Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/497

 

 

 

     2024           04          24                                     2024/ШЦТ/497

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

   улсын яллагч Г.Лхагвасүрэн,

 шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогтой Ц-ны С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 230801182**** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 20** оны ** дүгээр сарын **-ний өдөр *** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс ****, *** боловсролтой, *** мэргэжилтэй, “***” ХХК-д *** ажилтай, ам бүл ***, *** хамт *** дүүргийн ** дүгээр хороо *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн Ц-ы С /РД:********/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2023 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр ГССҮТ эмнэлгийн автобусны буудлын ард “***”-ийн *** давхарт байрлах зочид буудалд хамтран амьдрагч хохирогч Д.С-г зодож эрүүл мэндэд зүүн 6-р шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан,

- 2023 оны 02 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг *** дүгээр хороололд “***” нэртэй караоке дотор хүнтэй хардан хамтран амьдрагч Д.С-г сандал руу түлхэж унагаасан,

- 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт авто машинтай явж байхдаа айл руу орсонгүй гэх шалтгаанаар огцом тоормослох үйлдэл хийж хамтран амьдрагч Д.С-г юм мөргүүлсэн,

- 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны *** дугаар байрны голд хамтран амьдрагч хохирогч Д.С-н үснээс нь зулгааж, хана мөргүүлсэн буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан ирүүлжээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Шүүгдэгч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 11-ны өдөр өглөө хохирогч С бид 2 гэртээ орж хоол идээд унтацгааж байсан. Тэгээд сэрээд С охин луугаа явлаа гээд явсан. Би хамт явъя гэж хэлээд араас нь гартал хэрүүл хийгээд орилоод байсан тул би аргаа бараад С-г ээжид нь залгаж хэлсэн. Гэтэл С уйлаад ээж рүүгээ ярьсан байсан. Охин нь уйлаад ярьсан болохоор ээж нь намайг зодчихлоо гэж ойлгоод нарны голоос ирэхдээ цагдаа дуудсан байсан. Тэгээд цагдаагийн машин ирээд мэдүүлэг авсан. Зодож цохисон гэмтээсэн зүйл байхгүй болохоор гомдол санал байвал хэлтэс дээр ирж гомдлоо гаргаарай гэж хэлээд тухайн цагдаа нар явсан.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “...шүүгдэгч Ц.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэх хэргийг хүлээн зөвшөөрч байгаа тул маргах зүйлгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг үйлдсэн зүйлгүй тул хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс:

I. Шүүгдэгч Ц.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тухайн хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хооронд үйлдэгддэгээрээ онцлогтой. 

Шүүгдэгч Ц.С, хохирогч Д.С нар нь хэдийгээр гэрлэлтийн бүртгэлгүй, гэрлэгсэд биш боловч хамтын амьдралтай, дундаасаа хүүхэдтэй болох нь хохирогч Д.С-н мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 21-22 дахь тал), гэрч Я.П-н мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.11 дэх заалтад зааснаар уг хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн төрлүүдтэй гэж тодорхойлжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар бие махбодын хүчирхийлэл буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд байнга халдсан үйлдлийг гэмт хэрэг тооцохоор хуульчилжээ.

Эрүүгийн эрх зүйд гэмт үйлдлийн давтамжийн төрөл болох байнга гэх шинжийг гурав буюу түүнээс дээш удаагийн үйлдэл гэж тодорхойлдог.

Шүүгдэгч Ц.С нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.С-н эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдлүүд нь прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар 2022 оны 02 сарын эхээр, 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 02-ноос, 03-нд шилжих шөнө, 2023 оны 03 дугаар 12-ны өдөр үйлдэгдсэн нь давтамжийн хувьд байнга гэх шинжийг хангаж байна.

Гэвч шүүгдэгч Ц.С нь 2023 оны 02 дугаар сарын эхээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг ** дүгээр хороололд “***” нэртэй караоке дотор хүнтэй хардсаны улмаас хамтран амьдрагч хохирогч Д.С-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр гараараа сандал руу түлхэж унагаасан,

Мөн 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт авто машинтай явж байхдаа айл руу орсонгүй гэх шалтгаанаар хамтран амьдрагч хохирогч Д.С-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хурдтай явж байгаад огцом тоормослох үйлдэл хийж юм мөргүүлсэн гэх нөхцөл нь хохирогчийг зодсон үйлдэлд хамаарахгүй байгаа буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийн  шинжээр үйлдэгдсэн гэж дүгнэхээргүй байна.

Учир нь, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардахын зэрэгцээ эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хохирол, хор уршиг учраагүй, мөн байнга гэх шинжийг бүрдүүлж буй үйлдлүүдийнхээ аль нэгэнд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх ёстой.

Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон үйлдэл болон объектив талын шинж буюу заавал зодсон байхыг шаардах бөгөөд шүүгдэгч нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хурдтай явж байгаад огцом тоормослож, юм мөргүүлсэн гэх үйлдлийг хохирогчийг зодсон гэж үзэхгүй юм. Үндэслэл нь, зодсон гэдэг нь хохирогчийн бие, эд эрхтэн, сэтгэл санаанд тодорхой шаналал, зовиур, гэмтэл учруулахад чиглэсэн идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд хавтас хэрэгт авагдсан хохирогч Д.С-н мэдүүлсэн “...албаар хүчтэй тоормос гишгээд хүүхэд бид хоёрыг сандал мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дэх тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн үед хурдтай яваагүй, 30 км цагийн хурдтай л явж байсан байх, гудамжаар их нүхтэй байсан тул тоормос гишгэсэн...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 66 дахь тал) зэрэг нотлох баримтаас дүгнэвэл, хэрэг учрал болсон гэх газар нь сайжруулаагүй, шороон замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүссэн тоормослох үйлдлийн улмаас хохирогч сандал мөргөсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн, шүүгдэгч 2023 оны 02 дугаар сарын эхээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг ** дүгээр хороололд “***” нэртэй караоке дотор хүнтэй хардсаны улмаас өөрийн хамтран амьдрагч хохирогч Д.С-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр гараараа сандал руу түлхэж унагаасан гэх үйлдэл нь тогтоогдоогүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаа хууль ёсны байх зарчмыг удирдлага болгон Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг чанд сахих үүргийг мөрдөгч, прокурор, шүүхэд үүрэг болгосон.

Хохирогч Д.С-аас 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор дахин мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-р зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.14, 25.1 дүгээр зүйлийн 6-д тус тус заасныг ноцтой зөрчжээ. Тодруулбал, хохирогчоос мэдүүлэг авахдаа гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг эдлүүлээгүй, энэ талаар асуугаагүй, мөн хохирогчид үнэн зөв мэдүүлэг өгөх, эсхүл худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх зэрэг хууль сануулаагүй, гарын үсэг зурж, баталгаажуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчсөн тул нотлох баримтаар үнэлээгүй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.С нь хохирогчийг 2023 оны 02 дугаар сарын эхээр “***” нэртэй каракеод хоёр гараараа түлхсэн үйл баримтыг дүгнэх боломжгүй байдалд хүргэсэн ба үүнээс улбаатайгаар шүүгдэгч Ц.С-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу байнга гэх нөхцөл үгүйсгэгдэх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэм буруутайд тооцуулах санал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд прокуророос шүүгдэгч Ц.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

II. Харин шүүгдэгч Ц.С нь 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр ГССҮТ эмнэлгийн автобусны буудлын ард “***”-ийн 2 давхарт байрлах зочид буудалд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.С-г хана мөргүүлсний улмаас зүүн 6-р шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

 

2. Хохирогч Д.С-н: “...2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэмтлийн автобусны ард нэрийг нь мэдэхгүй буудал дотор  хонож байх үедээ  намайг зайл гээд хөөгөөд байсан ба гарах гэтэл хаалга нь түгжээтэй байхаар нь онгойлгоод өг гэтэл  босож ирээд  хоёр гараараа намайг хана руу түлхсэн, тэгээд би ухаан алдаад унасан байсан. Нэг ухаан ороод харсан чинь миний хамраас цус гараад зүүн талын хөмсөг, нүд хоёр хөхрөөд  хавдсан байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

 

3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны **дугаар сарын **ны өдрийн *** дугаартай: “...Д.С-н биед зүүн 6-р шүдний булгарал, баруун бугалгад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх шүдний гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5%-аар тогтонги алдагдуулна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

 

4.Шинжээч Б.Ц-н: “...Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар  шүдний булгарал гэмтэл нь  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн 6 дугаар шүдний булгарал нь  уг хэсгээрээ харласан, идэгдсэн, цөгц хэсгийн хугаралтай тул 2023 оны 03 дугаар арын 02-нд үүссэн байх боломжтой. Харин цус хуралт дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дахь тал),

 

5. Гэрч Я.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зочид буудалд манай охиныг дагуулж ороод үсдэж байгаад хана мөргүүлж зодож цохисон байсан. Тэгээд нүд ам хөхөрч хавдсан, шүдний хоёр араа нь хугарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

 

6. Шүүгдэгч Ц.С: “...2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн найзууд болох Э-н хамт Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Гэмтэл согог судлалын үндэсний төв” эмнэлгийн урд байрлах “***” төвийн дотор үйл ажиллагаа явуулдаг караоке дотор 0.5 литрийн Сэнгүр нэртэй пиво нэг нэгийг аваад дөнгөж уугаад сууж байтал С над руу залгаад “чи хаана байгаа юм” гээд асуухаар нь би байгаа газрынхаа хаягийг зааж өгсөн. Удалгүй С ирээд бид гурав нийлээд нэг хүний 4 пиво хувааж ууж дуусаад манай найз Э гэртээ харих гээд явахаар нь С бид хоёр тухайн үйлчилгээний төв дотор үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд ороод унтаж амрах гээд орсон. Тэгсэн С фейсбүүк чаатаар С гэх хүнтэй хайраа гэсэн утгатай чаат бичсэн байсан талаар нь лавлаж асуусан. С уурлаад “чамд ямар хамаатай юм, би явлаа” гээд орилж чарлаад байхаар нь би “одоо боль” гэж хэлээд зүүн гараараа цээж хэсэгт нь нэг удаа түлхсэн чинь С газар унахдаа нүүрний зүүн талаараа мөргөж орон дээр унасан. ...Жижиг асуудал дээр их уурлаж бухимдаж хэрүүл маргаан хийдгээс нь болоод хааяа нэг тэвчээр алдаад дүрс хийж уурладаг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

7.Дуудлага мэдээллийн лавлагаа (хавтаст хэргийн 83-84 дэх тал),

 

8. Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 97-103 дахь тал),

 

9. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 104-106 дахь тал),

 

10. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 109-113 дахь тал) зэрэг болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.С нь хохирогч Д.С-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хангалттай, хөтөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Шүүгдэгч Ц.С нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хохирогч Д.С-н биед хөнгөн хохирол санаатай  учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд улсын яллагчаас гаргасан шүүгдэгч Ц.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Д.С-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгчийн зүгээс 400.000 төгрөг өгсөн, цаашид гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Ц.С-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов. (Хавтаст хэргийн 124 дэх тал),

Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс  нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр нь “...торгох ялын хувьд бол дэмжиж байна, харин хэмжээний хувьд багасгаж, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.С нь “...хэлэх зүйлгүй” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Иймд шүүгдэгч Ц.С-д үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурдаж, шүүгдэгч нь тухайн хэргийг гэр бүлийн хүрээнд хүндрүүлэх шинжээр үйлдсэн байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, баримтын хүрээнд хохирол төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал, мөн шүүгдэгч Ц.С-н хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготойг илэрхийлэх баримттай/ зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Иймээс өмгөөлөгчийн гаргасан “торгох ялын хэмжээг бууруулж багаар тогтоох” тухай хүсэлтийг хүлээн аваагүй болохыг тэмдэглэв.

 

            Шүүгдэгч Ц.С нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт Ц.С-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Б овогт Ц-ны С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч Д.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс  нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ