Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвын Энхтайван |
Хэргийн индекс | 148/2021/00065/И |
Дугаар | 148/ШШ2021/00204 |
Огноо | 2021-05-05 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 148/ШШ2021/00204
2021 оны 05 сарын 05 өдөр | Дугаар 148/ШШ2021/00204 | Сэлэнгэ аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******ийн ******* РД:/МЮ-*******/ -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******н ******* РД:/МЬ*******/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лхагваням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Би *******тэй 2013 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулаад 2019 оныг хүртэл 6 жил хамт амьдарсан. Бид хамтран амьдрах хугацаандаа том хүү *******, бага хүү ******* нарыг төрүүлсэн. Одоо хүүхдүүд маань эрүүл саруул бойжиж байна. М.******* нь Улаанбаатар Сэлэнгэ хоёрын хооронд таксинд явдаг байсан. Хамтран амьдрах хугацаанд үл ойлголцох асуудлууд үе үе гардаг байсан. Намайг ажлаа хийж байхад шалтгаангүйгээр өөр хүнтэй хий харддаг. Өөрийнхөө буруу ойлголтоор намайг харддаг. Миний бие махбодод гэмтэл хохирол учруулахгүй архи дарс уудаггүй ч гэсэн намайг сэтгэл санааны дарамтад байнга оруулдаг. Тэгээд 2019 оноос тус тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдарснаас хойш ч хардаж, дээрэлхэж дарамт шахалт үзүүлдэг байсан. Худлаа хүүхдүүдтэйгээ ярихаар шалтаглаж байнга залгадаг. Намайг хүүхэдтэйгээ хамт байхгүй тохиолдолд хаагуур юу хийгээд яваад байгаа янхан гэх мэтээр доромжилдог. Сүүлдээ ална гэж заналхийлдэг болсон. Намайг гэр бүлээс гадуур харилцаатай болсныг өөрийн нүдээр харж мэдээгүй байж хий харддаг нь надад маш хэцүү байдаг. Ажлаа тараад явж байхад таарахаараа би чамайг өөр хүнтэй болох юм бол тэр хүний чинь толгойг таслаад чамд авчирч өгнө гэх мэтээр хүний санаанд багтамгүй зүйлээр айлгаж сүрдүүлдэг. Энэ хүн хүнийг ойлгох ухаан аливаа зүйлийг зөв талаас нь харах гэж хичээдэггүй. Хүүхдүүдийнхээ хажууд ч буруу үлгэр дуурайлал үзүүлдэг. Цаашид бид хамт амьдарвал үр хүүхдүүд нь эцгийнхээ талаар буруу ойлголттой болох зэрэг сөрөг талтай юм. Өглөө гэрээсээ гараад явахад хүртэл нөгөө нэг зүйлүүдээ ярьж намайг айлгаж сүрдүүлдэг. Сэтгэл санааны дарамтаас болж ажлаа сайн хийж чадахгүй ажлын бүтээмж муу байдаг. Доржсэмбийг би шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ хүүхдүүдтэйгээ уулзах эрхийг нь хязгаарлаагүй. Гадуур хүүхдээ дагуулаад явахаар үр хүүхдээ гадуур дагуулж явлаа гэж дайрдаг. Эдгээрээс болж би хүүхдүүдтэй нь уулзуулахгүй утсаар яриулахгүй шүү гэдгийг хэлсэн. Орой болохоор манай гэрийн гадуур байнга эргэлддэг. *******д амьдралын зорилго байхгүй. Намайг л яаж дээрэлхэж доромжлох вэ? хаана юу хийж яваа бол гэж мөрдөж мөшгөж байх талаар л боддог. Цаашид надад амьд явах баталгаа байхгүй байна. Би үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж нийгэмд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулмаар байдаг. Гэтэл энэ хүн намайг алаад хороогоод хаячих юм сан гэдэг бодол байнга тээж явдаг нь надад үнэхээр айдастай байна. Хууль шүүхийн байгууллагыг надад туслаач миний эрхийг хамгаалж өгөөч гэж хэлмээр байна. Би хоёр хүүхдээ энэ хүнд өгөх бодолгүй байна. Хоёр жилийн хугацаанд хүүхдүүд маань миний асрамжид байсан учраас хоёр хүүхдээ өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байна. Хоёр жилийн хугацаанд энэ хүн хүүхдүүддээ сэтгэлээрээ тусалж дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй. Шүүхээс хуулийн дагуу хүүхдийн тэтгэлгийг тогтоолгоод албан журмаар авмаар байна. Би хүүхдүүдээ энэ хүнээс гуйж тэжээсэн зүйл байхгүй. Өөрөө л хоёр хүүхдүүдээ болгоод ирсэн. Тэгээд энэ хүнд хариуцлагыг нь хүлээлгээд хоёр хүүхдэдээ тэтгэлэг гаргуулж, асрамж тогтоолгох мөн гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан...гэх.
Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Би *******тай 2013 онд гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаандаа 2 хүүхэдтэй болсон. Түүнээс хойш 2019 оноос тус тусдаа амьдарч байна. ******* нь намайг ажилд явсан хойгуур утсаа салгаад алга болчихдог байсан. ******* эмээтэйгээ хамт амьдардаг байсан. Тэгээд эмээгээс нь асуухаар *******г оройтож ирдэг. Хүүхдээ ерөөсөө харахгүй юм гэж хэлдэг байсан. Үүнээс болж харддаг байсан. Хүүхдийн тэтгэлгээ хуульд заасан журмын дагуу өгнө. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээх саналтай байна гэх. .... тайлбар дутуу !
Шүүх Ц.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:
Ц.*******гийн шүүхэд гаргасан ... М.*******эс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь; Ц.*******, М.******* нар нь 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хууль ёсны гэр бүл болж, 2019 оны 03 дугаар сар хүртэл амьдрах хугацаанд 2013 оны 05 дугаар сарын 05-нд хүү Д.*******, 2016 оны 02 дугаар сарын 26-нд хүү Д.Төвшинтөр нарыг дундаасаа төрүүлсэн ба нөхөр болох М.******* нь эхнэр Ц.*******г хардаж сэрдэж, айлган сүрдүүлэх зэргээр сэтгэл зүйн дарамт үзүүлж, улмаар 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хутга гаргаж ...өөрийнхөө хоолойг хэрчинэ эсхүл чамтай хамт үхнэ хэмээн айлгаж, сүрдүүлсний улмаас 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ЗШ/59 тоот шүүгчийн шийтгэвэр /хх-4-5 тал/ -ээр дээрх зөрчилд нь 15 хоног баривчлах шийтгэл оногдуулж байсан, мөн зохигчийн шүүх хуралдаанд өгсөн ... эвлэрэх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг харилцан хүлээн зөвшөөрсөн хийгээд. 2021 оны 02 дугар сард нөхөр М.******* нь дээрх зөрчил гаргаж 7 хоног баривчлах шийтгэл хүлээж байсан гэх тайлбар, хавтаст хэргийн 1-11, 23 дугаар талд авагдсан нэхэмжлэл, өрхийн эрүүл мэндийн төв болон багийн засаг даргын тодорхойлолт, гэрлэгчдийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчийн бичгийн тайлбар зэргээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан ...эвлэрүүлэх арга хэмжээ авах боломжгүй нөхцөл байдал, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан ...нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6, 14.7 дахь хэсэгт тус тус зааснаар гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэргийн 32-51, 54-56 дугаар талд авагдсан Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр ...хүү Д.*******, Д.******* нарыг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэж хууль сануулагдан гаргасан энэхүү дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзэхийн сацуу, хүү Д.*******ийн ...ээжтэйгээ хамт амьдарна гэх санал зэргийг харгалзан 2 хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж, эцэг Н.*******эс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн тэтгэлэг сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэрлэгчид нь дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдвал зохино.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох (207,400:2х12=1.244,400 төгрөг*2= 2.488.800 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжид 54,771 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж төрийн сангийн орлого /данс-100130000941/ -д оруулбал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.1, 132.4, 132.5, 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт *******н *******, Боржигон овогт *******ийн ******* нарын 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсныг 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 60 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн баталгаа бүхий гэрлэлтийг цуцалсугай
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2013 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Д.*******, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Д.******* нарыг эх Ц.*******гийн асрамжинд үлдээж, тэднийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 / -тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр эцэг М.*******эр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй,
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах, хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэрлэгчид нь дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн хариуцагчаас 54,771 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн сангийн орлого /данс-100130000941/ -д оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор хувийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
9. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН