| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2020/01127/и |
| Дугаар | 132/ШШ2021/00090 |
| Огноо | 2021-02-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 132/ШШ2021/00090
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Д.Элбэгзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймгийн ........................ байрлах, Б газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, ..............оршин суугаа, Ө овогт Агийн Б
Хариуцагч: Булган аймаг, .................. оршин суугаа, Б овогт Угийн А нарт холбогдох,
Гэм хорын хохирол нийт 8,313,000 төгрөг гаргуулах тухай 132/2020/01127/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шижиртуяа, хариуцагч А.Б, У.А, иргэдийн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б газар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн .....................гэх газарт 13 настай Б.Б, 15 настай М.Б, М.Б нар хонинд явж байх үедээ гал түлж, галаа дутуу унтрааж орхисоноос 3,2 га талбай шатаж ойн санд 8,313,313 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлд заасан хохирол хор уршиг учраагүй, гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Насанд хүрээгүй Б.Б, М.Б, М.Б нарын буруутай үйлдлээс учирсан хохирлыг хариуцвал зохих тэдний хууль ёсны төлөөлөгч А.Б, У.А нараас нийтийн эрх ашигт 8,313,313 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, хэргийг нээхээс татгалзаж шийдвэрлэснээс хойш хохирол төлөгдөөгүй байна. Насанд хүрээгүй М.Б, М.Б нар нь нэг айлын хүүхдүүд бөгөөд тэдний хохирлыг хариуцвал зохих хүн нь ээж болох У.А юм. Иймд төлбөрийг хувь тэнцүүлэн, Б.Бийн хууль ёсны төлөөлөгч болох А.Бээс 2,771,000 төгрөг, М.Б, М.Б нарын хууль ёсны төлөөлөгч Ааас 5,542,000 төгрөгийг тус тус гаргуулж .................. Засаг даргын Тамгын газрын ******* тоот дансанд оруулахаар нэхэмжилсэн.
Үнэлгээг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй. Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад ой хээрийн түймэрээс учирсан хохирлыг тооцох журам байдаг. Уг ой хээрийн түймрийн улмаас 3,2 га газар шатсан. Шатсан талбайн хэмжээ нь ойн санд ямар хэмжээний хохирол учирсан гэдэгт хэргийн газрын үзлэг хийгээд үзлэгээр тогтоосон. Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А177 дугаартай тушаал байдаг. Энэ тушаалын 2 дугаар хавсралтад ойгоор бүрхэгдсэн экологи эдийн засгийн үнэлгээг Засгийн газрын 2013 оны 103 дугаар тогтоолоор үржүүлж тооцно гэсэн тогтоолын дагуу үнэлэгдэж байгаа. Хэн нэгэн өөрийн субьектив байдлаар үнэлж байгаа асуудал биш. Энэ Засгийн газрын тогтоол, хууль журмаар шууд тусгагдсан асуудал байгаа. Тухайн үед шинжээчийн дүгнэлтийг хариуцагч нарт танилцуулсан байдаг. Танилцуулахад хариуцагч нар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй. Гаргаж байгаа асуудал нь үндэслэлгүй зүйл ярьж байна гэв.
Хариуцагч А.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хүү Б.Б анхаарал болгоомжгүйн улмаас гал түймэр тавьсан гэх боловч тухайн хэрэг зөрчил нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлд заасан хохирол хор уршиг учраагүй, гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан байдаг.
Түүнчлэн миний бие ам бүл 6, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, өөрийн гэсэн орлого байхгүй, ажил албагүй тул төлбөр төлөх боломжгүй байна. Миний хадам ээж хараагүй болсон, хадам аав өвчтэй асаргаанд байдаг тул эхнэр Бгийн хамтаар хөгшин хадам ээж, аав нарыгаа асарч хардаг юм. Бид өндөр настныг асран тэтгэдэг халамжийн мөнгөөр л амьдардаг айл билээ.
Миний бие айлын малыг өдрийн 5000 төгрөгийн хөлстэйгээр хардаг байсан. Ковид-19 өвчин гарснаас хойш айлын мал маллахаа больсон. Мөн миний бие архаг хууч өвчний улмаас эмнэлэгт байнга хэвтэн эмчлүүлдэг.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжпэлийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү.
Эсвэл дахин шинжилгээ хийлгэж өгнө үү, хохирлын үнэлгээ хэт өндөр байна. Тухайн шатсан газар өвс ургаад хэвийн байдалдаа орсон байгаа гэв.
Хариуцагч У.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь М.Б, М Б нарын ээж нь юм. Тэдний хууль ёсны төлөөлөгч гэж намайг хариуцагчаар татаж 5,542,000 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэх тухай уг нэхэмжлэлийг би дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1. Манайх ам бүл-8, би нөхөр 6 хүүхдийн хамт амьдардаг. Би 2-14 насны 6 хүүхэдтэй.
2. Манай гэр бүлд эрхэлсэн тодорхой ажилтай хүн байхгүй, өрхийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, дан ганц хүүхдийн мөнгөөр л бид нар амьдардаг.
Тийм учраас би 5,542,000 төгрөгийг төлөх амьдралын боломжгүй болно.
Санамсаргүй байдлаас болж түймэр гаргасан байсан. Хүүхдүүд унтраасан гэж бодсон боловч дутуу унтраасан байсан. Хохирол нь өндөр гарсан гэж бодож байна. Шинжилгээ хийхдээ бид нарыг очиж харуулаагүй өөрсдөө очиж дүгнэлт хийсэн байсан. 5,542,000 төгрөгийг төлөхөд хэцүү байна. Шатсан гээд байгаа газарт өвс харин ч сайн ургаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Булган аймгийн Прокурорын газар нь иргэн А.Б, У.А нарт холбогдуулан “Гэм хорын хохирол 8,313,000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Б.Б, М.Б, М.Б нарын гаргасан ой хээрийн түймрийн улмаас 3,2 га шинэсэн ойн талбай шатаж байгаль экологид 8,313,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул хариуцагч нараас уг хохирлыг гаргуулж Булган аймгийн ..................... Засаг даргын Тамгын газрын ******тоот дансанд оруулах нь зүйтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг бол хариуцагч А.Б, У.А нар нь өрхийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлөх боломжгүй гэж тус тус мэтгэлцэж байна.
Насанд хүрээгүй хүн буюу 13 настай Б.Б, 15 настай М.Б, М.Б нар нь 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар баг Эрээний өврийн “Жонын гуя” гэх газарт хонинд явж байх үедээ гал түлж, галаа дутуу унтрааж орхисноос ой хээрийн түймэр гарсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч нар нь энэхүү үйл баримтыг үгүйсгэсэн тайлбарыг гаргаж маргахгүй байна.
Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д “7-14 хүртлэх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх, асран хамгаалагч хариуцан арилгана” гэж заасан бөгөөд хариуцагч Б.Б нь Б.Бийн эцэг, У.А нь М.Б, М.Б нарын эх буюу хууль ёсны төлөөлөгч нар мөн болох нь хэрэгт авагдсан мөрдөгчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай” тогтоолоор нотлогдож байна. /хх-ийн 7, 10/
Мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах үүрэг хүлээнэ. Эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах гэдгийг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх буюу гэмтсэн эд хөрөнгөтэй адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг ойлгоно.
Нэхэмжлэгч нь дээрх үйл баримтад холбогдуулан Булган аймаг дахь Цагдаагийн газраас явуулсан ажиллагааны явцад бүрдүүлсэн баримт болох шинжээчийн дүгнэлтийг хэрэгт нотлох баримтаар гаргасан бөгөөд шүүх энэхүү баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлэх боломжгүй байна.
Учир нь насанд хүрээгүй Б.Б, М.Б, М.Б нарын гаргасан гэх дээрх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй, тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гараагүй болох нь нэхэмжлэгчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлд заасан хохирол хор уршиг учраагүй, гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ...” гэх тайлбараар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гараагүй шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй бөгөөд харин насанд хүрээгүй Б.Б, М.Б, М.Б нарын гэм буруутай үйлдэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоолоор тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжтой юм.
Булган аймгийн Прокурорын газар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцээний нэг тал болж нэхэмжлэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээж оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг нотлох баримт болж буй шинжээчийн дүгнэлтийг үндэслэж байгаль экологид учирсан хохиролд А.Бээс 2,771,000 төгрөг, У.Ааас 5,542,000 төгрөг, нийт 8,313,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан гэм хорын хохиролд хариуцагч А.Бээс 2,771,000 /хоёр сая долоон зуун далан нэгэн мянга/ төгрөг, У.Ааас 5,542,000 /таван сая таван зуун дөчин хоёр мянга/ төгрөг, нийт 8,313,000 /найман сая гурван зуун арван гурван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Д.ЭЛБЭГЗАЯА