Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 24

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа , шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 сарын 14-ны өдрийн 143/ШШ2018/00222 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Г гийн Х.Ц , А.Э , Ц.А , Я.Н нарт хариуцагдах “7.800.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 6 сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагч А.Э , Ц.А  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , нарийн бичгийн даргаар Ц.Даваасүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Г гийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт:  Иргэн А.Э  нь өөрийн бригадын хүмүүс болох Х.Ц , Ц.А , Ц.Н  нартайгаа Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг Дэнжийн 8-р хороо 8-р гудамжны манай 305 тоот хашаанд үйлчилгээний болон сууцны зориулалттай 2 өрөө 64 мкв хувийн сууцыг ярилцаж тохиролцсоны үндсэн дээр барьж гүйцэтгээд ажлын хөлс өртөгөө авсан. 2008.10.30-ны өдөр байрандаа орохоор очтол ханын эмульс нь урссан нэлээдгүй газар байсныг тухайн өдрөө Эад манай нөхөр Б.У  утасдаж хэлсэн. Ингээд байшиндаа 5,6 хоног хоносон боловч барилгын зарим газраар нар харагдаж, цан цохиод хүйтэн байсан учир амьдрах боломжгүй болсон. Иймд Мандал-Овоо сумандаа өвөлжиж, хаваржаад зун нь 2009 оны 8 сард эргээд очтол дээврийн хар цаас нь хуурч, борооны дусаал гоожиж дотор нь байсан ком диван кресль, оёдлын машин, хятадын бага оврын зуух, дэвсгэр дрож норж хөгцрөн зэвэрч цаашид ашиглагдах ямар ч боломжгүй болсон. Дахиад Б.У  бригадын ахлагч Эад энэ талаар хэлж яаралтай ирж янзлуулах, янзлахгүй бол нурах аюултай байна гэдгийг анхааруулж хэлсэн. 2009 оны 9 сард жижиг өрөөний хучилт, үнс, цемент, нуруу мод дотогшоо нурсан ба тухайн үеийнх нь зургийг хүү М аар авхуулан Өмнөговь аймаг руу мэйл хаягаар явуулж Б.М  гэдэг залуугаар А.Э ыг гэрээс нь фургон машинаар авхуулж, Б.Уынх гэдэг айлд авчирч үзүүлж байсан, мөн Б.У  хэлж сануулж байсан, 2011 оны 7 сард Э Өмнөговь аймгийн эмнэлэгт төрөхийн өмнөх байр бариулж байхад нь Г  би өөрийн биеэр очиж янзалж өгөхийг гуйсан, 2011 оны 8-р сард Эыг Өмнөговь аймгийн 1-р сургуулийн дотуур байрны барилгын засварын ажил хийж байхад нь би очиж уулзаж шаардсан, ингэхдээ Мөнхбат гэх залуутай хамт очсон, 2012 оны 5 сард аймагт ирээд уулзахаар ирэхэд байгаагүй, Булган суманд барилга барьж байна, завгүй гээд утсаар ярьсан, 2012 оны 9 сард Эыг Хан-Уулын 6-13 тоот хашаанд нь орой 22 цагийн үед Э.Энхбархас гэдэг хүнтэй жип машинаар очиж уулзаад янзалж өгөхгүй бол шүүхэд өгөх талаар хэлсэн боловч өөр хүнээр барилгаа засуул гэсэн, 2013 оны 5 сард Мандал -Овоо сумын Соёлын төвийн барилгын ажил гүйцэтгэхээр очиход нь Б.У  очиж уулзаад засаж янзалж өгөхийг шаардаж хэлсэн боловч олигтой хариу өгөөгүй ба энэ хооронд олон удаа утасдаж хэлж сануулж байсан байна. Арга хэмжээ авахгүй байсаар байтал нөгөө өрөө нь бороо орж гоожсоор 2010 оны 7 сард нурсан. Дахиад л энэ талаар утсаар хэлэхэд Э завгүй байна гэсэн. Одоо барилгын хэдэн хананаас өөр ашиглах боломжгүй, бусад хэсэг нь нурж ойчсон, нурсан балгас шиг хэвээр байна. Бригадын ахлагч А.Э ад эд хөрөнгөө жил дараалан нурж сүйдэж байгааг хэлж, ирж сануулсаар байхад ямар ч арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Иймд А.Э  нар нь чанар муутай барилга барьснаас болж иргэн ё би эд хөрөнгөөрөө хохироод байгаа тул хариуцагч А.Э , Я.Нямгэрэл, Ц.А , Х.Ц  нараас байшин дотор байсан эд хөрөнгө болох ком кресльны үнэ 1.500.000 төгрөг, оёдлын машины үнэ 300.000 төгрөг, дэвсгэр дрожны үнэ 1.000.000 төгрөг, барилгын дээд дээвэр болон нурснаас болж эвдэрсэн барилгын бусад холбогдох материалын зардал 5.000.000 төгрөг буюу нийт 7.800.000 төгрөгийг гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Ч.Г гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа би 2015.12.17-ны өдөр тус шүүхэд гаргасан А.Э  нарт хариуцагдах 7800000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт А.Э  нараас нэхэмжлэгч Ч.Г  нь удаа дараалан цаг алдалгүй хуулийн хугацаанд гомдлын шаардлага тавьсаар өнөөдрийг хүрсэн ...А.Э  нарт хариуцагдах иргэний хэрэгт гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй болохыг тогтоож өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн дүгнэлтэд: Иргэний хуулийн 346 дугаар зүйлд зааснаар эдгээр хүмүүсийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажил гүйцэтгэх гэрээ нь нэг талдаа эрх эдэлж, нөгөө талдаа үүрэг хүлээнэ гэдгийг зааж өгсөн. Миний үйлчлүүлэгч бол захиалагч, үүргээ сайн гүйцэтгэсэн. Байшин барилгыг эдгээр хүмүүс барьж байгуулаад буцаагаад хүлээлгээд өгсөн хэдий ч ажлын доголдол үр дүн байхгүй болсныг нэхэмжлэгч нь удаа дараалан утасдаж мэдэгдсэн байгаа. Үүний дагуу доголдолтой байгаа барилгаа гүйцээж хийж өгнө үү гэсэн шаардлагыг удаа дараалан тавьсан байгаа. Энэ шаардлагыг өнөөдрийг хүртэл биелүүлээгүйн улмаас Г  хохирчихоод байгаа. ...Энэ барилгын материалд юу тооцож байна вэ гэхээр тухайн байшин нурсан. Нурсан байшин дотор байгаа эд хөрөнгө эвдэрч ашиглагдахааргүй болсон учраас эд хөрөнгөөрөө хохирсон гэж үзэх үндэслэл байгаа. Ком креселийн үнэ нь 1.500.000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Оёдлын машин 300.000 төгрөг, дэвсгэр дрожжийн үнэ 1.000.000 төгрөг, барилгын дээвэр нурж хохирсон хохирлыг нийт 5.000.000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Тухайн барилгын материал дотор нь барилга доор 6 тонн үнс, 24 уут цемент буюу 187.200 төгрөг, 15 метр гялгар цаас буюу 51.000 төгрөг, 15 боодол хар цаас буюу 450.000 төгрөг, Хар тоосго буюу лакыг 1.760.000 төгрөг, 4 метрийн урттай 25 см өргөнтэй 100 ширхэг банз 550.000 төгрөг, 50 ширхэг 4 метрийн урттай прүс модыг 360.000 төгрөг, 2 тонн элс 240.000 төгрөг, 40 ширхэг палк 1.400.000 төгрөг, 10 кг хадаас 40.000 төгрөгийг нэмээд үзэхээр 5.030.000 төгрөг болж байгаа. Энэ барилгын материалыг 5.000.000 төгрөгөөр үнэлээд нийт хариуцагч талаас 7.800.000 төгрөгийг миний үйлчлүүлэгч нэхэмжилж байгаа. Энэ нэхэмжилж байгаа мөнгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан авна. Нэгэнт барилгын ажлыг тэнцүү хэмжээгээр барьсан учраас энэ 7.800.000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулан миний үйлчлүүлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн ийм саналыг шүүхэд оруулж байна. ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Энэ нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацааг тасалдаагүй болохыг тогтоолгохоор болоод нэхэмжлэлийн гурван үндсэн шаардлагаар нэхэмжилж байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дүүрэн дэмжиж оролцож байна. ...Хариуцагч нар зөвхөн тухайн байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар маргаж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүх хурал мэтгэлцэх зарчмын хүрээнд явагдах ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дахь хэсэгт зааснаар зохигч түүний төлөөлөгч нар хэргийн үйл баримтыг нотлох буюу үгүйсгэх талаар мэтгэлцэнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дахь хэсэгт зааснаар баримттай нотлох баримтыг гарган өгөх үүрэгтэй байдаг. ...эд хөрөнгөд хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар хөрөнгийн үнэлгээний төвийн тайлангаар нотолсон байгаа. Иргэний хуулийн 350 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэгчийн үүрэг гэж байдаг. Тухайн бригадын ахлагч нь А.Э  байсан. ...Иргэний хуулийн 350 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэгчийн үүрэг гэж байдаг. Хариуцагч нар нь өнөөдрийн байдлаар үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэсэн талаар бодитой тайлбарлаж үгүйсгэж няцааж чадахгүй байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 353.1.3 зааснаар дараах тохиолдолд захиалагчид нэн даруй мэдэгдэх ёстой. Барилгын материалд яваагүй гэж ярьж байгаа. Тухай барилгын материал, барилгын чанарт

муугаар нөлөөлөхөөр байгаа тохиолдолд захиалагчид мэдэгдэх ёстой. Энэ талаар хариуцагч нар ямар нэгэн байдлаар няцаалт өгч чаддаггүй. Захиалагч өөрөө энэ А.Э тай хамт явж барилгын материалыг өөрөөр нь сонгуулаад авч өгсөн байдаг. Энэ тал дээр бодитой няцаалт өгч чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл болохгүй байна гэж үзэж байна. Мөн цаг хугацааны талаар ярих нь зүйтэй байх. 21 хоногийн хугацаанд барилгын ажлыг явуулж дуусгах байтал, 2 сарын хугацаанд барьж дууссан талаар миний үйлчлүүлэгч дандаа хэлдэг. Энэ талаараа бас хариуцагч нар няцаалт өгч үгүйсгэж чаддаггүй байгаа. Үнэхээр согтуудаа тухайн барилгыг барьсан учраас барилгын чанар стандартын хувьд ямар хэмжээнд баригдсан талаар эдгээр хариуцагч нар маргахгүй байгаа гэж өмгөөлөгч би үзэж байгаа. Тийм учраас миний үйлчлүүлэгчийн нэхэмжилж байгаа 7.800.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан өгч миний үйлчлүүлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , хариуцагч Х.Ц , Ц.А , Я.Н нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.Г гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Дэнжийн 8-р хороо 8-р гудамж, 305 тоот хашаанд үйлчилгээ болон орон сууцны барилга бариулахаар хариуцагч нартай тохиролцсон тухай,  2008.10.30-ны өдөр шинээр баригдаад байсан барилгыг хүлээн авахад чанарын шаардлага хангахгүй байсан тухай, Барилгыг ахин засварлуулахаар хариуцагч нарт удаа дараа мэдэгдсэн тухай, Барилгын чанар муудаж нурснаас үүдэн нэр бүхий эд зүйл материалууд ахин ашиглах боломжгүй болсон тул тухайн эдийн үнийг нэхэмжилж байгаа талаар бичсэн байна. Урьд өмнө нь Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 271 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Г гийн хариуцагч нараас барилгын ажлын хөлсийг буцаан шаардсан нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн байдаг. Маргааны зүйл болсон барилга нь дээрх нэхэмжлэлд бичигдсэн “Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, Дэнжийн 8 дугаар хороо 8 дугаар гудамж, 305 тоот хашаанд үйлчилгээ болон орон сууцны барилга”...

Тус шүүхийн 2015 оны 271 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрээс үзэхэд хэдийгээр нэхэмжлэгч тал барилгын ажил доголдолтой байсан гэх боловч ажлыг хүлээн авснаас хойш энэ талаарх гомдлын шаардлагаа гаргалгүй явсаар 3 жил өнгөрснөөр Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан байна гэжээ. Талуудын хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан эсэх талаар ямар нэгэн маргах зүйлгүй. Барилгын чанар муу байсан тул гүйцэтгэгч буюу иргэний хэргийн хариуцагч нараар ахин засвар хийлгэхээр удаа дараа мэдэгдэж байсан эсэх нь тодорхойгүй байгаа талаар 2015 оны 271 дугаартай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт нэгэнт тусгагдаж энэ талаар шийдвэрлэсэн тул ахин хянан шийдвэрлэх ажиллагаагаар

 

шалгах нь илүүц зүйл гэж үзэж байна. Түүнчлэн уг шийдвэрээр барилгын чанарын талаар нэхэмжлэгч тал гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэх дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэгэнт захиалагч тал шаардлага гаргах  эрхээ алдсан тул барилгын ажил доголдолтой байсан эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй. Цаашид ч энэ талаар маргах нь ач холбогдолгүй юм. Нэхэмжлэлд “... Иймд Э нар чанар муутай барилга барьснаас болж иргэн Г  би эд хөрөнгөөрөө хохироод ...нийт 7.800.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү” гэжээ. Хариуцагч нар чанар муутай барилга барьснаас үүссэн хохирол гэж үзэж байгаа нь нэхэмжлэлийн хэсгээс тодорхой харагдаж байна. Барилгын ажил доголдолтой байсан эсэх, хэрвээ доголдолтой байсан гэж үзвэл үүнд ажил гүйцэтгэгч болон захиалагч талуудын хэн нь буруутай болохыг тогтоолгүйгээр дээрх хохирлыг А.Э  нар хариуцах үүрэгтэй юу үгүй юу гэдгийг тогтоох боломжгүй. Гэтэл уг хохирлуудыг шалтгаан болсон гэх барилгын ажил чанаргүй хийгдсэн эсэхийг тогтоох боломжгүй талаар урьд гарсан шүүхийн шийдвэрт тусгагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар урьд өмнө нь гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх ахин шалгаж үнэлдэггүй. Өөрөөр хэлбэл тухай хэргийн тохиолдолд барилгын ажлын гүйцэтгэлийн талаар дүгнэлт өгөх боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж шүүх үзсэн тул ахин энэ талаар хэлэлцэх боломжгүй юм гэжээ.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: Гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн хүсэлтийг энэ өдөр хүлээн авч танилцлаа. Миний бие уг хэргийн нэхэмжлэлд хариу тайлбар өгч байсан. Тэр хариу тайлбартаа шүүх урьд өмнө нь шийдвэрлэсэн үйл баримтыг ахин тухайн шатны шүүх шийдвэрлэдэггүй талаар тодорхой тайлбарласан. Хэдийгээр нэхэмжлэгч хариуцагч нартай уулзаж байсан гэх боловч гомдлын шаардлага гаргасан гэдэг нь тогтоогддоггүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь нэхэмжлэгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаангүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа сэргээх үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч эсрэг ашиг сонирхолтой талаараа ямар нэгэн үйлдэл хийлгэх, эсхүл хийлгэхгүй байхыг үүрэг болгох, эд зүйл, мөнгө төлбөр зэргийг шаардахыг нэхэмжлэл, түүний шаардлага гэж үздэг. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэл зоригоо нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нэрээр хариуцагч нарт хандан гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа сэргээх эсэхийг шийдвэрлэдэг субъект биш. Агуулгын хувьд авч үзвэл шүүхэд хандан хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэхээр шүүхэд гаргаж байгаа хүсэлт гэж үзэх үндэслэлтэй. Нэгэнт шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх нь тухайн хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой талаараа нэхэмжлэгч тал тайлбарлаагүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм гэжээ.

Хариуцагч А.Э , Ц.А  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн барилга нь баригдаад бараг 10 жил болж байгаа. Тухайн барилга яг юунаас болж нурж гэмтсэн, тухайн барилга дотор эд зүйлүүд байсан эсэх нь тодорхойгүй. Барилга барих болгонд заавал барьсан хүн болгон буруутай биш. Энэ талаар нотлох хэрэгтэй. Тухайн байшин яг юунаас болж нурсаныг тогтоох хэрэгтэй. Гадны нөлөөний улмаас нурсан талаар нотлох шаардлагатай. Тухайн барилга барьсан хүмүүс хаана яаж алдаа гаргасан, энэ хүмүүс буруу барьсаны улмаас нурсан эсэхийг шалгах хэрэгтэй гэж бодож байна. Одоогийн нэхэмжилж байгаа мөнгө нь 7.800.000 төгрөг байгаа. Өмнө нь 3.500.000 төгрөгийг барилга барьж байсан хүмүүсээс шаардаж байсан. 2015.8.5-ны өдөр 271 дугаартай шийдвэрээр хүчингүй болгож хэрэгсэхгүй болгосон байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн ажил гүйцэтгэх гэрээний доголдол, үүргийн доголдлыг арилгуулах шаардлага байгаа. Тухайн доголдлоос үүсээд барилга дотор байсан эд зүйл гэмтсэн гэсэн ийм нэхэмжлэлийн хоёр шаардлага байгаа. Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн доголдлыг хэрхэн арилгах талаар хуульд заасан байгаа. Үүний дагуу энэ хүн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн доголдолтой байсан гэдгийг энэ хүн өөрөө нотлох ёстой. Нотолсны дараа энэ хүн өөрөө тухайн доголдлыг арилгасан байх ёстой. Тухайн доголдлыг арилгасны дараа хэдэн төгрөгийн зардал гарсан талаар өөрөөр нотлох ёстой. Хэрэгт энэ талаар нотолсон зүйл байхгүй байгаа. Тухайн байшин дотор эд зүйлүүд байсан гэсэн. Энэ хүний ярьж байгаагаар тухайн байшингийн дээврээс дусаал гоожоод дээвэр нь цөмрөөд эхэлсэн бол энэ хүн өөрөө яагаад ямар нэгэн арга хэмжээ авч болоогүй юм бол гэж гайхаад байна. Энэ хүн хэдэн жил энэ эд зүйлээ хаяад явахын оронд тухайн эд зүйлээ өөр тийш нь шилжүүлээд өөр хүмүүсээр янзлуулаад аваагүйд гайхаж байна. Тэр байшин дотор байсан эд зүйлээ энэ хүн өөрөө бүрэн хамгаалах боломж байсан гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагын гол маргаж байгаа зүйл нь тухайн байшингийн дээвэр нурсан талаар маргаж байгаа. Энэ нурсан шалтгаанд хэн буруутай вэ? Хохирол нь хэдэн төгрөг вэ? Үүнийг хэн хариуцах вэ? гэдэг асуудал байгаа. Дээвэр нурсан асуудал дээр ямар нэгэн нотлох баримт өгөхгүй байна гэдэг асуудлыг нэхэмжлэгч тал ярьсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шаардлага татгалзлаа өөрсдөө нотлох үүрэгтэй. Тухайн татгалзлаа заавал нотлох баримтаар гаргаж  өгч байж татгалзал болно гэсэн асуудал байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага хэр хэмжээнд байгаа. Тэр шаардлагаа нэхэмжлэгч тал ямар нотлох баримтуудаар хэрхэн яаж нотлож байгаа талаар нь нотлох баримтаар няцаалт хийх үү эсвэл тайлбараар няцаалт хийх үү гэдэг нь бид нарын эрхийн асуудал байгаа. Хавтаст хэргийн хүрээнд байгаа гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэлийн шаардлага тайлбаруудаас харахад байшин нурсан талаар ярьсан байгаа. Энэ талаар бид нар өөрсдөө судлаад үзсэн чинь 10 жилийн өмнө баригдсан барилгыг мэргэжлийн байгууллага энэ юунаас болж нурсан, хэний буруутай үйлдлээс болж нурсан талаар тогтоох боломжгүй гэдэг. Тийм учраас манай зүгээс

 

юунаас болж нурсан талаар нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй байгаа. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн буруугаас болж нурсан гэж байгаа боловч энэ талаар бас нотолсон зүйл байхгүй байгаа. Гэрч нарын мэдүүлэг болон нэхэмжлэгч талын хэлснээр согтуугаар байшин барьсан гэсэн. Гэтэл яг хаана нь яаж ямар байдлаар буруу стандартаар модыг барьсан гэж үзэж байгаа байдлаа нотлоогүй учраас манай зүгээс энэ талаар нотлох баримт гаргаж өгөх боломжгүй байгаа. Манай талаас болоод дээвэр нураад доторх эд зүйл нь гэмтсэн гэж үзсэн тохиолдолд үүнийг хариуцах ёстой. Гэтэл энэ байдал нь тогтоогдохгүй байгаа учраас энэ эд зүйлийг хариуцах боломжгүй гэж үзэж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа бол Иргэний хуульд зааснаар 3 жилийн дотор нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой байгаа. Энэ хугацааг хэтрүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байх шиг байна. Энэ хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

Хариуцагч Х.Ц  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр нь тэнд хамт байсан. Нөхөр нь барилгын материал авчирч өгч байсан. Бид нар материал авахад хамт яваагүй. Нэг жижиг байшин барина гэхээр нь очсон. Гэтэл том болгож барихаар болсон. Бас хүүхдийн тоглоомын газар нэмэгдэж баригдсан. Чанартай материал аваад өгсөн бол болох байсан. А.Э ад хэлсэн ийм юм болохгүй байгаа талаар хэлсэн чинь мөнгө байхгүй байгаа ингээд барчих гэсэн гэжээ. 

Хариуцагч Я.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.Ц ын тайлбарыг дэмжиж байна. Байшин өргөтгөж барихдаа төмөр замын муудсан дэр модыг оруулж барьсан. Энэ мод чинь болохгүй гэж хэлсэн чинь болно энэ модыг ашиглах хэрэгтэй байна. Ямар хаялтай бишдээ гэхээр нь ашиглаад байшин барьсан. Архи уучихаад байшин барьсан гэсэн. Бид нар архи уучихаад хэзээ ч байшин барьдаггүй гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 сарын 14-ны өдрийн 143/ШШ2018/00222 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар Ч.Г гийн гомдлын шаардлага гаргах болон гэм хорын хохирол шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болохыг тогтоож, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэг зааснаар хариуцагч А.Э , Ц.А , Х.Ц , Ц.Н  нараас тус бүр 700.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Г д олгож, нэхэмжлэгч Ч.Г гийн илүү нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Г гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 209.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э , Ц.А , Х.Ц , Ц.Н  нараас тус бүр 32.487 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Г д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э  давж заалдах шатны шүүхэд болон хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 222 дугаар шийдвэрийг нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учир эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шийдвэрийн 9 дэх нүүрэнд доголдол гарсан бөгөөд уг доголдлын талаар нэхэмжлэгч, хариуцагч А.Э ад удаа дараа мэдэгдэж байсан гэх бөгөөд үүнийг няцаасан тайлбар гаргаагүй гэсэн байна. Гэтэл уг хэргийг  хянан хэлэлцэж эхэлсэн цагаас эхлэн нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь татгалзаж, байшин нурж гэмтсэн талаар, хохирол нэхэмжлэх талаар мэдэгдэж байгаагүй гэж  маргаж ирсэн. ... Хамгийн гол зүйл энэ барилга нурж гэмтсэн нь А.Э  нар нь ямар нэгэн гэрээ хууль зөрчсөн асуудал байгаа эсэхэд шүүх эрх хэмжээний хүрээнд үнэлгээ өгөх байх. Ийм тохиолдолд барилга нурахаар заавал барилгачид нь алдаатай юм хийсэн гэсэн байдлаар хандах нь буруу юм. Энэ барилга баригдаад 10 жил болж байгаа. Анх ашиглалтад орж  ирээд тэр доголдлыг мэдсэн гэж ярьдаг. Гэтэл тэр үед ийм доголдол байсан бол А.Э  гэдэг хүнд удаа дараа хэлээд үнэхээр болохгүй байсан бол, өөр хүнээр барилгаа засуулаад баримтаа бүрдүүлээд ороод ирсэн бол асуудал өөрөөр шийдэгдэх боломжтой байсан.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох орон сууц нурсан нь ямар шалтгаантай, орон сууц нурахад хариуцагч нарын  гэм буруу, гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн эсэх талаар ямар нэгэн нотлох баримтгүй байхад энэ талаар дүгнэлт хийлгүйгээр  дээвэр нурснаас  үүдсэн гэм хорын хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу юм. ... анхан шатны шүүх шийдвэрлэхдээ ямар нэгэн нотлох баримт үндэслэлгүйгээр А.Э  нар холбогдох хэргийг гэрээгээр хүлээсэн үүрэг болон хуулиар хүлээсэн үүргээ зохистой ёсоор гүйцэтгэсэн эсэхийг тогтоолгүйгээр тухайн доголдлоос үүссэн нь агуулгын хувьд шалтгаант холбоо зэргийг шалгаж үзээгүй үндэслэлгүй  гэж тооцсон. 2015 оны 08 сард 270 тоот шийдвэр гарсан. Энэхүү шийдвэр нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 3500000 төгрөгийг Ч.Г   барилгачдад  төлсөн байдаг. Ажлаа гэрээний үүрэгт заасны  дагуу  гүйцэтгээгүй учраас цалингаа буцааж авна гэж маргасан байдаг. Шийдвэрийн үндэслэх хэсэг агуулгаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Энэ хүмүүсийн буруутайгаас болж, байшин барилгад гэмтэл учирсан эсэх нь тогтоогдохгүй байна гэсэн агуулгаар шүүх дүгнэсэн байна.

А.Э  нарын 4 иргэнээс тус бүр 700.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй, хуулиар тогтоосон урьдчилсан шаардах эрхийн үндэслэлийг орхигдуулсан байна. Иймд сум дундын  шүүхийн 222 дугаар шийдвэрийг  хүчингүй болгоно уу. Гомдлын шаардлагаа дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн  өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан тайлбарт болон дүгнэлтэд: Ч.Г гийн хувьд тухайн нэхэмжлэлийг энэ 4 хүнд бүрэн хариуцуулж гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэг хүн эс зөвшөөрч давж заалдах гомдлыг  итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.Энхбатын гаргасан Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Талуудын хооронд Иргэний хуулийн 343, 344,

345, 346, 347, 348, 349 дүгээр зүйлд заасан эрх үүрэг ажил гүйцэтгэх гэрээ  байгуулагдсан нь дээр маргадаггүй юм. Бид нарын ганц маргадаг зүйл нь энэ 4 хариуцагчаас А.Э  миний барьсан барилгаас болж байшин нураагүй гэж зөвшөөрдөггүй ба энэ талаараа тодорхой хариулт хэлдэггүй.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан  хариуцагч нар тайлбартайгаа холбогдуулж, нотлох баримтаа гаргаж няцааж, өөрөө нотлох ёстой. Зөвхөн нэхэмжлэгч  баримтыг гаргасан, хариуцагч тал ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй байгаа. ...барилгын материалын үнэ болох 5.000.000 төгрөгийг нэхсэн байгаа. Хэргийн хүрээнд байшинг ямар байгааг фото зурагжуулсан байгаа. Тухайн байшингийн доголдлоос үүссэн 5.000.000 төгрөгийн материалыг хөрөнгө үнэлгээний газраар үнэлүүлээд энэ байшинд өдий хэмжээний материал орох юм гээд үнэлүүлээд байхад хариуцагч талын барилгын материал үнэ болоод, орц дээр маргадаггүй юм. Өнөөдөр энэ барилга маань нураад 10 жил болсон.  Тухайн барилга цан  цохиод, бороо шороо оронгуут л хариуцагч талд мэдэгдсэн.  Мэдэгдээд өөр хүнээр засуулах боломжтой байсан та нар гэсэн тайлбар хэлдэг. Хүн мөнгөө зарцуулчихаад хоорондын гэрээ хэлцэл байгуулагдсан байхад хэлцэл хийж ажил гүйцэтгэсэн бол тухайн хүндээ хэлээд засварлуулах, тухайн доголдлыг арилгуулах үүрэг нь ажил гүйцэтгэгч нарт байгаа учраас бид нар энэ нэхэмжлэлийг удаа дараа гаргаад хөөцөлдөөд өдий хүрлээ. Маргаж явсаар байгаад 10 жил болсон байна. Үнэлгээний дүгнэлт бол тухайн барилгачдын  алдаатай, барилгачдаас болоод байшин нуржээ гэдэг дүгнэлт биш юм. Тэгэхээр барилга юунаас болж нурсан эсэх нь тодорхойгүй гэдгийг байхгүй байна гэдгийг ярьж байдаг. Бид нар Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалд хүсэлтээ гаргасан. Барилгын тухай хуулиар тухайн иргэн гомдлын шаардлага гаргах хүн хуваариа өөрсдөө гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй байдаг. Барилгын тухай хуульд зааснаар бид нар хандаад үзэхээр барилга нураад тодорхой хугацаа өнгөрч, барилга барьсан дараа нурсан. Шүүхэд бид нар үнэлгээг гаргая гээд хүсэлтээ өгөхөөр манайх эрх хэмжээний асуулт биш үндэслэлгүй байна гэж хүсэлтийг хязгаарлаад дүгнэлт гаргах ямар ч боломжгүй болсон нөхцөл байдал байгаа. Нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацаа тасалджээ гэдэг дээр маргаад байдаг. Тухайн 271 тоот шийдвэр бол өөр нэхэмжлэлтэй маргаан өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага маань арай өөр байдлаар байгааг ялгаж зааглахгүй байгаа юм бол уу гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх эрх зүйн үндэслэл байгаа.                   

            ...Давж заалдах шатны шүүхэд анхан шатны 222 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э  гомдлоо гаргасан байдаг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар энэ хэргийг давж заалдах гомдлоор хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж байгаа учраас тухайн бусад хариуцагчийн давж заалдах гомдол гаргаагүй нөхцөл байдлыг харгалзан үзээч мөн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтад ач холбогдолтой, хамаарал бүхий хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийн зөв хэрэглэж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э   давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхийн 2018 оны 5 сарын 15-ны өдрийн 222 дугаар шийдвэрийг  үндэслэлгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ямар нэг нотлох баримтгүй байхад ...гэм хорын хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу. ...хуулиар урьдчилан тогтоосон шаардах эрхийн үндэслэлийг орхигдуулсан. ...Иймд А.Э аас гаргуулахаар шийдвэрлэсэн 700.000 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэсэн үндэслэл дурджээ.

Нэхэмжлэгч Ч.Г , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагч Х.Ц , А.Э , Ц.А , Я.Н нарт хариуцуулан  гэм хорын хохиролд 7.800.000 төгрөг гаргуулах, түүнийг шаардах эрхийн  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүйг, гомдлын шаардлага гаргах хугацаа тасалдаагүй болохыг тогтоолгох  тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нар бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй маргана.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан  ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй ч хуульд зааснаар гэрээний гол нөхцөлийн талаар тухайлбал, гүйцэтгэх ажил, түүний үр дүн, гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх арга хэлбэр, хугацааг тогтоож, гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг.

Ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцааны зохицуулалтад  гэрээний хэлбэрийн шаардлага тавигдаагүй, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар хуулийн хүрээнд  гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг  өөрсдөө тодорхойлж, хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр болжээ гэж үзэв.

Дээрх ажил гүйцэтгэх гэрээнд тохиролцсоноор хариуцагч А.Э , Х.Ц , Ц.А , Ц.Н  нар нь нэхэмжлэгч Ч.Г гийн Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг Дэнжийн 8-р хороо 8-р гудамжны манай 305 тоот хашаанд үйлчилгээний болон сууцны зориулалттай 2 өрөө 64 мкв хувийн сууцыг ярилцаж тохиролцсоны үндсэн дээр барьж гүйцэтгэн, ажлын хөлсөнд 3.500.000 төгрөг  авсан зэрэгт талууд маргахгүй.

Нэхэмжлэгч Ч.Г гийн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч А.Э , Х.Ц , Ц.А , Ц.Н  нарын хийж гүйцэтгэсэн барилгын дээврийн цаас хуурч борооны ус гоожин дээвэр нь нурж доторхи эд зүйл дахин ашиглагдахгүй болсон, уг дээврийг сэргээн засварлах  зардал, эд зүйлийн хохирол зэрэгт нийтдээ 7.800.000 төгрөг гаргуулах тухай, гэрээний үүрэгтэй холбоотой гомдлын шаардлага, шаардах эрхийн  хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй болохыг тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Г , хариуцагч А.Э , Х.Ц , Ц.А , Ц.Н  нарын хооронд үүссэн маргаан, болсон үйл баримтад хамаарал бүхий нотлогоонд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан, эрх зүйн харилцааг тодорхойлж, хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлын хүлээн авч хангах үндэсгүй байна.

Хариуцагч А.Э , Х.Ц , Ц.А , Ц.Н  болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э  нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбарыг гаргаж маргадаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг  хуульд заасан арга журмаар бэхжүүлэгдсэн нотлох баримтаар үгүйсгэн няцааж чадаагүй, ялангуяа нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүргээ  биелүүлээгүй нь анхан шатны шүүхийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шалтгаалаагүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч А.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 сарын 14-ны өдрийн 143/ШШ2018/00222 дугаар шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 сарын 14-ны өдрийн 143/ШШ2018/00222 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                   ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                              П.ДОЛГОРМАА