Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/469

 

 

 

    2024           4            17                                       2024/ШЦТ/469

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

 улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгчөөр Ж.Энхтуяа, Г.Гантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Н-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 230803134**** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 20** оны ** дугаар сарын **-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, яс үндэс ***, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл-**, хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо,  **** дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн,

-Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүргийг хүлээлгэсэн, Б овогт Н-н Б /РД: ********/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 8 дугаар сарын 10-наас 12, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар гудамжны ** тоотод байхдаа фейсбүүк цахим орчинд “3310 ALL in” нэртэй мөрийтэй тоглоомын клуб нээн ажиллуулж, ашиг  олох зорилгоор  хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом  зохион байгуулсан гэмт хэрэгт холбогдсон.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед Өвөрхангай аймгийн шүүхээр ороход хохирол төлбөрт 5.000.000 гаран төгрөг төлөхөөр заасан байсан. Түүнийг боломжоороо өгөөд явж байтал шийдвэр гүйцэтгэгч нь хурдан төл гэж яаруулаад байсан ба миний хувьд мөнгөний боломж байгаагүй тул би ийм хэрэг хийсэн. Байнга мөрийтэй тоглоом тоглуулж байгаагүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 8 дугаар сарын 10-наас 12, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо,  ** дугаар гудамжны ** тоотод байхдаа фейсбүүк цахим орчинд “3310 ALL in” нэртэй мөрийтэй тоглоомын клуб нээн ажиллуулж, ашиг  олох зорилгоор  хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом  зохион байгуулсан үйл баримт нь:

1. Гэрч Д.О-н: “...Би тухайн Wercy_X93 гэсэн нэрийг онлайнаар покер тоглоом тоглохдоо ашигладаг. Би 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр онлайнаар “Pokerrrr2” гэх апликейшн ашиглаж 3310 ALL in гэсэн нэртэй клубд орж 5000 төгрөгөөр өөрийн Wercy_X93 гэсэн хаягаар мөнгөө цэнэглэж цахимаар мөрийтэй тоглоомд орж тоглосон. Тэгээд би мөнгөө алдаад тухайн клубээс гарчихсан. Би тухайн үед хаан банкны *** дугаартай Б гэх хүний данс руу мөнгө шилжүүлэн тоглож байсан. Би тухайн покер тоглоомыг зохион байгуулахад ямар нэгэн байдлаар хамтран оролцоогүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

2. Гэрч Б.Х-н: “...Би тухайн Wсоор 1608 гэсэн нэрийг онлайнаар покер тоглоом тоглохдоо ашигладаг. Би 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр онлайнаар "Pokerrrr2" гэх аплилэйшин ашиглаж 3310 ALL in гэсэн нэртэй клубд орж 5000 төгрөгийн ширээнд цахимаар мөрийтэй тоглосон. Тэгээд тоглож хожоод 45.000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** дугаарын данс руу хожсон мөнгөө татаж авсан, тэгээд тухайн клубд дахин орж тоглоогүй. Би тухайн үед Хаан банкны *** дугаарын данстай Б гэх хүний данс руу мөнгө шилжүүлэн тоглож байсан. Тухайн дансны эзэн зохион байгуулж байж болзошгүй гэж бодож байна. Би тухайн покер тоглоомыг зохион байгуулахад ямар нэгэн байдлаар хамтран оролцоогүй, зүгээр орж тоглосон. Би фейсбүүкээр зар харж байхад тухайн клубын талаар мэдсэн бөгөөд тухайн клубэд орж 5000 төгрөгийн ултай ширээнд сууж тоглож байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

3. Хаан банк дахь Н.Б эзэмшигчтэй *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 71-78 дахь тал),

4. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын тоон ул мөр илрүүлэх хэлтсийн шинжээчийн мөрдөгчийн лавлагаа (хавтаст хэргийн 64-67 дахь тал),

5. Шүүгдэгч Н.Б-н: “...Би Pokerrrr2 цахим покэр тоглоомын аппликшин ашиглан зугаагаа гаргаж тоглодог байсан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын эхээр тус аппликшиныг оролдож байгаад шинээр ширээ үүсгэх гэсэн хэсэг рүү нь ороход би өөрөө покер тоглоом зохион байгуулах эрхтэй болсон бөгөөд тус эрхээ ашиглаж өөрөө "33 ALL IN/x3310/" гэсэн нэр өгч CLUB үүсгэж 5000 төгрөгөөр тоглох зориулалт бүхий ширээ үүсгэж хүмүүсийг тоглуулах болсон. Би хэдний өдрөөс тоглуулж эхэлсэн гэдгээ санахгүй байна. 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн Хаан банкны *** дугаарын дансыг ашиглаж мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан нь хамгийн ашигтай өдөр байсан бөгөөд 300.000 төгрөгийн хавьцаа ашиг орлого олсон. Тэгээд хэдэн өдөр тоглуулж байхад миний эзэмшлийн Хаан банкны данс орлогын болон зарлагын гүйлгээ бүгд хийгдэхээ больчихсон. Тэгээд би фэйсбүүкээр мэдээ үзэж байхад Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хүмүүс цагдаад баригдаж байсан учир хууль бус юм хийж байгаагаа мэдээд дахиж тоглуулаагүй. Би Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Зээлийн **** тоот гэртээ байхдаа 2023 оны 8 дугаар сарын 10,12-нд мөн 2023 оны 10 дугаар 04-нд тус тус 3 удаа өөрийн гэртээ байхдаа тоглуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

“Мөрийтэй тоглоом” гэдэгт хоёр буюу түүнээс дээш тооны этгээдийн хооронд буюу эсхүл тоглоомын газрын зохион байгуулагчаас тогтоосон журмын дагуу хонжворын хэлэлцээр бөгөөд мөрийтэй тоглоомын үр дүн нь мөнгөн буюу бусдын эд хөрөнгийн үнэлгээгээр тодорхойлогдох ба ашиг хонжоо олох зорилготой үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна.

Тус гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, ашиг олох зорилготой байдаг бол объектив тал нь олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан идэвхтэй үйлдлийг ойлгоно. Тус гэмт хэрэг нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, шүүгдэгч Н.Б нь 2023 оны 8 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд, мөн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зэрэг хугацаанд "33 ALL IN/x3310/" гэсэн хаягуудаас ашиг олох зорилгоор  хөзөр, бусад эд зүйл ашиглан цахим орчинд мөрийтэй тоглоом тоглуулах замаар нийт 98 тоглолт хийж, өөрийн хаан банкны 5175153564 дугаарын дансаар оролцогч нараас 1.368.500 төгрөгийг шилжүүлэн авч, дансаар нь орж ирсэн мөнгөнөөс 871.200 төгрөгийг хожсон оролцогч тус бүр лүү буцаан шилжүүлж, өөртөө 488.300 төгрөгийн ашиг олсон болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Н.Б-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Н.Б-г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т  6 сарын хорих ял оногдуулах, мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, 3 жилийн хорих ял оногдуулж, энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гантуяа нь  “...Б нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, бусдад хохирол учруулсан зүйлгүй, тэрээр бага насны хүүхэдтэй, багаасаа өнчин өрөөсөн өссөн хүн тул заавал хорих ял оногдуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, эсхүл торгох ял оногдуулах боломжтой юм. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь  3 жил хүртэл хорих ялтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэд хэд гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт  хэмжээ нь  тухайн бүлэгт заасан хорих ялын  дээд хэмжээнээс  хэтэрч болохгүй” гэж заасан атал прокурор нь 3 жилээс дээш хорих ял оногдуулах санал гаргасан нь энэ хуулийн заалтыг зөрчиж байна” гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа нь “...Н.Б нь  үйлдэл дээрээ маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Прокурор нь өмнөх тэнссэн шийдвэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, 3 жилийн хорих ял оногдуулах талаар санал гаргаж байна. Хуль тогтоогч маань тэнссэн хугацаанд санаатай  гэмт хэрэг үйлсэн бол  тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулна гэж заасан атал прокуророос 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар яллаж байгаа нь хир үндэслэлтэй вэ. Улмаар ялын тооцоо гэсэн зүйлийг хийж ирсэн, энэ нь хорих ялын тооцоо биш. Мөн Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүх болон Сонгинохайрхан дүүргийн шүүх нь статусын хувьд ижилхэн түвшний шүүх.  Тэгэхээр Сонгинохайрхан дүүргийн шүүх нь Өвөрхангай аймгийн шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь 4 төрлийн санкцтай. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь хөнгөн төрлийн ангилалд хамаарч байгаа учруулсан хохирлын хувьд бага хэмжээ болон үлэмж хэмжээний аль алинд нь орохгүй байгааг анхаарч эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх зүйтэй байх” гэсэн саналыг,

Шүүгдэгч Н.Б нь “гэмшиж байна, ахиж гэмт хэрэгт холбогдохгүй” гэсэн санал, дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулж буй ял, албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгжих ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан  хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэм буруутай этгээдийн  хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Шүүгдэгч Н.Б-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нь шунахай сэдэлтийн улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, мөн нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал /өмнө нь 2 удаа гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ч гэмшиж ухаараагүй, ажил хөдөлмөр эрхэлдэг,  орлого олдог талаарх баримтгүй/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Б өмнө нь Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүргийг хүлээлгэсэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдсон. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж хууль тогтоогчоос хуульчилсан.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолын 2,3 дахь заалтыг хүчингүй болгож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч Н.Б-н хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон асуудал байхгүй ба харин  тус шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтад заасны дагуу шийдвэрлэж байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяагийн гаргасан “ижил шатны шүүх бие биеийнхээ гаргасан шийдвэрийг хүчингүй болгох эрхгүй” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэд хэд гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт  хэмжээ нь  тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай  гэмт хэргийн хорих ялын  дээд хэмжээнээс  хэтэрч болохгүй” гэж заасныг тухайн зүйл, хэсэгт заасан ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй хэмээн хязгаарлан ойлгож хэрэглэх боломжгүй тул өмгөөлөгч Г.Гантуяагийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Мөн шүүгдэгч Н.Б-н хувьд, өмнө 2 удаа ял шийтгэгдэхдээ хорих ял оногдуулж, улмаар хорих ялаас  хугацаанаас өмнө суллагдаж байсан удаагүй байх тул прокурорын гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэх тухай” дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “хорих ялаас  хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын  хугацаанд санаатай  гэмт хэрэг үйлдсэн бол шүүх  эдлээгүй  үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт  оногдуулсан  ялыг  энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж заасан байна.

Шүүгдэгч Н.Б нь тус хэргийг үйлдэж  488.300 төгрөгийн ашиг олсон болох нь түүний эзэмшлийн хаан банкны дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-н гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 488.300 төгрөгийг шүүгдэгч Н.Б-с албадан гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 1.4 дэх заалтад зааснаар хар өнгийн гар утас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т 720 (долоон зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын 2,3 дахь заалтыг хүчингүй болгож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9 (ес) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 (нэг) жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-н гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 488.300 (дөрвөн зуун наян найман мянга гурван зуу) төгрөгийг шүүгдэгч Н.Б-с албадан гаргуулж улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хар өнгийн гар утас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ