Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 00019

 

 

 

                                                        

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Ц.Эт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Л.Отгончимэг,

Нарийн бичгийн дарга: Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолтой Ц.Эт холбогдох 2038000000179 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б овогт Ц-ын Э, 1985 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ......................./.

Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 2 дугаар сард Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Бага хавчиг” гэх газраас 7.01 метр куб хэмжээтэй шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж экологи эдийн засагт 1,261,800 /нэг сая хоёр зуун жаран нэгэн мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт Ц-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ц-ын Э-ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Кубань маркийн цахилгаан хөрөө, 7.01 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг хурааж, хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 50-81 улсын дугаартай Серес маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцааж олгож, Эрүүгийн 2038000000179 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: ... Анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэсэн заалтыг баримтлан торгох ялыг хорих ялаар сольж болохыг дурьдах ёстой атал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг баримталж байгаа нь буруу юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн энэ заалт нь шүүхээс торгох ялыг биелүүлэх хугацаа тогтоогоогүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг заасан заалт байх ба шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар сольж болох заалттай хамааралгүй юм. Мөн улсын яллагч шүүгдэгч Ц.Эын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 50-81 улсын дугаартай Серес загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгуулах санал гаргасны дагуу шүүхээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан байх ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тухайн тээврийн хэрэгсэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлд хамаарч байх тул мөн зүйл хэсэгт зааснаар “хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ”-г хэрэглэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 155 дугаартай яллах дүгнэлтээр Ц.Эт холбогдох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бага хавчиг” гэх газраас 2020 оны 02 дугаар сард 54 ширхэг 7.01 м.куб хэмжээтэй шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж экологи-эдийн засагт 1,261,800 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тухай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан нотолбол зохих байдлууд буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг яаж үйлдсэн/-ыг эргэлзээгүй нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг хуульчлан тодорхойлсон ба энэ хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана:”, 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэж тус тус заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэж гэмт хэрэг үйлдсэн шинжүүдээр нь ялган хуульчилсан.

Гэтэл мөрдөгч, прокурор нь дээрх шинжүүдийн аль шинжээр нь Ц.Эын үйлдсэн гэмт хэрэг зүйлчлэгдэж байгааг яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд тодорхой ойлгомжтой зааж, яллагдагчаас мэдүүлэг аваагүй, яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгчийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлийг орхигдуулсан байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан хохирогч Ч.Хишигдэлгэрийн өгсөн “...Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн Бага хавчиг гэх газар Түнэл сумын иргэн Ц.Э  нь ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж малын хашаа барьсан байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй ямар ч зөвшөөрөл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/,

Гэрч Б.Дэлгэрдалайн өгсөн “...Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн Бага хавчиг гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж Бага хавчигийн ам гэх газар хаваржааны хашаа барьсан зөрчлийг илрүүлж холбогдох шалгалтыг хийж хэн бэлтгэж тээвэрлэснийг тогтооход Мөрөн суманд оршин суух Цэдавдамба овогтой Эрдэнэбаатар нь зохих зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтгэсэн байсныг тогтоосон...” гэх мэдүүлэг,

Гэрч Х.Түмэнбаярын өгсөн “...2020 оны 02 дугаар сард нутгийн ах Эрдэнэбаатар дээрх газраас мод бэлтгэсэн гээд манай төрсөн ахын Серс машиныг гуйж аваад ачих гэж байхад нь малд явж байгаад тааралдсан юм. Намайг модноос ачилцаад өгөөч гэж гуйхаар нь модноос нь ачиж малын хашаа барих газар нь буулгаж өгсөн” гэх мэдүүлэг,

Гэрч Х.Түмэнжаргалын “...Ц.Э миний машиныг мод ачаад өгье гээд гуйгаад аваад явсан. Би тухайн үед хониндоо явсан. Нэг өдөр машин авч явж Бага хавчигаас хашаа барихаар мод ачсан” гэх мэдүүлэг,

Яллагдагч Ц.Эын “...Тэгээд хашааныхаа модыг бэлтгэхээр ганцаараа Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Бага хавчиг гэх газраас 30 ширхэг хуурай мод цахилгаан хөрөөгөөр огтолж унагаасан, зарим модыг нь унанги модноос ч тайрч авсан. Модоо бэлтгэж дуусаад нутгийн залуу Түмэнжаргалын серс машиныг гуйж аваад Түмэнбаярын хамт модоо ачиж Алаг-Эрдэнэ сумын нутаг Хавчигийн ам гэх газарт малын хашаа барьчихсан байхад Алаг-Эрдэнэ сумаас байгаль орчны шалгалтаар хүмүүс ирээд зөвшөөрөлгүй мод бэлтгэж малын хашаа барьсан байна гэсэн” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Ц.Э нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинж тогтоогдож байхад мөрдөгч, прокурор нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн “тээвэрлэсэн” шинжийг огт тусгалгүйгээр Ц.Эыг яллагдагчаар татаж байцаалт аван, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болох юм.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шалгаж тогтоосны эцэст прокуророос яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн үйлдэж ирүүлвэл зохих тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Эт холбогдох хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг прокурорт буцаасан тул дээд шатны прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Эт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

                   ШҮҮГЧИД                                                      Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                         Н.БАЯРХҮҮ