Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 132/ШШ2021/00147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б аймаг, С сум, ........... багт оршин суугаа, Сыхан овогт Лын Б -ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б аймаг, Б сум, ........... тоотод оршин суух, Г овогт Лцын Н-д холбогдох,

 

Охин Б.О тай сард 2 удаа уулзуулж байхыг хариуцагчид даалгаж, эрх, үүргээ хэрэгжүүлэх журам тогтоолгох шаардлага бүхий 132/2021/00090/И  индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б , хариуцагч Л.Н,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн охин болох О маш их санадаг. Миний охин аавтайгаа 3-5 настай болтлоо хамт байсан. Тийм учраас байнга  уулзах боломжийг олгож өгөхийг хүсэж байна. Шийдвэр гүйцэтгэгч Х нь хариуцагч бид хоёрын хооронд тохиролцоо хийж өгсөн. Тус тохиролцоонд хүүхэдтэйгээ сард 2 удаа болон амралтын өдрүүдэд өдрийн цагаар уулзуулахаар болсон. Ннь шийдвэр гүйцэтгэгчээр хэлүүлж хүүхэдтэй уулзуулдаг байсан.

Жишээ нь 2020 оны 06 дугаар сард хоёр хоногоор нэг удаа авч болно гэсэн тохиролцоо байсан. Хүүхдээ авах гэж очсон боловч Нөгөөгүй. Мөн наадмын өмнө хүүхдээ авах гэсэн боловч өгөөгүй. 7 дугаар сарын дундуур хүүхдээ авах гэж очсон боловч Нхүүхдийг айлд үлдээгээд Улаанбаатар хот руу явсан байсан. Би охиноо авъя гээд Б гэж залуугаар яриулсан. Гэтэл Ншийдвэр гүйцэтгэгч Быг элдэв байдлаар доромжилсон. Б дараа нь надад уурлаж “Би та нарын хариуцаж авсан хүн би биш” гэж хэлээд надад гар бичмэл бичиж өгсөн. 2020 оны 07 дугаар сар, 8 дугаар сарын хүүхдийн тэтгэмжийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд хийсэн байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд хүүхдийн тэтгэмж ороод миний дансанд ороогүй учраас хүүхдийг уулзуулахгүй гэж хэлсэн. Шийдвэр гүйцэтгэгч Б хэлэхдээ “Тухайн дансанд төлсөн гэдэг баримт гаргаж өгөхийн тулд дөрвөн хүний гарын үсэг хэрэг болдог. Тухайн хүмүүс нь амралтаа авсан. Таны данс руу хийх боломжгүй байна. Дараа нь таны данс руу орно” гэж Нд хэлсэн.

... 10 дугаар сард охиныг ахин нэг удаа орой нь аваад маргааш өглөө ээжид нь хүргэж өгөхөд хүүхэд цагаан хорхойтуулсан гэдэг зүйл ярьсан. Би эмчээс “орой нь хүүхдээ аваад өглөө нь хүргэж өгөхөд цагаан хорхойтдог юм уу” гэж асуухад тийм зүйл байдаггүй гэсэн. Дараа нь 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн өдрөөрөө авч хоноё гэж аваад явсан. Түүнээс хойш уулзаагүй. 2021 оны 01 дүгээр сард охиндоо бэлэг өгсөн. Мөн идэшний үеэр нарь, айраг, тараг өгсөн. 01 дүгээр сарын 27-28-ны өдөр гэрт нь очсон. ...

Зун хүүхдээ авахад тохой нь жаахан шалбарсан ээж дээрээ очсон байсан. Тухайн үед тохой нь гэмтсэн байсан. Байцаагчид Нхэлэхдээ хүүхдийн тохой шалбарч ирсэн гэхэд нь байцаагч “хүүхэд шалбарах төдий зүйл байдаг шүү дээ” гэж хэлэхэд Н“чи хүүхэдгүй юм уу, хүүхэд гаргаагүй юм уу” гэж элдвээр хэлсэн. Шийдвэр гүйцэтгэгч “За би энэ асуудлыг хариуцаж авч чадахгүй юм байна” гэж хэлээд өөр шийдвэр гүйцэтгэгч рүү шилжүүлсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгч Х хэлэхдээ “Хүүхдийг эцэгтэй нь хуульд зааснаар заавал уулзуулах ёстой. Ямар нэгэн санал гомдол байвал баримт өгч болно” гэдэг зүйл хэлсэн. Сард 2 удаа буюу амралтын өдрүүдээр хоногоор авч байхаар тохирсон боловч  Нби хүүхдээ өгөхгүй байж болно биз дээ гээд охинтой минь уулзуулахгүй байна. Иймд намайг охин Отай сард 2 удаа, 7 хоногийн амралтын өдрүүдэд, зуны амрталтаар буюу жил бүрийн 8 дугаар сард 14 хоногийн хугацаанд уулзах эрхээр нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Миний охин энэ хүнтэй богинохон хугацаанд байсан. 2 настай байхад нь охиныг аваад 4 сараас 7 сар болтол явсан. Дандаа сэтгэлзүйн дарамтад оруулдаг. Нэгэнт миний сонголт юм чинь нөхрөө муулаад яахав гэж бодоод охиноо өрөвдсөөр 5 нас хүртэл нь Б тай хамт амьдарсан. Би хүүхдээ өөрөө гардаж өсгөж байсан. Аавтайгаа уулзаж ирээд ээжээ та ааштай юм уу гэдэг. Хүүхэд маань намайг нулимаад эгч рүү минь нулимаад байдаг болсон энэ хүн дээр очихоор хүүхэд хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлдэг мөн цагаан хорхойтуулаад байдаг учраас би явуулах дургүй. Улаанбаатар хотод ахын минь бие муу байхад явж ирээд хүүхдээ өгье гэж мессэж бичсэн гэтэл танихгүй айлд хүүхдээ орхисон гээд байгаа юм.  ...Хануй рашаан руу явуулахдаа за 2 хоног аваад яваад ирээрэй гээд хэлээд байхад 4 хоносон. ...Дараа нь нэг хоногоор авч явахад нь “миний охин цагаан хорхойтдог шүү унтлаганыхаа хувцасыг өмсөөрөй”  гэж захиад явуулсан. Тэгээд ирэхдээ цагаан хорхойтой болчихоод ирсэн. Миний охин унталганыхаа хувцсаа өмссөн үү гэсэн чинь би халууцаад байхаар нь өмсөөгүй гэсэн. ...Миний охины аюулгүй байдлыг хамгаалахгүй, эрүүл мэндийг нь хохироож  байна. Нэг өдөр авч явахдаа духыг нь бэртээсэн байсан. Яасан бэ гэхэд “дүү нартай тоглоод хавдсан” гэж хэлсэн. Миний охины духанд сорви нь байдаг. Ийм учраас хүүхдээ уулзуулахгүй байгаа. ... Улаанбаатар хотоос ирээд шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга дээр орж уулзсан. Тэгээд түүнд “За болъё. Тэтгэмжийн 100.000 төгрөгийг өгөхдөө бөөн хэрүүл болж өгдөг. Би мөнгөө өг гэж хэлдэггүй. Энэ хүн өөрөө ухамсраараа мөнгөө өгвөл өгнө биз” гэж хэлсэн. Миний охины эрүүл мэнд, хүмүүжилд нь сөрөг нөлөө үзүүлж, охиндоо хайр халамжгүй байдаг. Хүүхдийг өөрөө тоглуулдаг гэж худлаа ярьж байна. Охиныг дүү нартаа өгөөд өөрөө таксинд явдаг. Орой нь гэртээ ирэхэд дүү нар нь миний охиныг зодож, бэртээсэн байдаг. Тиймээс Б  нь хүүхдээ хайрлаж хамгаалдаггүй. 6 жил хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэнэ гэж хэлэхэд төрсөн өдөр тэмдэглэх гэлээ гэж уурладаг. Түүнээс миний охин С байна,  сайн өсч байна шүү гэж нэг ч бэлэг өгч байгаагүй. Охиныхоо наад захын хэрэгцээг хангадаггүй. 6 жил цэцэрлэгт явж байхад нэг удаа хичээлийн хэрэгсэл авч өгч байгаагүй. Одоо ч мөн адил хэвэндээ байгаа. Б  нь хүүхдийг овоглосноороо далимдуулж намайг сэтгэл зүйн дарамтад оруулж хүмүүст худлаа хэлдэг. Хүүхдээ хайрласандаа уулзана гэж байгаа юм биш ээ. Тиймээс хүүхэдтэйгээ уулзуулдаггүй, уулзуулахыг ч хүсдэггүй. Б  нь С суманд мал маллаж амьдардаг. Охиноо хөдөө авч явчихаад анхаарал тавьсан зүйлгүй ах дүү нартаа үлдээгээд малаа маллаад явчихдаг тул охиноо аавтай уулзуулах бодолгүй байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б  нь хариуцагч Л.Нд холбогдуулан охин Б.Отай сард 2 удаа уулзуулж байхыг даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч Л.Ннь хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг” тул хүүхдээ эцэгтэй нь уулзуулахгүй гэж маргаж байна.

Тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 123 дугаартай шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.О эцэг Л.Б аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Л.Б  нь охин Б.Отай 2020 оны 12 дугаар сараас хойш уулзаагүй, 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр уулзахаар очиход нь хариуцагч Л.Н уулзуулахаас татгалзсан талаар маргаагүй. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа охины эцэг Л.Б  хөдөө мал маллаж амьдардаг, охиноо хөдөө явуулахаар аав нь анхаарал халамж сайн тавьж чаддаггүй гэх тайлбарыг гаргасан нь нэхэмжлэгч Л.Б  охин Б.Отай уулзах, хамт байх, асран хамгаалах, өсгөн хүмүүжүүлэхэд оролцох эрх, үүргээ хэрэгжүүлэх талаар Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т заасан эрх, үүрэг бодитой хэрэгжих боломжтой гэж үзэхээргүй байх бөгөөд охин Б.О эцэг Л.Б тай уулзуулах талаар зохигч маргаантай байдаг болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т ”хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь...тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1-т ”Хүүхдийг ... эцэг, эхээс нь хууль бусаар салгаж үл болно” гэж тус тус хуульчлан заажээ.

Зохигч гэрлэлтээ батлуулаагүй боловч охин Б.О н эцэг, эхийн хэн алинтай хамт байх, уулзах, асран хамгаалуулах, тэтгэх, хүмүүжүүлэхэд нэхэмжлэгч Л.Б , хариуцагч Л.Ннар адил эрх, үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Охин Б.О  нь 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 7 нас 6 сартай байх бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх журам тогтоохдоо хүүхдийн сэтгэхүй, хүмүүжил, зан байдал болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх байдлыг бий болгохгүй байхыг харгалзан үзэх ёстой ба нэхэмжлэгчийг охин Б.Отай тодорхой хугацаанд тогтмол уулзаж байхыг даалгуулах тухай шаардлага нь хүүхдийн өсч торних, амьдрах орчинг байнга өөрчлөх, бага насны хүүхдийн хичээл хийх, орчиндоо дасах байдалд нөлөөлөхөөргүй байх нөхцлийг харгалзаж Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасны дагуу нэхэмжлэгч Л.Б ы охин Б.О эрх, ашиг сонирхол, түүний асран тэтгүүлэх, хүмүүжүүлэх, хамгаалуулах эрхийг зөрчихгүйгээр 1 /нэг/ сард 2 /хоёр/ удаа уулзаж, долоо хоногийн амралтын Бямба, Ням гарагуудад болон зуны амралтын хугацаанд 14 /арван дөрөв/ хоногийн хугацаанд хамт байхаар нэхэмжлэгч Л.Б ы эрх үүргээ хэрэгжүүлэх журмыг шүүхээс тусгайлан тогтоож, Л.Б ыг дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг хариуцагч Л.Н  даалгах нь зүйтэй гэж үзлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон      

 

ТОГТООХ нь:


     1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасныг баримтлан 2014 оны 09 дүгээр сарын 10-ны төрсөн охин Б.О  насанд хүртэл нь нэхэмжлэгч Л.Б д сард 2 /хоёр/ удаа ажлын өдрөөр уулзаж, амралт /Бямба, Ням/ -ын өдрүүд, зуны амралтын хугацаанд 14 /арван дөрөв/ хоног хамт байхаар эрх, үүргээ хэрэгжүүлэх журмыг тогтоосугай. 

2. Нэхэмжлэгч Л.Б ы эрх, үүргээ хэрэгжүүлэхэд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг хариуцагч Л.Нд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    О.ОДОНЧИМЭГ