Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00009

 

 

     С.А, А.Днарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч: А.Д,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ч.Будхүү,

Нарийн бичгийн дарга: Б.Болд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолтой С.А, А.Днарт холбогдох 1938008970096 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүүгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Цагаан гэрт овогт С.А, 1959 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд 1995 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар шийтгүүлж байсан /регистрийн дугаар РЕ59041274/,

 Монгол Улсын иргэн, Цагаан гэрт овогт А- н Д, 1984 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд  Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан /регистрийн дугаар РЕ84080271/.

Шүүгдэгч С.А  нь 2019 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Айргийн эмнэлэг гэх газраас 1.7 куб.метр мод хууль бусаар бэлтгэж ойн санд 102,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Д нь шүүгдэгч С.Агийн хууль бусаар бэлтгэсэн 1.7 куб.метр модыг гарал үүслийн гэрчилгээгүй Мөрөн сум руу тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Цагаан гэрт овогт С-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц гэрт овогт А-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-ийн А, А-ийн Д нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, А.Д нар нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч С.А, А.Д нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.А, А.Д нарын хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 1.7 м.куб хэмжээтэй, 102,000 /нэг зуун хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний хуурай шинэс модыг хураан авч, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дас 60,000 /жаран мянга/ төгрөгийг гаргуулж шинжээч Б.Мядагмаа /РЭ58020801/-д олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А гээс 306,000 /гурван зуун зургаан мянга/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газарт олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Киа Серес” маркийн 90 82 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч А.Дас гаргуулж улсын орлогод оруулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А, А.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү давж заалдах гомдолдоо: ...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч С.А . А.Д нарыг “зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн”, ”гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжээр торгох ял оногдуулж, байгаль экологи-эдийн засагт учруулсан хохирол 306,000 төгрөгийг А-ээс, үнэлгээний хөлс 60,000 төгрөгийг А.Дас тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн ба гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь Дашдагвын эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дас тээврийн хэрэгслийн үнэ болох 3,500,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулахаар заасан байхад анхан шатны шүүх дээрх заалтыг журамлаж миний үйлчлүүлэгчээс тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь уг тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого биш, мөн Д-с гаргуулах хохирол байхгүй тухай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан хирнээ ийнхүү шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

3.Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Хууль тогтоогчид гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл, олсон орлогыг заавал албадан гаргуулж улсын орлогод оруулах шаардлагатай гэж үзвэл хохирол төлбөр төлөхөд зарцуулж, илүү гарсныг улсын төсөвт оруулж болохоор Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан гэжээ. Хуулийн дээрх заалтад гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг албадан гаргуулж, улсын орлогод оруулна гэсэн үг, үсэг огт байхгүй байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх бас нэг үндэслэл болж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тогтоолын 9 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч хохирлоо төлсөн байх ба шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах эсэхийг шүүх шийдвэрлэх байх гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч С.А нь 2019 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Айргийн эмнэлэг гэх газраас 1.7 куб.метр мод хууль бусаар бэлтгэж ойн санд 102000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Д нь шүүгдэгч С.Агийн хууль бусаар бэлтгэсэн 1.7 куб.метр модыг гарал үүслийн гэрчилгээгүй Мөрөн сум руу тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж,  бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж үзсэн нь үндэслэлтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж, эрх зүйн байдлыг нь дордуулсан, ...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:

Шүүгдэгч А.Д нь хууль бусаар бэлтгэсэн 1.7 куб.метр модыг гарал үүслийн гэрчилгээгүй Мөрөн сум руу тээвэрлэхдээ “Киа Серес” маркийн 90-82 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан, уг тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийн эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...албадан гаргуулна.” гэж, мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж  ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заасан. Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгох, хэрэв уг тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдвол тээврийн хэрэгслийг үнэлж, шүүгдэгчээс гаргуулахаар зохицуулсан байна. Иймд шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйл /Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ/, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйл /Шударга ёсны зарчим/-д  нийцсэн гэж үзнэ.

Түүнчлэн шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүүгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоол шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл  давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                             Л.ЭРДЭНЭБАТ

                                                                        Б.СОСОРБАРАМ