Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
Хэргийн индекс | 132/2021/00033/И |
Дугаар | 132/ШШ2021/00137 |
Огноо | 2021-03-10 |
Маргааны төрөл | Төрийн өмчийн эд хөрөнгийг өмчлөх , |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 132/ШШ2021/00137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...........дүүрэг, ..................тоотод оршин суух, Д овогт Бийн Б -ийн нэхэмжлэлтэй,
Булган аймгийн Х сумын Хт тосгоны Захирагчийн ажлын албанд холбогдох
Орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2021/00033/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1976 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Хт тосгон, ... од оршин суух, Булган аймгийн Х сумын Хт тосгоны захирагч ажилтай, Ч овогт Аын С/, нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Булган аймгийн С сумын 3 дугаар баг, Сбүрэн ... нийт 248,4 м2 орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Хариуцагч Булган аймгийн Х сум, Хт тосгоны захирагчийн ажлын алба нь дээрх дурдагдсан үл хөдлөх хөрөнгийн... од цагдаагийн алба хаагч нарыг амьдруулдаг бөгөөд миний бие өөрийн эзэмшлийн орон сууцыг эзэмшиж, ашиглаж чадахгүй эрх ашиг зөрчигдөж байна. Тухайн байрыг 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр суллаж өгөх талаар мэдэгдэх хуудсыг хариуцагчид өгсөн. Гэвч хариуцагч Булган аймгийн Х сум, Хт тосгоны Захирагчийн ажлын алба нь мэдэгдлийн дагуу... ыг суллаж өгөхгүй байгаа тул орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б овогтой Б миний өмчлөлийн Булган аймгийн С сумын 3 дугаар баг, ... орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Булган аймгийн С сумын С бүрэнгийн 101 дүгээр байрны... оос Булган аймгийн Х сумын Хт тосгоны захирагчийн албыг албадан чөлөөлүүлэх хүсэлт гаргасан. Энэ байр нь манай ээжийн нэр дээр байсан байр юм. Манай ээж олон жилийн өмнө нас барсан. Би энэ байрыг ээжийнхээ байр гэдгийг 2019 оны 11 сард мэдсэн. Хөөцөлдөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж авсан. Тухайн байранд байгаа айлуудад тохиролцох санал тавьсан боловч тохиролцоогүй учраас албадан гаргуулах нэхэмжлэл гаргасан. Манай ээж Аийн Б нь 1991 оны 12 сард болсон дуудлага худалдаагаар тус байрыг 34 ширхэг ягаан тасалбараар худалдаж авсан юм байна лээ. Орхон аймгийн Архивын тасгаас шүүж баримтыг хэрэгт өгсөн гэв.
Хариуцагчийн төлөөлөгч А.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хт тосгоны Захирагчийн ажлын албанд холбогдолтой иргэн Б овогтой Бийн өргөдөл нэхэмжлэлийн дагуу доорх хариу тайлбарыг гаргаж байна.
1. Иргэн Б.Б нь Хт тосгоны Давхар байрны 5 дугаар байрны 1 дүгээр орц... 2 өрөө орон сууцыг суллаж өгөх өргөдөл өгсөн байна. Уг байр нь Захирагчийн ажлын албаны мэдэлд байдаг. Шилжиж болон томилогдон ирсэн төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах зорилготой 2003 онд худалдан авсан. Тосгоны нийтийн эзэмшлийн Давхар байр, дан байрууд нь 1991 онд хувьчлагдсан бөгөөд тухайн үеийн оршин суугчид нь ягаан тасалбараар хувьчилж авсан. Ингээд 30 жилийн хугацаанд иргэд хоорондоо өгч авалцан 4-5 хүн дамжин зарагдсан. Гэтэл сүүлийн үед тухайн байранд амьдарч байгаад оршин суугчдын ягаан тасалбарыг цуглуулан хувьчлах ажилд оролцон, өөрсдийн нэр дээр бүртгүүлэн авсан иргэд болон ах дүү, үр хүүхэд нь тухайн үеийн өмч хувьчлалын комиссын бичгийг үндэслэж Улсын бүртгэлийн хэлтсээс гэрчилгээ гаргуулж, иргэдийг нүүх, байр суллах талаар маргаан гарч байна. Манай хувьд тухайн үеийн өмч хувьчлалын комиссын шийдвэрийг хянан үзэж шалгах саналтай бөгөөд Улсын бүртгэлийн хэлтэс нь нотлох баримт болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгохдоо нотлох баримт болж чадах эсэхэд дүгнэлт гаргаж өгөх
зэрэг саналтай байна.
2. Иргэн Б.Б нь байрыг 8.000.000 сая төгрөгөөр худалдан авах санал тавьсан бөгөөд манай байгууллагын төсөвт худалдан авах хөрөнгө байхгүй болно. Цаашид уг барилга байшинд мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэх саналтай байна. Уг барилга нь модон материалаар 1975 онд баригдаж 46 жил болсон байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч А.Сод-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн Хт тосгоны нийтийн эзэмшлийн 8 айл болон 12 айлын 2 давхар орон сууцнууд мөн 4 айлын 1 давхар орон сууцнууд 1991 онд өмч хувьчлалаар хувьчлагдсан байдаг. Тухайн үед тухайн байранд оршин сууж байсан иргэд өөрсдийн давуу эрхээр өмч хувьчлалын ягаан тасалбараар хувьчилж авсан байдаг. Яагаад нэг хүний нэр дээр бүртгэгдсэн бэ? гэхээр тухайн үед нэг орцонд амьдарч байсан айлуудыг төлөөлж нэг нь тухайн үеийн өмч хувьчлалын дуудлага худалдаанд оролцож хувьчилж авсан байдаг. Орхон аймгийн Архивын тасгаас авсан баримтад тухайн үед дуудлага худалдаанд орсон иргэдийн нэр дээр бүртгэлтэй байгаа учраас ийм асуудал үүссэн. Мөн тухайн өмч хувьчлалаар хувьчилж авсан байртай холбоотой иргэд хоорондын маргаан 3-4 байранд явагдаж байгаа. Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авна гэсэн маргаантай асуудал сүүлийн үед их байгаа.... байрны хувьд 1991 онд нэхэмжлэгч талын аав, ээж ягаан тасалбараар өмчилж авсан. 1992 онд иргэн Ганчимэгт худалдсан байдаг. Тэр хүн одоо амьд сэрүүн байдаг. 2002 он хүртэл амьдарч байгаад 2002 онд манай тосгоны санхүүгийн албаны дарга Эрдэнэбаатар нь Ганчимэгээс 350.000 төгрөгөөр дүүдээ худалдаж авч өгсөн. Дараа нь 2003 оны 09 сард Эрдэнэбаатарын дүү нь өөр газар шилжин ажиллах үед тухайн байрыг захирагчийн ажлын албанд 500.000 төгрөгөөр худалдсан. Төрийн албан хаагч буюу ялангуяа Цагдаагийн албан хаагчдын албан хэрэгцээний байраар 2003 оноос эхлээд ашиглаж ирсэн. Тухайн үед байрыг худалдаж авсан санхүүгийн баримт болоод байрны гэрээ байхгүй юм байна лээ. Данснаас гадуурх бүртгэлтэй байгаа. Энэ байр манай байгууллагад бүртгэлгүй байдаг. Нэхэмжлэгч манайхыг худалдаж авах санал тавьсан боловч төсөв хөрөнгийн боломжгүй тул худалдан авч чадаагүй. Мөн бид улсын бүртгэл болоод захиргааны шүүхэд ямар нэг гомдол гаргаагүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь Булган аймгийн С сумын 3 дугаар баг, Сбүрэн Найрамдал 1 дүгээр гудамж, 101 байр ... орон сууцнаас хариуцагч Булган аймгийн Х сумын Хт тосгоны Захирагчийн ажлын албыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “миний ээж А.Бн нь 1991 онд дуудлага худалдаагаар Булган аймгийн С сумын 3 дугаар баг, Сбүрэн Найрамдал 1 дүгээр гудамжинд байрлалтай ... дүгээр байр, ... нийт 248,4 м2 орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг 34 ширхэг ягаан тасалбараар худалдан авсан ба 1999 онд нас барсан. Ээжийнхээ өмчлөлийн байр гэдгийг мэдээд 2019 онд өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Өөрийн эзэмшлийн... орон сууцыг эзэмшиж, ашиглаж чадахгүй эрх ашиг зөрчигдөж байгаа тул байрнаас албадан чөлөөлүүлнэ” гэж тайлбарлаж байна.
Харин хариуцагч татгалзлын үндэслэлээ “тухайн байрыг захирагчийн ажлын алба 2003 онд 500.000 төгрөгөөр худалдан авсан. Төрийн албан хаагч буюу Цагдаагийн албан хаагч нарын албан хэрэгцээнд 2003 оноос эхлээд ашиглаж байгаа, 30 жилийн хугацаанд иргэд хоорондоо өгч авалцан 2-3 хүн дамжин зарагдсан, маргаантай, тус байрыг манай ажлын алба худалдан авах төсөв байхгүй” гэж тайлбарлажээ.
Алгаагийн Баясгалан нь 1991 онд дуудлага худалдаагаар Булган аймгийн С сумын 3 дугаар баг, Сбүрэн Найрамдал 1 дүгээр гудамжинд байрлалтай .... дүгээр ... тоот нийт 248,4 м2 орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг 34 ширхэг ягаан тасалбараар худалдан авсан байх ба 1999 онд нас барж, охин Б.Бт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. /хх-ийн 18-21/
Нэхэмждэгч Б.Б нь өвлөх эрхийн гэрчилгээний дагуу дээрх маргаан бүхий байрыг өмчлөхөөр Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *********** дугаар бүхий гэрчилгээ олгогдсон байна.
Дээрх байдлаас дүгнэж үзвэл маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь Б.Б болох нь тогтоогдож байх тул тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй байна.
Хариуцагч тал нь тус байрыг 2-3 хүн дамжин зарагдсан, захирагчийн ажлын алба 2003 онд 500.000 төгрөгөөр худалдан авч албаны хэрэгцээнд ашиглаж байгаа гэж тайлбарлаж байх боловч байрыг худалдаж авсан санхүүгийн баримт болоод худалдан авсан тухай гэрээ, хэлцэлгүй, санхүүгийн баримтанд үндсэн хөрөнгөөр бүртгэж аваагүй болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.
Түүнчлэн хариуцагч нь уг маргаан бүхий байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн талаар маргаан үүсгээгүй болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.
Иймд Булган аймгийн С сумын 3 дугаар баг, ... , ... орон сууцнаас Булган аймгийн Х сумын Хт тосгоны Захирагчийн ажлын албыг албадан чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Д овогт Бийн Б -ийн өмчлөлд бүртгэлтэй Булган аймгийн С сумын 3 дугаар баг, Сбүрэн Найрамдал 1 дүгээр гудамж, 101 байр, ... орон сууцнаас хариуцагч Булган аймгийн Х сумын Хт тосгоны Захирагчийн ажлыг албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН