| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 179/2020/0081/Э |
| Дугаар | 00018 |
| Огноо | 2020-07-09 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | М.Б |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 00018
А.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: М.Берикбол,
Нарийн бичгийн дарга: Л.Сувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолтой А.Б-т холбогдох 1938009170044 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Өвөр тогоруутан овогт А-ын Б, .... оны 3 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан /регистрийн дугаар ................../.
Шүүгдэгч А.Б нь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багт Аванти ХД маркийн 18-06 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ё.Б-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Өвөр тогоруутан овогт А-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өвөр тогоруутан овогт А-ын Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шүүгдэгч А.Б-т оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолж, Эрүүгийн 1938009170044 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нар давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Үүнд: 1.А.Б нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багт Аванти ХД маркийн 18-06 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн ослоор Ё.Б- өөд болсон. А.Б нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө барагдуулсан байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд шүүгдэгч А.Б-т оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Шүүгдэгч А.Б нь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 18-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Үерт гэх газарт Аванти ХД загварын 18-06 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ё.Б амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан байна.
Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхээс А.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байх тул “...оногдуулсан ялыг хөнгөрүүлэх”-ийг хүссэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Б.СОСОРБАРАМ