Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 133/ШШ2021/00166

 

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г аймгийн Е сумын Ж багийн 0-0-0 тоотод оршин суух, Б овогт Ц-ийн С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г аймгийн Е сумын И баг, Ө 0 байр, 0 тоотод оршин суух, Д.Д-д холбогдох,

тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол 1.591.000 /нэг сая таван зуун ерөн нэгэн мянга/ төгрөг, үнэлгээний төлбөр 83.000 /наян гурван мянган/ төгрөг, нийт 1.674.000 /нэг сая зургаан зуун далан дөрвөн мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Е сумын И багийн нутаг дэвсгэрт өөрийн toyota-Corolla Axio автомашиныг жолоодож явсан. Уг явцад миний урд явж байсан 08-61 УБЯ улсын дугаартай toyota-harrier маркийн автомашиныг жолоодож явсан Д.Д нь туслах зам руу оронгуутаа урдуур дарсан үйлдэл гарсны улмаас аль аль машинд хохирол учирсан тул аймгийн Цагдаагийн газар луу дуудлага өгсөн. Цагдаагийн газраас бүрэлдэхүүн ирж тухайн явцад хэмжилт хийж harrier маркийн авто машины буруу байна гэсэн дүгнэлт гаргаж та хоёр тохиролцох боломжтой юу? гэсэн. Тэгэхэд иргэн Д.Д-ийн зүгээс хоёулаа тохиролцъё. Цагдаагаар явахаар торгууль, оноо хасах асуудал үүснэ. Миний бие жолоочийн үнэмлэх, бичиг баримт байхгүй байна гэсэн учраас тохиролцох бол хөрөнгийн үнэлгээ хийлгэе гэсэн. Цагдаагийн албан хаагчид Б.М болон цагдаа нар Ашид билгүүн ХХК-иар үнэлгээ хийлгэ, манайх зөвхөн Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээг хүлээн авч байгаа гэхээр нь үнэлгээ хийлгүүлсэн. Үнэлгээ 3 хоногийн дараа гарна гэсэн учраас Д.Д би машиныг чинь мөнгөөр засаж өгч чадахгүй. Би өөрөө бүх сэлбэгийн авч засаж өгье гэдэг байдлаар бид хоёр харилцан тохиролцсон. Харилцан тохиролцсоны дагуу би 12 дугаар сарын 30-ны дотор миний машиныг янзалж өгөөрэй гэсэн хүсэлтийг тавьсан. Тэгээд 12 дугаар сарын 24-ний өдрийн үед хөл хорио тавигдаж 12 дугаар сарын 30-ны дотор янзлах боломжтой гэж ярьсан. Гэтэл Д.Д Улаанбаатар хотод зах нээгдэхгүй байгаа учраас түр байж бай би засаж өгнө гэсэн. Засаж өгөхгүй  1 дүгээр сарын 20-ны өдөр хүрсэн болохоор та засаж өгөхгүй бол би өөрөө сэлбэгээ авъя та мөнгийг өгчих гэсэн. Тэгэхэд тийм боломжгүй байхгүй гэсэн. Тэгэхээр нь Б.Мөнхнасан дээр очиж засаж өгөхгүй байна гэхэд хөрөнгийн үнэлгээ дээр санал нийлэхгүй байна. Учир нь мөнгөн дүнгээр өндөр гарсан учраас би төлөх боломжгүй гэсэн. Тэгэхээр нэмэлт хугацаа буюу 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаа тогтоож өгье. Энэ хугацаанд багтаагаад засаж өг гээд Д.Д-ийн зүгээс төлж өгнө гээд салсан. Дараа нь таны хугацаа нь дуусаж байна гэхэд би төлөх боломжгүй гэхээр нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед хэргийн газар дээр 5 хүн ирсэн.  Бусад хүмүүсийг санахгүй байгаа учраас гэрчээр дуудаж шүүх хуралдаанд оруулаагүй. Миний бие Ц.С нь иргэн Д.Д-д 2020.12.16, 2020.12.17, 2020.12.21, 2020.12.25, 2021.01.11, 2021.01.17, 2021.01.20-ны өдрүүдэд утсаар автомашин нэн даруй засварлаж өгөхийг шаардсан боловч өнөөдрийн хүртэл тодорхой үр дүн гарахгүй, засварлаж өгөөгүй. Иймд иргэн Д.Д-ээс автомашинд учирсан хохирол болох 1.591.000 төгрөг, үнэлгээний төлбөр 83.000. нийт 1.674.000 төгрөгийг нэн даруй гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г аймгийн Есөнбулаг сумын иргэн Ц.С-ын нэхэмжлэлтэй 1.674.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Хариуцагч Д.Д нь нэхэмжлэлийг өөрөө гардаж аваад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн агуулга бүхий хариу тайлбар гаргасан.  Д.Д-тэй уулзаж ярилцахад 12 дугаар сарын 13-ны өдөр тухайн зам тээврийн осол болсон. Гэхдээ Д.Д, Ц.С хоёрын хэний буруутай үйлдлээс болж тухайн осол гарсан талаар мөрдөн шалгаж тогтоогоогүй. Миний ойлгосноор хэн хэний буруутай үйлдэл байсан учраас биднийг хоорондоо тохиролцоод яв гэсэн гэж ойлгосон. Түүнээс Ц.С-ын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг би нөхөн төлнө гэсэн асуудал яригдаагүй. Өөр өөрсдийн машин засах юм байна гэдэг зүйл ярьдаг. Хариуцагч Д.Д Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон дүрмийг зөрчсөний улмаас Ц.С-д хохирол учирсан эсэхэд эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байгаа. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд уг зам тээврийн осол нь Д.Д-ийн буруутай үйл ажиллагаанаас буюу санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан гэдэг нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны болон шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй. Энэ нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Ц.С-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Д.Д-д холбогдуулан тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол 1.591.000 /нэг сая таван зуун ерөн нэгэн мянга/ төгрөг, үнэлгээний төлбөр 83.000 /наян гурван мянган/ төгрөг, нийт 1.674.000 /нэг сая зургаан зуун далан дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Ц.С нь “...намайг өөрийн Тоуota axio маркийн автомашинаа жолоодож явж байхад Д.Д нь Тоуоtа harrier маркийн 08-61УБЯ улсын дугаартай автомашинаар мөргөж зам тээврийн осол гаргасан. Иймд иргэн Д.Д-ээс автомашинд учирсан хохирол болох 1.591.000 төгрөг, үнэлгээний төлбөр 83.000. нийт 1.674.000 төгрөгийг нэн даруй гаргуулж өгнө үү” гэж,

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одбаяр нар нь “...уг зам тээврийн осол нь Д.Д-ийн буруутай үйл ажиллагаанаас буюу санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан гэдэг нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны болон шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж тус тус маргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Г аймгийн Е сумын нутаг дэвсгэрт буюу хуучин Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хойд талын засмал замд 61-07ГАА улсын дугаартай toyoto corolla axio маркийн тээврийн хэрэгсэл болон 08-61УБЯ улсын дугаартай Toyoto harrier маркийн автомашин мөргөлдсөн болох нь зохигчдын тайлбар, гэрч Б.М-ийн мэдүүлэг, гэрэл зураг, бичлэг зэргээр тогтоогдож байна.

Уг маргаж буй асуудал нь хууль зүйн хувьд гэм хорын хохирол байх ба шүүх гэм хорын маргаантай иргэний хэргийг шийдвэрлэхдээ гэм хорын ерөнхий зохицуулалтын дагуу нэг талаас бусдын хууль бус гэм буруутай үйлдэл байхыг, нөгөө талаас хохирол бодитой учирсан байхыг, уг буруутай үйлдэл, хохирол хоёр шалтгаант холбоотой байх зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэдэг.

Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хор нь ихэнхдээ болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг хэдий боловч болгоомжгүй үйлдэл нь гэм буруугийн илрэх нэг хэлбэр юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

Мөн Улмаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг хариуцан арилгах тусгай зохицуулалт илүү нарийвчлагдан зохицуулагдсан байна.

Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг хариуцан арилгах этгээдийн хувьд нэхэмжлэгч нь жолооч болон тээврийн хэрэгсэл эзэмшигчийн алинд холбогдуулан гаргах нь нэхэмжлэгчийн эрх юм.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т: “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын ... эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд энэхүү хуульд зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдад учирсан гэм хорыг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцахаар байна.

Тээврийн хэрэгсэл нь орчин тойрондоо аюул учруулж болох эд зүйл гэх эрх зүйн ойлголтод хамаардаг бөгөөд ийм төрлийн эд зүйлийг өмчлөгч, эзэмшигч нь бусдыг эзэмшил ашиглалтад итгэмжийн үндсэн дээр шилжүүлдэг.

Тийм ч учраас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т “хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж, 499 дүгээр зүйлийн 499.4-т “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч нь хариуцагчаар тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.Д-ийг хариуцагчаар татжээ. Нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлон нэхэмжлэх нь түүний шүүхэд мэдүүлэх эрхийн хүрээний асуудал юм.

Гэвч Toyota harrier 08-61УБЯ маркийн авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээнд уг тээврийн хэрэгслийн өмчлөгч Г-ын Б гэж бичигдсэн байна.

Хэргийг хэлэлцэх явцад Д.Д нь авто машиныг хэлцлийн үндсэн дээр журмын дагуу шилжүүлэн авсан, эсхүл өмчлөгчийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй аль байдлаар түр эзэмшиж ашиглаж байсан болох ямар нэг байдал баримтаар тогтоогдоогүй тул шүүх таамаглалд үндэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл 61-07ГАА улсын дугаартай toyoto corolla axio маркийн тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч Ц.С-ын өмчлөлийнх, мөн түүнийг мөргөж хохирол учруулсан гэх 08-61УБЯ улсын дугаартай Toyoto harrier маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Г-ын Б болох нь тус тус хэрэгт нотлох баримтаар авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын шаардлага ба татгалзлын үндэслэлүүд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа байдал буюу талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5-д заасан зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрсдийн шаардлага, татгалзлаа нотлох үүргээ биелүүлж байгаа байдалд хууль зүйн үнэлэлт өгөх замаар хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор харьцуулан дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Л.Д-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй, зохигчид иргэдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41.734 /дөчин нэгэн мянга долоон зуун гучин дөрвөн/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэн  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан хариуцагч Ж овогтой Д-ийн Д-д холбогдох тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирол 1.591.000 /нэг сая таван зуун ерөн нэгэн мянга/ төгрөг, үнэлгээний төлбөр 83.000 /наян гурван мянган/ төгрөг, нийт 1.674.000 /нэг сая зургаан зуун далан дөрвөн мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б овогтой Ц-ийн С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41.734 /дөчин нэгэн мянга долоон зуун гучин дөрвөн/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэн  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ҮЙТҮМЭН

                              ШҮҮГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ

                          ШҮҮГЧ                             Б.МӨНХБАТ