Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 133/ШШ2021/00047

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У хотын С дүүрэг, 00 дүгээр хороо, Р 0-0 тоотод оршин суух,  Ж овогтой Ш-ын Г-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Г аймгийн Е сумын Б багийн 0-0 тоотод оршин суух, Г.Х-д холбогдох,

Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Г шүүх гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Х бид хоёр 2010 онд хуулийн дагуу салсан. Салахдаа хүү Г.Г-ийг Ш.Г би авч , охин Г.Н-ыг ээж Г.Х авч салсан. Тэр цагаас хойш Г.Х хоёр хүнтэй суусан. Охиныг маань сайн асарч хамгаалж чадаагүй. Охин маань аав, ах хоёр дээрээ ирнэ гээд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ ирсэн. Одоо охин Г.Н У хот С дүүрэг 0 дүгээр хороо 0 дүгээр сургуульд сурч байгаа. Одоо асран хамгаалагчаар хуулийн дагуу охин Г.Н-ыг өөр дээрээ авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Г.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г овогтой Х миний бие 1985 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Гуулин тосгонд төрсөн. Одоо миний бие Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 0-0 тоотод амьдран суудаг. Г.Х миний бие өөрийн салсан нөхөр болох Ш.Г-аас 1 охинтой охин маань одоогийн байдлаар өөрийн эцэг болох Ш.Г-тай хамт амьдардаг. Охин Г.Н маань өөрийн эцэг болох Ш.Г-тай хамт амьдрах хүсэлтэй тул миний бие хүлээн зөвшөөрч байна. Мөн охины маань эцэг Ш.Г хуулийн дагуу охиныхоо хууль ёсны асран хамгаалагч болох хүсэлтэй байгаа тул Г.Х миний бие Ш.Г-ийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Г нь хариуцагч Г.Х-д холбогдуулан охин Г.Н-ын асрамжийг өөрчлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 553 дугаартай шүүхийн шийдвэрээр Г.Хүрэлмаа, Ш.Г нарын гэрлэлтийг цуцалж, хүү Г.Г-ийг эцэг Ш.Гүррагчаагийн, охин Г.Н-ыг эх Г.Х-ийн асрамжид үлдээж шийдвэрлэжээ.

Хэдийгээр охин Г.Н-ыг эх Г.Х-ийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн боловч охин Г.Н нь одоо эцэг Ш.Г болон ах Г.Г-ийн хамт амьдарч, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 121 дүгээр бүрэн дунд сургуульд суралцаж байгаа болох нь У хотын С дүүргийн 00 дүгээр хорооны Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 542 дугаартай тодорхойлолт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр бүрэн дунд сургуулийн сургалтын менежерийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “охины маань эцэг Ш.Г хуулийн дагуу охиныхоо хууль ёсны асран хамгаалагч болох хүсэлтэй байгаа тул Г.Х миний бие Ш.Г-ийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг ирүүлсэн, хүүхдийн асрамж өөрчлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, маргаангүй байх тул Г.Н-ын асрамжийг өөрчилж, эцэг Ш.Г-ийн асрамжид үлдээх  үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж өөрчлөх шаардлагын хамт, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлээгүй боловч хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээнэ гэж тус тус заасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2004 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, хүү Г-ийн Г, 2006 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, охин Г-ийн Н нарт хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эх Г-ийн Х-аар тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу сар бүр хариуцагч Г.Х-аас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч уг тэтгэлгийг авах эсэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд зохигчид тохиролцож болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Зохигчид нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан  байх  тул  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар тэднийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Г-д олгох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр  бүлийн   тухай   хуулийн   14   дүгээр   зүйлийн   14.5   дахь   хэсэгт   зааснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 553 дугаартай шүүхийн шийдвэрээр 2006 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Г-ийн Н-ыг эх Г-ийн Х-ийн асрамжид үлдээсэн асрамжийг өөрчилж, эцэг  Ж овогтой Ш-ын Г-ийн  асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2004 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, хүү Г-ийн Г, 2006 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, охин Г-ийн Н нарыг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эх Ж овогтой Г-ийн Х-аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Гүррагчаад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь  хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                                

 

ДАРГАЛАГЧ                              Ц.ҮЙТҮМЭН