Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 133/ШШ2020/00887

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, 000 хороо, 000 гудамж, 000 тоотод оршин суух, М овогтой Э-ийн М-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Г аймгийн И баг, 000 тоотод оршин суух, С овогтой Ж-ын Б-д холбогдох,

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.М, хариуцагч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э-ийн М нь 1990 оны 05 дугаар сарын 23-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн. Нөхөр болох Ж-ын Б-тэй 2005 онд танилцаж 2006 онд гэр бүл болсон. Баярхүүтэй амьдарч байх хугацаанд том охин Б.Бадамхатан 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, бага охин Сүнжидмаа  2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн. Эхний 2005 онд танилцаж хамтран амьдарч байх хугацаанд архи уудаг. Намайг зодож цохиж дээрэлхдэггүй байсан. 2006 оноос хойш зодож хэл амаар доромжилж архидан согтуурч эхэлсэн. Би энэ бүгдийг чимээгүй л өнгөрөөдөг байсан. Сүүлдээ Ж.Б-ийн хажууд амьдарч байж суухын аргагүй болоод салсан. Бидний амьдрал 2005 оноос 2012 он хүртэл үргэлжилсэн байдаг. Ж.Б-д зодуулж амьдарч байхдаа хамраа хугалуулж тархиндаа гэмтэл авч оёдол тавиулж байсан. Эмнэлэгт хагалгаанд ороод гарч ирээд шарх эдгээгүй байхад хагалгаан дээр өшиглөж зодож дэвсээд оёдлыг нь задалж байсан. Миний өвөө шиг хүнийг гэрт таксидаж авч ирээд намайг янхан минь наад хөгшинтэйгээ унтаад таксины мөнгө төл гэж хүртэл зодож байсан. Ес эхэлсэн хүйтнээр юутай ирсэн гуйлгачин бэ гээд бүх хувцсыг минь тайлж шатаагаад хөл нүцгэн хөөгөөд гаргадаг байсан. Хоёр хүүхэдтэй минь гэрийн гаднаас гал хүртэл асааж байсан. 2012 онд бид хоёр салахад би хот явсан юм. Том охин Б.Бадамхатаныг аваад явсан. Ж.Б-д бага охин Б.С-г үлдээгээд явж байсан. Араас Улаанбаатар хотод хүрээд ирэх болов уу гэж зөндөө харсан. Ингээд бид хоёрын амьдрал дуусгавар болж Ж.Б Б.С охинтой, харин би том охин Ж.Бадамхатантай амьдрах болсон. Энэ хугацаанд Б.Баярхүү том охинтойгоо уулзаж утсаар ярьж холбоо барьдаггүй байсан. Би бага охинтойгоо ирж уулзаж утсаар ярьдаг байсан. Ж.Б нь эвлэрүүлэн зуучлах хурлаар орохдоо охин Б.С-г миний асаргаанд өгөхгүй гэж хэлсэн. 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Ж.Б намайг чулуугаар цохиж толгой хагалж биеийг минь хөх эрээн болтол зодож хэл амаар доромжилж хүндээр гэмтээсэн. Үүнээс болон урьд урьдын хүчирхийллээс болж салсан гэдгийг өөрөө мэдэж байгаа болов уу гэж бодож байна. Миний бие тэжээж чадахгүй болохоороо хүүхдээ хаяад яваагүй шүү. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж Б.С охиныг миний асрамжид өгч гэрлэлтийг цуцалж, Бадамхатан, Сүнжидмаа нарыг насанд хүртэл хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоолгож хоёр охиныг минь албан ёсоор миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ж овогтой Б 1978 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Г аймгийн Е сумд төрсөн. Э овогтой М-тэй 2005 онд танилцаж, 2006 онд гэр бүл болсон. Э.М-тэй амьдарч байхад том охин 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б.Б, 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бага охин Б.С нар төрсөн. 2005 онд амьдарч байх хугацаанд бид хоёр сайхан амьдарч байсан. 2006 онд би өөрөө бага зэрэг архи уудаг байсан. Тэгээд би нэг их зодож байгаагүй. Би хагалгаанд ортол зодож байгаагүй. Би группын мөнгө авдаг байсан тэр мөнгөөр амьдардаг байсан. Би Хас банкнаас 1.500.000 төгрөгийн зээл авсан. 2012 онд бас нэг залуутай яваад алга болоод манай ээж хайж яваад цагдаад хүртэл өгч байсан. Тэр хүнээс хүүхэдтэй болоод дутуу төрж байсан. Харин тэр хүн нь цагдаа болж манайд шөнө унтаж байхад ирээд намайг чирж гаргаад зодоод байж байсан чинь Э.М гараад явсан байсан би хоёр хүүхэдтэйгээ би үлдсэн байсан. Намайг алтанд явж байхад миний араас очоод цуг ажиллаж байсан хүнтэй хэрэлдээд миний толгойг чулуугаар хагалж хаяад явсан. Тэгээд нэг хүүхэд аваад, нэг хүүхдийг маань эгчид үлдээгээд би мах аваад ирье гээд худлаа хэлээд хотруу явсан байсан. Ийм учраас би гэр бүлээ цуцлуулна. Харин би  бага охиноо өсгөж одоо болтол авч явсан юм чинь өгөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, охин Б.Б, Б.С нарыг өөрийн асрамжид авах, тэдэнд тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Э.М, хариуцагч Ж.Б нар нь 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбараар, тэдний дундаас 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, охин Баярхүүгийн Бадамхатан, 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Б-ийн С нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбарууд болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Зохигчид хоорондоо таарч тохироогүйн улмаас 2012 оноос тусдаа амьдарсан байх бөгөөд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан байх боловч амжилтгүй болсон болох нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 130 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Мөн гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байх бөгөөд 8 жил тусдаа амьдарсан байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д зааснаар нэхэмжлэгч Э.М, хариуцагч Ж.Б нарын гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Охин Б.Б нь гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс, охин Б.С нь 2020 оны 05 дугаар сараас эхийн асрамжид байгаа болон мөн ахуй нөхцөл, эхийн хайр, анхаарал халамж, ээнэгшсэн орчин, Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан хүүхдүүдийн асрамжийг салган тогтоох нь зохисгүй гэж үзэн тэднийг эх Э.М-ийн асрамжид үлдээх нь үндэслэлтэй байна.

Шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй, гэрлэлт цуцлагдсан ч эцэг байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдана.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар шүүх хүүхдүүдийн эрх, ашгийг хамгаалах үүднээс 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, охин Б-ийн Б, 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Б-ийн С нар хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг С овогтой Ж-ын Б-ээр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь Э.М нь хариуцагч Ж.Б-ээс эд хөрөнгө нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 248.406 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 248.406 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.М-т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5,  Гэр  бүлийн   тухай   хуулийн   14   дүгээр   зүйлийн   14.1   дэх   хэсэгт   зааснаар С овогтой Ж-ын Б, М овогтой Э-ийн М нарын Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 173 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, охин Б-ийн Б, 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Б-ийн С нарыг эх Э-ийн М-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, охин Б-ийн Б, 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Б-ийн С нарыг 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг С овогтой Ж-ын Б-ээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Ж.Б-ээс эд хөрөнгө нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.М-т даалгасугай.

6. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Ж.Б нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Ж.Б-г эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 248.406 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 248.406 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.М-т олгосугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь  хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                                

 

ДАРГАЛАГЧ                              Ц.ҮЙТҮМЭН