Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/00123

 

Б.О-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 141/ШШ2023/00025 дугаар шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 205/МА2023/00014 дүгээр магадлалтай,

Б.Оын нэхэмжлэлтэй

Д.Б-д холбогдох

Гэм хорын хохиролд 89,548,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-н гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б.О нь Д.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 89,548,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 141/ШШ2023/00025 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар Б.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-н нэхэмжлэлтэй, Д.Б-д холбогдох “Гэм хорын хохиролд 89,548,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 205/МА2023/00014 дүгээр магадлалаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 141/ШШ2023/00025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-н давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хяналтын гомдолдоо: ...Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.Үүнд: 1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг зөвхөн хариуцагчд ашигтай байдлаар буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийн хувьд хохирогчийн амь насанд учирсан хохирлыг нэхэмжилсэн байхад эрүүгийн журмаар уг хохирлыг төлсөн гэж үзэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5.2-т гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах гэж заасан боловч хариуцагч гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар ямар ч арга хэмжээ аваагүй. 2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан бодит хохирол төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй гэх зэрэг асуудал бол шүүгдэгчд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болохоос бус иргэний журмаар нэхэмжилсэн гэм хорын асуудалд огт хамаарахгүй юм. 3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан эдийн бус хохирол гэдэгт нэхэмжлэлд дурдсан хохирогчийн амь насанд учирсан хохирол юм. 4. Монгол Улсын Дээд Шүүхийн 2009.05.22-ны өдрийн 15 дугаартай тайлбарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран зөвхөн хуульд заасан тохиолдолд иргэний журмаар шийдвэрлэнэ гэж заасан. 5. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зөвхөн зөвхөн эдийн бус гэм хор учирсан тохиолдолд сэтгэл санаанд учирсан үр дагаврыг харгалзан үзэх талаар заасан, Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлийн холбогдох заалт нь хохирлыг арилгах ерөнхий зохицуулалт, мөн хуулийн 230.2-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг зохицуулсан. 6. Мөн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д ...харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж заасан. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.06.07.-ны өдрийн 001/ШХТ2023/00699 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн гомдлыг хангах боломжгүй байна.

8. Нэхэмжлэгч Б.О-н төлөөлөн нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Д.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 89,548,600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Б-г 2018.09.28-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр 44-ийн зах дээр ... улсын дугаартай Киа пронтер маркийн автомашинаар ухрах үедээ Т.Б-г мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт гэм буруутай нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.11-ний өдрийн 977 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.

Хариуцагч Д.Б нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж, шийтгэх тогтоолд Б.О-г гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг иргэний хариуцагч “СУ” ХХК-иас нэхэмжлэх эрхтэй болохыг заасан, хуульд байхгүй болон хуульд заагаагүй үнэлгээ гаргаж, энэхүү үнэлгээгээр нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийг зөрчсөн гэсэн үндэслэл зааж, мэтгэлцсэн байна.

9. Анхан шатны шүүх “...хариуцагч нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.11-ний өдрийн 977 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, нэхэмжлэгч Б.О-н нөхөр ...амь насыг хохироосон гэм буруутай, гэмт хэргийн улмаас учирсан болон бусад хор уршгийн зардлыг иргэний хариуцагч “СУ” ХХК-иас нэхэмжлэх эрхтэй гэж шүүх шийдвэрлэсэн, шүүхээс Д.Б-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн 1 жилийн хугацаа дуусгавар болсон байх тул уг хугацаанд хор уршиг арилгах талаар хүлээлгэсэн үүрэг мөн дуусгавар болсон, Д.Б-г гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноор түүнээс дахин хохирол тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлгүй...” гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

10. Давж заалдах шатны шүүх “...Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт хохирогч нас барсан бол түүний оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар Д.Б нь хохирогчид оршуулгын тодорхой хэмжээний мөнгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлсөн нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан зайлшгүй зардалд хамаарсан тул анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж шийтгэх тогтоолд дүгнэсэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нэрлэн заасан амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүндийг эдийн бус хохиролд хамааруулан үздэг тул мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлж болно, гэтэл одоогийн байдлаар хүний амь насыг мөнгөөр үнэлсэн хуулийн зохицуулалт байхгүйн дээр ажил хөдөлмөр эрхэлж цалин, хөлс авч байгаагүй амь хохирогчийн хувьд ирээдүйд ийм хэмжээний орлого олох байсан гэсэн үнэлгээний хийсвэр тооцоог үндэслэн гэм хорын хохирлыг гаргуулах боломжгүй, ...анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, адил шийдвэр гаргасан боловч агуулгын хувьд уг нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг анхаараагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлж, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон, улмаар  хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн гэж үзэх боломжгүй тул гомдлыг хүлэн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба хариуцагч Д.Б болгоомжгүй үйлдлийн улмаас Т.Б-н амь нас хохирсон үйл баримт тогтоогджээ.

Гэвч нэхэмжлэгч Б.О нь хохирогчийн гэр бүлийн гишүүн эсвэл насанд хүрээгүй хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд нэхэмжлэл гаргасан эсэхийг тогтоож, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын талаар шүүх хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй байна. Б.О нь Т.Б-тэй эхнэр, нөхөр эсэх, хүүхдүүдийн эцэг, эх хэн болохыг нотлох төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа зэрэг баримтууд хэрэгт байхгүй тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байв.

Түүнчлэн нэхэмжлэгч нь “АҮ” ХХК-ийн үнэлгээг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд уг үнэлгээнд нас барсан хохирогчийн алдагдсан боломжийг 57,360,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 32,188,600 төгрөг хохирлын хэмжээ нийт 89,548,600 төгрөг гэж тодорхойлжээ. Нэхэмжлэгч зөвхөн сэтгэл санааны хохирол шаардсан, эсхүл нас барсан хохирогчийн алдагдсан боломжийг шаардсан гэвэл энэ нь гэм хорын ямар төрөлд хамаарах эсхүл хамаарахгүй талаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг эрх зүйн үүднээс тодруулж дүгнэлт хийх үүрэгтэй байсан.

Эдгээр ажиллагааг хяналтын шатны шүүх залруулах боломжгүй тул хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 141/ШШ2023/00025 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 205/МА2023/00014 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЦОЛМОН

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД                                                               Н.БАЯРМАА

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД