| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2020/00885/и |
| Дугаар | 133/ШШ2021/00035 |
| Огноо | 2021-01-11 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 133/ШШ2021/00035
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Дарив сумын 3 дугаар баг, Жавхлантад оршин суух, Х овогтой Н.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ГАА-ийн Д сумын ЭМТ-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.А, түүний өмгөөлөгч Ж.М, хариуцагчийн төлөөлөгч Н.Ц, түүний өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 10 дугаар сарын 16-нд Дарив сумын эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчаар ажилд орж байсан. Миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, намайг ажилд ороход ерөнхий эмч Алтантуяа байсан. Алтантуяа эмч жирэмсний амралтаа аваад түүний оронд Н.Ц эмч томилогдон ажилласан цагаасаа намайг ажил хийлгэхгүй янз бүрийн өө хайж, элдэв үгээр хэлж, удаа дараа үндэслэлгүйгээр сахилгын арга хэмжээ авч, ажлаас чөлөөлж байсан юм. Ингээд би 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрээр ажилдаа буцаад орж байсан. Энэ үеэс хойш байнга дарамтанд ажиллах болсон. Надад сахилгын арга хэмжээ авч, үндэслэлгүйгээр цалингаас суутгал хийж байсан талаар нь дахин шүүхэд хандсан. Шүүхээс үндэслэлгүйгээр сахилгын арга хэмжээ авч, цалингаас суутгал хийсэн байна гэж үзсэн. Энэ хүн уурлаж надаас өө хайж, янз бүрийн үгээр доромжлон ажлаас чөлөөлөх шалтаг хайж удаа дараа ажлаас чинь чөлөөлнө гэж занах болсон юм. Ингээд намайг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дахин ажпаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн юм. Намайг 3 дахь удаагаа чөлөөлж байна. Миний бие ажилдаа эргэн орох хүсэлтэй байна. Иймд Н.А намайг ГАА-ийн Д сумын ЭМТ-д багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагыг төлөөлж Н.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хэргийн хариуцагч ГАА-ийн Д сумын ЭМТ-ийн даргаН.Ц миний бие нэхэмжлэгч Н.А ийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа ГАА-ийн Д сумын ЭМТ-д багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргажээ. Мөн нэхэмжлэлдээ намайг нэхэмжлэгчээс өө хайдаг, хэл амаар доромжилдог ажлын байрны дарамт үзүүлдэг ажлаас чөлөөлөх шалтаг хайж ажлаас чөлөөлсөн гэжээ. Ажил олгогч миний хувьд нэхэмжлэгчид ямар нэгэн байдлаар ажлын дарамт үзүүлж шалтаг хайж ажлаас чөлөөлсөн зүйл байхгүй. Тэр доромжилсон занасан зүйлийг нотлох баримтаар нотлохыг хариуцагчийн хувьд шаардаж байна. Нэхэмжлэлийн утга нь энэ хүн надад өс санаж явсаар намайг ажлаас чөлөөлсөн гэдэг байдлыг ойлгуулах гэж хичээсэн бололтой тийм зүйл байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 743 дугаартай албан бичиг ирсэн. Уг албан бичигт Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийг удирдлага болгож хангаж ажиллах талаар мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Тус мэдэгдлийн дагуу ажилчдын хавтас бүхий хувийн хэрэг, ажлын байрны тодорхойлолттой танилцаж хяналт хийхэд багийн эмчээр ажилладаг Н.А нь эх баригч дипломтой, эх барих эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй, эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй, сувилагч Ч.А нь бага эмч, сувилагч дипломтой, эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй байсан. Н.А нь эх барихын зөвшөөрлийн гэрчилгээтэй байгаа нь тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй, өөрт нь шаардлага хангаж сургалтад хамрагдах, шалгалт өгөх боломж байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Энэ нь нэхэмжлэгч бага эмчийн ажлыг хийх эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй байж ард иргэдэд эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлж байгаа нь хүний амь нас эрүүл мэндэд хохирол аюул учруулах эрсдэлтэй. Ажилтан өөрөө боловсролоо дээшлүүлэн эмчлэх эрхийн зөвшөөрөл авах ёстой. Гэтэл эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр бага эмчийн ажил үүргийг гүйцэтгэж байгаа нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ноцтой зөрчилд тооцогдохоор байгаа тул 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг гаргаж ажлаас чөлөөлсөн. 2013 онд ажилд орсон, 3 дахь удаагаа ажлаас чөлөөлж байна гэсэн үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Өмнө 1 удаа ажлаас чөлөөлсөн. Чөлөөлсөн шалтгаан нь Эрүүл мэндийн сайдын алдаа зөрчилгүй ажиллах хуудас дээр ажлын байрны алдаа зөрчил гаргасан учраас чөлөөлсөн. Шүүхийн шийдвэрээр эргэж ажилдаа орсон. Нэхэмжлэгч эх баригчийн дипломтой, эх барих үйл ажиллагааны зөвшөөрөлтэй. Тийм учраас Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтыг үндэслэн зөвхөн зөвшөөрөл олгосон чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой байтал бага эмчийн тусламж үйлчилгээг багийн иргэдэд үзүүлж байгаа учраас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Ер нь ажилтан өөрийн диплом, эмчлэх эрхийн зөвшөөрөл авахаар цаашид суралцаж мэдлэг мэдээллээ дээшлүүлж байж ажлын байранд заасан чиг үүргийг гүйцэтгэх ёстой байдаг. Тийм шаардлагын үүднээс эмчлэх эрхийн лицензтэй байна гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан боловч нэхэмжлэгч хүлээн аваагүй. Тиймээс ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Н.А ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Н.А нь ГАА-ийн Д сумын ЭМТ-д холбогдуулан багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
ГАА-ийн Д сумын ЭМТ-ийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/23 тоот тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Н.А нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Н.А нь ГАА-ийн Д сумын ЭМТ-д багийн эмчээр ажиллаж байсан болох нь ГАА-ийн Д сумын ЭМТ-ийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/23 дугаартай багийн эмч Н.А-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2020/00580 дугаартай шийдвэр, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.
ГАА-ийн Д сумын ЭМТ-ийн дарга нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/23 тоот тушаалаар “...Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлнэ” гэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-т “хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан” гэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т “ажил олгогч санаачилсан” гэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан зөөсөн ноцтой зөрчил гаргасан” гэх, ГАА-ийн Д сумын ЭМТ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.8.4-т “эмчлэх, сувилах, эх барих, эм барих эрхийн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан бол, өөрийн зөвшөөрлөөс бусад чиглэлд тусламж үзүүлсэн бол, хүний амь нас, эрүүл мэндэд аюул хохирол учруулсан бол” гэх, 11.2.13-т эмнэлгийн мэргэжилтэн нь эмчлэх, сувилах, эх барих, эм барих буюу өөрийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн зөвшөөрлөөс бусад чиглэлд үйл ажиллагаа явуулсан болон хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчилд тооцсон эмчилгээ, тусламж үйлчилгээний стандарт зөрчиж эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй тусламж үйлчилгээ явуулсан бол...” гэх үндэслэлүүдээр чөлөөлжээ.
Ажил олгогч нь ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан болохыг нотлох үүргийг хүлээх бөгөөд хариуцагч нь “...Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 743 дугаартай албан бичиг ирсэн. Уг албан бичигт Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийг удирдлага болгож хангаж ажиллах талаар мэдэгдэл ирүүлсэн. Үүний дагуу ажлаас чөлөөлсөн. Эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр багийн эмчийн ажил үүргийг гүйцэтгэж байгаа нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ноцтой зөрчилд тооцогдохоор байгаа тул 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг гаргаж ажлаас чөлөөлсөн. ..” гэж тайлбарлаж маргаж байна.
Нэхэмжлэгч Н.А-ийг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай шийдвэрээр ГАА-ийн Д сумын ЭМТ-ийн сувиалагчийн ажилд эгүүлэн тогтоогдсон байхад 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/16 дугаартай тушаалаар багийн эмчээр томилсон болох нь шүүхийн шийдвэр, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл болох Эрүүл мэндийн тухай хуулийг 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдөр баталж, мөн өдрөөс дагаж мөрдсөн, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “...эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлнэ...” гэж заасан байх бөгөөд уг хэсгийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулжээ. Нэхэмжлэгчийг багийн эмчийн ажилд томилоход Эрүүл мэндийн тухай хуулийн уг зүйл нь хүчин төгөлдөр үйлчилж байсан байна.
Өөрөөр хэлбэл ажилтан өөрөө хүсэлт гаргаагүй, өөрийнх нь хүсэл зоригоос үл хамааран ажил олгогч нь нэхэмжлэгч Н.А-ийг багийн эмчээр томилохдоо дээрх хуулийг зөрчиж багийн эмчийн ажилд томилоод мөн энэ үндэслэлээрээ ажлаас чөлөөлсөн нь буруу юм.
Ийнхүү багийн эмчээр томилохдоо түүнийг дээрх хуульд заасан ажлын байрны шаардлагад нийцүүлж хөрвөхийг даалгасан баримтгүй, хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тусгаж албажуулаагүй байх буюу ийнхүү албажуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Тодруулбал ажил олгогчийн хууль зөрчсөн шийдвэрээс ажилтны эрх ашиг хөндөгдсөн гэж үзэхээр байна.
Мөн хариуцагч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэсэн ба дотоод журмын 8.8.4, 11.2.13-д заасан зөрчлийг гаргасан гэх боловч дотоод журмын уг заалтуудыг хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцох талаар хөдөлмөрийн гэрээндээ тухайлан заагаагүй байна. Нөгөө талаар дээрх заалтуудад дурдсан нөхцөл байдал нь ажил олгогчийн өөрийнх нь шийдвэрийн үр дагавар болсон байна.
Ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хэргийн маргааны зүйл болж байгаа ба энэхүү тушаал нь үндэслэлтэй гарсан болохоо хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н.А-ийг урьд эрхэлж байсан ажил болох ГАА-ийн Д сумын ЭМТ-ийн багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…олгоно...” гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох”-оор тус тус заасан тул ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцохдоо 0813563 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарт бичигдсэн сүүлийн бичилт нь 2020 оны 8, 9, 10 дугаар сарууд байх бөгөөд эдгээр саруудын бичилтээс 1 сарын цалингийн дунджийг тооцоход 753.668 + 886.530 + 886.530 = 2.526.728 : 3 сар = 842.242 : 21.5 = 39.174 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч Н.А-ийн ажилгүй байсан хугацааг 2020 оны 11 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх ажлын 47 өдрөөр тооцож олговорт 1.841.178 /нэг сая найман зуун дөчин нэгэн мянга нэг зуун далан найман/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Ажил олгогчийн ажилтаны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/23 тоот тушаалын үндэслэлийн талаар талууд маргасаны улмаас шүүхээс нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бөгөөд ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажил олгогч ажилтаны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Н.А-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ГАА-ийн Д сумын ЭМТ-д даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 44.409 /дөчин дөрвөн мянга дөрвөн зуун есөн/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжтид нийт 114.609 /нэг зуун арван дөрвөн мянга зургаан зуун есөн/ төгрөгийг хариуцагч ГАА-ийн Д сумын ЭМТ-өөс гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х овогтой Н.А-ийг ГАА-ийн Д сумын ЭМТ-ийн багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ГАА-ийн Д сумын ЭМТ-өөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.841.178 /нэг сая найман зуун дөчин нэгэн мянга нэг зуун далан найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А-т олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 1.841.178 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 44.409 /дөчин дөрвөн мянга дөрвөн зуун есөн/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид нийт 114.609 /нэг зуун арван дөрвөн мянга зургаан зуун есөн/ төгрөгийг хариуцагч ГАА-ийн Д сумын ЭМТ-өөс гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН