Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2023/00143

 

 

Өмнөговь аймгийн Г  сумын Засаг

даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2023 оны 01 сарын 31-ний өдрийн 184/ШШ2023/00542 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2023/00711 дүгээр магадлалтай,                                                                                                                              

Өмнөговь аймгийн Г  сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

Б д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 11,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг       

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А , прокурор Б , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Г  сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 01 сарын 31-ний өдрийн 184/ШШ2023/00542 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б гээс 9,950,000 /есөн сая есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Г  сумын Сум хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэлээс 1,925,00 /нэг сая есөн зуун хорин таван мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн алба”-ны нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б гээс улсын тэмдэгтийн хураамжид 174,150 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2023/00711 дүгээр  магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 184/ШШ2023/00542 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Г  сумын Засаг даргын Тамгын газрын хариуцагч Б д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 11,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын журмаар гаргасан гомдолд: Өмнөговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А  би, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.04.03-ны өдрийн 210/МА2023/00711 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг баримтлан, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Хариуцагч Б  нь 2014.05.08-ны өдөр Өмнөговь аймгийн Г  сумын Сум хөгжүүлэх сангаас жилийн 3 хувь, 1 сарын 0,25 хувийн хүүтэй 10,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатайгаар авсан. Зээлийн гэрээний хугацаа 2015.11.08-ны өдөр дуусгавар болсон, хариуцагч нь Улаанбаатар хотод шилжин суурьшиж, хаяг нь тодорхойгүй болсон, гар утасны дугаараа өөрчилснөөс шалтгаалан, Г  сумын Засаг дарга, Сум хөгжүүлэх сангийн зээл хариуцсан ажилтнуудаас хариуцагчийн хаягаар зээлээ эргэн төлөхийг шаардаж, мэдэгдэл хүргүүлж байсан боловч хүлээн авсан эсэх нь тодорхойгүй болсон. Хэрэгт цугларсан нотлох баримтаар зээлдэгч Б  нь 2014.06.10-ны өдөр зээлийн хүү, үндсэн төлбөрт 50,000 төгрөг төлснөөс үзэхэд зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болон зээл эргэн төлөгдөх нөхцөлтэй болохыг хариуцагч нь тодорхой мэдэж байсан болох нь нотлогдон тогтоогддог. Мөн хариуцагч нь шүүх хуралдаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгааныг тодорхой тайлбарлаж чадаагүй болно. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх “Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан боловч зээлийн гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, өмчөө буцаан шаардах эрх нь хуульд зааснаас бусад тохиолдолд хязгаарлагдахгүй хариуцагч авсан зээлийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна” гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн бол Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “...гэрээний хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хариуцагчаас 9,950,000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулахаар шийдвэрлэсэн буруу болсон” гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь “Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсгийн 172.1-д заасан үндэслэлд хамаарна.

Иргэний хуулийн 492.1, 492.1.1-д гэж тус тус зааснаар хариуцагч Б  нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан, эзэмшсэнээс үүсэх үүргээс чөлөөлөгдөхгүй, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан хэдий ч зээлийн гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, өмчөө буцаан шаардах эрх нь хуульд зааснаас бусад тохиолдолд хязгаарлагдахгүй, мөн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноор шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг өмчлөх эрхийг хариуцагч эдлэх  үндэслэлгүй тул анхан шатны шүүх хариуцагч Б гээс 9,950,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, “Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар гэрээний хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, прокурорын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2 дахь хэсгийн 176.2.3 дахь заалтад заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2023/00711 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.31-ний өдрийн 184/ШШ2023/00542 дугаар шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр прокурорын гомдол гаргав гэжээ.

5. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.06.07-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2023/00697 тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

7. Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Г  сумын Засаг даргын Тамгын газраас хариуцагч Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,875,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

8. Анхан шатны шүүх “талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, зээлдүүлэгч мөнгийг шилжүүлэн өгсөн,  зээлдэгч тохиролцсон хугацаанд эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тул үүргээ биелүүлэхийг хариуцагчаас Г  сумын Засаг дарга шаардах эрхтэй, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх ба нэхэмжлэгч нь энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан боловч тэрээр зээлийн гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, өмчөө  буцаан шаардах эрхтэй” гэж үзэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр хариуцагчаас үндсэн зээл 9,950,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1,925,00 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

9. Давж заалдах шатны шүүх “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно. Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Г  сумын Засаг даргын Тамгын газраас хариуцагч Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,875,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022.04.11-ний өдөр шүүхэд гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх гэрээний хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хариуцагчаас 9,950,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу” гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

10. Талууд 2014.05.08-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, гэрээний дагуу орон нутагт аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэх зорилгоор 10,000,000 төгрөг хүлээн авсан, гэрээний хугацаанд 50,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримтын тухайд маргахгүй байна. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ хариуцагч эргэн төлөх үүргээ биелүүлээгүй, Улаанбаатар хотод шилжин суурьшсан, хаяг нь тодорхойгүй байсан” гэж тодорхойлсон бол хариуцагч “Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн “М ”-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг сумын Засаг дарга төлөөлөн шаардах эрхгүй” гэсэн үндэслэлийг зааж маргажээ.

11. Нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэж байгаа гол нөхцөл болох хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой үйл баримт буюу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэх, мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар уг хугацааг сэргээх боломжтой эсэх асуудлаар зохигчийг хангалттай мэтгэлцүүлсний үр дүнд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Тодруулбал, хэрэгт нотлох баримт бүрэн цуглараагүй, үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүхийн алдааг залруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 184/ШШ2023/00542 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2023/00711 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БАЯРМАА                                  

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                                           ШҮҮГЧИД                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                                          Д.ЦОЛМОН

                                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД