Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Д.Чинзориг;

улсын яллагч: М.Гантулга;

шүүгдэгч: Я.Чулуунбат, түүний өмгөөлөгч Ч.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Янсанжавын Чулуунбатад холбогдох эрүүгийн 201625022980 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:    

Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард-Аюушийн 5 дугаар гудамжны 139 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй,

Баянгол дүүргийн шүүхийн 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Өршөөлийн хуулиар өршөөн хэлтрүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлсэн,

Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заанаар 4 жил 4 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заанаар 12 жил 11 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, ЧЙ80120399 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Янсанжавын Чулуунбат.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Я.Чулуунбат нь ялтайд тооцогдох хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Метро малл” төвийн 3 дугаар давхарт байрлах “Альфа стар” нэртэй дэлгүүрийн кассны машины ард тавьсан байсан хохирогч А.Алтанчимэгийн “Самсунг Эс-5” маркийн 300.000 төгрөгийн үнэтэй гар утас, хохирогч Б.Баасансүрэнгийн “Самсунг Эс-2” маркийн 120.000 төгрөгийн үнэтэй гар утаснуудыг тус тус хулгайлж бусдад нийт 420.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч Я.Чулуунбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Алтанчимэг /хх-ийн 13/, Б.Баасансүрэн /хх-ийн 14-15/ нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 10/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/, Я.Чулуунбатын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 9, 44/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 63 дугаартай дүгнэлт /хх-ийн 20/, Я.Чулуунбатын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-36/, Я.Чулуунбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийн шалгах хуудас /хх-ийн 45/, Я.Чулуунбатын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 46-56/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Я.Чулуунбат нь ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа буюу давтан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Метро малл” төвийн 3 дугаар давхарын “Альфа стар” нэртэй дэлгүүрээс хохирогч А.Алтанчимэгийн “Самсунг Эс-5” маркийн 300.000 төгрөгийн үнэтэй гар утас, хохирогч Б.Баасансүрэнгийн “Самсунг Эс-2” маркийн 120.000 төгрөгийн үнэтэй гар утасыг тус тус хулгайлж бусдад нийт 420.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

хохирогч А.Алтанчимэгийн /хх-ийн 13/: “... Би 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 09 цаг 30 минутад ажил дээрээ ирээд дэлгүүрээ 10 цагт нээсэн. Би “Макс малл” төвийн салбар руу бараа явуулах гээд бараа янзалж байсан ба  өөрийн “Самсунг эс-5” маркийн гар утсаа кассныхаа хойд талд орхисон байсан. Бараагаа янзалж байх хоорондоо би утсаа алдсан байсан. Утсаа алдсанаа тэр даруйд нь мэдээгүй. Өдөр 12 цагийн үед мэдсэн. ... Би утсаа Дархан-Уул аймгаас 2016 оны 07 дугаар сарын эхээр 450.000 төгрөгөөр худалдан авч байсан ...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Баасансүрэнгийн /хх-ийн 16-17/: “... Би 2016 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 09 цаг 30 минутанд ажил дээрээ ирээд дэлгүүрээ 10 цагт онгойлгосон. Кассын машины хажууд Алтанчимэгийн “Самсунг Эс-5” маркийн гар утас, миний “Самсунг Галакси Эс-2” маркийн гар утаснууд байсан юм. Утсаа алдсанаа мэдэхгүй байж байгаад 12 цагийн үед мэдээд орой 20 цагийн үед камер шүүж үзэхэд ногоон өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай, хар өнгийн малгайтай нэг хүн 2 утсыг маань аваад явсан байсан ...” гэх мэдүүлэг,

 

 Я.Чулуунбатын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 31-36/: “... Би 2016 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 09 цаг өнгөрч байхад “Метро малл” дэлгүүрийн 2 дугаар давхарт гараад 00-н өрөө орсон. 00-оос гараад нэг лангууны өлгүүрт байгаа хувцас үзээд явж байтал худалдагч нь байхгүй байсан. Гараад явах гэтэл лангууны хойд талд гар утас дуугарахаар нь тойрч очоод лангууны доод талд 2 утас давхарлаатай байхаар нь аваад гарсан. Би шууд “Теди” төвийн гадаа очоод 2 утсыг хамтад нь 110.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь архи уугаад, хоол идээд дуусгасан ...” гэх мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 10/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Я.Чулуунбатын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч Я.Чулуунбат нь урьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа шунахай сэдэлтээр өөрт үл хамаарах, өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын эд хөрөнгийг нууц далд хэлбэрээр хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хуулийн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Я.Чулуунбатад ял оногдуулахад үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүний хувьд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэдийгээр шүүгдэгч Я.Чулуунбат нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн боловч тэрээр урьд хорих ял эдэлж байсан тул түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих газарт эдлүүлэх нь зүйтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох нийт 420.000 төгрөгийг шүүгдэгч Я.Чулуунбатаас гаргуулж, үүнээс хохирогч А.Алтанчимэгт 300.000 төгрөг, хохирогч Б.Баасансүрэнд 120.000 төгрөгийг тус тус олгохоор тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шарнууд овогт Янсанжавын Чулуунбатыг давтан үйлдлээр  бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Чулуунбатад эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Чулуунбатад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Чулуунбат 98 /ерэн найм/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай .

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Чулуунбатаас нийт 420.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч А.Алтанчимэгт 300.000 төгрөг, хохирогч Б.Баасансүрэнд 120.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Я.Чулуунбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Я.Чулуунбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ