Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 133/ШШ2021/00070

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б овогтой Н-ийн П-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Б овогтой Д-ын Э-т холбогдох,

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н-ийн П миний бие 2018 онд Д.Э-тай танилцсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр охин Э.Б төрсөн. Бид хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан ба хүүхдээ эцгийн нэрээр овоглосон. 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Д.Э нь зан ааш нь өөрчлөгдөж, өөр хүнтэй уулзаж явах болсон. Д.Э нь өөр хүүхдээ уулзаж эхлээд хүүхдээ 2020 оны 06 дугаар сарын 19-ний төрсөн өдрөөр нь эргэж ирсэн. Цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй болсон тул охин Э.Б-г миний асрамжид үлдээж, хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.П-ын гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцсан. Д.Э-ын охин Э.Б нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н.П нь хариуцагч Д.Э-т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Н.П, хариуцагч Д.Э нар нь 2018 онд танилцаж, тэднийг хамтран амьдрах хугацаанд 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Э-ын Б төрсөн болох нь 45010001008 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Учир нь 4501001008 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт Б овогтой Э-ын Б-г 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумд төрснийг тус сумын төрсний бүртгэлд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр бүртгэж, эцэг Б овогтой Д-ын Э, эх Б овогтой Н-ийн П гэж бичигдсэн байна.

Мөн хариуцагч Д.Э нь Э.Б-г өөрийн охин мөн болохыг хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээнэ гэж тус тус заасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, охин Э-ын Б-г эх Н.П-ын асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр охин Э.Б-д тэтгэлэг тогтоож эцэг Д.Э-аар тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 104.040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 104.040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.П-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, охин Э-ын Б-г эх Н-ийн П-ын асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, охин Э-ын Б-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Б овогтой Д-ын Э-аар тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.П-д даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.П нь хариуцагч Д.Э-ыг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдсугай.

5. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Д.Э нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 104.040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 104.040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.П-д олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН