Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 132/ШШ2021/00191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.О-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 151/2021/00023/И  индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц хариуцагч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай 2012 оны 06 дугаар сард танилцаж, 2012 оны  9 сараас хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүү Ц.Д төрж, 2015 онд гэрлэлтээ батлуулсан. 2015 онд 03 сард намайг хөдөө явсан хойгуур эхнэр маань өөр хүнтэй болсон байсан. Тэр үеэс тусдаа амьдарч эхэлсэн. Хүү Ц.Д манай ээжтэй хамт амьдардаг. Одоогоор ирэн очин дуртай газраа байдаг. 2019 оны 07 сараас би өөр хүнтэй хамт амьдарч эхэлсэн ба 2020 оны 12 сард дундаасаа охинтой болсон. Тиймээс тус тусдаа амьдрал зохиосон тул гэрлэлт цуцлуулж, хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч бид хоёр 2012 оноос хойш  4 жил хамт амьдарсан. Хүү Ц.Д ой гарантай байхад бид хоёр тусдаа амьдарч эхэлсэн. Би одоо гэр бүлтэй болж 2017 онд хүүтэй болсон. Хүүгээ эцэг Б.Ц асрамжинд өгөх, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн хүүтэйгээ уулзаж байна. Нэхэмжлэгчтэй эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч С.О холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Б.Ц, С.О нар нь 2012 онд танилцаж, 2015 оны 07 сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2014 оны 12 сарын 23-ны өдөр хүү Ц.Д төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

Гэрлэгчид нь  2016 оноос хойш хамтран амьдраагүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болсон, нэхэмжлэгч Б.Ц, С.О нар нь тус тусдаа өөр хүнтэй гэр бүл болсон гэх тул эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу гэрлэгчид нь хүүхдийн асрамж дээр маргаагүй байх тул 2014  оны 12 сарын 08-ны өдөр хүү Ц.Д эцэг Б.Ц асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

 

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно. 

 

Хүүхдийг хэний асрамжид үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1заасныг баримтлан Ц.Б С.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014  оны 12 сарын 08-ны өдөр хүү Ц.Д эцэг Б.Ц  асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.О 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц  олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Ариунжаргалд даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  О.ОДОНЧИМЭГ