Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2021/00051/и |
Дугаар | 133/ШШ2021/00121 |
Огноо | 2021-03-10 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 133/ШШ2021/00121
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г аймгийн Е сумын 0 дүгээр баг, Б 0-0 тоотод оршин суух, Б овогтой Э-ы Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г аймгийн Н-Ү улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Н, хариуцагчийн төлөөлөгч И.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Н миний бие 1978 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, одоо 43 настай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 2013 оноос хойш Г аймгийн Засаг даргын тамгын газарт жолоочоор ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 оноос Г аймгийн Н-Ү-ний газарт шилжүүлсэн. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал, ёс зүйн зөрчил огт гаргаж байгаагүй. Гэтэл Г аймгийн Н-Ү улсын төсөвт тооцоот үйлдвэрийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 тоот тушаалаар цалингийн сан хүрэлцэхгүй, нийгмийн даатгалд өртэй орон тоо цөөрүүлсэн гэх шалтгаанаар намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн учраас уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд намайг урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч И.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь аймгийн Н-Ү улсын төсөвт үйлдвэрийн газрын дарга ажилтай И.Г, ам бүл 4, 1967 онд төрсөн. Би 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн Засаг даргын захирамжаар Нийтлэг үйлчилгээ, улсын төсөвт үйлдвэрийн газрын даргаар томилогдсон бөгөөд 2020 оны жилийн эцсийн байдлаар Нийгмийн даатгалын хэлтэст 44.000.000 төгрөг, Татварын хэлтэст хувь хүний орлогын албан татвар 13.000.000 төгрөгийн өртэй байгууллага хүлээж авсан. Үүний нөхцөл шалтгааныг судлаад үзэхэд манай байгууллагын орон тоог 2019 онд Засаг даргын захирамжаар 40 хүний орон тоотой баталж, үйл ажиллагаагаа явуулж байсан ба цаашид дээрх өр төлбөр нэмэгдэх санхүүгийн тооцоо гарсан. Аймгийн засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/703 дугаартай захирамжаар нийт 33 /гучин гурван/ орон тоотой ажиллахаар батлагдсан тул хөдөлмөринй гэрээний хугацаа дуусгавар болсон жолооч албан тушаалтай Н.Батбилэг, Э.Н нарын хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Төсвийн тухай хуулийн 16.5.3, 16.5.4, 16.5.6, 16.5.9 дэх заалтуудын дагуу төсвийн шууд захирагч нь үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулж, бүтээмжийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг зөв зохистой удирдах үүргийнхээ дагуу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Улмаар 4 хүнийг Архивын тасаг руу шилжүүлж, 3 хүнийг ажлаас чөлөөлж бүтэц орон тоог цомотгосон. 2 хүний ажлын орон тоо нь жолооч, 1 нь механик машины жолооч гэсэн орон тоо байсныг хасаж одоо 33 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр захирамжийн төсөл бэлтгэж бүтэц орон тоог шинэчлэн баталсан боловч аймгийн Засаг дарга Улаанбаатар хотод ажилтай байсан учраас 12 дугаар сарын 30-ны өдөр дугаар авч, гарын үсэг зуруулсан. Жилийн эцсээр Нийгмийн даатгалын хэлтсийн өрийг төлсөн. Одоо татвар байгууллагад 11.000.000 төгрөгийн өртэй. Мөн Э.Н нь 11 дүгээр сар болон 12 дугаар сард ажилдаа огт ирээгүй. Би 12 дугаар сарын 01-ний өдөр Э.Н-ыг дуудаж уулзсан. Өмнөх дарга Э.Н-тай Хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байсан. 12 дугаар сарын 31-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгон бүтэц орон тоо цөөрүүлж ажлаас чөлөөлсөн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Э.Н-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь Г аймгийн Н-Ү улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдуулан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Э.Н нь Г аймгийн Н-Ү орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт жолоочоор ажиллаж байсан болох нь зохигчдын харилцан зөрүүгүй тайлбар, нэхэмжлэгчийн 0822909 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн гэрээний эх хувь зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Улмаар орон тоо цөөрсөн үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн болох нь Г аймгийн Н-Ү улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дугаартай жолооч Н.Б, Э.Н нарын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, мөн зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ...Г аймгийн Н-Ү улсын төсөвт тооцоот үйлдвэрийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 тоот тушаалаар цалингийн сан хүрэлцэхгүй, нийгмийн даатгалд өртэй орон тоо цөөрүүлсэн гэх шалтгаанаар намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн учраас уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж, хариуцагч ...тус байгууллага нь 2020 онд нийгмийн даатгал болон татварт 44.000.000 /дөчин дөрвөн сая/ төгрөгийн өглөгтэй болж, нийт 40 албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж байсан ба цаашид дээрх өр төлбөр нэмэгдэх санхүүгийн тооцоо гарч байна. Аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/703 дугаартай захирамжаар нийт /гучин гурван/ орон тоотой ажиллахаар баталсан тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан жолооч Н.Б, Э.Н нарын хөдөлмөрийн гэрээний цуцалсан... гэж тус тус тайлбарлаж маргаж байна.
Г аймгийн Н-Ү улсын төсөвт үйлдвэрийн газар 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дугаартай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.4.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 43 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус үндэслэн байгууллагын цалингийн сан хүрэлцэхгүй нийгмийн даатгалын өртэй байгаа тул ажлын байрны орон тоог цөөрүүлж, нэхэмжлэгчийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Хариуцагч байгууллагын ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт буюу аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд мэдэгдэх хуудсыг ажилтанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж, баталгаажуулахаар зохицуулсан байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр-нд ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар хугацаагүй байхаар заасан.
Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсгийн заалт нь ажилтан, ажил олгогчийн тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд буюу улирлын болон цаг үеийн чанартай ажил үүргийн онцлог бүхий ажилтны хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нөхцөлийг зохицуулсан байдаг.
Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад хариуцагч, аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/703 дугаартай захирамжаар нийт /гучин гурван/ орон тоотой ажиллахаар баталсан тул нэхэмжлэгч Э.Н-ыг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн буюу Г аймгийн засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/703 дугаартай Н-Ү УТҮГ-ын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай захирамж гарахаас өмнө орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Хэдийгээр хариуцагч 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр захирамжийн төсөл бэлтгэж бүтэц орон тоо шинэчлэн баталсан, аймгийн Засаг дарга Улаанбаатар хотод ажилтай байсан учраас 12 дугаар сарын 30-ны өдөр дугаар авч, гарын үсэг зуруулсан гэж тайлбарлаж байгаа боловч ажил олгогч орон тоо цөөрүүлсэн захирамж гарч албажсаны дараа дээрх захирамжийг үндэслэн Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нь зүйтэй юм.
Иймд тухайн байгууллагын бүтэц орон тоо шинэчлэн батлагдаагүй байхад орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, мөн дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны ажилтанд нэг сарын өмнө мэдэгдээгүй буюу чөлөөлөгдөж байгаа ажилтан дараагийн ажлын байраа эрэх, бусад байдлаар амьдралын хэвийн байдлаа хадгалах зэрэг нийгмийн баталгааг бий болгох боломж олгоогүй байх тул нэхэмжлэгч Э.Н-ыг Г аймгийн Н-Ү улсын төсөвт үйлдвэрийн газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцохоор байна. Гэтэл Э.Н-ын хувьд 11 дүгээр сард ээлжийн амралтын олговор тооцогдсон, мөн 12 дугаар сарын цалин бага бодогдсон байх тул нэхэмжлэгч Э.Наранбаатарын 2020 оны 08, 09, 10 дугаар саруудад ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дунджийг тооцоход 776.059 + 780.059 + 780.059 = 2.336.177 : 3 сар = 778.725 : 21.5 = 36.219 төгрөг байх тул 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажлын 48 өдрөөр тооцож олговорт 1.738.512 /нэг сая долоон зуун гучин найман мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон Э.Н-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Г аймгийн Н-Ү улсын төсөвт үйлдвэрийн газарт даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 1.738.512 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42.766 /дөчин хоёр мянга долоон зуун жаран зургаан/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид нийт 112.966 /нэг зуун арван хоёр мянга есөн зуун жаран зургаан/ төгрөгийг хариуцагч Г аймгийн Н-Ү улсын төсөвт үйлдвэрийн газраас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б овогтой Э-ны Н-ыг Г аймгийн Н-Ү улсын төсөвт үйлдвэрийн газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Г аймгийн Н-Ү улсын төсөвт үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 48 хоногийн олговорт 1.738.512 /нэг сая долоон зуун гучин найман мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Н-т олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Э.Н-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Г аймгийн Н-Ү улсын төсөвт үйлдвэрийн газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 1.738.512 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42.766 /дөчин хоёр мянга долоон зуун жаран зургаан/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид нийт 112.966 /нэг зуун арван хоёр мянга есөн зуун жаран зургаан/ төгрөгийг хариуцагч Г аймгийн Н-Ү улсын төсөвт үйлдвэрийн газраас гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН