Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/251

 

 

 

 

 

 

 

 

     2024            04           08                                     2024/ШЦТ/251

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,   

улсын яллагч Л.Төгсжаргал

хохирогч О.,

шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч М.Одбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******ад холбогдох эрүүгийн 2210023030143 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, “Эрдэнэс таван толгой” ХХК-нд механикч ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамтаар ******* дүүрэг, ** дугаар хороо, *******, *** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны ** дүгээр сарын **-ны өдрийн 694 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.******* нь **** оны ** дугаар сарын ***-ны өдөр ******* дүүргийн ** дугаар хороо, “” хорооллын *** дугаар байрны ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.ыг “найз руу нь чат бичлээ” гэх шалтгаанаар элэг хэсэгт нь 1 удаа, нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь уруулд няцарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 *** оны ** дүгээр сарын **-ний өдөр ******* дүүргийн ** дугаар хороо “” хорооллын ** дугаар байрны ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.той гэр бүлийн асуудлаас болж маргалдан, улмаар хоолойг нь боож, өргөн авч шидэж, баруун гарын булчин, баруун хөлийн өвдөг хэсэгт 2 удаа, нуруун тус газарт нь хоолны халбаганы үзүүр хэсгээр 10 удаа хатгаж айлган сүрдүүлж цохиж, зодсон үйлдэлд нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дугаар сарын **-ны өдөр 191 дугаартай шийтгэврээр 7 хоног баривчлах шийтгэлээр,

2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* дүүргийн 8 дугаар хороо, “” хорооллын тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.ыг “найз руу нь чат бичлээ” гэх шалтгаанаар элэг хэсэгт нь 1 удаа, нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь уруулд няцарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2023 оны 05 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед ******* дүүрэг 8 дугаар хороо “” хорооллын тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.той маргалдаж, улмаар түүний хүзүү хэсэгт гараараа цохиж, үснээс нь зулгааж, бүсэлхий орчимд нь хөлөөрөө өшиглөж, зодсон, Айфоне 8 маркийн гар утсыг нь булааж авч, мушгиж эвдэлсэн үйлдэлд нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1006 дугаартай шийтгэврээр 10 хоног баривчлах шийтгэлээр тус тус шийтгүүлж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.ыг 3 удаа зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                 1. Шүүгдэгч Д.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

                 2. Хохирогч О.ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэрүүл тасардаггүй байсан. Түүнээс би зүгээр байж байгаад хэл амаар доромжлоод байсан зүйл байхгүй. Бид хоёр 7-8 жил хамт амьдарсан. Цагдаад дуудлага өгсөн нь 3 удаа болохоос өмнө байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

                 3. ******* дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр **** дугаарын утаснаас “...нөхөр зодсон...” гэх дуудлага, лавлагааны хуудас /хх-ийн 12 дугаар хуудас/,

                 4. Хохирогч О.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн орчимд Төв аймгийн Баянчандмань  сумаас ******* хот ******* дүүргийн 8 дугаар хороо Шинэ яармаг 735 дугаар байр 89 тоот буюу гэртээ ирж нөхөр, хүүхдийн хамт байсан юм. 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн орчимд манай 7 настай охин нь аавынхаа утсаар хүүхэлдэй үзэж байхад нь утсанд нь чат ирээд байхаар нь би нөхөр *******ын гар утсыг нь охин аас аваад чатыг нь унштал манай нөхөр төрсөн эгчтэйгээ чт бичсэн байсан ба тухайн чатанд араас зууралдаад салахгүй байна гэсэн байсан ба найз тоо уулзмаар байна гээд дуудаад байна гэсэн чат байсан ба найз нь хусчхаад салаарай янз бүрийн олон долон юм ярьж байгаад аманд нь багтав гэсэн байхаар нь би найз руу нь бид хоёрын амьдралд яагаад оролцоод байгаа юм бэ, салж нийлэхээ чамаар заалгах юм уу гээд хариу бичсэн чинь ******* намайг найз руу нь хэрүүл хийлээ гээд “зэвүүн пизда юм аа” гэж хэлээд миний элэг орчим гараараа нэг удаа, нүүрэн тус газарт гараараа нэлээн хэдэн удаа цохихоор нь биеэ хамгаалж *******ыг түлхсэн. Тэгээд гэрээсээ гараад цагдаад дуудлага өгсөн...2022 оны 02 дугаар сард ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг гар утсаар цохиж толгой хагалж байсан. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж согтуу ирээд намайг зодмоор байна гэж байгаад зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “...О.ы биед уруулд няцарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цагт хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн 7129 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

6. Шинжээч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь заалтад биеийн гадаргуугийн 1 хувиас илүүгүй зулгаралт, цус хуралт үүсээгүй, зөөлөн эдийн няцралын гэмтлийг хамаарч ойлгодог. О.ы биед зулгаралт үүсээгүй, харин урууланд няцарсан шарх үүсээгүй, харин урууланд няцарсан шарх гэмтэл үүссэн байсан учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа. Өмгөөлөгчийн зүгээс шарх, зулгаралт хоёр тусдаа гэмтлийн өөр ойлголт гэдгийг ойлгоогүй байна. Зулгаралт арьсны өнгөн давхаргад үүссэн шарх гэдэг нь арьс, арьсан доорх өөхөн эдийг хамарсан гэмтлийг ойлгоно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

7. ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “...Д.*******, О. нар нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******* дүүрэг, 8 дугаар хороо, Шинэ яармаг хороолол, 735-89 тоотод хоёр биеэ бусадтай хардаж, гэр бүлийн асуудлаас болж хоорондоо хэрүүл маргаан хийсний улмаас Д.******* нь О.ы хоолойг боож, өргөн авч шидэж, баруун гарын булчин, баруун хөлийн өвдөг хэсэгт 2 удаа, нуруун тус газарт нь хоолны халбаганы үзүүр хэсгээр 10 удаа хатгаж, айлган сүрдүүлж, цохиж зодсон...Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1,4.2, 4.3, 4.4 дэх заалтад зааснаар овогт ******* ******* ...10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсугай...” гэсэн 2023/ЗШ/191 дугаартай шийтгэвэр /хх-ийн 50 дугаар хуудас/

8. ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “...Д.******* нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед  ******* дүүрэг, 8 дугаар хороо, Шинэ яармаг хороолол, 735-89 тоот гэртээ эхнэр О.той маргалдсаны улмаас цээртэй үгээр гутаан доромжилж хүзүү хэсэгт нь гараараа цохиж, үснээс нь зулгааж хана руу хэд хэдэн удаа мөргүүлж, бүсэлхий орчимд нь хөлөөрөө өшиглөж, зодсон, Мөн  Айфоне 8 маркийн гар утсыг нь булааж авч мушгиж эвдэлсэн... Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1, 4.4 дэх заалтад зааснаар овогт ******* ******* ...10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсугай...” гэсэн 2023/ЗШ/1006 дугаартай шийтгэвэр /хх-ийн 51 дүгээр хуудас/,

9. О.ы  2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “...хохирогч, хамаарал бүхий этгээдийг нийгмийн харилцаанаас тусгаарладаг, мөдөн мөшгөдөг эсэх (+)... хохирогч, хамаарал бүхий этгээдийг эдийн засгийн хараат байдалд оруулдаг эсэх (+)... хохирогч, хамаарал бүхий этгээдийг хэл амаар хорио цээртэй үгээр байнга гутаан доромжилдог эсэх (+)...нийлбэр оноо 3...бага...” гэсэн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 65 дугаар хуудас/

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), “Мөнх тээвэрлэлт” ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дэх тал), хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 50 дахь тал) зэрэг болно.

 

  1.     Гэм буруугийн талаар:

 

                             Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

       А. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох О.той гэр бүлийн асуудлаас болж маргалдан, түүний биед удаа дараа халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

                 Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг,

    Мөн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж,

    мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж тус тус заасан  нь энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг хуульчилсан ба шүүгдэгч Д.******* нь хохирогч О.ы нөхөр байх тул тэд хоорондоо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.

                Иймд шүүгдэгч Д.*******ын хохирогч О.ы биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарах бөгөөд энэ нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

    Б. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан...нь байнгын шинжтэй” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд дээрх үйлдэл тус бүрийн улмаас ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаардахгүй.

     Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, байнга хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан үйлдлээр илрэх ба хууль зүйн хувьд “байнга” гэх ойлголт нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гурав ба түүнээс дээш удаа үйлдэгдсэн дээрх үйлдэл байхыг ойлгоно.

    Мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр тусдаа зүйлчлэгдээгүй, гэр бүлийн хамааралтай байдлыг далимдуулан гурав ба түүнээс дээш удаагийн бие даасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан шинжийг хангана.

    Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн биед халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэргээр хүний бие махбодид өвдөлт, зовиур мэдрүүлсэн аливаа үйлдлээр, сэтгэл санааны дарамтад оруулах, үргэлжид айдас түгшүүртэй, санаа зовж шаналсан байдалд байлгах, хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, заналхийлэх, мөшгиж мөрдөх, гутаан доромжлох, бусадтай харилцахыг хязгаарлах зэргээр сэтгэцийн хувьд хямрал үүсгэж байгаа аливаа үйлдлээр илэрдэг.

     Дээрхээс шүүгдэгч Д.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох О.ыг удаа дараагийн буюу 3 удаагийн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн “байнга” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

      Тодруулбал, шүүгдэгч Д.*******ын дээрх үйлдэл нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эхнэр О.той гэр бүлийн асуудлаас болж маргалдан, улмаар хоолойг нь боож, өргөн авч шидэж, баруун гарын булчин, баруун хөлийн өвдөг хэсэгт 2 удаа, нуруун тус газарт нь хоолны халбаганы үзүүр хэсгээр 10 удаа хатгаж айлган сүрдүүлж цохиж, зодсон үйлдэлд нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 191 дугаартай шийтгэврээр 7 хоног баривчлах шийтгэлээр,

         2023 оны 05 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед эхнэр О.той маргалдаж, улмаар түүний хүзүү хэсэгт гараараа цохиж, үснээс нь зулгааж, бүсэлхий орчимд нь хөлөөрөө өшиглөж, зодсон, Айфоне 8 маркийн гар утсыг нь булааж авч, мушгиж эвдэлсэн үйлдэлд нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1006 дугаартай шийдвэрээр 10 хоног баривчлах шийтгэлээр тус тус шийтгэгдэж байсан,

         Хохирогч О.ы “...Дуудлага өгсөн нь 3 удаа болохоос, урьд байнга зоддог байсан...” гэх тайлбар, шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зөрүүгүй мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдлоо.

     Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд шүүгдэгч Д.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.

      Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

      Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

       Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд,

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

  1.      Хохирол, хор уршгийн тухай:

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.ы биед эрүүл хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэж, хохирогчийн “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1.  Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

             Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Д.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчид дээрх оногдуулсан 2 ялыг тус тусад нь эдлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах ялын төрөлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх болсон шалтгаан нь залуу хүн, ажил хөдөлмөр эрхэлдэг, цаашдаа эхнэртэйгээ хамтын амьдрал эхлүүлэх сонирхол байна гэдгийг харгалзан үзэж, хорих ял эдлүүлэхгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нь хангаж зорчих эрхийг хязгаарлахгүйгээр тэнсэх ял оногдуулах боломжтой гэж дүгнэсэн...” гэсэн,

             Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглээд тэнсэн харгалзах ял дээр 1 жилийн хугацааг доод хугацаа буюу 6 сарын хугацаагаар тогтоож өгнө үү. Шүүгдэгчийн хувьд Өмнөговь аймагт ажилладаг. Иргэний шүүхийн шийдвэрээр 50,000,000 төгрөгийн төлөх төлбөртэй, тийм учраас зорчих эрхийг хязгаарлахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.

                Шүүгдэгч Д.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

       Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал /...28 настай, эрхэлсэн тодорхой ажилтай, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн.../ зэргийг харгалзан үзсэн болно

       Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,

                 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно”, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно.”, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх гэж тус тус зааснаар тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, уг арга хэмжээг үргэлжлүүлэн ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зохимжтой гэж үзлээ.

                 Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг тайлбарлав.

 

  1. Бусад асуудлаар:

Шүүгдэгч Д.*******ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ан гийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.*******ыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаанд авч, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, уг арга хэмжээг үргэлжлүүлэн ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаанд авч шийдвэрлэсэн ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

            5. Шүүгдэгч Д.*******ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            6. Шүүгдэгч Д.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг тус тус сануулсугай.       

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР