Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 132/ШШ2021/00106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Булган аймаг, ............ ...... багт оршин суугаа, Т овогт Сийн Гы нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Булган аймаг, ............... оршин суугаа, Ш овогт Пийн О -д холбогдох 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00097/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д, хариуцагч П.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.О, гэрч П.О, П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Г миний бие нь П.Отай 1997 онд гэр бүл болж 1998 оны 07 сарын 30-ны өдөр охин О.О, 2003 оны 02 сарын 23-н өдөр охин О.О, 2009 оны 01 сарын 06-ны өдөр охин О.О нарыг төрүүлсэн.

Хамтран амьдарсан эхний үеэс бидний амьдрал тийм сайхан байгаагүй байнгын хэрүүл маргаантай, байдал даамжирч П.О нь байнга архи согтууруулах ундаа хэрэглэж агсан согтуу тавьж үр хүүхдүүд болон намайг амар тайван байлгадаггүй архи уух болгондоо ямар ч шалтаг шалтгаангүйгээр хүүхдүүдийн нүдэн дээр зоддог болсон. Отай 22 жил амьдарсан. Ухаан саруул, эрүүл хүүхэд төрүүлсэн. П.О амьдарч байх хугацаандаа архи ууж агсам тавьдаг байсан. Гэрчээр оролцож байгаа ах, дүү нар П.Оыг ямар авиртай гэдгийг мэднэ. Мөн манайхтай ойрын айлууд бүгд мэддэг байсан. 2017 онд би эмнэлэгт үзүүлэхэд элэгний В, C вирустэй мөн ходоодны шархтай болсон байна гэсэн. Би чамайг тэвчиж чадахгүй юм байна бие муутай боллоо би тусдаа амьдармаар байна гэж хэлээд хоёр хүүхдээ орхиод явсан. Хоёр хүүхдээ орхиод явсан ч аав зодлоо гээд суудлын машинд суугаад ирсэн байсан. Иймэрхүү байдал манайд байнга тохиолддог, байдаг зүйл болсон. Би хүн гүтгэж худлаа ярьсан зүйл байхгүй. Болно бүтнэ гэж бодоод явж байсан. Харин бие миний бие өвдөөд ингээд хол явахгүй юм байна гэдгийг ойлгосон учраас ийм шийдвэр гаргасан. Овоотын өвөлжөө, Шивэртийн өвөлжөө, Цагаан чулуутын хаваржаа гээд хаваржаа өвөлжөөгөө тус тусад нь 10.000.000 төгрөгөөр үнэлж 30.000.000 төгрөг болсон. Хашаа, байшин 88 м.кв 20.000.000 төгрөг болно. Байшин доторх тавилга стенк 350.000 төгрөг, буйдан 600.000 төгрөг, өргөн ор 500.000 төгрөг, хоолны шкаф 150.000 төгрөг, хувцасны шкаф 200.000 төгрөг, угаалгын машин 350.000 төгрөг, ширээ 80.000 төгрөг, 4 ширхэг сандал 20.000 төгрөг, чулуун ширээ 200.000 төгрөг, дрож 4м 150.000 төгрөг, тогоо 3 ширхэг 120.000 төгрөг, нийтдээ 2.720.000 төгрөг болно. Давхар бүрээстэй 6 ханатай гэрийг 2.210.000 төгрөг, гэрийн 2 ширхэг эрээн авдар 500.000 төгрөг, эрээн шкаф 180.000 төгрөг, гал тогооны шкаф 150.000 төгрөг, ширээ, сандал 80.000 төгрөг, нарны дэлгэц 160.000 төгрөг гэрийн хойд стенк 100.000 төгрөг, яндан, зуух 120.000 төгрөг нийтдээ 3.500.000 төгрөгөөр үнэлсэн. Давхар бүрээстэй 5 ханатай гэрийг 1.800.000 төгрөг, контейнер 5.000.000 төгрөг, старекс машин 5.000.000 төгрөг, мотоцикл 1.500.000 төгрөг, 12 завхай эмээл 12.000.000 төгрөг, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон мал борлуулсан бэлэн мөнгө 24.000.000 төгрөг, азарга 700.000 төгрөгөөр нийт 4 тооны азарга 2.800.000 төгрөг, 10 морь 8.000.000 төгрөг, гүү 41 тооны гүүг нэг бүрийг 600.000 төгрөг, нийт 24.600.000 төгрөг, шүдлэн 16 тооны шүдлэнгийн нэг бүрийг 500.000 төгрөгөөр бодоод 8.000.000 төгрөг, даага 16 тооны дааганы нэг бүрийг 250.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөг, унага 22 тооны унага 2.300.000 төгрөг болсон. Нийт 49.700.000 төгрөг болсон. Үхэр 45 тооны үхэр, бух 800.000 төгрөгөөр үнэлээд, тугал 12, нэг бүрийг 200.000 төгрөг, шүдлэн үхэр 600.000 төгрөг, бяруу 5 тооны бярууны нэг бүрийг 400.000 төгрөгөөр үнэлээд 2.000.000 төгрөг, нийт 24.800.000 төгрөг, хуц 250.000 төгрөг, эм хонь 217 тооны хонины нэг бүрийг 90.000 төгрөгөөр үнэлээд 19.530.000 төгрөг, 40 тооны төлөг нэг бүрийг 80.000 төгрөгөөр үнэлээд 3.200.000 төгрөг, 200 тооны хурганы нэг бүрийг 60.000 төгрөгөөр үнэлээд 12.000.000 төгрөг, ухна ямаа 150.000 төгрөг, 40 тооны эр ямаа тус бүр 90.000 төгрөг нийт 3.600.000 төгрөг, эм ямаа 65 тооны эм ямаа тус бүрийг 80.000 төгрөгөөр 5.200.000 төгрөг, 40 борлон тус бүрийг 50.000 төгрөг, 40 ишиг тус бүрийг 40.000 төгрөг 1.600.000 төгрөг, нийт 12.550.000 төгрөг, нийт толгой мал 798 байгаа 112.050.000 төгрөг болсон. Эд хөрөнгийн нийт үнийн дүн 185.856.000 төгрөгийг хуваалгахаар нэхэмжлэл гаргасан.

Өвөлжөө, хаваржааг хүүхдүүддээ өгөх ёстой. Би хүүхдүүдтэйгээ Улаанбаатар хотод амьдрах газаргүй 2-3 жил айлын хашаанд амьдарч байна. П.О энэ жил хичээлийн шинэ жил эхэлснээс хойш нэг ширхэг үзэг ч авч өгөөгүй. Нэг мах авчирсан тэрийгээ зараад явсан. Хашаа байшингаа бид дөрөвт үлдээнэ гэсэн. Машин, мотоциклыг авна. Контейнер зарагдаагүй. Өвөлжөө, хаваржааны гэрчилгээг П.Оад өгсөн байгаа. Өмчлүүлээд авна гэж ах, дүү нараа гэрчээр авчирсан байна. Өөрсдөдөө өвлүүлнэ гэсэн зүйл яригдаж байна. Үр хүүхдийн талаар яригдахгүй байна. Үр хүүхдүүд нь өвлөх талаар ярьсангүй. Ах дүү нарт нь өвлүүлнэ гэсэн зүйл байхгүй. Үр хүүхдэд нь хүртэх зүйлийг авна гэв. 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие С.Гтай 1997 онд гэр бүл болж 1998 онд охин О.О, 2003 онд охин О.О, 2009 онд охин О.О нарыг төрүүлж дутагдах юмгүй сайхан амьдарч байсан. ... С.Гы хувь хүн нь ямар хүн гэдгийг хүн болгон мэднэ. Манайх мал хөрөнгөтэй хэнээс ч гуйхгүй сайхан амьдарч байсан. С.Г 2015 оноос хойш наймаа хийж банкны өрөөнд оруулж байсан. Яриад байгаа эд хөрөнгө нь 2017 онд намайг хаяад явах үед нь байсан хөрөнгө. 2017 оноос 2020 оны хооронд цаг агаарын маш хүнд нөхцөлд байсан. Тэр хүнд нөхцөлийг давж чадахгүй манайх болоод манай нутгийн айлууд эрсдэлд өртсөн. 150-160 адуутай айл 20 ширхэг адуутай үлдэж байсан гашуун туршлагатай. Би энэ хүнийг явснаас хойш малаа хаясан гэхэд болно. Уул хангай, мод хавиар үхсэн мал маш их байгаа. Сум орон нутгийн хүмүүс бүгд мэдэж байгаа. С.Г 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Солонгос улс руу явж ирээд зангаа хувиргаад хэсэг гэрт үзэгдсэн. Хэсгийн төлөөлөгчөөс утсанд нь байнга мессэж ирдэг байсан. С.Г Солонгос улс руу яваад ирэхдээ том дэлгэцтэй утас авчираад фэйсбүүкт ордог байсан. Үнэлээд байгаа мал надад байхгүй. Мөн дээр нь 4 жилийн хугацаанд хүүхдийн байр, сургалтын төлбөр бүх зүйлийг би даадаг байсан. С.Г намайг болон гэр бүлийн амьдралыг нураасан. Үнэлсэн зүйлүүдийн материал надад байна. Үнэлсэн зүйлийг харахад анх авч байхад буюу шинээр авч байсан үнүүдийг тавьсан байна. Олон жил эдэлж хэрэглэсэн эд хөрөнгө байгаа. Хоёрдугаарт С.Г намайг байхгүй үед бүх өнгөтэй өөдтэй зүйлийг зөөгөөд аваад явсан. Айлд юу байдаг билээ бүгдийг зөөгөөд аваад явсан. Угаалгын машин эвдэрхий байгаа. Авна гээд байгаа өвөлжөө хаваржаа нь С.Гтай гэрлэхээс өмнө манай аав ээжийн өвөлжиж байсан, хаваржиж ирсэн өмч юм. Манай хоёр ах бид нар дундаа хэрэглэж байсан өвөлжөө хаваржаа юм. Энэ өвөлжөө, хаваржаа нь улсын өмч. Гэхдээ эзэмшлийн гэрчилгээ байгаа. Газрыг хувьчилж өгөөгүй. Би үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сумын төвийн хашаа байшин байгаа. Энэ хашаа байшингийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. 20.000.000 төгрөгөөр үнэлсэн байна. Сумын төвд тийм үнэлгээ байхгүй. 10.000.000 төгрөг л байдаг. Байшингийн стенкийг 2008 онд байшинд орохдоо авч байсан олон жил хэрэглэсэн үнэлгээ нь шинэ үнээр байна. Буйданг Орхон аймгаас 7 жилийн өмнө авсан. Шинэ үнээр нь үнэлсэн байна. Орыг Нарантуул захаас 500.000 төгрөгөөр авч байсан. Олон жил хэрэглэсэн зүйл байгаа. Хоолны шкаф 150.000 төгрөгөөр авч байсан. Олон жил болж байна. Ширээ 80.000 төгрөг гэсэн байна. 4 ширхэг сандалны 2 нь эвдэрсэн. Чулуун ширээ 200.000 төгрөг хүрэхгүй миний том эгч өгч байсан. Дрож олон жил болоод муудсан 150.000 төгрөгөөр авч байсан. Тогоо 4 ширхэг гэсэн байна. Старекс 2001 оны машин 6 жил явсан. Машин явдаггүй гражид байдаг. Нарны толь 160.000 төгрөгөөр авч байсан. 6 ханатай гэр 2.210.000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ гэр Г бид хоёрт хамаагүй. Аав ээж гэр бүл болж байхад хэрэглэж байсан гэр байгаа. Г бид хоёрын хуваарьт өмчид орохгүй. 2 ширхэг эрээн авдар байгаа. Анх хурим хийхдээ авсан эрээн авдар байгаа. Гал тогооны тавилга 150.000 төгрөг, яндан олон жил ашигласан зүйлүүд байгаа. Мотоцикл явдаггүй. Эмээл гэж байна. Манай аав, ээжээс өвлөгдөж ирсэн зүйл байгаа. Малын үнэ 30.000.000 төгрөг гэсэн байна тийм мал байхгүй. С.Г Солонгос улс руу явахдаа 10.000.000 төгрөгийн зээл авсан байдаг. Би 2019 оны малын А дансыг өгсөн. Би энд тэнд ажил хийж хүүхдүүдээ өсгөхөд тус дэм болно гэж бодож байна. Би өөрийн зүгээс үнэлсэн үнэлгээнд үндэслээд хашаа байшин, гэрийн доторх эд зүйлийг С.Г болон хүүхдүүддээ өгнө. Өвөлжөө болон хаваржааг өгөхгүй, мөн 6 ханатай гэрээ өөрөө авч амьдарна. Мөн 12 завхай эмээлийг өгөх боломжгүй яагаад гэвэл ээж, ааваас өвлөгдөж ирсэн. Эрээн авдрыг өгөхгүй. 5 ханатай гэр гэж байхгүй яагаад гэвэл 5 ханатай гэр энд тэндээс барьж босгосон. Одоо байхгүй, Эд хөрөнгөөс охиндоо түлхүүг нь өгнө. Надад харамлаад байх зүйл байхгүй. Архи дарс уугаад амьдралаа алдаад арчаагаа алдаад байсан зүйл байхгүй. С.Г Солонгос явж ирээд амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Түүнээс биш би явахад нь үр хүүхдээ асарч байсан. С.Гд хэлэхэд өвөлжөө, хаваржаа нь хэрэгтэй хүндээ байж байсан дээр байх. Эд хөрөнгөн дээрээ ярилцаад шийдэж болохоор байна гэв. 

Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Гы нэхэмжлэлтэй, П.Оад холбогдох иргэний хэрэгт охин О.О миний бие гэр бүлийн дундын эд хөрөнгөөс оногдох хувиа авахын тулд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан. Би нэхэмжлэлтэй танилцаад бие даасан шаардлага гаргахгүйгээр дундын өмчөөс өөрт оногдох хувиа авах хүсэлтэй тул тайлбар гаргаж байна.

Надад эд хөрөнгийн асуудал дээр яриад байх тайлбар байхгүй. Хуваагаад оногдсон зүйлийг авна гэв. 

Гэрч П.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хариуцагч П.О миний төрсөн дүү юм. Шивиртийн аманд байгаа Овоотын өвөлжөө, Цагаан чулуутын хаваржаа, өвөлжөө нь 200-300 жилийн түүхтэй. Өвөг дээдсээсээ уламжлагдаж ирсэн газар байгаа. Хамгийн бага дүү 1990 онд хөдөө гарсан. Тухайн цагаас эхлээд уугуул өвөлжөөндөө өвөлжиж ирсэн. Өвөг дээдэс өчнөөн жил өвөлжиж ирсэн. Ах дүү бид гурвын хуваарьт өмч гэж үзэж байна. 20 тооны кантнер байдаг. 2019 онд надаас П.О аваад мөнгийг нь өгчих би хүүхдийн хувцас, оюутны төлбөр төлмөөр байна гэж хэлээд бид хоёр ярилцаад би авсан. Тухайн үед 1.800.000 төгрөг өгсөн. Дараа нь 200.000 төгрөг өгсөн. Контейнер нь байрандаа байгаа. Би 2019 онд төлбөрийг бэлнээр өгсөн. 2019 оноос 2020 онд эхнэр нь байхгүй яваад өгсөн. Орон гаран байж байгаад цас зуд болоод их хэмжээгээр мал хорогдсон. Хурцын оройд **-** үхрийн яс хэвээрээ байгаа. 12 завхай эмээлийн тоногийн тухайд манай ааваас өмч болгож П.Оад 1997 онд айл болоход нь өгсөн. Өмнө нь П.О эзэмшиж ашиглаж байсан. Манай ааваас үлдсэн өв. 6 ханатай гэр нь анх айл болоход нь манай аав өөрийнхөө амьдарч байсан гэрийг өгөөд өөрөө жижиг гэрт тусдаа амьдарч байсан.  Би 1998 оноос мал малласан. 2 өвөлжөө, 1 хаваржааг аав, ээж өмчилж байсан. Аав 1990 онд хөдөө гарахдаа барьсан байх. Би тухайн үед нь байгаагүй. Намайг хүүхэд байх үеэс өвөлжиж байсан. Анх Оыг хөдөө гарахад нь өвөлжөө, хаваржааны модыг нь бэлдэж байсан. Би тухайн үед Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан гэв. 

Гэрч П.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хариуцагч П.О миний төрсөн дүү. 2017 оноос 2020 онд их хэмжээний зуд болсныг Булган аймаг даяар мэдэж байгаа. Бог малын 60 хувь хоргодож хүмүүсийн амьдралд хүндрэл гарсан. 6 ханатай гэр нь манай аав, ээжээс өвлөгдөж ирсэн. О, Г нарыг хурим хийхэд нь өгч байсан. 5 ханатай гэж ярьдаг. Миний аав ээжийн өөрсдийн барьж байсан гэрийг тусдаа гарахад нь өгсөн. Шивиртийн агуутын өвөлжөө манай аав, ээжийн өвөлжөө Оад үлдсэн.Одоогоор би эзэмшиж байна. Цагаан чулуутын хаваржаа байгаа. Тэнд хэдэн хана байгаа. Нөхөн өвөлжөө нь байр байхгүй, хуучны өвөлжөө байгаа. 12 завхай эмээл нь эцэг эхээс очсон эмээл байгаа. Тэрийг өөрчлүүлж байсан. Одоо байгаа үгүйг мэдэхгүй байна. Ааваас Оад өвлөгдөж очсон байх ёстой. Мөн миний эгчийн малууд цуг тоологдож явдаг байсан. Цөөхөн хэдэн мал байдаг. Малын А дансыг харахад 100 гаруй тооны мал байсан. Банкны зээлтэй тэрийгээ төлсөн байх. Зуднаас хойш мал нь бага болсон. Өөрсдөө мал дээрээ байхгүй байсан учраас улам л мал нь хорогдсон. Тусдаа өвөлжөөтэй байсан ч өвс ургамал ургахаа болиод аав, ээжийн өвөлжөөнд /П.Оын өвөлжөөнд/ 3 жил өвөлжиж байна. Өвөлжөө нь миний аавын төрсөн газар. 1981 онд өвөлжөөд 1991 онд өмч хувьчлалаар авсан. 2017 онд үхэр, адуу тэр чигтээ байхгүй болсон. Би өөрөө 300 гаруй бог малтай байсан. 60 гаруй бог малтай үлдсэн. Өөрсдөө мал дээрээ байгаагүй. Хавар гэхэд байхгүй болсон байсан. Өвөлжөөг өмч хувьчлалаар аав авсан. Тухайн үед гэрээгээр эзэмшүүлээд гэрчилгээ олгогдоход Оын нэр дээр шилжсэн юм байна лээ. Аав, ээжийн эрхийн дагуу авсан учраас өөрийн нэр дээр авах гэж байгаа. Би одоо Овоотын өвөр өвөлжөөнд амьдарч байгаа. Шивиртын өвөлжөөг ашиглахгүй байсан учраас хуулийн дагуу байхгүй болсон. Цагаан Чулуутын хаваржаа нь хэний эзэмшилд байгааг мэдэхгүй байна. Маргаантай байдаг газар юм. Манай аавын төрсөн нутаг Овоотын өвөлжөө. 1989 онд аав Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан. Тухайн үед илгээлтээр гарч байсан. Одоо багийн бэлчээрт гэж гарч ирээд асуудалтай байгаа. Оад хэдэн мал байгааг мэдэхгүй байна. Үхэр адуу байхгүй. Манай эгчийн хэдэн үхэр байх ёстой. Одоо Оын малыг От  гэж малчин малладаг гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин оролцож нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ хэрэг шүүхээр 1 жил гаран шийдвэрлэгдэх гэж явж байгаа хэрэг. Энэ хугацаанд эвлэрэх хамтарч амьдрах талаар янз бүрийн аргаар үзсэн боловч өндрийг хүртэл эвлэрэхгүй гэсэн байр суурьтай байна. Нэгэнт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрлэгсэд хамтран амьдрах боломжгүй нөхцөл байдал үүсч 2 гаран жил тусдаа амьдарсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэлтийг цуцлуулах нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс би гэр бүлийн хүчирхийлэлтэй байдаг энэ үйл явдал нь цаашид үргэлжлэх учраас эвлэрэх боломжгүй гэсэн тайлбар хэлж байгаа. Ийм учраас гэрлэлт цуцалж, 2009 онд төрсөн охиныг эхийн асрамжид үлдээж, эцгээс тэтгэлэг гаргуулах нь үндэстэй байна. Дараагийн зүйл нь эд хөрөнгийн асуудал байна. Нэхэмжлэгч шүүхэд 233.000.000 төгрөгийн эд хөрөнгөтэй үүнээс 186.000.000 төгрөгийн эд хөрөнгийг 3 охины хамт адил хэмжээгээр хувааж ногдох хэсгийг авна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. О тодорхой эд хөрөнгийн үнэлгээ өөр байна. Ийм учраас мэргэжлийн байгууллагаар үнэлүүлнэ гэж шинжээч томилуулна гээд үнэлэхэд 47.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Үнэлэгдээгүй өвөлжөө, хаваржаа, 6 ханатай гэр, түүний доторх тавилга байгаа. Эхлээд гэр байхгүй гэж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт 6 ханатай гэрийг барьж өгсөн гэж ярьж байгаа. Гэр бүлийн тухайн хуульд зааснаар анх гэр бүл болоход нь эцэг, эхээс нь бэлдэж өгсөн гэр нь энэ хүмүүсийн амьдарч байсан гэр нь дундын өмч болно. Дундын өмчөөс П.О гэрийг өөрөө авна гэж хүлээн зөвшөөрч С.Гы гэрийг үнэлсэн үнэлгээнд маргаагүй нөхцөл байдал харагдаж байна. Хамгийн их маргаж байгаа зүйл нь өвөлжөө, хаваржаа байна. Гурван өвөлжөө, нэг хаваржааг миний эцэг эхээс өвлөгдөж, уламжлагдаж эзэмшиж ашиглаад ирсэн юм. 1990 онд өмч хувьчлалаар хувьчлаад авсан юм гэж ярьж байна. Харин энэ хөрөнгийг цааш нь өмчилж явах гэж П.Оад эзэмшүүлсэн. Газар өмчлөх эрхийн гэрчилгээ нь П.Оын нэр дээр гарсан. 1992 оноос хойш 2005 он хүртэл хоёр ах нь бид хоёр эзэмших ёстой гэдэг байдлаар хандсан бол магадгүй гэрчилгээнд нэр байж болох байсан. Гэтэл ах нарынх нь нэр байхгүй байна. 2005 онд гэрчилгээ авах, 2016 онд өвөлжөө, хаваржаа авсан бичиг баримтууд бүгд П.Оын нэр дээр байсан. Тухайн үед П.О, С.Г нар хамтын амьдралтай байсан. Хамт амьдарч байх хугацаандаа энэ бичиг баримтыг бүрдүүлж авсан. Хамт амьдарч байхдаа бий болгосон гэж нэхэмжлэгч ярьдаг. Ийм учраас өвөлжөө, хаваржааг дундын өмчид тооцох нь зүйтэй байна. Гурван охин нь эцгийнхээ газрыг эзэмших, өвлөх эрхтэй учраас хүүхдүүдийн нэр дээр болгож өгнө үү гэж хандаж байгаа. Аавын төрсөн нутгийн өвөлжөөг Оын нэр дээр үлдээгээд нөгөө хоёрыг хүүхдүүдийн нэр дээр шилжүүлэх нь зүйтэй. Малын тухайд 2017 онд нэлээн олон тооны мал нэхэмжилж байсан. 2017 оны малын А дансаар 700 гаруй малтай, 100 гаруй бод малтай байсан гэж байна. Өнөөдрийн байдлаар мал тооллогын дүнгээр 150 гаруй бог малтай болсон гэж байна. Хорио цээрийн улмаас мал дээр очиж бүрэн материал цуглуулж чадахгүй байна гэж байгаа. Үнэхээр үхээд хоргодсон гэж байгаа бол ийм мал үхсэн гэх нотлох баримтыг гаргаж өгөх ёстой. Гаргаж өгөөгүй нөхцөл байдал байна. Ийм учраас С.Г, П.Оын харилцан зөвшөөрснөөр хашаа байшинг С.Г болон хүүхдүүдэд үлдээх. О өчигдөр 18 нас хүрсэн ч гэсэн энэ гэр бүлээс аваагүй. Эгч нь өрх тусгаарласан боловч эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулна гэж оролцож байгаа учраас хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс адил тэнцүү хувааж өгөх хууль зүйн үндэслэлтэй байна. Өвөлжөө, Хаваржааг 2 хүүхдийн нэр дээр шилжүүлэх нь хуульд зааснаар үндэслэлтэй болно. Гэр бүлийн тухайн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхэд хэний асрамжид байгаагаас үл шалтгаалан эцэг, эх үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй учраас охин Оыг өсөн хүмүүжүүлэх үүрэг нь эцэгт байгаа гэдгийг дурдаад эх нь энэ үүргийг биелүүлэхэд нь саад болохгүй байхыг шүүхийн шийдвэрт тусгаж өгөх нь зүйтэй. Өмч хөрөнгөөс бусад асуудалд маргаангүй учраас шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэв. 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч П.Оад холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ гэжээ.

С.Г П.О нар нь 1997 онд танилцаж, 1997 оны 08 сарын 06-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2017 оны 06 сарын 24-ний өдөр охин О.О, 2003 оны 02 сарын 23-ны өдөр охин О.О, 2009 оны 01 сарын 06-ны өдөр охин О.О нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцааны хувьд таарч тохироогүйгээс бие биеэ ойлгож, хүндэтгэх, халамжлах үүргээ биелүүлдэггүй, байнгын хэрүүл маргаантайн улмаас 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, гэрлэгчид гэрлэлт цуцлахыг хэн аль хүлээн зөвшөөрсөн тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас 2017 оны 06 сарын 24-ний өдөр охин О.О, 2003 оны 02 сарын 23-ны өдөр охин О.О, 2009 оны 01 сарын 06-ны өдөр охин О.О нар төрсөн ба О.О, О.О нар нь насанд хүрсэн болох нь тэдний иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол хүүхдийн саналыг харгалзан үзнэ гэж заасан. Насанд хүрээгүй охин О.О  нь ээжтэйгээ хамт амьдрах саналаа шүүхэд гаргасан. Хүүхдийн асрамж дээр гэрлэгчид маргаагүй байх тул охин О.Оыг  эх С.Гы асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг П.Оаар сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд үүрэг үүсдэг. Эцэг, эх тусдаа амьдарснаар тэдний дундаас төрсөн хүүхдийг асрамжид аваагүй эцэг, эхийн хувьд асран хамгаалах, сурган хүмүүжүүлэх үүрэг нь дуусгавар болдоггүй, Гэр бүлийн тухай хуулийн 21, 26 дугаар зүйлд заасан үүрэг тухайн хүүхдийг насанд хүртэл нь үргэлжилдэг. Харин хүүхдийн асрамжийг шүүх шийдвэрлэж байгаа нь асрамжид авсан эцэг, эх нь зөвхөн хүүхдэдээ ганцаараа халамж, анхаарал тавьж, асрамжид аваагүй эцэг, эхийг үүрэг, хариуцлагаас чөлөөлж байгаа явдал биш асрамж бол хүүхдийг хэнтэйгээ хамт амьдрах оршин суух хаягийг тодорхойлж байгаа явдал юм.

Хүүхдийг хэний асрамжид үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.

 

Нэхэмжлэгч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон 3 хүүхэддээ ногдох хэсэг болох 186.856.000  төгрөгийн  хөрөнгийг гаргуулна гэсэн.  Маргаж буй зарим хөрөнгө болох Булган аймгийн ... од байх 88 м2 талбай бүхий хувийн сууц, 772 88 м2 талбай бүхий газар, 93 толгой хонь, 57 тооны ямаа, 2001 онд үйлдвэрлэгдсэн “Hyundai Starex” маркийн **-** БУЛ улсын дугаартай авто машин, “Dayun” маркийн мотоцикль зэргийн зах зээлийн үнэлгээг “Ашид билгүүн” ХХК нийт нь 46.282.436 төгрөгөөр тогтоосон үнэлгээтэй нэхэмжлэгч болон хариуцагч маргаагүй учир тодорхойлсон үнээр хөрөнгийн үнэлгээг тогтоох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.2-т заасантай нийцнэ гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25  дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигч “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч С.Г нь маргаж буй бусад хөрөнгийн үнэлгээг хэрхэн тодорхойлсон болохоо баримтаар нотлоогүй байна.

Нэхэмжлэгч нь хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй бүрэн танилцсан, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар маргааны зүйлд үнэлгээг шүүхийн зүгээс хийлгэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг зөрчихөөс гадна мэтгэлцээний тэнцвэртэй байдлыг алдагдуулах болно.

Булган аймгийн ................. сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03/14 тоот албан бичиг, 2019 оны малын “А” дансны хуулбараас үзэхэд  П.О нь 2019 онд 93 толгой хонь, 57 толгой ямаа, нийт 150 тооны бог мал тоолуусан болохыг тодорхойлсон, нэхэмжлэгчийн зүгээс 798 тооны мал байгаа гэж тайлбарлсан боловч энэ нь баримтаар нотлогдоогүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг   сонирхлыг  харгалзан шүүх  өөрөөр тогтоож болно гэж, 129.4-т энэ хуулийн 129.3-т зааснаас бусад гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсхүл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно гэж тус тус заасан тул хөрөнгө хуваахад хөрөнгө бий болгоход хөдөлмөрөөрөө оролцсон эсэхээс үл хамааран насанд хүрээгүй охин О.О эцэг, эхийн нэгэн адил өөрт ногдох хөрөнгийг авах эрхтэй гэж дундын хөрөнгийг дараахи байдлаар хуваарилав.

Булган аймгийн ..................... ... од байх 88 м2 талбай бүхий хувийн сууц, 772 88 м2 талбай бүхий газар, 2001 онд үйлдвэрлэгдсэн “Hyundai Starex” маркийн **-** БУЛ улсын дугаартай авто машин, “Dayun” маркийн мотоциклийг “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлсэн үнэлгээ болох 46.282.436 төгрөгөөр тогтоож, гэр бүлийн 5 гишүүнд хуваахад 1 гишүүнд малаас 2.772.000 төгрөг, газраас 376.464,2 төгрөг, хувийн сууцнаас 5.448.022,8 төгрөг, тээврийн хэрэгслээс 660.000 төгрөг, нийт 9.256.487 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө ногдож байгаа тул нэхэмжлэгч болон түүний насанд хүрээгүй 1 хүүхдэд 18.512.974 төгрөг, хариуцагчид 27.769.461 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг хуваарилж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, ...этгээдийг хэргийн оролцогч гэнэ”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “шүүхэд эрхээ өөрөө хэрэгжүүлэх буюу төлөөлөгчөөр дамжуулан гүйцэтгүүлэх чадварыг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд эдэлнэ” гэж тус тус заасан бөгөөд гэрлэгчдийн дундаас төрсөн охин О.О 20 нас, О.О 18 насанд хүрсэн буюу иргэний эрх зүйн чадамжтай болсон байна. Өөрөөр хэлбэл О.О, О.О нар хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо шүүхэд өөрөө хэрэгжүүлэх, хамгаалах эрхтэй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу О.Оийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулсан хэдий ч гуравдагч этгээд нь бие даасан шаардлага гаргаагүй. Мөн О.Ог мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзсэн этгээд болон зохигчоос шүүхэд гаргаагүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д “Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй” гэсэн байх тул дундын хөрөнгө хуваарилахдаа гэрлэгчдийн дундаас төрсөн охин О.О, О.О нарт ногдох хэсгийг шийдвэрлээгүй болно. О.О, О.О нар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг хариуцагч П.Оаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Гаас 1.092.230 төгрөгийг гаргуулж Төрийн санд, хариуцагч П.Оаас 816.715 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Гд 320.715 төгрөг, Төрийн санд 56.000 төгрөг, Булган аймгийн Шүүхийн тамгын газарт 440.000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан M овогт Сгийн Г, Ш овогт П О нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин О.О ыг эх С.Гы асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин О.Ог 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, **-** /суралцаж байгаа бол 18/ настай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг П.Оаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.Гд даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

5. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч П.Оаас 18.512.974 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Г түүний насанд хүрээгүй охин О.О нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 168.343.26 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Гаас 1.092.230 төгрөгийг гаргуулж Төрийн санд, хариуцагч П.Оаас 816.715 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Гд 320.715 төгрөг, Төрийн санд 56.000 төгрөг, Булган аймгийн Шүүхийн тамгын газарт 440.000 төгрөгийг тус тус олгосугай.

7. Гэр бүлийн насанд хүрсэн гишүүд болох О.О, О.Оюунгуа нар нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг хариуцагч П.Оаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Даариймаад даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    О.ОДОНЧИМЭГ