Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 132/ШШ2021/00105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б аймаг, ........................ оршин суугаа, П овогт Мийн С -ын нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Б аймаг, ........................ оршин суугаа, Г овогт Бны Т -д холбогдох 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох  тухай,  “Хүүхэд хөгжил сан”-аас олгодог хүүхдийн мөнгө болох 1 760 000 төгрөгийг М.Сос гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00916/И  индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.С, хариуцагч Б.Т, гэрч Д.М, Б.Цэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Ттой 2014 онд гэр бүл болж, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр охин Н, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр охин Э төрсөн. Гэр бүл болж  хамтран амьдарснаас хойш нэг жилийн дараагаас эхлэн бидний харьцаа таарамжгүй болж, надад гар хүрч эхэлсэн. Зодох болгондоо гарт тааралдсан эд зүйл болох модон сандал, түлээ, галын хайч, толгой хуйхалдаг халуун төмөр зэргийг шиддэг байсан.  Энэ байдал улам даамжирч архи ууж ирэн үр хүүхдээ айлгаж, намайг гэрээс хөөдөг байсан ба жирэмсэн байхад удаа дараа доромжлон зодож, машинтай үхнэ гэж авч давхидаг байсан. Ингэх бүртээ бага охиноо аваад надаас сал зайл гэж хөөдөг байсан.

2019 оны 06 дугаар сард Б аймагт төрсөн эгч Цынд байхдаа найзын хамт архи ууж, ажилд орохоор бүрдүүлсэн бүх бичиг баримтаа барьцаанд тавьсан байсан. Би бичиг баримтыг авч өгөн “Яагаад ингэж байгаа юм бэ?” гэхэд уурлан найзыгаа өмөөрч миний хамрыг мурийлгасан. Ингээд цохисны дараа 2 дугаар цэцэрлэгийн гадаа намайг зодуулж байхыг хариуцагчийн эгч Ц нь ажилчдынхаа хамт харж байсан. Тэгээд миний ээж, аавд мэдэгдснээр миний амьдралын нөхцөл байдлыг тэд мэддэг болсон.

Надад Б.Т гэр бүлийн хүчирхийлэл маш их үйлддэг байсан.Б.Тгийн эгч нь надад хэлэхдээ” эгчийн дүү ийм байдлаар удаан явахгүй” гэж хэлээд намайг Б аймгийн Т сумаас Эаймагт ээжид минь авчирч өгсөн. Би Б.Тгоос тусдаа амьдарснаас хойш 2 жилийн хугацаанд хүүхдүүдээ авах гэж оролдлого хийж, Б.Ттой уулздаг байсан. Уулзах бүртээ надад гар хүрч, уулзах гэж ирэхэд минь хүүхдүүдтэй минь 10-20 минут л уулзуулдаг байсан. Б.Тгийн урьдын зан авир засраагүй хэвээрээ байсан ба хүүхдүүдтэйгээ уулзахаар очиход надад хэд хэдэн удаа хүчирхийлэл үйлдэж цагдаагийн газарт мэдэгдсэн. Б аймгийн Т сумын Цагдаагийн газарт тэмдэглэгдсэн байгаа. Намайг Э аймагт амьдарч байсан гэрт минь орж ирээд хүчирхийлэл үйлдэж, архи ууж, өвлийн хувцасыг авч намайг нүцгэн гудамжинд үлдээж байсан. Б.Тг Б аймгийн Цагдаагийн газарт мэдэгдэж шалгуулсан. ... Би Б.Тс салаад хүүхдүүдтэйгээ 2020 он гарах гэж байхад уулзсан. Мөн тусдаа амьдарсан 2 жилийн хугацаанд хүүхдүүдтэйгээ холбогдох гэж Б.Т руу залгахад дугаар блоклож мөн өөр лүү нь залгасан бүх дугаарыг блок хийдэг байсан. ... Б.Т суусан эхнэрийхээ заавраар над руу утасдаж хүүхдээ ирж аваа гэж 2-3 удаа ярьсан. Очоод хүүхдүүдээ авах гэхээр өгдөггүй байсан. Баримт болгоод дискэнд буулгаад хэрэгт өгсөн. Б.Т хүнтэй суугаагүй байхдаа хүүхдүүдээ надтай утсаар яриулдаг байсан. Хүнтэй сууснаасаа хойш хүүхдүүдтэй минь яриулахгүй, уулзуулахгүй, шүүхийн дагуу хүүхдээ ав гэж намайг маш их зовоож амьдын хагцал үзүүлж байна. Мөн хамт амьдарч байгаа Е гэх хүүхэн Б.Т хоёрт би маш гомдолтой байна. Өмнөх шүүх хуралдаанд шүүгч С ыг хүүхдүүдтэй нь уулзуул эх хүн байх эрхийг нь хасаагүй байхад хүүхдүүдтэй нь уулзуулахгүй байж болохгүй гэж хэлсэн. Б.Т шүүх хурал дууссаны дараа чи очиж хүүхдүүдээ ав гэж хэлсэн. Би ээж, ах хоёртойгоо Б аймгийн Т сум руу хүүхдүүдээ авах гэж очсон боловч хүүхдүүдийг минь өгөөгүй. Очиход хоёр хүүхэд минь Б.Тгийн ээж, аавынд байсан. Бүхий л өмсдөг хувцас нь тэнд байсан. Өөрөө өөр хүнтэй тусдаа амьдарч байгаа мөртлөө хүүхдүүдтэйгээ хамт амьдардаггүй. Амралтын өдрөөр хүртэл хүүхдүүдтэйгээ ярих гэж залгахад би ажилтай байна гэж хэлдэг. Үр хүүхдээ ямархуу байдалтай байгааг би мэдэхгүй байна. Би үр хүүхдээ их санаж бие маш их өвдөж байна. Б.Тгийн өөр хүнтэй хамт амьдарч байгаа гэдгийг нотлох гэж хамт даруулсан зургийг баримтжуулж авчирсан. Б.Т хүүхдүүдээ хардаггүй. Хүүхдүүд ээж, аав дээр нь байдаг. Би хүүхдүүдээ Б.Тд өгөхгүй. Б.Т ээж, аавтайгаа хамт архины хамааралтай. Өмнөх шүүх хурал дууссаны дараа хүүхдүүдтэйгээ уулзаж харахад хүүхдүүд минь маш хэцүү байдалтай байсан. Эцэг эхийн хайр байхгүй хэцүү байсан. Эцэг хүн үүргээ гүйцэтгээд амралтын өдөр ч гэсэн цуг байдаггүй өөр газар байдаг. Б аймгийн Т сумаас хүмүүс над руу залгаад өвөө эмээ нь архи уугаад байна гэж хэлсэн. Б.Тгийн эгч нь хүүхдүүдийг надтай утсаар яриулсан. Б.Т намайг маш их зовоож байгаа. Би гэрлэлтээ цуцлуулаад 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд дархан цаазат газарт байгаль хамгаалагчаар ажилд орсон. Түүнээс хойш Хужирт багт 1 жил амьдарч байсан. 2015 онд том охин төрсөн, 2017 онд бага охин төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд хэрүүл зодоон хийдэггүй байсан. Би цалингаа аваад Сд өгдөг байсан ба тэр хүнс цуглуулна гэж Э хот ордог, би хоёр охинтойгоо үлддэг байсан.

Эхот орохдоо баар цэнгээний газраар ордог байсан байна лээ. Гэртээ ирэхдээ хүнсний зүйл авчирдаггүй харин мөнгө дуусаад ээмэг, бөгжөө ломбарданд тавиад ирдэг байсан. Хоёр охиныхоо нэгийг аваад яв гэхээр авч явдаггүй байсан. Намайг  хоёр охиноо хардаг юм чинь гээд бид гурвыг 2-3 хоног орхиод явдаг байсан. Тухайн үед хоол хүнсний зүйл авчирдаггүй байсан. Эдгээрээс болж хэрүүл маргаан болдог байсан. С агсам тавьж гэрийн эд зүйлийг над руу шиддэг байсан. Орхон аймаг, Т сум, Б аймагт цагдаад очсон гэж байна.

... Тухайн үед тэр виз нь бүтээгүй учраас бичиг баримтыг өөрийн биеэр ирж ав гэж хэлсэн гээд  Улаанбаатар хот руу явсан. Би цалингийн зээлтэй үлдсэн. Би Б аймгийн Т суманд байгаль хамгаалагчаар ажилд орж, хоёр охинтойгоо амьдаръя салмааргүй байна гэж охидоо дагуулаад Орхон аймагт очсон. Тэгээд хоолонд ор гэж хэлээд бид гурвыг нэг өрөөнд оруулж гэнэт цагдаа дагуулж орж ирсэн. Яагаад цагдаа дуудаж байгаа юм гэхэд С “Чи миний хүүхдүүдийг өгөхгүй байна” гэж хэлсэн. Хэсгийн цагдаа хүүхдүүдээ аваад унаа дуудаад яв гэж хэлсэн. Би Т явах таксинд очиход Согын хамаатнууд ирээд миний охидуудыг булаацалдсан. Б аймгийн цагдаад очсон гэдэг нь манай эгчийн хурим болж байсан 2 охин гадаа тоглож байхад С хажуу айлын хашаагаар давж орж ирээд хоёр охиныг хулгайлах гэж байхад нь дүү нар хараад би хоёр охиноо авч байсан. Түүнээс биш Сыг зодсон асуудал байхгүй. С өөрөө цагдаа дуудсан байсан. Дарамталж зодсон зүйл байхгүй. Надад хоёр охиноо Сд өгөхөд хэцүү байна. С ын ээж нь аавыг нь өнгөрөөд нэг сарын дараа хойд аавтай нь суусан. С ын аав амьд байхдаа Т сумаас хүүхэд өргөж авч байсан. Тэр хүүхдийг 1 дүгээр анги хүртэл нь өсгөж байгаад талийгаач аав өнгөрсөний дараа ээж нь өөр хүнтэй суугаад өргөж авсан ээж рүү яриад “Тыг бид нар өсгөж чадахгүй юм байна. Хүүхдээ өөр дээрээ ав” гэж хэлсэн байсан. С 2019 онд нэг найзтайгаа уугаад найзыгаа зодсон. Баривчилгаанд явах гээд баривчлагааны 100.000 төгрөгийг би өгсөн. Эрүүлжүүлхийн мөнгө гэж бас өгсөн. С “надад өмсөх гээд гутал байхгүй байна. Чи надад мөнгө өгөөч” гэсэн. Би цалингийн зээлтэй, хоёр охины бүх зүйлийг зохицуулж амьдардаг. Би Өнөржаргалтай сууж амьдарсан зүйл байхгүй. Үнэхээр суусан бол гэрлэлтээ батлуулах байсан тийм зүйл байхгүй. Өнөржаргал надад тусладаг сайн найз юм. С ын хойд аав нь хоёр дагавар хүүхэдтэй. Дагавар хүүхдүүд нь миний хоёр охиныг яах ч юм билээ. С өөрийн гэсэн байр, байшингүй. Өмнөх шүүх хурлын дараа С, ээжийн хамт хүүхдүүд дээрээ очсон. Гэтэл охидууд ээж, эмээгээ танихгүй байсан. 2 охин дээрээ 2 жилийн дараа очсон мөртлөө нэг иштэй чихэр ч аваад очоогүй. Шинэ жилийн гацуур дээр нь 100 төгрөг ч тавих чадваргүй хүн яаж хүүхдүүдээ тэжээх юм бэ. Мөн хүүхдийн мөнгийг хэрэглэсэн. Надаас удаа дарааллан мөнгө нэхэж, мөнгө авч байсан. Удаа дараа Сос эвлэрэхийг гэж гуйсан. Хоёр охиныхоо хажууд нэг ч хонохгүй тамхи татдаг байсан. Манай том охин ээжээс тамхи үнэртээд байна гэж хэлж байсан. Ийм хүн миний хоёр охиныг яаж өсгөх юм бэ итгэхгүй байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, гэрлэлтээ цуцлуулна. ... гэв.

Б.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  М.С нь 2019 оны 07 сараас 2021 оны 03 сар хүртэл хүүхдийн мөнгийг хоёр охинд зарцуулдаггүй байсан. Энэ хүн хүүхдийн мөнгийг хэрэглэсэн. Иймд хүүхдийн мөнгө болох 1.760.000 төгрөгийг гаргуулж, 2 охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэжээ.

М.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хүүхдийн 2.000.000 гаруй төгрөг надад бий. Б.Тгийн цалингийн зээлэнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан болохоор дансанд байсан мөнгийг  банкнаас татаж байсан учир хүүхдийн мөнгийг өөр данс руу шилжүүлсэн. Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдсэний дараа тэр мөнгийг өгч болно. Надад хүүхдийн мөнгөөр амьдралаа залгуулаад явсан зүйл байхгүй. Ээжийн нэр дээр байсан Саното-6 машиныг Т 5 үхэрээр авсан бөгөөд 3 үхэрийг өгөөгүй байсан. Мөнгийг нь тэр өөрөө хэрэглэсэн гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч М.С нь Б.Тд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох  тухай,  хариуцагч Б.Т нь М.Сд холбогдуулан “Хүүхэд хөгжил сан”-аас олгодог хүүхдийн мөнгө болох 1.760.000 төгрөгийг М.Сос гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ гэжээ.

М.С, Б.Т нар нь 2014 онд танилцаж, 2019 оны 03 сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2015 оны 06 сарын 29-ний өдөр охин Т.Н, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр охин Т.Э нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2020 оны 02 сарын 20-ны өдөр амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон байна.

 Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцааны хувьд таарч тохироогүйгээс бие биеэ ойлгож, хүндэтгэх, халамжлах үүргээ биелүүлдэггүй, байнгын хэрүүл маргаантайн улмаас 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болсон, гэрлэгчид гэрлэлт цуцлахыг хэн аль хүлээн зөвшөөрсөн тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас 2015 оны 06 сарын 29-ний өдөр охин Т.Н, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр охин Т.Э нар төрсөн ба нэхэмжлэгч М.С, хариуцагч Б.Т нар нь 2 хүүхдийн асрамж дээр маргажээ.

Зохигчийн дундаас 2015 оны 06 сарын 29-ний өдөр охин Т.Н, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр охин Т.Э нар нь  2019 оны 07 дугаар сараас хойш эцэг Б.Тгийн асрамжид байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

          Б аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр  эцэг эх асран хамгаалагчийн харилцааны төлөв байдлыг тодорхойлох шинжилгээнд эцэг эхийн аль алинд нь асран хамгаалагчаар тогтооход давуу тал илэрээгүй талаар дурьджээ.

          М.С нь  2019 оны 07 дугаар сард Б аймгийн Т сумаас Улаанбаатар хот руу Бүгд найрамдах Сс улс руу зорчих виз мэдүүлэхээр явсан гэх ба түүнээс хойш Т.Н, Т.Э нартай уулзахаар очдог байсан, хариуцагч Б.Т нь хүчирхийлэл үйлдэж, уулзуулдаггүй байсан гэж тайлбарладаг боловч тус үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Гэрлэгчид хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээхийг шүүх шийдвэрлэнэ гэж заасан байх ба Т.Н, Т.Э нар нь 2019 оны 7 дугаар сараас хойш эцэг Б.Тгийн асрамжид байж, эрүүл өсөн бойжиж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа нь Б аймгийн Т сумын “Бялзуухай” хүүхдийн цэцэрлэгийн тодорхойлолт, эмнэлгийн тодорхойлолт, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 31/06-62 тоот “Б.Тд холбогдох гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг 2019 оноос 2020 оныг дуустлах хугацаанд шүүж үзэхэд гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй...” албан бичиг зэргээр  тогтоогдож байна. /хх-ийн 32, 33,34, 56/

          Т.Н, Т.Э өнөөдрийг хүртэл хугацаанд эцэг Б.Ттой хамт амьдарч байгаа бөгөөд эх М.С нь 2019 оны 07 дугаар сараас буюу 1 жил 8 сарын хугацаанд хамт амьдраагүй, эхийн хайр халамжийг үзүүлээгүй байх ба хүүхдүүд аавтайгаа хамт амьдрахад сөрөг үр дагавар үүсэхгүй гэсэн тул 2015 оны 06 сарын 29-ний өдөр охин Т.Н, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр охин Т.Э нарыг эцэг Б.Тгийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд харшлахааргүй байна.

Шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэж байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эцэг, эхийн үүргийг хязгаарлаж байгаа зүйл биш зөвхөн хүүхдийн оршин суух газрыг тогтоож байгаа явдал юм. 

Хүүхдийг хэний асрамжинд үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино. 

Б.Т нь сөрөг нэхэмжлэлдээ  М.Сос  2019 оны 07 сараас 2021 оны 03 сар хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 1.760.000 төгрөг бүхий шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч М.С нь шүүхийн хэлэлцүүлэгт “Хүүхдийн 2.000.000 гаруй төгрөг надад бий. Б.Тгийн цалингийн зээлэнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан болохоор дансанд байсан мөнгийг  банкнаас татаж байсан учир хүүхдийн мөнгийг өөр данс руу шилжүүлсэн. Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдсэний дараа тэр мөнгийг өгч болно. Надад хүүхдийн мөнгөөр амьдралаа залгуулаад явсан зүйл байхгүй.” гэх тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгчийн дээрх тайлбараас үзэхэд “Хүүхэд хөгжил сан”-аас олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж нь гэрлэгчдийн дундаас төрсөн охин Т.Н, Т.Э нарын хэрэгцээнд зарцуулагдах ёстой ба 2019 оны 07 дугаар сараас эх М.С өөрийн хүүхдүүдтэйгээ хамт амьдраагүй, түүнээс хойш хүүхдийн мөнгийг хүүхдэд зарцуулаагүй болохоо хүлээн зөвшөөрч байх тул М.Сос 1.760.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Б.Тгийн сөрөг нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.

            Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй хариуцагчийн фэйсвүүк дэх гэрэл зураг, CD, бичгийн бусад баримтаар нотлогдоогүй гэрчийн мэдүүлэг зэргийг шүүхийн зүгээс үнэлээгүй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 15.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан П овогт Мийн С, Г овогт Бны Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2015 оны 07 дугаар сарын 22-ны төрсөн охин Т.Н, 2017 оны 09 сарын 15-ны өдөр төрсөн охин Т.Э,  эцэг Б.Тгийн  асрамжинд үлдээсүгэй.

3. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар М.Сос 1.760.000 төгрөг гаргуулж, Б.Т /охин Т.Н Т.Э нарт/-д олгосугай. , хүүхдийн мөнгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг Б.Тд даалгасугай.

4. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.200 төгрөгөөс 48.000 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 70.200 төгрөг, нэхэмжлэгчээс 48.000 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч Б.Тд олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Даариймаад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    О.ОДОНЧИМЭГ