Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 133/ШШ2021/00193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г аймгийн Б сумын 4-р баг, Х-д оршин суух, Т овогт Б-ийн С-г төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-ийн гаргасан нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г аймгийн Б сумын Б багт оршин суух, Э овогт Т-ын Н-д холбогдох,

Охин С.Э-ын эцэг Т.Н мөн болохыг тогтоож, охин С.Э-д эцэг Т.Н-оос тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С-г төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С нь 1984 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн. Ам бүл 6, аав, ээж, дүү, охины хамт амьдардаг. Б.С нь Т.Н-той 2013 онд танилцан түүнээс хойш өдий хүртэл хугацаанд үерхэж байгаа. Энэ хугацаанд нэг гэртээ орж амьдраагүйг ч дотно харьцаатай, хамтран амьдрах талаар ч ярьдаг байсан. 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр охин Э төрсөн. Охиноо бодоод нэг гэр бүл болох талаар ярьдаг байсан. Т.Н нь их дээрэнгүй ширүүн харьцаатай, иймдээ ч 2020 оны 10 дугаар сарын 07-ний өдөр Б.С-г зодож, нүдний ухархай, 8 хавирга, өвчүү, нурууны сэртэнг хугалж маш хүнд сэтгэлийн зовиур шаналалд оруулан, цаашид хамтран амьдрах ямарч боломжгүй болсон. Иймд охин С.Э-ын эцэг Т.Н мөн болохыг тогтоолгож, охин С.Э-д эцэг Т.Н-оос тэтгэлэг гаргуулан тогтоож өгнө үү. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр эцэг тогтоолгох шинжилгээнд 200.000 төгрөг төлсөн. Уг мөнгийг нэмж гаргуулж өгнө үү шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Эцэг тогтоолгох шинжилгээгээр С.Э хүүхэд нь мөн болох шинжээчийн дүгнэлт гарсан. Т.Н тайлбартаа хэрвээ миний хүүхэд мөн бол холбогдох тэтгэмжийг хуульд заасан үндэслэлээр төлнө гэдэг тайлбар өгсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зодсон, амь насанд аюултай харьцсан гэдэг нь энэ хэрэгт хамааралгүй асуудал гэж бодож байна. Тиймээс хуульд заасан үндэслэлээр тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Гэхдээ хүүхэдтэй нь чиний хүүхэд биш гээд уулзуулдаггүй гэсэн. Тиймээс шүүхийн шийдвэрт хүүхэдтэй чөлөөтэй уулзах эрхийг хангаж өгөхийг тусгаж өгөөч гэж хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Б.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.С, хариуцагч Т.Н нар нь 2013 онд танилцаж, тэднийг хамтран амьдрах хугацаанд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр С-ийн Э төрсөн болох нь 8207000013 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Т.Н нь охин С.Э-ыг өөрийн хүүхэд мөн эсэхэд эргэлзэж, хүүхдийн тэтгэлэг төлөхөөр татгалзсан хариу тайлбар ирүүлснээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар шүүгчийн захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон. Тус хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1771 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Т.Н нь С.Э-ын биологийн эцэг байх магадлал 99,99 хувь гэж гарсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр тус тус заасан тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу эцэг Т.Н-оос тэтгэлэг гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 Дээрх үндэслэлээр хүү С.Эрдэнэсолонгыг эх Б.С-ийн асрамжид үлдээж, хүүхдэд тэтгэлэг тогтоох нь үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Т.Н-ийг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эцэг тогтоолгох шинжилгээний төлбөр 200.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардал нь нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарч байна.

 Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны А/115, А/176, 142 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар “Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ” батлагдсан байх бөгөөд үүнд ДНХ-ээр эцэг, эх тогтоох /нэг хүний/-д нэг хүний 100,000 /нэг зуун мянган/ төгрөгийн төлбөр төлөхөөр тогтоосон байна. Уг нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэгч төлсөн талаар тайлбарлаж, хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байх бөгөөд хариуцагч тал нэхэмжлэгчийг уг шинжилгээний төлбөрийг төлсөн талаар маргаагүй тул хариуцагчаас шинжээчийн зардал 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид Б.С-д олгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104.040 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Н-оос улсын тэмдэгтийн хураамжид 104.040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгох нь зүйтэй байна

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, охин, С-ийн Э-ын эцэг нь Э овогтой Т-ын Н болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан С-ийн Э-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э овогтой Т-ын Н-оос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.С-д даалгасугай.

4. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Т.Н нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжилгээний төлбөр 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийг хариуцагч Т.Н-оос гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгосугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104.040 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Н-оос улсын тэмдэгтийн хураамжид 104.040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН