Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/444

 

  2024         04           26                                      2024/ШЦТ/444     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2024/0385/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч  С.Болорзул, хохирогч Т.О, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 2409002820181 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, **** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ****** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан Б.А /РД:/ 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах А*** бааранд хохирогч Т.О-той “сандал дээрээс боссонгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гар утсаараа цохиж харилцан зодолдсоны улмаас Т.О-н биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд зулгаралт, завжинд цус хуралт бүхий ханган хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Т.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр цагдаад мэдүүлэг өгсний дагуу үйл явдал болсон. Нэмж хэлэхэд миний хувьд хоосон ширээ байсан учраас хөлөө амраах зорилгоор ширээнд суусан. Тухайн ширээ нь хүн сууж байгаа гэх ул мөр байгаагүй. Нийтийн эзэмшлийн хоосон ширээ юм байна гэж бодсон. Надтай тухайн үед зүй бусаар харьцахад би зөрүүлээд тайвнаар хандаж байсан. Тухайн үед миний шээс хүрээд байсан учраас хурдан босож чадаагүй. Тэгээд босох гэж байхад миний толгой руу цохиод авсан. Шүүгдэгч тухайн үед манай нөхөр цагдаа гээд нөхөртэйгөө хамт авахуулсан зурагаа харуулж байсан. Тухайн үед миний бүх хувцас цус болчихсон байсан бөгөөд цагдаа дуудахад шүүгдэгч хэдийнээ байхгүй болчихсон байсан. Ариун цэврийн өрөөнд ороод шүүгдэгчийг цохиж зодсон зүйл болоогүй. Миний салсан нөхөр ч гэсэн Тагнуулын ерөнхий газар ажилладаг хэдий ч төрийн хүний нэрийг барьж гэмт хэрэг үйлдээд байдаггүй. Миний хувьд одоогийн байдлаар духан дээрээ сорвитой болсон. Тухайн үед шүүх эмнэлэгт очоод толгойныхоо зургийг авахуулсан шаардлагатай болсон болохоор зураг авахуулсан гэх мэт олон зардал гарсан. Би цалингүй чөлөө авсан 2 өдрийн цалингаа гаргуулмаар байна. Нийт хохирол болох 964.940 төгрөгийг гаргуулах саналтай байна.” гэв.

Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч ч гэсэн мөн адил миний эрүүл мэндэд хохирол учруулсан бөгөөд сар гаруй эмнэлэгт хэвтэж, эм тариа авсан. Би хохирол төлбөрийн тал дээр төлж барагдуулахаа илэрхийлж байна.” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Т.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2024 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө 23-00 цагийн үеэр 2 найз болох Б, Ба нарын хамт А*** бааранд орж үйлчлүүлсэн. Шөнө 02:20 цагийн үед би нэг ширээнд түр хальт суусан чинь 2 охин ирээд ширээнээс бос гэхээр нь заа уучлаарай одоо манай найз ирэхээр нь бослоо гэсэн. Тэгсэн чинь тэр хоёр эмэгтэй нийлж намайг хэл амаар доромжлоод байсан. Ба болохоор тэр үед Б-г дуудах гээд явчихсан тэр хооронд хоёулаа нийлээд намайг бос гэсээр байгаад миний толгой руу цохиод авсан. Тэгсэн чинь миний нүүрнээс зогсоо зайгүй аймар цус гоожоод хамраа дарсан чинь хамраас цус гараагүй духнаас цус гараад байсан. Над руу юугаар хэн нь цохисныг мэдэхгүй байна, дараа нь найз Б-с асуухад гар утсаараа намайг цохисон гэсэн. Б гэхдээ цохилцохоос өмнө ирчихсэн байсан. Би цохиулчхаад тэр 2 охинтой харилцан үсдэлцсэн, цохилцсон. Тэр үед баарны хамгаалагч ирж салгаад цусаа угаа гээд намайг 00 өрөө руу явуулсан. Намайг цусаа цэвэрлэж байх үед араас манай найз Б, Ба нарыг нөгөө 2 охинтой хамт дагуулж ирсэн, тэгэхэд ямар ч байсан тэр хоёр охин манай 2 найз руу цохилцоод мөн нэг нь манай нөхөр цагдаа яасан ч яах вэ гэж байсан. Биед учирсан гэмтэл шарх гэвэл миний духан дээр зүсэгдсэн шарх байна аман дотор бас шархтай байна. Миний биед учирсан гэмтлийг хэн нь учруулсныг би сайн мэдэхгүй байна, миний бодлоор тэр цагаан хувцастай нь учруулсан болов уу гэж бодож байна. Би тухайн бааранд орохын өмнө 3 лааз пиво уусан байсан, бааранд ороод янз бүрийн юм авч уугаагүй. Бүжгийн талбайд бүжиглэж байхад тэр суудал хүнгүй байхаар нь би жоохон амрах санаатай зүгээр сууж байсан чинь тэр 2 охин ирчхээд хүнийг хэл амаар доромжлоод байсан. Хүнтэй байсан бол эелдгээр зөвшөөрөл аваад суух л байсан байх, Шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа. Дүгнэлттэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй, духанд учирсан гэмтэл нь одоо сорвитой болж эдгэрсэн байна. Гоо сайхан талдаа гомдолтой л байна. Духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлийг тухайн ширээнд намайг сууж байхад ирсэн 2 эмэгтэйн цагаан хувцастай нь гар утсаараа миний нүүрэн хэсэгт цохиж учруулсан. Тухайн үед би духанд цохисон гэж мэдээгүй, хамраас цус гарчихлаа л гэж бодсон, тэгсэн духнаас цус гарсан байсан. Баруун зулайн хуйханд зулгаралт, завжинд цус хуралт гэмтлийг яг хэн нь яаж учруулсныг мэдэхгүй байна. Би цагаан хувцастай эмэгтэйтэй нь зууралдаж байхад хар хувцастай нь араас үстээд байсан, тэр л хуйханд гэмтэл учруулсан байх. Завжинд учирсан гэмтлийг мэдэхгүй байна, тэр хоёроос өөр хүн учруулаагүй, шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа тухайн гэмтэл биед нь яаж учирсан эсэхийг мэдэхгүй байна. Тогтоолгомоор байна, яагаад гэвэл миний духанд нэлээн томоор ил харагдах шарх, сорви үлдсэн. Гомдолтой байна. Толгойн КТГ зураг 2 удаа харуулсан, 300 гаруй мянган төгрөг болсон. Эмчийн хэлсний дагуу эмийн сангаас шархандаа түрхэх эм, тос, тариа авсан энэ нь 30 гаруй мянган төгрөг болсон. Тэгээд 2 өдөр ажилдаа яваагүй, надад өөр нэмж ярих зүйл байхгүй" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-8 дахь тал),

Гэрч З.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө 23:30 цагийн үед найз А-н хамт А*** бааранд орж үйлчлүүлсэн. Б.А бид хоёр бааранд ороод пиво захиалж уугаад бүжиглэж байгаад ширээндээ суух гээд ирсэн чинь манай ширээнд 3 хүүхэн сууж байсан. Өөрсдийн авсан пивоо уух гээд ширээндээ суух гэхэд тэд нар босож өгөхгүй байсан. Ширээ булаацалдлаа гичий гээд орилоод харааж доромжлоод байсан. Тэгэхээр нь би тэд нарт хандаж ширээндээ суучихъя гэхэд нэг эмэгтэй нь босож ирээд намайг түлхсэн, тэгээд тэр эмэгтэй намайг түлхчихээр нь Б.А цохисон юм шиг байна лээ. Гэхдээ А-н тэр эмэгтэйг толгой руу нь цохисныг би хараагүй. Цохиулсан тэр эмэгтэйн нэг найз эмэгтэй нь манай найз Б.А руу заагаад энэ цагаан хувцастай нь манай найзыг гар утсаараа толгой руу нь цохисон гээд дайраад байсан. Тэрний дараагаар би баарнаас гадуур хувцсаа авах гээд өлгүүр рүү явж байсан чинь цохиулсан эмэгтэйн 2 найз нь намайг харчхаад энэ нөгөө хамт явж байсан охин нь байна битгий наадхаа гаргаарай гээд байсан. Тэгэхээр нь би найз чинь яг яасан юм бэ гэхэд 00-д байна ороод хар гээд байсан. 00-д орсон чинь намайг шууд үстээд зулгаагаад нүүрнээс маажсан. Цохиулсан охин нь намайг үстэж маажсан шиг санагдаж байна. Цохиулсан эмэгтэйн нөгөө 2 найз эмэгтэй нь тагнуулын ерөнхий газарт ажилладаг нөхөртэй хүмүүстэй буруу харьцлаа даа хэн ч биш болгоноо гээд томроод байсан. Нүүр болон эрүүнд маажуулсан байна. Үснээсээ зулгаалгасан болохоор толгой бол өвдөж байна. Нүүрэнд маажсан гэмтлийг шар үстэй эмэгтэй нь баарны ариун цэврийн өрөөнд миний биед учруулсан. Толгойн КТГ зураг авхуулсан, мөн эмийн сангаас ариутгагч, болон эм авсан, сорвины тос авсан, натри авч жин тавьсан нийт 240.000 төгрөг болсон гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

Гэрч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө О, Бн бид гурав А*** бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд бид гурав баарнаас яг гарах гэж байсан. Б харин бүжиглэж байсан, Б-г О бид хоёр хүлээж байхад эзэнгүй 2 сандал байхаар нь О суусан, би Б-г дуудах гээд бүжгийн талбай руу явсан. Тэгээд эргээд ирэхэд цагаан цамцтай, хар цамцтай 2 хүүхэн байсан. Хар цамцтай нь суучихсан, цагаан цамцтай нь болохоор би энэ сандал дээр сууж байсан юм аа найзыгаа хурдан аваад яв гэж байсан. Одоохон бүжгийн талбайгаас манай найз хүрээд ирнэ тэгээд босоод явчихна гэсэн, тэгээд би дахиад Б эгчийг дуудах гээд явчхаад буцаад ирэхэд хоорондоо зодоон үүссэн байж байсан. Тэгээд би цагаан цамцтайг нь аваад Б эгч болохоор хар цамцтайг нь аваад салгаад цааш нь явж байсан. Тэгсэн тэр хоёр дахиад нийлээд О руу дайраад байсан. Тэгсэн О доошоо тонгойгоод сууж байсан, хүмүүс хамраас нь цус гараад байна гээд байхаар нь харсан чинь цус гарсан байсан. Сүүлд ариун цэврийн өрөөнд ороод О-н духнаас цус гарсныг мэдсэн" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө 00 цагийн үед О, Б бид гурав А*** бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд бааранд ороод гурвуулаа бүжиглэсэн. Би бүжгийн талбайд бүжиглэж байхад намайг Батзаяа ирээд дуудсан. Яваад очиход зодоон болсон байсан. О-н нүүрнээс битүү цус урсаж байсан. Тэгээд би юу болчихвоо яачхав гээд О болон түүнтэй зодоон хийсэн охины дундуур орж хоёр тийш нь болгосон. Тэгсэн чинь тэр 2 охины аль нэг нь намайг миний нүүр рүү гараараа цохисон. Хажууд баахан хүмүүс байсан тэгээд тэр хүмүүс нь больцгоо гээд салгасан. Тэгээд би О-г баарны ариун цэврийн өрөө рүү дагуулаад орсон. Цусыг нь тогтоох гэж үзсэн ч цус нь тогтохгүй байсан. Духан дээр нь нэлээн том онгорхой болсон байсан. Тэгээд би гарч ирээд 2 охиныг баарны хамгаалагчтай хамт явж хайсан ч олдоогүй, тэгээд гараад цагдаагийн газарт ирсэн, бүжгийн талбайгаас очиход л зодоон болчихсон байсан. Намайг очиход О нь 2 охинтой муудалцаад байж байсан, тэрний нэг нь хар цамцтай, нөгөө нь цагаан хувцастай байсан, намайг миний нүүр рүү нэг охин нь 1 удаа цохисон, гэхдээ миний биед гэмтэл шарх учирсан зүйл байхгүй. Тэр 2 охины хар цамцтай нь намайг цохих шиг болсон" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1297 дугаартай: “...1.Т.О-н биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд зулгаралт, завжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар /эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25 дахь тал)

Б.А-н яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 01 сарын 05-06-нд шилжих шөнө Б гэх найзтайгаа гэрт нь уулзаад би найз Б-н хамт А*** нэртэй бааранд 00 цаг билүү 01 цагийн орчим орсон. Тэгээд Б бид хоёр 4 ширхэг 0,33 литрийн хэмжээтэй шар айраг аваад бүжгийн талбайн хажууд байх босоо ширээн дээр очиж суусан. 30 минут орчим сууж байгаад 02 цагийн орчим Б бид 2 бүжгийн талбай дээр бүжиглэсэн. Тэгээд би ширээ рүүгээ хартал манай ширээн дээр үл таних 2 эмэгтэй очиж суугаад Б бид хоёрын авсан шар айргийг уугаад сууж байсан. Тэр үед манай найз Б тэр 2 эмэгтэйтэй маргалдаад байж байсан. Тэр үед би очтол тэр 2 эмэгтэй "Энэ хавиар дүүрэн ширээ байна сүртэй юм бэ" гэж хэлээд маргаан эхлүүлж хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэр үед урт шар үстэй бондгор бор арьстай эмэгтэй нь манай найз Б-г үсдээд авсан. Тэгээд би салгах гээд дундуур нь орсон. Тэр үед нөгөө үл таних эмэгтэй нь дундуур орж ирээд Б бид хоёр луу дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би гарт байсан гар утсаараа тэр эмэгтэйн толгойн хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд тэр 2 эмэгтэй салаад ариун цэврийн өрөө рүү орсон. Тэгэхээр нь бид хоёр араас нь очтол надад цохиулдаг эмэгтэйн дух хэсгээс нь цус гараад байсан бөгөөд манай найз бид хоёрыг хараад дахиад над руу дайраад эхэлсэн. Тэр үедээ миний гэдэс хэсэг рүү нэг удаа өвдөглөсөн. Манай найз салгах гээд орж иртэл урт шар үстэй бор арьстай эмэгтэй манай найз Бямбасүрэнг үсдээд нүүр хэсэгт нь нэг удаа маажсан. Тэгээд салаад Б бид 2 баарнаас гараад явсан. Би нөхөр дээрээ очоод болсон үйл явдлыг хэлээд буцаж бааран дээр ирсэн. Тэгээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар ирсэн, Би тухайн эмэгтэйн толгойн дух хэсэгт гарт байсан гар утсаараа нэг удаа цохисон. Гэхдээ тэр эмэгтэй над руу дайраад байсан учраас би өөрийгөө хамгаалсан гэж үзэж байна..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөгчийн: “...Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "А***" баарны хяналтын камерын бичлэг бүхий 1ш CD-ийг уншуулахад баарны гэрэл анивчсан, бааранд үйлчлүүлж буй хүмүүсийг харуулсан богино хэмжээний хяналтын камерын бичлэг байлаа. Хяналтын камерын бичлэгт 4 эмэгтэй байх ба хохирогч Т.О сандал дээр суусан байдалтай түүнийг тойроод 3 эмэгтэй зогсож байна. Тэдгээрээс цайвар өнгийн хувцастай эмэгтэй нь гартаа барьсан зүйлээр хохирогч руу 1 удаа цохиж байлаа, тэрний дараагаар хар бараан өнгийн хувцастай эмэгтэй нь хохирогчийг 1 удаа алгадаж байлаа. Хохирогч нь цохиулсны дараагаар босож ирээд цайвар өнгийн хувцастай эмэгтэй хүн рүү цохиж харилцан зодолдож дууссанаар камерын бичлэг дуусаж үзлэгээр хэрэгт ач холбогдолтой өөр ямар нэгэн дүрс бичлэг илрээгүй тул үзлэгийг 10:25 цагт дуусган дүрс бичлэгийг хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргахаар тогтов..." гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 39-40 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Б.А нь согтуугаар 2024 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах А*** бааранд хохирогч Т.О-г “сандал дээрээс боссонгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нь барьж явсан гар утсаараа цохиж эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд зулгаралт, завжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно.

Шүүгдэгч Б.А нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд “хохирогч нь намайг тухайн баарны ариун цэврийн өрөөнд гэдэс рүү нэг удаа өшиглөсөн /өвдөглөсөн/, би тухайн үед 1 сартай жирэмсэн байсан ч үүний улмаас зулбасан тул 1 сар гаруй хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн” гэж мэдүүлдэг бөгөөд хавтаст хэргийн 47-50 дахь талд Б.А нь 2024.01.31-2024.02.03-ны өдрийн хооронд “бүрэн бус зулбалт” оноштойгоор Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд эмчлүүлсэн талаар баримт авагдсан байх боловч уг гэмт хэрэг нь 2024 оны 01 дүгээр сарын 5-6-нд шилжих шөнө гарсан. Иймд шүүгдэгч Б.А-н хохирогчид өшиглүүлсний улмаас үр зулбасан гэх нөхцөл байдал нь нотлогдож тогтоогдохгүй байх ба хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар дэмжигдэхгүй,няцаагдаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.А-н хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан бусадтай хэрүүл маргаан үүсгэж бусдыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зодож цохиж эрүүл мэндэд нь санаатайгаар хохирол учруулж, үүссэн асуудлыг уур бухимдал, хүч бяраар шийдвэрлэн хэрцгий догшин авирлаж байгаа танхай зан байдал нь шууд нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Т.О нь шүүгдэгч Б.А-с эмчилгээний зардал болон 2 өдөр ажлаасаа цалингүй чөлөө авсан хохиролд нийт 694,940 төгрөгийг нэхэмжилжээ.

Хавтаст хэргийн 42-45 дахь талд авагдсан нотлох баримтуудаар хохирогч Т.О нь Med Trauma эмнэлэгт 2024 оны 01 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд дүрс оношилгоонд харуулсан байх бөгөөд уг төлбөрт нийт 300.000 төгрөг, мөн 39,185 төгрөгийн эм, бэлдмэл авсан /хх-43/, мөн Ю***  ХХК-д чанарын менежерээр сарын 3,800,000 төгрөгийн цалинтай ажилладаг /хх-42/ бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд ажлаасаа чөлөө авсан болох нь Ю***  ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 33/24 дугаартай албан бичгээр тогтоогдож байх бөгөөд 2 өдрийн цалин 355,755 төгрөг, нийт 694,940 төгрөгийг шүүгдэгч Б.А-с гаргуулж, хохирогч Т.О-д олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Т.О нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад хохирлын асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид энэ зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Улсын яллагчаас шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх санал, шүүгдэгч нь бага насны 2 хүүхэдтэй учраас торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргажээ.

Шүүгдэгч Б.А-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу урьд 2023 онд мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж шүүхээс торгох ял шийтгэгдэж байсан байдал, тогтсон цалин орлогогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-с 694 940 /зургаан зуун ерэн дөрвөн мянга есөн зуун дөч/ төгрөг гаргуулж хохирогч Т.О-д /РД:/ олгосугай.  

6. Хохирогч Т.О нь цаашид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад хохирлын асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.БОЛДБААТАР