| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2020/00883/и |
| Дугаар | 133/ШШ2021/00162 |
| Огноо | 2021-04-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 133/ШШ2021/00162
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г аймгийн ПГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г аймгийн Е сумын Ж багийн У хотхоны 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух, С-ийн Г-д холбогдох
хөдөлмөрлөх үүргээ биелүүлэхдээ төсөвт учруулсан хохиролд 4.482.340 /дөрвөн сая дөрвөн зуун наян хоёр мянга гурван зуун дөчин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г аймгийн ПГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Г нь Г аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/26 дугаартай захирамжаар Тонхил сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай Д.Г-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 33 дугаартай шийдвэрийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаар ажилд эргүүлэн томилсон байна. 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 96 хоногийн цалинтай тэнцэх олговорт улсаас 4.482.340 төгрөгийг гаргаж Д.Г-ы цалинд 4.038.144 төгрөг, хүн амын орлогын албан татварт 328.433 төгрөг, нийгмийн даатгалд 848.010 төгрөгийг олгосон байна. Тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Г нь ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажилд томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй албан тушаалтан байсан. Энэ утгаараа тус албан хаагч нарын дунд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж байна. Тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дах хэсэгт “төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулагдаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” гэсэн заалт байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх талаар хуулийн заалт байдаг. Г аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуулиас иргэний нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт ирүүлсний дагуу Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжпэл гаргаж байна. Иргэн С.Г-ээс 4.482.340 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г аймгийн ПГ-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Төрийн албаны хууль хэрэгжихээс өмнө гаргасан захирамж учир үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Г аймгийн ПГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Г аймгийн ПГ нь хариуцагч С.Г-д холбогдуулан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэхдээ төсөвт учруулсан хохиролд 4.482.340 /дөрвөн сая дөрвөн зуун наян хоёр мянга гурван зуун дөчин/ төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагын үндэслэлээ “...Г аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Г нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар Тонхил сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Г-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд ажлаас чөлөөлсөн захирамжийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэснээр Д.Г-ыг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 4.482.340 төгрөгийг тухайн сургуулийн төсвөөс ажилтанд нөхөж олгосноор төсөвт 4.482.340 төгрөгний хохирол учирсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх талаар заасан тул хариуцагчаас гаргуулж өгнө үү.....” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Төрийн албаны тухай хууль хэрэгжихээс өмнө гаргасан захирамж учир үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж тус тус тайлбарлаж маргасан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Г аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/26 дугаартай захирамжаар Тонхил сумын сургуулийн захирал Д.Г-ыг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд Г аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 33 дугаартай шүүхийн шийдвэрээр Д.Г-ыг Г аймгийн Тонхил сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснээр Г аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаар ажилд эгүүлэн томилсон байна.
Түүнчлэн Г аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 33 дугаартай шийдвэрээр Д.Г-д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 4.038.144 төгрөгийг олгохоор шийдвэр гарснаар 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаартай төлбөрийн хүсэлтээр 1.600.000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр 1.000.000 /нэг сая/ төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 43 дугаартай төлбөрийн хүсэлтээр 705.897 /долоон зуун таван мянга найман зуун ерөн долоон/ төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 44 дугаартай төлбөрийн хүсэлтээр 328.433 /гурван зуун хорин найман мянга дөрвөн зуун гучин гурван/ төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаартай төлбөрийн хүсэлтээр 848.010 /найман зуун дөчин найман мянга арван/ төгрөгийг тус тус шилжүүлж Д.Г-д 4.482.340 /дөрвөн сая дөрвөн зуун наян хоёр мянга гурван зуун дөчин/ төгрөгийг олгосон байна.
Зохигчид дээрх үйл баримтын талаар буюу хариуцагч С.Г нь Г аймгийн Засаг даргаар ажилладаг болон Г аймгийн Тонхил сумын сургуулийн захирал Д.Г-ыг ажлаасчөлөөлсөн захирамж гаргаснаар захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Д.Г-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ажилгүй байсан хугацааны олговор олгосон талаар маргаагүй.
Нэхэмжлэгч тал шаардлагын хууль зүйн үндэслэлийг хариуцагч С.Г хөдөлмөрлөх үүргээ биелүүлэхдээ төсөвт хохирол учруулсан гэж тайлбарлан Хөдөлмөрийн тухай хуульд заасан эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхээр шаардсан.
Тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг болон 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж заасан.
Иймд ажил олгогчийг төлөөлөх эрхтэй этгээд ажилтныг ажлаас халах тушаал гаргах, ажилтан тухайн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах түүний эрх зүйн үр дагаврыг шүүхээс тодорхойлох зэрэг ажиллагааны эрх зүйн үндэслэл нь Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын хүрээнд хамаардаг бөгөөд ажилд эгүүлэн тогтоогдсон Д.Г, түүнийг ажлаас чөлөөлөх захирамж гаргасан С.Г нар нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцогч учир шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэн маргааныг шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай бөгөөд хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан хууль бус үйлдэл гэж дүгнэх боломжгүй.
Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиодолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй гэж заасан.
Харин дээрх хуулийн 135 дугаар зүйлд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар тодорхойлсон байх бөгөөд 135.4-т “ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэж заажээ.
Хариуцагч С.Г нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан буюу шүүхийн шийдвэрийн үндсэн дээр ажилтанд ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг байгууллагын төсвөөс олгосон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан төлбөрийн хүсэлтээр нотлогдож байх боловч түүнтэй ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр гэрээгээр тохирсон байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхийн тулд ажилтан байгууллагад хохирол учруулсан байх, мөн ажил олгогчтой эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулсан байх шаардлагатай юм.
Тиймээс хариуцагч С.Г-ийн ажил олгогч түүнтэй дээрх төрлийн хариуцлагын гэрээг байгуулаагүй бол эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зохицуулсан тул дээрх үндэслэлээр хариуцагч С.Г-д эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” тул хариуцагч татгалзаж байгаа үндэслэл тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотолж, нотлох баримтаа шүүхэд гаргах үүрэгтэй оролцоно.
Ажилтаны нэг сарын дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох”-оор заасан.
Г аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 344 дугаартай албан бичгээр ирүүлсэн Санжаагийн Гансэлэмийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2019 оны 04, 05, 06 саруудын цалингаас 1 сарын дундаж цалин хөлсийг тооцоход 1.457.512 + 1.462.512 + 1.335.867 = 4.255.891 : 3 сар = 1.418.630 төгрөг байна.
Иймд хариуцагч С.Г-ээс 1.418.630 /нэг сая дөрвөн зуун арван найман мянга зургаан зуун гучин/ төгрөгийг гаргуулж, Г аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.063.710 /гурван сая жаран гурван мянга долоон зуун арван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч С.Г-д 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна, оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх боломжтой гэх тайлбар, хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн, мөн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Л.Рэнцэндоржид иргэдийн төлөөлөгчөөр оролцох эрх, үүрэг болон хэргийн материалыг танилцуулсан боловч ар гэрийн зайлшгүй шаардлагаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд тус тус хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хохирол учруулсан талаар шаардлагын үндэслэлээ дурдсан байсан тул шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр албажуулж, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шүүх бүрэлдэхүүнийг өөрчилж томилсон боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны асуулт хариултын шатанд шаардлагын хууль зүйн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан эд хөрөнгийн хариуцлагаар шаардсан гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 133 дугаар зүйлийн 133.1-д [m1] заасныг тус тус баримтлан хариуцагч С-ийн Г-ээс 1.418.630 /нэг сая дөрвөн зуун арван найман мянга зургаан зуун гучин/ төгрөгийг гаргуулж, Г аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтэст [m2] олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.063.710 /гурван сая жаран гурван мянга долоон зуун арван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч С.Г-ээс нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37.648 /гучин долоон мянга зургаан зуун дөчин найман/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН
ШҮҮГЧИД Н.ОЮУНБИЛЭГ
Б.МӨНХБАТ