Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 148/ШШ2021/00210

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******гийн ******* /РД:МЯ*******/ -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ийн ******* /РД:ТЕ*******/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... ******* миний бие 2011онд ******* овогтой *******тай танилцаж улмаар 2013оны ОЗ сарын 28- д 4304000009 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013оны 3-р сарын З-нд охин ******* төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2014 оны 06 сараас салж тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш охин ******* маань эх Ш.*******ын асрамжид амьдарч өсөж торнисон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Тэмүлэнг миний асрамжид үлдээж эцэг Т.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү...гэх.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Бид хоёр хүүхдээ нэг настай байхаас нь эхлээд тустай амьдарсан. Ааш зан тохирохгүй учраас 2014 оны 06 сараас тустай байсан. Тэрний дараа хүүхэдтэйгээ хэд хэдэн удаа уулзаж байсан. Би 7 жилийн хугацаанд *******аас ямар нэгэн туслалцаа авч байгаагүй. Одоо бол тус тусдаа хамтран амьдрагчтай болсон. Миний хувьд дахиж эвлэрэх боломжгүй. Хэн хэн нь тусдаа амьдаад 4-5 жил болж байна. Тийм учраас гэрлэлтийг цуцалж өгнө үү... 2011 онд танилцаад 2012 онд нэг гэрт амьдарсан. 6, 7 сар цуг амьдраад хүүхэдтэй болсон. Анхнаасаа бие биеэ таниагүй байхдаа хүүхэд гаргаад, эхнэр нөхөр болсон. Хүүхэд гарсны дараа бие биеэ ойлгохгүй тэс хоёр ааш зантай хүмүүс гэдгээ мэдээд салсан. ******* их хартай хүн. Хүүхдээ нэг нас хүрэх хүртэл хугацаанд тус тусдаа амьдарч байсан. Сүүлдээ хардалтыг нь тэсэхээ байгаад тусдаа амьдарсан ... гэх.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Бид хоёр анх 2011 оны 06 сарын дундуур танилцсан. Би Алтанбулагийн хил дээр компьютер үйлчилгээний газар ажилдаг байсан. ******* бол Видү ХХК-д гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр хариуцаж ирж ажилласан. Тэр үед анх танилцаж байсан. Тэр жилийнхээ 12 сараас цуг амьдраад, 2012 оны зун Архангай аймаг руу явж ирээд анх жирэмсэн гэдгийг нь мэдсэн. Би тухайн үед Сэлэнгэд ажилдаг байж байгаад 2013 онд ажлаасаа гараад Алтанбулаг сум руу хувиараа ажил хийхээр шилжсэн. Тэгээд хоорондоо ярилцаад Сэлэнгэд ирж амьдаръя гэж шийдээд өөрт байсан зүйлсээ зараад Сэлэнгэд ирсэн. Тэгээд нүүж ирээд нэг байшин барьж эхлүүлсэн. Тэгж байх хугацаандаа бага зэргийн хэрүүл маргаан болдог байсан. Салъя гэж шийдсэн нь бол наадмын үеэр байсан санагдаж байна. Би өөрөө бол архи уухгүй, тамхи татдаггүй болохоор *******ыг сайн ойлгодоггүй байсан тэгээд яг салах шийдвэр нь бол хоногоор яваад ирэхгүй байсан. Тэр үед нь би мессеж бичсэн. Ямар утгатай вэ? гэхлээр охиноо дагуулаад буцаад ирэх юм бол чамайг уучилна гэсэн чинь хариу бичээгүй, ирээгүй тэгээд яг салах шийдвэрт хүрсэн. Тэрнээс хойш уулзаагүй. Энэ хугацаанд бол охинтойгоо огт уулздаггүй биш уулздаг байсан. Төрсөн өдөр, баяр ёслолоор очиж бэлэг өгдөг байсан. Би өөрөө бас аавгүй өсөж, эцэг хүний хайр энэрлийг мэдрээгүй учраас охиноо битгий тийм байгаасай гэж хүсдэг. Байнга санхүү мөнгөөр дэмжиж чадахгүй ч гэсэн боломжтой үедээ өгдөг. Охин маань аль амьдралын боломжтой дээрээ байвал илүү дээр байх гэж бодоод ээж дээр нь байлгахыг хүлээн зөвшөөрч байна... Аав ээж нь байнгын янз бүрийн юм ярьдаг байсан. *******ын хувьд өөрөө бүх юмаа мэддэг хүн биш *******ын ээж нь манай гэр бүлийн асуудалд илүү оролцдог. Миний хувьд багаасаа бие даасан. Хамгийн гол нөлөөлсөн явдал нь би өөрөө аавгүй өссөн тэгээд хадам аавтай болоод тухайн үед манай багын найз ирсэн байсан үед би *******ын аавд аав манай найз ирсэн ойрхон салхинд гараад ирье гэж хэлэхэд буцаагаад хэзээ би чиний аав болцын балай юм яриад бай гэж хэлэхэд надад тэр үг нь аягүй хүнд туссан. Тэр үйлдлүүд нь байнга давтагдаг байсан. Тэгээд би уган өөрийнхөө байшинг барьж байхад *******ын аав ээж Алтанбулагаас нэг залуу хөлслөөд гэрээ бариулж байгаа гэх маягаар ярьдаг байсан. Тухайн үед тиймэрхүү юм сонссон хүн чинь урам хугараад салах шийдвэрээ гаргасан....гэх.

 

Шүүх Ш.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Ш.*******ын шүүхэд гаргасан ...Т.*******аас гэрлэлт цуцлуулах, хүүхдээ асрамждаа авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан ...гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээх, эцгээс нь тэтгэлэг тогтоолгохыг харилцан хүлээн зөвшөөрч, ... гэрлэгчдийн зан харилцааны таарамж, тохиромжгүй байдал, ...2014 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа цаашид гэр бүлийн хамтын амьдралыг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон тухай тайлбар зэргийг үндэслэн нь гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Мөн гэрлэгчдийн дундаас төрсөн охин М.Тэмүлэн нь одоо эхийнхээ асрамжид өсөн хүмүүжиж байгаа талаар гэрлэгчдийн өгсөн тайлбар, хүүхдийн санал /хх- 27-28 тал / , хавтаст хэргийн 1-10, 26 дугаар талд авагдсан нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, багийн засаг дарга болон сургуулийн тодорхойлолт, гэрлэгчдийн гэрлэлтийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргийг үндэслэн хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь хуульд заасан хэмжээний тэтгэлэгийг сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэрлэгчид нь дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдвал зохино.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн (207,400:2х12=1.244,400 төгрөг) хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 34,416 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж төрийн сангийн орлого /данс-100130000941/ -д оруулбал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.1, 132.4, 132.5, 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Боролзой овогт *******ийн *******, Боржигон овогт *******гийн ******* нарын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсныг 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 4304000009 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн баталгаа бүхий гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2013 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин *******ын Тэмүлэнг эх Ш.*******ын асрамжид үлдээж, түүнийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 / -тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр эцэг Т.*******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах, хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Гэрлэгчид нь дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 34,416 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн орлого /данс-100130000941/ -д оруулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор хувийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН