрсөн, удахгүй хоёр дахь хүүхдээ төрүүлнэ. Т.П хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Одоо хамт амьдарч байгаа хүний хоёр дагавар хүүхэд, миний гарсан хүүхэд байгаа тул хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй. Бага хүү Д.Н өөрийн асрамжид авна, ээжээс нь хүүхдийн тэтгэлэг авахгүй. Том хүү Д.Ц ээжийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг үлдээсэн өмч хөрөнгө болох малнаас тооцуулна. Хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.П нь хариуцагч Б.Д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид болох Т.П, Б.Д нар 2019 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, хариуцагч Б.Д хамтран амьдрагчтай болсон, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид 2009 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн ........... сумын 5-рт бүртгэсэн тухай бичилттэй №115/001794 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүү Д.Цэндхорол, 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Д.Н нар төрсөн болох нь Хөвсгөл аймгийн .............. сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн “РД: ру.........., Хариад овогт Д.Ц, эрэгтэй, 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн Төрөх газар төрснийг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын төрсний бүртгэлд 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов...” гэх бичилттэй №...............2 бүртгэлийн дугаартай, “РД: ру.............., Хариад овогт Д. Н, эрэгтэй, 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн ........... газар төрснийг Хөвсгөл аймгийн ............ сумын төрсний бүртгэлд 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов...” гэх бичилттэй Г №53 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүүхэд эрүүл бойжиж буй тухай эмнэлгийн тодорхойлолтууд, зохигчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид маргаж, хариуцагч Б.Д. шүүх хуралдаанд “...Бага хүү Д.Н өөрийн асрамжид авна...” гэх тайлбар гаргаж байна. Гэвч шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн санал, хүүхдийн нас, эхийн хайр, анхаарал халамж зайлшгүй шаардлагатай байдал, өсөж дассан орчныг өөрчлөх шаардлагагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Д.Ц, 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Д.Н нарыг төрүүлсэн эх Т.П асрамжид үлдээх зүйтэй нь гэж үзсэн болно.  

Хариуцагч Б.Д “...Одоо хамт амьдарч байгаа хүний хоёр дагавар хүүхэд, миний гарсан хүүхэд байгаа тул...хүүхдийн тэтгэлгийг үлдээсэн өмч хөрөнгө болох малнаас тооцуулна” гэх тайлбар, түүний өмгөөлөгч Д.У Гэр бүлийн тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.7-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгаж өгнө үү гэх санал тус тус гаргасан боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ”, 26.2.2-д “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Б.Д сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүү Д.Ц хүү Н  нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.  

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Хүү Д.Ц, хүү Нямдэлгэр нар төрүүлсэн эх Т.Пүрэвсүрэнгийн асрамжид үлдсэн нь эцэг Б.Доржхандын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл хүү Д.Цэндхорол, хүү Нямдэлгэр нартай эцэг Б.Доржханд хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдлаа. 

Иймд Т.П, Б.Д нарын гэрлэлтийг цуцалж, хүү Д.Ц, хүү Н нарыг эх Т.П асрамжид үлдээн, хариуцагч Б.Д хүү Д.Ц, хүү Н нарт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Д.Ц 08 нас, 11 сар, 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Д.Н 05 нас 08 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 213.800 төгрөгийн 50 хувь болох 106.900 төгрөгийг хүү Д.Ц, хүү Д.Н нарт тус тус сар эцэг Б.Д төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Д.Ц, хүү Д.Н нарт сар бүр төлөх нийт 213.800 төгрөгийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.565.600 төгрөг болж байна.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Т.П эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.674 төгрөг, бүгд 140.874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д улсын тэмдэгтийн хураамж бүгд 140.874 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.П  олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:                                                                                                                                

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Цагаан барь овогт Т.П, Хариад овогт Б. Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Д.Ц, 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Д.Ннарыг төрсөн эх Т.П асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Д.Ц 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Д.Н 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Д гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Т.П нарт тус тус даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.П улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 140.874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д улсын тэмдэгтийн хураамж бүгд 140.874 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.П олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах  Х.Золжаргалд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Б.ОТГОНБЯМБА