Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 133/ШШ2021/00105

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г аймгийн Е сумын Б багийн 00 тоотод оршин суух, Х овогтой Б-ын Ж-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Г аймгийн Д сумын 0 дүгээр багт оршин суух, О овогтой Ц-ийн А-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ж, хариуцагч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ж шүүх гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б овогтой Ж нь 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн. Нөхөр болох Ц овогтой А-тай 2007 онд жолооны курст явж байхдаа танилцаж, 2009 онд гэр бүл болсон юм. Бидний хамтын амьдралын хугацаанд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр охин А.Э төрсөн. Ц.А нь 2010 оноос архи дарс ууж, төрсөн хүүхдээ миний хүүхэд биш танай багш нарын хүүхэд гэж янз бүрээр хэлж, хутга шөвөг барьж танайхан гуйлгачингууд ална гэж намайг удаа дараа зодож маш их дарамталдаг байсан. Жирэмсэн байхад гэдсэн дээр гишгэж ална наад хүүхдийг чинь гэж хоолой боож хэд хэдэн удаа зодож нүддэг байсан. 2012 оны 10 дугаар сараас тусдаа амьдарч эхэлсэн. 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр охин А.Энхжинг төрөхөд Улаанбаатар хотод очсон. 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш охинтойгоо уулзаж байгаагүй. 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Д сумаас У луу сургуульдаа сурах гээд яваад эргэж очоогүй. Тэр гэрээс авсан юм гэвэл би 2 хувцас авсан. Өөр юу ч аваагүй. Тэгээд 7 жилийн хугацаанд надад мах зөөсөн гэж байна. Би сайн мэдэхгүй байна. Нэг куртик ирсэн. Би хүүхдээ тэжээхийн тулд хавар намрын ээлжээр ажилладаг. Манай хүүхэд одоо 2 дугаар ангийн хүүхэд. Мэдээж би хүүхдээ тэжээн, өөрийгөө тэжээхийн тулд өмсөх хуцас, идэх хоолоо бэлддэг. Намайг энд, тэнд тэнээд явж байдаг гэж бодоод байдаг юм шиг байна лээ. Би хүүхдээ төрсөн эх болох Наранцэцэг, ах хоёр дээрээ үлдээдэг. Миний хүүхдийн эрх зөрчигдсөн зүйл байхгүй. 28 хоногт би ахдаа хэрэгтэй юмыг нь аваарай гээд мөнгө өгдөг. 14 хоногт би өөрөө очиж хүүхдээ аваад гэртээ хүүхдээ хардаг. Энэ хугацаанд 2013 оноос өдийг хүртэл охиноо ээжтэйгээ өсгөж, өдий зэрэгт хүргэсэн. Дахиж дарамтанд амьдрах боломжгүй байгаа тул гэрлэлт цуцалж, хүүхдийг минь насанд хүртэл хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Би хүнтэй суусан,  одоо хамт амьдарч байгаа  гэв.

Хариуцагч Ц.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ц овогтой А нь Б овогтой Ж-ийн гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцсан. Уг гаргасан нэхэмжлэл дээрээ намайг гүтгэсэн байна. Тийм учраас хариу тайлбар гаргах шаардлагатай болсон. Бид гэр бүл болсны дараа 2011 онд аймгийн төвөөс Д сум руу нүүж ирсэн учир тус сумд миний цөөхөн хэдэн мал харах, маллах хүнгүй, зарим нь хулгайд алдагдаж, алга болсон учраас хэдэн малдаа ойртож харж хандах шаардлагатай болсон. Тэр  цагаас л Б.Ж уурлаж, бухимдаж би хөдөө сумд амьдрахгүй чамайг эндээс явахгүй бол би чамаас салаад явна гэж байнга дарамталдаг байсан. 2015 оноос хойш Б.Ж А.Э чиний хүүхэд биш, чи намайг очно гэж найдаж хүлээх хэрэггүй, би өөр хүнтэй болсон гэж хэлээд уулзаагүй. Одоо өөр хүнтэй суусан хүнийг би юуг нь хүлээхэв дээ. Гэхдээ охин А.Э маань дандаа айлаар байдаг, аав ээж дээр нь эсвэл ахынд нь байдаг. Охин маань одоо хэнийд ямар хүмүүстэй цуг байгаа нь бүү мэд лав л ээжтэйгээ хамт байдаггүй. Ээж нь нэг ирээл хэд хоноод явдаг. Одоо хамгийн гол нь гэрлэлт цуцлуулах гэж байгаа тул хүүхдийн асрамж тогтоох дээр асуудалтай байна. Би хөдөө мал хариулдаг. Цөөхөн малтай. Сар болгон мөнгө өгөхөөр хүндрэлтэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Ц.А-т холбогдуулан гэрлэлт цуцлуудж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Ж, хариуцагч Ц.А нар нь 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Тэдний дундаас 2013 оны 0 дугаар сарын 05-ны өдөр, охин А-ын Э төрсөн болох нь охин А.Э-ийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Зохигчид хоорондоо таарч тохироогүйн улмаас 2013 оноос тусдаа амьдарсан байх бөгөөд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан байх боловч амжилтгүй болсон болох нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 108 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Мөн гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байх бөгөөд 7 жил тусдаа амьдарсан, нэхэмжлэгч Б.Ж нь “...би хүнтэй суусан, одоо хамт амьдарч байгаа...” гэж тайлбарлаж, мөн охин А.Э-ийн саналд “...Ц.А аав хамт байдаггүй, Т аав хамт байдаг...” гэсэн байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Зохигчид тусдаа амьдарсан хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох А.Э эхийн асрамжид байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаж сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцоогүй, гэрлэгчид тусдаа амьдарсан хугацаанд хүүхэд эхийнхээ асрамжид байсан нөхцөл байдал, түүний нас, эцэг эхийн халамж, оролцоо, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харгалзан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, охин А.Э-г эх Б.Ж-ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан ба эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр, гэрлэлт цуцлагдсан ч эцэг байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдах учир гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох А.Э-г эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг Ц.А-аас тэтгэлэг гаргуулан охин А.Э-г тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” болохыг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 174.240 /нэг зуун далан дөрвөн мянга хоёр зуун дөчин/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 174.240 /нэг зуун далан дөрвөн мянга хоёр зуун дөчин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ж-аад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5,  Гэр  бүлийн   тухай   хуулийн   14   дүгээр   зүйлийн   14.1   дэх   хэсэгт   зааснаар О овогтой Ц-ийн А, Х овогтой Б-ын Ж нарын Говь-Алтай аймгийн Д сумын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0005 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, охин А-ын Э-г эх Б-ын Ж-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, охин Анхбаярын Энхжинг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О овогтой Ц-ийн А-аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Ц.А-аас эд хөрөнгө нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Ж-д даалгасугай.

6. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Ц.А нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Ц.А-ыг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 174.240 /нэг зуун далан дөрвөн мянга хоёр зуун дөчин/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 174.240 /нэг зуун далан дөрвөн мянга хоёр зуун дөчин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ж-д олгосугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь  хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                

 

ДАРГАЛАГЧ                              Ц.ҮЙТҮМЭН