Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 132/ШШ2021/00130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б аймаг, Б сум, .......... тоот хаягт оршин суугаа, С овогт М  Ж / ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б аймаг, Б сум, .......... тоот хаягт оршин суугаа, Бовогт Жгийн Г  д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2021/00050/И  индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ж, хариуцагч Ж.Г,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Гтой 1994 онд гэр бүл болж, 1996 онд гэрлэлтээ батлуулан 24 жил хамт амьдарсан. Тухайн үед би бага насны 2 дагавар охин, хүү хоёртой байсан бөгөөд Бидний дундаас 2001 онд хүү Г.Г төрсөн. Бид 2017 оноос хойш гэр бүлийн харилцаагүй болсон. Иймд доорхи үндэслэлээр гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй байна. Үүнд:

Гэр бүлийн хувьд Хариуцагч нь гэрт тогтдоггүй, насаараа улсад болон хувиараа ажил хийж үзээгүй бүх амьдралаа надад даатгасан. Үргэлж бооцоотой тоглож, гэртээ 7 хоногт 2,3 хононо эсвэл шөне үүрээр ирдэг. Бусад үед нь ярилцдаггүй, ярилцахыг хүсдэггүй. ...Хажуудаа байгаа хүний үзэл бодол үр хүүхдээ анхаарах  болон амьдралдаа тус дэм болох асуудал түүнд хамааралгүй. Гэр бүлдээ цаг зав гаргадаггүй, хүүхдийнхээ эцэг эхийн хуралд сууж үзээгүй, хайр халамжгүй, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж эхнэр авсан, маш хөндий;

Хүчирхийлэгч;

Эдийн засгийн хувьд; Бид гэр бүл болоход би 5 ханатай бүтэн тавилгатай гэртэй байсан. Тухайн үед хариуцагч  уг гэрийг заруулж “планет” 5 маркийн мотоцикл авсан. Ингээд Ж.Гын гэр болох 5 ханатай тавилгагүй гэрт хамт амьдарч эхэлсэн. 2010 онд миний бие цалингийн зээл авч одоогийн байшингаа 3.500.000 төгрөгөөр худалдан авч байсан.

Ж.Год 2011 онд цалингийн зээл дээрээ 1.500.000 төгрөг  нэмж авч “элентра” маркийн машиныг авч өгсөн. Ингээд цалингийн зээл нийт 7.000.000 төгрөгийн зээлийг төлж эхэлсэн. Цалин хүрэлцдэггүй байсан учраас би хөдөө суманд соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн. Тухайн үед Ж.Г таксинд явж мөнгө олох нь байтугай машин унаж, бооцоотой тоглоом тоглож алтанд явах нэрээр бүүр ч алга болдог болсон. Ингэж явсаар машинаа эвдсэн.

...Ингээд Ж.Г “би машингүй хэцүү байна одоо унаатай болчихвол таксинд явна тэнэхгүй” гэсэн болохоор цалингийн зээлээ нэмж 2.500.000 төгрөгөөр “HONDA INSPIRE” хар өнгийн ОРА **-**  дугаартай машин авсан. Тухайн үед би хөдөө ажиллаж байсан болохоор наашаа цаашаа хэрэг болно гэж авсан бөгөөд Б аймагт байх хашаандаа орхиод явдаг байсан.  Ж.Г миний нэр дээр байдаг дээрх машиныг  унаж салиарк хулгай хийж яваад цагдаад баригдаж, уг машин улсын орлого болсон.

...Ж.Г 2016 онд шүүхээр таслагдан ял авсан. Би зээлэнд сард 550.000 төлж, аймагт гэртээ үлдсэн Г.Г хүүгээ тэжээнэ. Цалин хүрэхгүй байсан учраас ах эгч нараасаа 2016 оны эхнээс 5 сар мөнгө зээлж зээлээ төлдөг байсан. Бас шоронд байгаа Ж.Гыг эргэж 1 удаа очиход хамгийн багадаа 100.000 төгрөг орно. ... Би зээлээ төлөхийн тулд ломбарданд өнгөтэй өөдтэй бүх зүйлээ тавьж зээлээ төлж, үлдсэнийг нь хүүхэд руүгээ явуулж өөрөө хоосон шахуу тохой нь цоорхой куртиктэй, гэдэс хоосон үе эхэлсэн.

Ж.Гыг шоронд байхад 3 сард 1 удаа эргэж очдог байсан. Мөнгө муутай байсан учраас идэж уух юм аваад очиход чи надад мөнгө өгсөнгүй сэтгэлгүй гэж дарамталдаг байсан. Би тэвчсэн, тэссэн. ...Ийм байдал үргэлжилсээр 1 жил гаруй болж хариуцагч суллагдсан. Гэвч байдал улам дордож, өмнөх шигээ тоглож, гэрт орохгүй, хардана, өрнөөс даралцаагүй. Ингээд би өрөө дарахын тулд Солонгос улсад 3 сар ажиллаж, өрнийхөө ихэнх хэсгийг дарсан. 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Солонгос улсаас ирсэн боловч урьдын адил байсан.

... Манай гэрт хүүхдэд таатай орчин байхгүй. Би байнга ажиллаж, Г гэртээ байнга бооцоотой тоглож, энэ байдлаас хүү маань залхаж бүтэхгүй хүүхдүүдтэй нийлж эхэлсэн ба би хурдан хугацаанд хүүхдээ засаж авсан.

...Тухайн үед миний том хүү Турк улсад ажиллаж байсан ба би Турк улсад очсон ба ажиллаж байх хугацаандаа бүх өр ширээ дарсан. Гэвч Ж.Г намайг гадаад улс руу хүнтэй суугаад явсан гэж аймаг, сумаар тарааж хэрүүл хийж байсан...

Сэтгэл санааны хувьд: Уурлахаараа чанга орилж, хашгирч хараалын үг хэрэглэж, салаавч гаргаж, хардалтаас үүдэлтэй хэрүүл маргаан тогтмол гардаг. ...

Бие махбодын хувьд: Миний толгой руу төрсөн эгчийн минь хажууд хүчтэй цохиж байсан.2017 оноос хойш байнга хоолой бооно, хөл нуруу луу өшиглөнө. ...Хүүхдүүд, ач зээгээ бодоод ярилцах гэхээр ярилцдаггүй, ажил төрөл олж хийгээч гэхээр хийхгүй, чадахгүй гэж хэлдэг байсан.  ...Ж.Г нь 2020 онд өөр эхнэртэй болсон байсан.

Иймд дээрх нөхцөлийг үндэслэн гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй болно гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчтай 24 жилийн турш амьдрахад их хэцүү байсан.  Ж.Г 2013 онд хүмүүстэй нийлж, хэрэг хийж хорих байгууллагад 2 жил гаруй хугацаанд хоригдож байсан. Маш их өр тавигдсан байсан. Энэ хүний өрийг төлөхийн тулд хашаа байшингаа  ломбарданд тавьсан. Шоронгоос гарсныхаа дараа түүнийг амьдралдаа дэм болж туслана гэж бодсон боловч туслаагүй. Би цалингийхаа  зээлийг төлж чадахгүй шүүхэд дуудагдаж байсан. Тэгээд Солонгос улс руу явж 3 сар ажиллаж үлдсэн өрөө дарсан. Би түүнтэй 24 жил амьдрахдаа гэр бүлийн дарамтанд амьдарсан. Би энэ хүнтэй дахиж хэзээ ч амьдрахгүй. Ж.Г 2014 онд намайг өөр хүнтэй суугаад гадаад улс руу явсан гэж байна. Тийм зүйл бол байхгүй. Өр зээлээ дарна гэж бодож явсан. Энэ хүн өөр амьдралтай болсон учраас эргээд эвлэрэх боломжгүй. Тиймээс бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулахаар Ж.Гтой ярилцаж үзсэн. Тэгэхэд Ж.Г зөвшөөрөөгүй тул шүүхэд хандсан юм гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Жтэй 1994 онд гэр бүл болж 24 жил хамт амьдарчээ. Нэхэмжлэгч нь 2014 онд намайг хорих ангид байхад өөр хүнтэй сууж, гадаад улс руу явсан гэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, энэ хүнээс гэрлэлтээ цуцлуулна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч  Ж.Год холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

М.Ж, Ж.Г нар нь 1996 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсныг, 2001 оны 06 сарын 06-ны өдөр гэрлэлтээ батлуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллагад гаргана гэж  заасан байх боловч зохигч гэрлэлтээ захиргааны журмаар цуцлахыг харилцан зөвшөөрөөгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулах  үндэслэлтэй байна.

 

Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцааны хувьд таарч тохироогүйгээс хамтран боломжгүй ба 2017 оноос хойш тусдаа амьдарсан, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болсон, хариуцагч нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан С овогт Мийн Ж /, Б овогт Жгийн Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүйг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Гоос 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Жд олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Ариунжаргалд даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    О.ОДОНЧИМЭГ