Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 133/ШШ2021/00122

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г аймгийн Е сумын И багийн 0-0 тоотод оршин суух, О овогтой Б-ийн Я-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Г аймгийн Х сумын 3 дугаар баг, С-д оршин суух, О овогтой Б-ийн Б-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Я хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Я шүүх гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б-ийн Я нь 1988 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хөхморьт сумд төрсөн. Нөхөр болох Б-ийн Б-тай 2005 онд танилцаж, 2007 онд гэр бүл болсон юм. Бидний хамтын амьдралын хугацаанд 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүү Б.О, 2009 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр охин Б.Д төрсөн юм. Эхний жилүүдэд гэр бүл маань сайхан амьдарч байсан боловч 2011 оноос эхлэн нөхөр Б.Б нь архи ихээр ууж, гэр орондоо ирэхгүй хэд хоногоор гадуур явах нь олширсон. Гэртээ агсам согтуу тавьж, намайг хоёр хүүхдийн дэргэд зодож хүчирхийлэх нь ихэссэн. Энэ хугацаанд сард 7-10 удаа цагдаа ойр орчмын хүмүүс дуудаж өгдөг байсан. Энэ бүх хугацаанд би хүүхдүүдээ бодож тэсдэг байсан боловч 2015 оны 03 дугаар сарын 08-ны шөнө эрүүл саруул ухаантай байхдаа гэр орон цэвэрлэж өгөөд хоёр шээсээ аваад зайлахгүй бол бүгдийг чинь шатааж ална шүү гэж аймшигтайгаар сүрдүүлсний улмаас би айхдаа хоёр хүүхдээ өөрийн аав, ээжийн асаргаанд үлдээж би өөрөө хот явах болсон. Ингэж бид хоёр салж өнөөг хүртэл 6 жил уулзалдалгүй хол байсан. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийн миний асрамжид үлдээж, хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б овогтой Б нь 1985 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. Эхнэр болох Б-ийн Я-тэй 2005 онд танилцаж, 2007 онд гэр бүл болсон. Том хүү Б.О нь гэр бүл болоход эхийнхээ хэвлийд ирж, 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн. Охин болох Б.Д нь 2009 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн. Бидний амьдрал хэвийн үргэлжлэх хугацаанд Б овогтой Д нь том хүү болох Б.О-ийг чиний хүүхэд биш өөр хүний хүүхэд, би авна гэж булаацалдаж эхэлсэн. Эх болох Б овогтой Я нь ахтайгаа нийлж, чиний хүүхэд биш гэж дарамталж ах нь болох Б овогтой Д нь удаа дараа зодсон. Үүнээс болж гэр бүлийн харилцаа муудаж эхэлсэн. Б овогтой Я нь 2015 онд салаад өөр залуу дагаад явахдаа малнаасаа мэдэгдэлгүй зараад 2 хүүхдээ гэртээ харгалзах хүнгүй үлдээгээд хот явсан. Энэ хугацаанд миний ээж болох П.Б нь 2 хүүхдийг минь хичээл номонд нь явуулж харж байсан. Сураг холбоогүй таг болсон. Энэ хугацаанд дагаж явсан С гэх залуутай хамтран амьдарч 2 хүүхэдтэй болсон нь салах гол шалтгаан болсон. Иймд эхнэр болох Б-ийн Я нь өөр залуутай хамтран амьдарч 2 хүүхэдтэй болсон учир өөрийн 2 хүүхэд болох Б.О, Б.Д нарыг хойт эцгийн гар харуулахыг хүсэхгүй байгаа учир 2 хүүхдээ өөр дээрээ авахыг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Я нь хариуцагч Б.Б-т холбогдуулан гэрлэлт цуцлуудж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Я нь хариуцагч Б.Б нар 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05/000185 гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Тэдний дундаас 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, хүү Б-ын О, 2009 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б-ын Д нар төрсөн болох нь төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Зохигчид хоорондоо таарч тохироогүйн улмаас 2015 оноос тусдаа амьдарсан байх бөгөөд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан байх боловч амжилтгүй болсон болох нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Мөн гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байх бөгөөд 5 жил тусдаа амьдарсан, нэхэмжлэгч Б.Я нь “...Би 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс хойш би нөхөртэйгөө холбоо бариагүй. Энэ жил албан ёсоор салъя гэж бодсон. Энэ хугацаанд би хүнтэй танилцаж хоёр хүүхэд гаргасан...” гэж тайлбарлаж, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, охин Я-ийн О, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, охин Я-ийн Н нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтыг ирүүлсэн байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох Б.О, Б.Д нарын санал, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцоогүй, гэрлэгчид тусдаа амьдарсан хугацаанд хүүхдүүд эхийнхээ асрамжид байсан нөхцөл байдал, тэдний нас, эцэг эхийн халамж, оролцоо, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харгалзан 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, хүү Б-ын Ор, 2009 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б-ын Д нарыг эх Б.Я-ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан ба эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр, гэрлэлт цуцлагдсан ч эцэг байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдах учир гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох Б.О, Б.Д нарыг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг Б.Б-аас тэтгэлэг гаргуулан охин Б.О, Б.Д нарыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Б-аас гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад тус бүр 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 96.588 төгрөг, нийт 236.988 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5,  Гэр  бүлийн   тухай   хуулийн   14   дүгээр   зүйлийн   14.1   дэх   хэсэгт   зааснаар О овогтой Б-ийн Б, О овогтой Б-ийн Я нарын Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 0029 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, хүү Б-ын О, 2009 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, охин Б-ын Д нарыг эх О овогтой Б-ийн Я-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, хүү Б-ын О, 2009 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, охин Б-ын Д нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О овогтой Б-ийн Б-аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Нэхэмжлэгч Б.Я нь хариуцагч Б.Б-аас эд хөрөнгө нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Я-д даалгасугай.

6. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Б.Б нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Я нь хариуцагч Б.Б-ыг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Б-с гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад тус бүр 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 96.588 төгрөг, нийт 236.988 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь  хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                

 

ДАРГАЛАГЧ                              Ц.ҮЙТҮМЭН