Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 132/ШШ2021/00197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д овогт Чын Б -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Булган аймаг, ... т оршин суугаа,  овогт С-ийн Н  /-т холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, эцэг тогтоолгож, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, хариуцагч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Б миний бие нь С.Н тай 2012 онд танилцаж, 2012 оны 05 сараас Улаанбаатар хотод оюутны байранд  хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2014 оны 02 сарын 11-ний өдөр  охин Б.А төрсөн. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байсан болохоор охин маань надаар овоглосон. Бид хоёр 2017 онд хуримаа хийж нэг гэрт орсон. Үүнээс  хойш надтай байнга хэрүүл хийдэг, дарамталж зоддог болсон.

...Би охин Б.Аг өнчрүүлэхгүй гэсэндээ өдийг хүртэл гэр бүлийн хүчирхийллийг тэвчиж ирсэн.  С.Н нь бүр сүүлдээ гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж,  2020 оны 07 дугаар сараас өөр эмэгтэйтэй хамтран амьдрах болсон.  Цаашид хариуцагчтай хамтран амьдрах ямар ч боломжгүй юм.

... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тоолж, битүүмжилсэн 86 тооны мал байгаа тул үүнээс өөрт болон охинд ногдохыг хуваалгах хүсэлтэй байна. Дараах байдлаар үнэлж байна. Шарга азарга 850.000 төгрөг, хар гүү  850.000 төгрөг, халтар гүү 850.000 төгрөг, хонгор даага 450.000 төгрөг, хүрэн халзан унага 200.000 төгрөг, улаан халзан үнээг тугалтай нь 1.000.000 төгрөг, бүдүүн хонь 26 толгойг тус бүр 120.000 төгрөг, төлөг 29 толгойг тус бүр 80.000 төгрөг, борлон 2 толгойг тус бүр 50.000 төгрөг, бүдүүн ямаа 22 толгойг тус бүр 70.000 төгрөг, малын хашаа 7.000.000 төгрөг, гэр 1.500.000 төгрөг, соната 7 маркын авто машиныг 10.000.000 төгрөгөөр үнэлж байна.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Б.Аг С.Нийн охин болохыг тогтоож,  хүүхдээ өөрийн асрамжид авч, эцэг С.Наас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Ч.Бтай 2012 онд танилцаж, бид 2016 онд гэр бүл болсон.  Охин 2014 оны 02 сарын 11-ний өдөр  төрсөн....Тухайн үед би оюутан байсан тул эхнэр маань охинтойгоо хөдөө ээж дээрээ байдаг байсан. Би ирэн очин байж байгаад 2017 оны 08 сард бид хоёр хуримаа хийж тусдаа гарсан. Бид аав ээжтэйгээ айл амьдарсан боловч муудалцаад ганц гэрэээрээ 1 жил хэртэй амьдарсан. Түүнээс хойш хадмын хаяанд 2020 оны 05 сар хүртэл амьдарсан. Нодлин зуд болоод мал цөөрсөн тул би Булганы төвд ирж  тендерт явж эхэлсэн. Тэгээд би эхнэр хүүхэд дээрээ очдог байсан боловч намайг хөөдөг байсан. Би үүнд гомддог. Тэгээд нэг хүнтэй танилцсан минь үнэн. Хааяа нэг л гэрт нь очдог байсан.

... Охин Б.Аг төрөхөд бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан болохоор улсын бүртгэгч эцгээр нь овоглох боломжгүй, эхээр нь овоглоно гэснээр Ч.Баар овоглосон. Иймд Б.А эцэг нь мөн болохоо хүлээн зөвшөөрч байна.

Эхнэрээсээ уучлалт гуйж, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Эд хөрөнгийн хувьд малын хашаа одоо байхгүй зарсан мөн  соната 7 маркийн авто машин 10.000.000 төгрөг хүрэхгүй, 6.500.000 төгрөгөөр үнэлж байна. Бусад хөрөнгийн үнэлгээнд нэхэмжлэгчийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна.

Би хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эхнэр хүүхдэдээ өгөхийг зөвшөөрч байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч С.Нт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, Б.А эцгээр С.Н мөн болохыг тогтоолгож,  хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ гэжээ.

Ч.Б, С.Н нар нь 2012 онд танилцаж, 2019 оны 03 сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцааны хувьд таарч тохироогүйгээс бие биеэ ойлгож, хүндэтгэх, халамжлах үүргээ биелүүлдэггүй, байнгын хэрүүл маргаантайн улмаас 2020 оны 05 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч С.Н нар нь 2014 оны 02 сарын 11-ний өдөр охин Б.А төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх ба С.Н нь охин Б.А эцэг гэдгээ хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар маргахгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Иймд Б.А эцгээр С.Нийг тогтоож, хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулж  тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хүүхдийг хэний асрамжид үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.

 

Нэхэмжлэгч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын битүүмжилсэн хөрөнгө болох 86 тооны мал, өвөлжөө, малын хашаа зэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21/10/01, 21/10/02, 21/10/03  дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудаар битүүмжилсэн эд хөрөнгөөс ногдох хэсгээс гаргуулна гэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25  дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигч “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Ч.Бын Соната 7 маркийн авто машинаас бусад хөрөнгийн үнэлгээг хариуцагч С.Н хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нь тээврийн хэрэгсэл болон малын зах зээлийн үнэлгээ мэргэжлийн байгууллагаар гаргуулж, үнэлгээг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хүсэлтээ дэмжин үнэлгээ хийхэд холбогдох баримтыг Далайван Аудит ХХК-д гаргаж өгөөгүй болох нь  тус компаний 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01/11 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул Соната 7 маркийн авто машины үнийг нэхэмжлэгчийн үнэлсэн үнэлгээгээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар маргааны зүйлд үнэлгээг шүүхийн зүгээс хийлгэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг зөрчихөөс гадна мэтгэлцээний тэнцвэртэй байдлыг алдагдуулах болно. 

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг   сонирхлыг  харгалзан шүүх  өөрөөр тогтоож болно гэж, 129.4-т энэ хуулийн 129.3-т зааснаас бусад гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсхүл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно гэж тус тус заасан тул хөрөнгө хуваахад хөрөнгө бий болгоход хөдөлмөрөөрөө оролцсон эсэхээс үл хамааран насанд хүрээгүй охин Б.А эцэг, эхийн нэгэн адил өөрт ногдох хөрөнгийг авах эрхтэй гэж дундын хөрөнгийг дараахи байдлаар хуваарилав.

Нэхэмжлэгч болон түүний насанд хүрээгүй охин Б.А нарт 1 тооны шарга азарга, 1 тооны халтар гүү, 1 тооны хүрэн халзан унага, 20 тооны төлөг, 18 тооны бүдүүн хонь, 1 тооны борлон, 15 тооны бүдүүн ямаа, монгол гэр, “Сонато-7” маркийн автомашин, хариуцагчид 1 тооны хар гүү, 1 тооны хонгор даага, 9 тооны төлөг, 8 тооны бүдүүн хонь, 1 тооны борлон, 7 тооны бүдүүн ямаа,  Булган аймгийн Сайхан сумын 4 дүгээр баг, “Гичэнтийн ар” гэх газар байрлалтай өвөлжөө, малын хашаа зэрэг хөрөнгийг хуваарилж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1заасныг баримтлан  овогт Сгийн Н ; Д овогт Чын Б /рд:/  нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

           2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2014 оны 02 сарын 11-ний өдөр төрсөн охин Б.А эцэг  овогт Сгийн Н мөн болохыг тогтоосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014 оны 02 сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Аг эх Ч.Бын асрамжид үлдээсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 02 сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Аг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ настай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг С.Наар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ч.Бт  даалгасугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 130 дугаар зүйлийн 130.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б болон насанд хүрээгүй охин Б.А нарт 1 тооны шарга азарга, 1 тооны халтар гүү, 1 тооны хүрэн халзан унага, 20 тооны төлөг, 18 тооны бүдүүн хонь, 1 тооны борлон, 15 тооны бүдүүн ямаа, монгол гэр, “Сонато-7” маркийн автомашин, хариуцагчид 1 тооны хар гүү, 1 тооны хонгор даага, 9 тооны төлөг, 8 тооны бүдүүн хонь, 1 тооны борлон, 7 тооны бүдүүн ямаа,  өвөлжөө, малын хашаа зэрэг хөрөнгийг хуваарилсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 992.400 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Наас  1.026.614 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид 992.400 төгрөг, Төрийн санд   34.214 төгөргийг тус тус олгосугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан болохыг дурьдсугай.

 

10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Ариунжаргалд даалгасугай.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож  14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           О.ОДОНЧИМЭГ