Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 132/ШШ2021/00111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Булган аймаг, ..........................тоот хаягт оршин суугаа, С овогт Жын Д ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Булган аймаг, ................ оршин суугаа, Б овогт Чын Ц-т холбогдох 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2021/00047/И  индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Д, хариуцагч Ч.Ц,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 онд Ч.Цтай танилцаж,  бидний дундаас 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүү Ц.Бтөрсөн. Төрснөөс хойш хариуцагчтай таарч тохирохгүй болж, надад гар хүрдэг болсон. Хадам ээжтэйгээ мөн нийцдэггүй байсан. Ингээд үзэл бодол таарч тохирохгүй болсон тул 2017 онд хүүгээ 6 сартай байхад түүнээс салахаар шийдсэн.

Одоо Ч.Цаас салж, холбоо тасраад 4 жил болж байна. 2020 онд одоогийн нөхөр Г.Утай танилцсан ба одоо 4 сартай жирэмсэн. Хүүхдээ төрөхөөс өмнө өмнөх гэрлэлтээ цуцлууж, хүү Ц.Быг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Нөхөр Г.У нь миний хүүг өөрийн хүү шиг хайралдаг ба өөрийн хүү шиг өсгөнө гэдгээ илэрхийлсэн.  Тэрээр дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа мужаан, гагнуурын ажил хийдэг бөгөөд цаашид амьдралаа авч явах бүрэн боломжтой тул хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.

Иймп Ч.Цаас гэрлэлтээ цуцлуулж, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Ц.Быг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Дтай 2016 оны 05 дугаар сард танилцаж, үерхсэн. Үерхэж байх хугацаандаа юу ч болж байсан салахгүй гэж тохиролцсон.  Бид манайд ирж очин хамт амьдардаг байсан. Ж.Д жирэмсэн болж, 2017 онд хүүгээ Булган аймгийн ............. суманд төрүүлсэн. Нэхэмжлэгч нь хэлж тохирсондоо байхгүй юм бол сална, сарнина гэдэг байсан. Тэгээд хэрэлдээд явсан ба би эвлэрье гэсэн боловч ирээгүй, хэрэлдсээр л байсан.

...Одоо хүүхдийн тэтгэмж нэхэмжлээгүй, нөхөр болох хүн нь хүүг маань тэжээн тэтгэх чадалтай гэж байгаа тул би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч Ч.Цт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Ж.Д, Ч.Ц нар нь 2016 онд танилцаж, 2016 оны 01 сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2017 оны 03 сарын 01-ний өдөр төрсөн хүү  Ц.Бтөрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. 

Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцааны хувьд таарч тохироогүйгээс хамтран боломжгүй ба цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болж, нэхэмжлэгч Ж.Д нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ. 

Гэрлэгчдийн дундаас 2017 оны 03 сарын 01-ний өдөр хүү Ц.Бтөрсөн ба гэрлэгчид хүүхдийн асрамж дээр маргаагүй, хариуцагч Ч.Ц нь хүүхдийг нэхэмжлэгчийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэх тул хүү Ц.Быг эх Ж.Дгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.  

Хүүхдийг хэний асрамжинд үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б овогт Чын Ц, С овогт Жын Д нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2017 оны 03 сарын 01-ний өдөр төрсөн хүү Ц.Быг эх Ж.Дгийн асрамжид үлдээсүгэй. 

3. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Цаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Дд олгосугай

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай. 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Ариунжаргалд даалгасугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    О.ОДОНЧИМЭГ