Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 132/ШШ2021/00146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын ...........багт байрлах Б аймгийн Х х, ү газрын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б аймаг, Б сумын ....... тоотод оршин суух, Г овогт Сын Г ,

Хариуцагч: Б аймаг, Б сумын .............. тоотод оршин суух, Ю овогт Лгийн Л нарт холбогдох,

Хүнсний материалын авлагын үлдэгдэл 885.000 төгрөг гаргуулах тухай 132/2021/00094/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, О.Б , хариуцагч Л.Л, С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Х, халамж үйлчилгээний хэлтэс Иргэн Д.Б Хадгаламж банкны ****************тоот дансанд 1.085.000 төгрөгийг ахмадын амралтын үйл ажиллагааны орлогоос мах, айраг, сүүний мөнгө шилжүүлсэн. Тухайн үед Х, х  хэлтсийн няраваар С., нягтлан бодогчоор Л.Л нар ажиллаж байсан. Гэвч тухайн хүнсний материалыг тухайн ондоо аваагүй. Харин 2012 оны 01 дүгээр  улирлын бараа, материалын тайлангийн хонины махны эхний үлдэгдэл 200722.5 төгрөг байсан. Мөн 2012 оны 01 дүгээр сард хийсэн 2011 оны хүнсний материалын тооллогын актаар хонины махнаас 200.000 төгрөг мах байгаа ба мах, гурилын үлдэгдэл авлага 885.000 төгрөг байгаа нь эдгээр тооллогын материалаар нотлогдож байна.

2012 оны Х халамж, үйлчилгээний хэлтэс татан буугдаж, шинэ бүтцээр Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хийн хэлтэс болон өөрчлөгдсөн. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн блансад тухайн хүнсний матераилын үлдэгдэл 1.085.000 төгрөгийг авлагаар тусгасан.

Х, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр А/97 тоот тушаалаар 2011 оны жилийн эцсийн хүнсий материалын тооллогын бүртгэл, 2012 оны ажил хүлээлцсэн хүнсний материалын тооллогын бүртгэлийг тус тус үндэслэн авлагын үлдэгдлийг 200.000 төгрөгөөр бууруулж, 885.000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

Иймд тухайн үед няраваар ажиллаж байсан С.Г, нягтлан бодогчоор ажиллаж байсан Л.Л нараар 885.000 төгрөгийг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А  шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хуучнаар Х халамж үйлчилгээний хэлтэс 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэн Бн харилцах данс руу ахмадын амралтын үйл ажиллагаанд мах болон сүүний мөнгө болох 1.800.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь шүүхэд өгсөн баримтаар нотлогдогддог. Тухайн үед жилийн эцэс болсон учраас бараа материалыг хүлээж авсан акт болон бусад санхүүгийн баримт байдаггүй. 2012 оны нэгдүгээр улирлын бараа материалын тайлангаар махны эхний үлдэгдэл 272.205 төгрөгийн мах байсан. Энэ нь санхүүгийн баримтаар нотлогдож байна. 2011 оны хүнс тооллогын материалаар хонины 200.000 төгрөгийн мах, гурилын үлдэгдэл авлага 885.000 төгрөг байсан нь тооллогоор мөн нотлогдсон. 2014 онд Х халамж үйлчилгээний хэлтэс татан буугдаж, нягтлан болон байгууллагын дарга нар солигдсон. 2012 оны жилийн эцсийн тайлангаар 10 сард тооллого хийхдээ 1.085.000 төгрөгийн бараа материалыг аваагүй гэж тусгасан байдаг. 2020 оны 06 сард байгууллагын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж махны үлдэгдэл 200.000 төгрөг байгааг тогтоосон. Харин үлдэгдэл 885.000 төгрөг анхан шатны баримтаар нотлогдоогүй учир хариуцагч С.Г, Л.Л нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Х халамж, үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны нягтлан бодогчийн ажлыг хүлээж аваад удалгүй 3 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Би 08 дугаар сарын 15-ны өдөр дахин томилогдож ажилласан. Тухайн үед 2 удаа ажил хүлээлцэхэд нярвын тайлан мэдээ болон хөрөнгө бараа материалын тооллогыг хийж хүлээлцээгүй. 2012 оны 09 дүгээр сард байгууллага бүтцийн өөрчлөлтөд орж, жилийн эцсээр хаалт эхлэлтийн бланс гаргасан. Мөн тайлант хугацаанд 2-3 нярав солигдсон.

2011 оны санхүүгийн тайлан олдохгүй төрийн сангаас хуулбарлаж авахад, аудитын дүгнэлтээр зөрчилтэй тайлан баталгаажсан. Тэр үед тайлан гаргахад маш хүндрэлтэй байсан ба бараа материалын үлдэгдэл, няравын бараа, материалын үлдэгдэл зөрүүтэй, тооллогын бүртгэлээр 1.085.000 төгрөгийн бараа хүлээж аваагүй гэж тоологдсон. Тухайн үеийн няравууд мөн ажил хүлээлцэхэд дээрх материалыг хүлээж аваагүй байдаг.

Нягтлан бодох бүртгэлийн зарчмын 5.1.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.3-т заасныг тус тус зөрчснөөс ийм авлага гарсан. Бид хамтарч ажилласны үр дүнд 200.000 төгрөгийн авлагыг тодорхой үндэслэлээр бууруулсан.

Иймд хариуцагч нараас 200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь С.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 онд тухайн байгууллагын няраваар ажиллаж байсан ба жилийн эцсийн тайлан гаргаж байхдаа хагас харвалт өгч, эмнэлэгт хүргэгдэж 1 сар гаруй хугацаанд ухаангүй хэвтэж байсан. Энэ үед нягтлан бодогч Л.Л 1.085.000 төгрөгийн махны үлдэгдэлтэй тайланг гаргасан. Би энэ тухай мэдээгүй.

...Нэгэнт энэ хэрэг 10 жилийн өмнө болсон учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч нь Л.Л шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Л нь 2011 онд Х халамж үйлчилгээний хэлтэс /хуучнаар/-т нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Бйн Хадгаламж банкны *********** тоот дансанд 1.085.000 төгрөгийг ахмадын амралтын үйл ажиллагааны орлогоос айраг, сүү, махны мөнгө шилжүүлсэн. Тухайн үед дараа оны санхүүжилт эхний сардаа батлагдан ирж гүйлгээ хийхэд хүлээгддэг байсан тул жил бүрийн эцэст үлдэгдэл мөнгөөрөө бараа материал татаж авдаг байсан. 2011 онд нярав С.Г жилийн эцсийн тайланг гаргаж байхдаа бие нь муудаж, сандал дээрээ хагас харвалт өгч 1 сар гаруй ухаангүй эмчлүүлж байсан.

2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хэлтсийн үйл ажиллагааны нягтлан бодогчийн ажлыг О.Б хүлээлгэн өгсөн. Дарга Ц.Э, нягтлан бодогч О.Б  нар энэ өглөг, авлага байгаа талаар нэг ч удаа надад хэлж, тайлан блансаа цэгцлах талаар хэлж байгаагүй.

Харин 2020 онд Х халамж үйлчилгээний газрын дарга Н.Б, нягтлан бодогч О.Б нар балансын өр авлага барагдуулах талаар аудитын байгууллагын албан шаардлагын дагуу цэгцлах асуудал яригдасан.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээд Х, халамжийн үйлчилгээний газраас нэхэмжилсэн 885.000 төгрөгийн авлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б аймгийн Х, халамжийн үйлчилгээний газар  нь хариуцагч С.Г Л.Л нарт  холбогдуулан авлагын үлдэгдэл 885.000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б аймгийн Х, халамж үйлчилгээний газар нь 2011 оны жилийн эцсийн хүнсний материалын үлдэгдэл 885.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарладаг бол хариуцагч Л.Л, С.Г нар нь 2011 оны тайланг 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажил хүлээлцэх үед өр авлага байгаа талаар дурьдаж байгаагүй бөгөөд энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж өөрсдийн татгалзал, түүний үндэслэлийг тайлбарлан маргаж байна.

 

Б аймгийн Х, халамж үйлчилгээний хэлтэс нь ахмадын амралтын үйл ажиллагааны орлогоос мах, айраг, гурил үэрэг хүнсний бүтээгдэхүүн худалдан авах зорилгоор иргэн Д.Б эзэмшлийн “Хадгаламж банк”-ны ****** тоот дансанд 1.085.000 төгрөгийг шилжүүлсэн боловч тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Л.Л, няраваар ажиллаж байсан С.Г нар нь бүтээгдэхүүнийг бүрэн гүйцэт хүлээж авалгүй 885.000 төгрөгийн бараа материалын авлага үүсгэсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлт /хх-ийн3/, нэхэмжлэх /хх-ийн 4/, зарлагын баримт, Х, халамж үйлчилгээний хэлтсийн 2012 оны 1 дүгээр улирлын “Бараа материалын тайлан” /хх-ийн 6/, 2011 оны “Хүнсний материалын тооллогын акт” /хх-ийн 7-8/, 2012 оны “Санхүүгийн байдлын тайлан” /хх-ийн 11/, 2011, 2012 оны “Авлагын тайлан” /хх-ийн 12, 13/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан авлагын үлдэгдэл нь 2011 оны жилийн эцсийн тайлант хугацаанд хамаарч байх бөгөөд бараа материалын авлагыг тайлбант хугацаанд авах үүрэг хүлээсэн байх тул энэ үеэс  нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл  гаргах эрх үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба  2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хариуцагч нар  нь үүргийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх баримтгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан ба хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй байх тул Б аймгийн Х, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Х, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй, Л.Л, С.Г нарт холбогдох 885.000 /найман зуун наян тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.     Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             О.ОДОНЧИМЭГ