Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/435

 

 

 

 

 

 

2024         04         22                                         2024/ШЦТ/435

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч Т.Г, Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г, Б.О нарт холбогдох эрүүгийн 2306 02556 0336 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ..................... боловсролтой, биологич мэргэжилтэй, Чингис караокед зөөгч ажилтай, ам бүл 2, найз залуугийн хамт Баянзүрх дүүргийн ............................ оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ................

2. Монгол Улсын иргэн, 1..................... бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингис караокед зөөгч ажилтай, ам бүл 2, найз охины хамт Баянзүрх дүүргийн .........................оршин суух, улсаас авсан шагналгүй,

.................................................

Хэргийн товч агуулга:

Б.О нь Т.Гтай бүлэглэн, 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингис караокены хажууд байх Нийтийн караоке-д хохирогч М.Мөнхцэцэгтэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт нэг удаа цохиж, биед нь тархи доргилт, толгойн хоёр талын чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд халзрал, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн чихний сувгийн амсарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Т.Г нь Б.Отай бүлэглэн, 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингис караокены хажууд байх Нийтийн караоке-д хохирогч М.Мөнхцэцэг үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт нэг удаа цохиж, биед нь тархи доргилт, толгойн хоёр талын чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд халзрал, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн чихний сувгийн амсарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Б.О нь Н.Ганчөдөртэй бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис” караокед иргэн А.Баттөгсийг зодож, түүний биед хоёр талын нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний булгартал, буйл, баруун бугалгын цус хуралт, духны зулгаралт бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г өгсөн мэдүүлэгтээ: “Би тэр өдөр ажлаа хийгээд байж байсан. Нэг хүн утас алга болсон талаар асуудал гараад цагдаа нар ирээд би камерын бичлэг шүүж байсан. Гэтэл Мөнгөнцэцэг өөрөө ирээд маргаад намайг үстээд, намайг алгадаж аваад байсан. Цагдаа нар болиулаад ширээнд нь суулгасан. Би камерын бичлэг шүүж өгөөд, цагдаа нар явсан. Гэтэл текэн дээр Мөнхцэцэг буцаж ирээд тооцоо хийж байгаад, маргалдаад байхаар нь би ширээн дээр оч гэж хэлсэн чинь ширээ рүү явсан. Гэтэл текэн дээр ирээд хэрэлдээд байсан. Тэгээд О амралтын өрөөнөөс гарч ирээд юу болоод байгаа юм гээд гараад ирсэн. Тэгээд Мөнгөнцэцэг намайг алгадсан. Тэгээд Мөнхцэцэг дахиад алгадах гээд гараа далайхад нь О гарыг нь бариад боль гэж хэлсэн. Би боль гээд очоод Мөнхцэцэгийг цаашаа ширээн дээр очоод суучих гээд түлхсэн чинь миний шилийг унатал намайг дахиад алгадсан. Тэгээд би алгадуулаад сонин болоод байж байхад өөрөө эхлээд намайг үстээд авахаар нь биеэ хамгаалах байдлаар хариу үйлдэл гаргасан. Бид хоёр харилцан тийм зүйл болсон. Тэгээд цагдаа дуудсан чинь цагдаа ирээд Мөнхцэцэг, гэрч Аззаяагийн хамт аваад явсан. Мөнгөнцэцэгийг өөрөө мөн Аззаяа алгадсан байж цагдаа дээр очоод бид хоёрыг нийлж зодсон гэж мэдүүлэг өгсөн байсан Энэ хэрэг 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр болсон. Хэргийн талаар би цагдаа дээр очоод мэдүүлэг өгье гэхэд намайг авч яваагүй. Анх цагдаа дээр дуудахдаа 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дуудсан. 4 дүгээр сараас хойш явсаар байгаад. Би энэ хэрэг цагдаа дээр яваад байгааг мэдээгүй. Би гэнэт цагдаа дээр дуудахаар 11 дүгээр сард шүүх шинжилгээнд үзүүлнэ гэж хэлэхгүй. Надад учирсан гэмтэл эдгэрсэн байгаа...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Баттөгс гэдэг хүний биед хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хамт байсан Алтанбагана хохирол төлбөр төлсөн. Алтанбагана би ганцаараа хохирол төлбөр төлнө гэж хэлж байсан. Алтанбагана тэр мөнгийг авахгүй гэж хэлсэн...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.15-16/,

          Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.17-21/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Мөнхцэцэгийн өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 14-ний 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Чингис нэртэй караокены хажуу талд үйл ажиллагаа явуулдаг нэрийг мэдэхгүй бааранд ээж З.Цасанхүү /80288183/, хамаатны эгч Бишээ /80853003/ нарын хамт орж, тус бүрийн хоёр ширхэг ESSA нэртэй 0.5 литрийн шилтэй пиво ууж хоорондоо ярилцаж байхад Бишээ эгч гэр лүүгээ харихаар болсон, гаргаж өгчхөөд буцаж орж ирээд ууж байсан пивыг дуусгачхаад нийтийн караокед 3 дуу дуулчхаад тооцоог хийхээр тек рүү очиж тооцооны хуудсыг авчхаад ширээн дээрээ буцаж ирээд суухад текний эмэгтэй ирээд “чи ингэж явах хэрэг байна уу” гэж асуухаар нь “яасан юм бэ” гэж асуухад “өмнө нь орж ирэхдээ манай нөхрийг дагуулаад авч явсан байна” гэж хэлэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ? хэн тэгээд байна” гэж асуухад “манай нөхөр чамайг эхнэртээ хэлэхгүй, нууцаар явалдъя” гэж хэлсэн гэж хэлэхээр нь “чи юу яриад байгаа юм, би нөхрийг чинь танихгүй, юу гэж тэгж хэлэх юм, би нөхөртэй” гэж маргалдаж байхад цагдаа нар орж ирээд нөгөө эмэгтэй тек рүүгээ явсан ба цагдааг гарч явсны дараа тек хэсэг рүү очиж үлдэгдэл 14000 төгрөгийн тооцоог өгөхөд нөгөө эмэгтэй “одоо гараад зайл” гэж хэлэхэд нь “чи юу ойлгосон гэж олон хүмүүсийн хажууд доромжлоод байгаа юм” гэж хэлээд доош тонгойх үед зүүн талын чих хэсэг руу нэг удаа алгадаж авахаар нь хажууд нь зогсож байсан нөхрийг нь цохисон гэж бодоод “яагаад намайг цохиж байгаа юм” гэж асуухад эхнэрээ өмөөрч “одоо гараад зайл” гэж хэлээд үснээс зулгааж доош дарж байхад эхнэр нь гарч ирээд хоёулаа нийлээд зүүн хавирга хэсэг рүү өшиглөж, нуруу цээж хэсэг рүү гараараа цохиж байсан ба миний хувьд доош тонгойж байсан болохоор сайн анзаарч хараагүй. Уг маргаан болж байхад тухайн газарт үйлчлүүлж байсан хүмүүс салгасан ба салгах үед нь “та нар яасан гэж зодож байгаа юм” гэж хэлээд өөрийн гар утсаа тек хэсэг рүү шидэхэд нөгөө эмэгтэй ирээд “чамайг зодоход яадаг юм” гэж хэлээд хоёр хацар хэсэг рүү алгадаж авахаар нь зөрүүлээд 1 удаа зүүн хацар хэсэгт нь алгадахад нөхөр нь ирээд үснээс зулгааж доош дараад унагахад эхнэр нь нуруу хөл хэсэг рүү өшиглөхөд мөн үйлчлүүлж байсан хүмүүс салгасан. Тухайн газарт өөр маргаан болоогүй ба цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Уг маргаан болсон газарт хяналтын камер байсан болохоор болсон асуудал тодорхой бичигдсэн байгаа...”,

          “... Би Г.Аззаяа гэх хүнийг танихгүй, намайг зодох үед үйл явдлыг харж, гэрчилж өгсөн хүн байдаг, Би Г.Аззаяаг огт танихгүй, ямар нэг харилцаа байхгүй, Г.Аззаяа нь намайг огт алгадаагүй, миний биед халдсан үйлдэл байхгүй, харин тус караокены зөөгч, бармен нар буюу О, Ган- Уяа нар миний биед халдаж, үснээс зулгаагаад зүүн чихний орчимд хэд хэдэн удаа алгадсан, би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, асуух зүйл байхгүй, надад 500.000 төгрөгийн зардал гарсан, түүнийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх.1.26-27, 104/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Аззаяагийн өгсөн: “Намайг уг караокед орж 0.5 литрийн 1 ширхэг Сэрүүн нэртэй пиво уучхаад гарч утсаар яриад буцаж орж ирэхэд тухайн газрыг ажиллуулдаг эмэгтэй үйлчлүүлж байсан танихгүй эмэгтэй хүний үснээс зулгаасан байдалтай байсан ба миний утас руу хүн залгаад байсан болохоор буцаж гараад эргэж орж ирэхэд тэр үед тухайн газрыг ажиллуулдаг эмэгтэйн нөхөр нь гэх залуу уг эмэгтэйг алгадаж авахаар нь дундуур нь орж салгахад нөгөө залуугийн алгадсан эмэгтэй “та нар намайг нийлж зодлоо” гэж элдэв бусаар хэлээд байхаар нь холдож явсан бөгөөд уг газрыг ажиллуулдаг эмэгтэй, эрэгтэй хоёр уг үйлчлүүлэгч эмэгтэйтэй маргалдсан байдалтай үлдсэн. Миний хувьд үүнээс хойш юу болсон болохыг мэдэхгүй байна. Тухайн газрыг ажиллуулдаг эрэгтэй, эмэгтэй хоёрыг үйлчлүүлэгч эмэгтэй биед халдсаны улмаас ямар гэмтэл учирсан болохыг анзаарч хараагүй. Уг үйлчлүүлэгч эмэгтэй нөгөө хоёрын биед халдаж зодож цохиж байхыг бол хараагүй...” /хх.1.31/,

          Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ч.Эрдэмболорын гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5099 дугаартай:

          1. М.Мөнхцэцэгийн биед тархи доргилт, толгойн хоёр талын чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд халцралц, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн чихний сувгийн амсарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр, үүснэ.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

          5. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт. гэх дүгнэлт /хх.1.38-39/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ч.Эрдэмболорын өгсөн: “хохирогчийн биед үүссэн гэмтэл нь үснээс зулгаах үед, цохигдох, унах, мөргөх үед аль нь үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх.1.44/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оын сэжигтнээр өгсөн: “... би тэгэхээр нь гарыг нь барьж арагш дарсан. Тэгтэл манай найз охин тек тойрч гарч ирээд үсдэлцээд байхаар нь би нөгөө эмэгтэйн үснээс зулгаахад манай найз охин тэр эмэгтэй 2 газар унасан...” гэх мэдүүлэг /хх.1.47/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Ггийн сэжигтнээр өгсөн: “... миний үснээс татахаар нь зөрүүлээд үснээс нь татсан... Тухайн гэмтлийн М.Мөнхцэцэгт би учруулсан...” гэх мэдүүлэг /хх.1.51-52/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.1.73-75/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.1.80/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оын яллагдагчаар өгсөн: “... надад ямар нэгэн гэм буруутай үйлдэл байхгүй, М.Мөнхцэцэгийн биед хэн гэмтэл учруулсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.1.52/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.1.84-86/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.1.89/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Ггийн яллагдагчаар өгсөн: “... би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний бусдын биед халдсан үйлдэл буруу байсан...” гэх мэдүүлэг /хх.1.90/,

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.122/,

          Гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.125/,

          Хохирлын баримтууд /хх.1.126-267/,

          Шүүхийн шинжилгээний шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Ханхүүгийн гаргасан 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 9390 дугаартай:

          1. А.Баттөгсийн биед хоёр талын нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний булгаралт, буйл, баруун бугалгын цус хуралт, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

          3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаа сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.

          4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.1.140-141/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Баттөгсийн өгсөн: “... Би 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө манай эхнэр Наранчимэгийн төрсөн өдөр болоод манай эхнэрийн найзуудын хамт 5-уулаа Баянзүрх дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингис баарны 2 давхарт байрладаг нийтийн караокед 2 цагийн орчимд орсон. Тэнд 1 цаг гаран дуулж байгаад эхнэр бие засах гээд гарахаар нь гартал доор 1 давхарт манай эхнэртэй хэдэн хүмүүс маргалдаж байхаар нь яваад очтол тэнд байсан Чингис бааранд ажилладаг залуу тоог нь мэдэхгүй олуулаа нийлээд намайг зодчихсон... Чингис баарны бармен гэх залууг одоо харвал танина. Тэр залуу ихэвчлэн намайг зодож гэмтээсэн. Нүүр лүү цохиж, цээж гар хэсэг рүү өшиглөж байсан...”,

          “... шүүх эмнэлгийн дүгнэлтэд миний биед учруулсан гэмтлийг бүрэн хамруулсан учир санал нийлж байна., би нэмэлт шинжилгээ томилуулах шаардлагагүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан хоёр талын нүдний ухархайн доод ханын хугарал, хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний булгаралт, буйлны цус хуралт гэмтлийг О гэх 1 давхрын бармен залуу учруулсан, харин түүний найз бололтой баруун талд зогсож байсан залуу нүүр лүү өшиглөж хамар ясны хугарал баруун бугалга руу цохиж бугалгын цус хуралт гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх.1.146, 248-249/,

          Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /хх.1.128-129, 250, хх.2.01-02, 06-15/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Хулангийн өгсөн: “... Би 2022 оны 06 дугаар сарын 29-ны 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингис нэртэй караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан нөхөр Ч.Алтанбаганыг авахаар очиход тухайн газарт нөхөр Ч.Алтанбагана нь О түүний нэрийг нь мэдэхгүй найзын хамт сууж байсан. Тухайн газарт хэсэг хугацаа болоход О ах нь танихгүй хохирогч ахын эхнэрийн найз эмэгтэйтэй маргалдаж муудалцаад зогсож байсан ба уг газраас гарахаар болж О ахыг гаръя гэж хэлэхээр явж очиход нөгөө эмэгтэй миний үснээс зулгааж караокеноос гаргаж хумс хийлгэсэн гарын хурууг хойш дарахад нь муухай орилж гарыг тавиулаад харахад харсан тохиолдолд таних хохирогч ахыг караоке луу ордог хэсгийг үүд хэсэг рүү О ах, миний нэрийг нь мэдэхгүй өндөр найзынхаа хамт нийлж нүүр хэсэг рүү цохиж зодож байсан ба нөхөр Ч.Алтанбагана цаанаас нь гарч ирээд тэр хэдийг салгаж О ах найзын хөл хэсэг рүү нь 1 удаа өшиглөж авахад нь наана байсан хүмүүстэй маргалдаж магадгүй гэж бодоод нааш ир гэж дуудаад таксинд суулгаж авч явсан. Нөхөр Ч.Алтанбаганын хувьд тухай хохирогч ахын биед халдаж зодож цохисон зүйл байхгүй бөгөөд харин Оын найзын биед халдаж хөл хэсэг рүү нь өшиглөж авч харагдсан...” гэх мэдүүлэг /хх.1.241-242/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Наранчимэгийн өгсөн: “... Би 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдөр төрсөн өдрөө нөхөр А.Баттөгс, найзууд болох Баясгалантөгс, Мартбаяр, Одноо нарын хамт Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 11 дүгээр байрны 04 тоот гэртээ тэмдэглэж байгаад тухайн газраас уг хүмүүсийн хамт гарч гэрийн ойролцоо 16-гийн автобусны буудал дээр байдаг Чингис нэртэй караокены 2 давхрын нийтийн караокед пиво уугаад сууж байгаад нөхөр А.Баттөгсийн хамт 2 давхрын ариун цэврийн өрөө орчхоод буцаж гарч байхад нөхөр бид хоёртой маргалдсан хүмүүс өөр хүмүүстэй хэрэлдэж элдэв бусаар хэлээд гарч байсан... хэсэг хугацааны дараа нөхөр А.Баттөгс “тамхи татна” гэж хэлээд гарч яваад орж ирэхгүй болохоор нь хойноос нь гарч шатаар доошоо бууж байхад доод давхрын караокед бармены ажлыг хийдэг гэх О гэх залуу 2 залуугийн хамт нэлээн согтсон байдалтай чанга дуутай 1 давхрын караокены үүд хэсэгт тамхи татаад зогсож байгаад намайг харснаа “энэ хүүхэн мөн билүү” гэж хэлээд нүүр хэсэгт гарынхаа алга хэсгээр түлхэхэд нь “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд цээж хэсэгт нь гараараа цохиход намайг заамдаж аваад цээж, нуруу хэсэг рүү цохиход нөхөр А.Баттөгсийг ирж салгах гэхэд нь О гэх залуу нүүр хэсэг рүү нь 1- 2 удаа цохиж авахад шүд нь унасан ба унасан шүдээ авах гэж тонгойх үед нь түүний хажууд баруун гар талд нь зогсож байсан залуу нүүр хэсэг рүү нь өшиглөж нуруу гар хэсэг рүү цохиж авахад нь хойно нь зогсож байсан 900,000 төгрөгийн хохирол төлсөн Алтанбагана гэх залуу нөхрийн нуруу хэсэг рүү нь хальт өшиглөж авахад нь эргэж хараад “чи одоо салгах байтал хүн өшиглөөд байдаг” гэж хэлээд түүний цээж хэсэг рүү цохиж авахад түүний эхнэр бололтой эмэгтэй гаднаас орж ирж таараад намайг чирч гаргаад намайг газар унагахад нь босох гэж үснээс нь зулгааж байсан чинь нөхөр нь хажууд ирээд хараад зогсож байсан... Уг маргаан болсны дараа нөхөр А.Баттөгсийн үүдэн таван шүд унасан, хамар, ам хэсгээс нь их хэмжээний цус гарч дээгүүрээ өмсөж явсан улбар шар өнгийн цамц нь нэлэнхийдээ цус болж, хоёр нүд, нүүр хэсэг хавдартай харагдаж байсан. Уг гэмтлийг 1 давхрын бармен гэх залуу найзтайгаа нийлж учруулсан...” гэх мэдүүлэг /хх.2.04-05/,

          Шүүхийн шинжилгээний шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Даваасүрэнгийн гаргасан 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1147 дугаартай дүгнэлт /хх.2.66-68/,

          Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай прокурорын тогтоол /хх.2.93-94/,

          Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.2.95-99/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.2.103/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн өгсөн: “... Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймд дээрх заалтыг хэрэгжүүлэх үүднээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт нэхэмжлэг гарган оролцож байна.Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч А.Баттөгс нь 2022 оны 06 сарын 20-ны өдрөөс 2023 оны 04 сарын 25-ны өдрийн хооронд нийт 2.251.370 төгрөгийн үйлчилгээ авсан байх ба буруутай этгээдээс гаргуулж Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.2.108/,

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.2.110/,

          Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх.2.111/,

          Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх.2.119-120/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.53/,

Шүүгдэгч Б.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.54/,

Шүүгдэгч Б.Оын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.55-64, 96-102/,

Шүүгдэгч Т.Ггийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.65/,

Шүүгдэгч Т.Ггийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.93/,

Шүүгдэгч Т.Ггийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.66-70/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Т.Г, Б.О нар нь бүлэглэн, 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингис караокены хажууд байх Нийтийн караоке-д хохирогч М.Мөнхцэцэгтэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт нэг удаа цохиж, биед нь тархи доргилт, толгойн хоёр талын чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд халзрал, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн чихний сувгийн амсарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Б.О нь Н.Ганчөдөртэй бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингис караокед иргэн А.Баттөгсийг зодож, түүний биед хоёр талын нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний булгаралт, буйл, баруун бугалгын цус хуралт, духны зулгаралт бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Г, Б.О нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад “хоёр, түүнээс олон хүнийг”, 2.11 дэх заалтад “бүлэглэн” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч М.Мөнхцэцэгийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “тархи доргилт, толгойн хоёр талын чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд халцралц, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн чихний сувгийн амсарт зулгаралт” гэмтэл,

Хохирогч А.Баттөгсийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “хоёр талын нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний булгаралт, буйл, баруун бугалгын цус хуралт, духны зулгаралт” гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Г, Б.О нар нь хохирогч М.Мөнхцэцэгийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл, шүүгдэгч Б.О нь хохирогч А.Баттөгсийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл тус тус учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулжээ.

          Гэм буруугийн талаар:

Т.Г, Б.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч нар маргаагүй болно.

Шүүгдэгч Т.Г, Б.О нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Иймд шүүгдэгч Т.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай бүлэглэн учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай бүлэглэн учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хохирогч М.Мөнхцэцэг нь 500.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч нотлох баримт гаргаж өгөөгүй, мөн хохирогч А.Баттөгс нь 996.340 төгрөг нэхэмжилсэн, тухайн хохирогчид яллагдагч Алтанбагана 900.000 төгрөг нөхөн төлсөн гэх боловч түүнд холбогдох хэргийг прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх тул шүүгдэгч Б.Оаас 996.340 төгрөг гаргуулж хохирогч А.Баттөгсөд олгох нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч М.Мөнхцэцэг нь шүүгдэгч Т.Г, Б.О нараас, хохирогч А.Баттөгс нь  шүүгдэгч Б.Оаас тус тус жич нэхэмжлэх эрхтэй юм.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Т.Г, Б.О нар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүгдэгч Т.Г, Б.О нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар:

Шүүгдэгч Т.Гд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.От 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Т.Г, Б.О нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Гд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тухайн шүүгдэгчид,

Түүнчлэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.От тус тус сануулах нь зүйтэй.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Г, Б.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Т.Г, Б.О нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр тус тус үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Өргөн овогт Тогоосүрэнгийн Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай бүлэглэн учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          Шүүгдэгч Сартуул овогт Балжиннямын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай бүлэглэн учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар:

          Шүүгдэгч Т.Гд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

          Шүүгдэгч Б.От 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Гд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Гд,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.От тус тус сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Г, Б.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Оаас 996.340 төгрөг гаргуулж хохирогч А.Баттөгсөд олгосугай.

          7. Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч М.Мөнхцэцэг нь шүүгдэгч Т.Г, Б.О нараас, хохирогч А.Баттөгс нь  шүүгдэгч Б.Оаас тус тус жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Г, Б.О нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР