Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 148/ШШ2021/00216

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  *******ийн ******* /МО-*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******гийн ******* /МО-*******/-нд холбогдох

Гэрлэлт цуцлуулах, 3 хүүхдээ өөрийн асрамжид авах, гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт болон гурван хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ...Л.******* миний бие нь 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 531 тоот баталгаагаар Т.*******той гэрлэлтээ баталгаажуулан гэр бүл болсон билээ. Т.*******той гэрлэхэд би 2003 онд төрсөн /Ц.*******/ 3 настай охинтой байсан юм. Цаашид амьдрах хугацаанд 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ц.*******, 2009 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүү Ц.******* нар төрсөн. Цаашид амьдрах хугацаандаа зан харьцааны таарамжгүй байдлын улмаас үргэлж үл хүндэтгэсэн, үл итгэсэн, биесээ доромжилсон, хэрүүл маргаантай, бие мах бодь болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөн, үр хүүхдээ хүнд нөхцөлд амьдруулж ирлээ. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү? 3 хүүхдийг миний асрамжид үлдээж өгнө үү...Эцэг Т.*******гоос хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Харин өсөж том болж буй хүүхдүүдэд хэрэглээний мөнгө, сургалтын төлбөр гэх мэт хэрэгцээтэй мөнгийг авч байхаар амаар тохиролцсон болно.

Бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 7-р баг, 1-р хэсэг 024 тоот Ү-1317003485 дугаартай гэрчилгээ бүхий хашаа байшингаас надад болон 3 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна...гэх.

 

Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2003 онд бид хоёр анх гэрлэлтэй батлуулсан. Дундаасаа охин, хүү хоёртой болсон. Би өөрөө нэг дагавар охинтой суусан. Залуу байхдаа хоёр биедээ хайртай байсан. ******* хүүхдүүд жаахан байхад зам ангид ажилдаг байсан. Гэртээ байхаасаа илүү байхгүй нь олон байсан. Би тэгээд 3 нь хүүхдээ гал түлдэг байшиндаа ганцаараа хараад ганцаараа шахуу өсгөсөн. ******* байх хугацаандаа хүүхдүүдээ анхаарал халамж тавьдаггүй. Сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгдөггүй байсан. Амьдрах хугацаандаа хэцүү ч байсан залуу тулдаа тэвчээд хамт амьдарсан. Одоо бол би хэд наслав гэж дээ сүүлийн амьдрах хугацаандаа амар тайван амьдармаар байгаа тул гэрлэлтийг цуцалж өгөхийг хүсэж байна. ******* архи уухаараа агсам согтуу тавьдаг. Урдаас нь яагаад архи уусан талаар асуухад чамд ямар хамаатай юм бэ? пизда минь гэж хэлдэг. Намайг ална гэж хэлээд хутга барьж дайрч байсан. Ер нь бол гэр бүлийн амьдрал минь хэрүүл, тэмцлээр дүүрэн болсон. Маргааш нь өөрийнх хийсэн үйлдэл зэргийн ярихаар мэдэхгүй байна, санахгүй байна гэж хэлэхээр нь би дотроо өчигдөр намайг гичий нохой, банзал, янхан зэргээр дуудсан байж өнөөдөр юу ч болоогүй юм шиг ханиа гэж дуудахаар нь би жигшсэн. Би аягүй олон жил *******д хэлж байсан. Чи нэг л өдөр намайг зодож цохисондоо толгойгоо шаандаа гэж хэлэхээр ******* урдаас толгой шаана гэж яадаг юм бэ? гэж хэлээд намайг цохиж байсан. Тэр явдал бол нэг биш нэлээн олон удаагийн явдал. Цагдаа дуудахаар зугтаад явдаг тийм л хүн. Аймар жүжигчин маргааш нь юу ч болоогүй юм шиг зан гаргадаг. Олон өдөр уухгүй ч гэсэн нэг уухаараа маш их хор хөнөөлтэй уудаг. Хүүхдүүд бага байхад сална гэж боддоггүй байсан. Харин одоо хүүхдүүд минь юмны наана цаадхыг ойлгодог болсон. Би өөрөө архи дарс хэрэглэдэггүй. Хааяа л хамт олноороо нийлж гарах үеэр байнга хэрүүл хийж айдас түгшүүрт автдаг. Заримдаа манай ээж аав дээр намайг чирээд очсон танай энэ архичин хүүхэд чинь ийм байна, энийгээ ав гэхээр зэргээр унтаж байгаа хоёр хөгшнийг дарамталж айлгаад зуухны өмнө хутга эрэлж сууж байсан тохиолдол бий. Ээж аав хоёр минь ч одоо сал гэж хэлдэг. Сүүлийн үед ******* архи уухгүй байгаа архины эсрэг тариа хийлгэсэн гэж хэлсэн. Гэхдээ тэрний хугацаа хэзээ дуусахыг бол мэдэхгүй учраас салмаар байна...гэх.

 

Хариуцагч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2003 онд анх гэр бүл болсон. Том охин маань дөнгөж ой хүрч байсан. Тэгээд дундаасаа охин, хүүтэй болсон. Хэдэн удаа зодсоноо сайн санахгүй байна. Архи ууж хардалтын улмаас байнга хэрүүл хийдэг байсан. Гэрлэлт цуцлахыг мөн эд хөрөнгө хуваахыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийн хувьд хүүхдүүдээ юугаар ч дутаахгүй өөр дээрээ байгаа мэт хэрэгтэй зүйлсийг өгнө. Аль талдаа ч амьдарсан би хүүхдүүдээ хаяхгүй. Юугаар ч дутаахгүй...гэх.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

Л.*******ийн шүүхэд гаргасан ... Т.*******гоос гэрлэлт цуцлуулах, 3 хүүхдээ өөрийн асрамжид авах, гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт болон гурван хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь; Л.*******, Т.******* нар нь 2006 онд албан ёсны гэр бүл болж батлуулан, улмаар 2 хүүхэд дундаасаа төрүүлсэн /том охин Ц.******* нь Л.*******ийн дагавар хүүхэд/ бөгөөд гэрлэгчид нь цаашид гэр бүлийн хамтын амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болж, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан хүлээн зөвшөөрч, энэ тал дээр маргаангүй гэх бөгөөд нөхөр Т.******* нь эхнэр Л.*******тээ удаа дараа агсан, согтуу тавьж, бие мах бодь, эрх, эрх чөлөөнд халдахаас гадна, 3 хүүхдийн бие эрх чөлөө, сэтгэл санаа, хүмүүжилд ноцтой хохирол учруулах, цаашид ч учруулж болзошгүй талаар гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр, мөн хуулийн 14.4-д зааснаар ...гэрлэгчдийн гэрлэлтийг зайлшгүй цуцлах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

Мөн гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 14 настай охин Ц.*******, 12 настай хүү Ц.******* нарыг эхийнх нь асрамжид үлдээхийг, мөн 2 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй, тэжээн тэтгэх талаар харилцан тохиролцож болохыг, 2 хүүхдийн шүүхэд гаргасан санал / хх 50-51 / зэргийг харгалзан тэднийг эхийнх нь асрамжид байлгаж, хүүхдийн тэтгэлгийг талууд тогтоолгохгүй гэснийг дурдвал зохино.

2003 оны 01 дүгээр сарын 26-нд төрсөн охин Ц.******* нь 18 нас хүрсэн тул, асрамж болон тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэрлэгчид нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, 3 дугаар баг, ТЗ-н гудамж, 13-р байрны 01 тоотод /одоо 7-р баг, 1-24 тоот/ байрлалтай, нийт 69,702,806 төгрөгийн үнэ бүхий хашаа, байшин буюу үл хөдлөх эд хөрөнгийг /хх-н 29-42-р тал/ дээрх гэр бүлийн гишүүд нь Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 126.2.2, 126.4-д тус тус зааснаар дундаа хамтран өмчлөх эрхтэй бөгөөд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.1.1, 129.2-т тус тус зааснаар ... гэр бүлийн бүх гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ адил тэнцүү байх, мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3, Гэр бүлийн тухай хуулийн 14.6-д тус тус зааснаар ...зохигчийн буюу эхнэр Л.*******ийн шаардлагаар уг хөрөнгийн үнийг тэнцүү хувааж гишүүн нэг бүрд ногдох хэсгийг тогтоовол зохино.

Иймд дээрх гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх үл хөдлөх хөрөнгө / хашаа байшин /-ийн үнэ болох 69,702,806 төгрөгийг гэр бүлийн 5 гишүүнд тэнцүү хувааж /нэг хүнд 13,940,561.20 төгрөг / нэг гишүүнд ногдох хэсгийг тогтоох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 576,664 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Т.*******гоос 70,200 төгрөг, мөн нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 55,762,244.80 төгрөгд тохирох улсын тэмдэгтийн хураамж 436,761 төгрөг, нийт 506,961 төгрөгийг гаргуулан Л.*******т олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 127 дугаар зүйлийн 127.1, 132 дугаар зүйлийн 132.1, 132.4, 132.5, 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт *******ийн *******, Алаг морьт овогт *******гийн ******* нарын 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болсныг 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 531 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн баталгаа бүхий гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д тус тус зааснаар 2007 оны 12 сарын 05-нд төрсөн охин Ц.*******, 2009 оны 06 сарын 16-нд төрсөн хүү Ц.******* нарыг эх Л.*******ийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг, мөн 2003 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Ц.******* нь 18 насанд хүрсэн тул асрамж болон тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй болохыг тус тус дурдсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.8, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-д тус тус зааснаар Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, 3 дугаар баг, ТЗ-н гудамж, 13-р байрны 01 тоотод /одоо 7-р баг, 1-24 тоот/ Ү-1317003485 дугаарын улсын бүртгэлтэй, 000124312 дугаарын гэрчилгээтэй, 69,702,806 төгрөгийн үнэ бүхий 30 мкв талбай бүхий орон сууцыг гэр бүлийн 5 гишүүнд тэнцүү /нэг хүнд 13,940,561.20 төгрөг / хувааж олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 576,664 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Т.*******гоос улсын тэмдэгтийн хураамжид 506,961 төгрөгийг гаргуулан Л.*******т олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор хувийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН