| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2024/0199/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/277 |
| Огноо | 2024-04-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Тэгшбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч Б.Тэгшбаяр,
Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт БМд холбогдох эрүүгийн “2205 02388 0085” дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, Ө овогт БМ, 2001 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж ......тоотод оршин суудаг,
урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 392 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн 69.1.3 дахь заалтад заасан “Эцэг, эхийн хяналтад өгөх” албадлагын арга хэмжээ хэрэглэсэн.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 663 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, (......).
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөлгөөхөн” зочид буудлын 206 тоот өрөөнөөс хохирогч А.Тийн эзэмшлийн 2,100,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 13” загварын гар утас, хохирогч Г.Бын эзэмшлийн 850,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне икс” загварын гар утас, хохирогч Ц.Хын эзэмшлийн 430,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-52” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 3,380,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
мөн 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 15 дугаар гудамжинд зүс таних иргэн Ж.Дын “Самсунг Галакси Эс-20 пи” загварын гар утсыг бусадтай утсаар ярьж холбоо барих шаардлага гарсан мэтээр хуурч, түүний эд хөрөнгийн эрхийг сайн дурын үндсэн дээр түүнээс өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэж бусдад 850,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 05 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 18 дугаар байрны гадна байсан иргэн ЧЧын эзэмшлийн “Toyota Sienta” загварын ....улсын дугаартай тээврийн хэрэгслийн 455,000 төгрөгийн үнэ бүхий салхины шилийг хагалж эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Б.Мэс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Мэс мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлсэн: “..2022 оны 06 сарын 06-нд найзуудтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглээд шоуддаг байсан. Тэгээд гадуур явж байгаад 06 сарын 07-ны өглөө Өргөө кино театрын хойд хэсэгт байрлах Дөлгөөхөн нэртэй буудал руу орсон ресейпшн нэг охин байсан өрөө байна уу гэж асуусан чинь байхгүй гэж хэлсэн. Удалгүй өрөөнд нь ороод жоохон хэвтчих үү гэж асуусан чинь тэг тэг гээд хэлсэн. Хэвтэж байхад дэрэн доороос нөгөө охин хоёр утас аваад байсан тэгэхээр нь би наадуул чинь юун утас вэ гэсэн чинь буудлын өрөөнд хоёр залуу тасарчихсан утсаа үлдээсэн байсан утас их алга болдог болохоор өөртөө байлгаж байна гэж хэсэн. Нөгөө охин хэсэг сууж байгаад гараад явсан. Тэгэхээр нь би шүүгээнд хийсэн байсан гурван утсыг аваад цонхоор гараад явчихсан. Тэгээд нөгөө авсан гар утсаа Самсунг, Ай фоне-Х хоёрыг согтуу явж байгаад гээчихсэн. Харин Ай фоне-13 гар утсыг фэйсбүүк дээр зар тавьж байгаад зарчихсан.. гэсэн мэдүүлэг /1хх-ийн 47-50/,
Шүүгдэгч Б.Мэс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “..Би өмнө нь сэжигтний мэдүүлгийг үнэн зөвөөр өгсөн нэмж ярих зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57-60/,
Шүүгдэгч Б.Мэс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “..Би 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо Дөлгөөхөн зочид буудлын 206 тоот өрөөнөөс Айфон 13 загварын гар утас, Айфон икм, Самсунг-А52 загварын гар утас, мөн 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 15 дугаар гудамжинд зүс таних хүнээс утсаараа нэг яриулаач гэж хэлэн Самсунг галакси Эс-20 пи утсыг авч зугтаасан хэргээ хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 178-181/,
Шүүгдэгч Б.Мэс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хэргээ үндсэн хэрэгтээ нэгтгүүлэн шалгуулж өмгөөлөгч авч мэдүүлэг өгмөөр байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөн хохирлыг бүрэн барагдуулж хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна..” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 54-55/,
1. Хохирогч Ц.Хаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: "..2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би Дөлгөөхөн зочид буудалд ажиллаж байхад гар утсаа алдсан гэх 3-н залуу орж ирээд өрөө авсан. Үүрээр шахуу өрөөгөө шалгаад явж байхад нөгөө 3-н залуу хаалгаа онгорхой орхичихсон утаснууд нь ил байсан. Тэгэхээр нь би манай дээр дандаа утас алдагдаад гомдол гардаг болохоор өөртөө аваад, гарах үед нь утсыг нь өгье гэж бодоод хоёр ай фоне гар утсыг нь авсан. Тэгээд удалгүй гаднаас нэг танихгүй эрэгтэй орж ирээд өрөө асуусан, байхгүй гэсэн чинь тэгвэл жаахан сууж байгаад явчихъя гэж хэлээд өрөөнд ороод суусан. Тэгээд гараарай гээд хэлсэн чинь хэвтээд байсан. Тэгэхээр нь би өрөөгөө түгжиж орхиод гараад буцаад ороод ирсэн чинь нөгөө өрөөнд байсан залуу байхгүй, миний өөрийн утас, хоёр ай фоне гар утас бас байхгүй байсан. 2022 онд худалдаж авч байсан Самсунг А52 маркийн гар утас, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утас байсан..” гэх мэдүүлэг /1хх-ийн 13- 14 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр найзуудтайгаа хамт талбайн зүүн талд пиво уусан. Тэгээд бид нар такси бариад хороолол “Өргөө” рүү нэг буудалд орсон. Өглөө сэрсэн чинь миний утас болон Түвшинтөгөлдөрийн утас алга болсон байсан. Би буудал орох үед тасарсан байсан. Саарал өнгийн ай фоне икс эс маркийн эвдрэл гэмтэлгүй гар утас байсан. Гар утсаа 850,000 төгрөгөөр үнэлж байна..” гэх мэдүүлэг, /1хх-ийн 19 дүгээр хуудас/,
Хохирогч А.Төөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр найзуудтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд хорооллын "Дөлгөөхөн” гээд буудал руу орж унтаад өглөө сэрсэн чинь манай найз Г.Б бид хоёрын гар утас алга болсон байсан. Ай фоне маркийн 2022 онд авсан цэнхэр өнгийн эвдрэл гэмтэлгүй гар утас байсан. 2,000,000 төгрөгөөр үнэлж байна..” гэх мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Ашид Билгүүн” ХХК-н 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ТХҮ-921 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 42-45 дугаар хуудас/,
2. Хохирогч Ж.Даас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн Нарангийн 15-19 тоот гэртээ байхад манай байранд ирээд байдаг залуу болох М орж ирээд мэнд ус мэдээд, би гараад найз охин болох Атой уулзах гээд гарч байхад М ардаас гарч ирээд гар утсаараа ганц яриулчхаач гэхээр нь өгтөл Баянхошуу тал руугаа булан эргээд гүйгээд яваад өгсөн. Би 2022 оны 03 дугаар сард Сайн электроникоос 2.899.000 төгрөгөөр худалдаж авч байсан..” гэх мэдүүлэг, /1хх-ийн 83-84 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Цаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна гаднаас 2 залуу орж ирээд Самсунг Эс 20 пи загварын гар утас 450,000 төгрөгөөр барьцаанд тавих үедээ ....регистрийн дугаартай Дагвасүрэн овогтой ....гэсэн хүний нэр дээр барьцаанд тавьсан байсан. Гар утсыг анх ..../РД:..../ нэр дээрээ барьцаанд тавиад буцааж авахдаа Батболд овогтой М /ВП00322914/ нь авна гэж хэлээд барьцаанд тавьж бүртгүүлээд 450,000 төгрөгөөр барьцаанд авсан. Надад барьцаанд тавьсан гэх баримт нь байгаа.." гэх мэдүүлэг, /1хх-ийн 88-89 дүгээр хуудас/,
Гэрч Д.Саас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр намайг ажил дээр байх үед М ирээд найз нь гар утсаа ломбардад тавих гэсэн юм мөнгөний хэрэг гараад байна лизингээр авсан гар утас байгаа юм гээд гуйгаад байхаар нь зөвшөөрч модны 2-н автобусны буудлын ард байрлах ломбард орж өөрийн нэр дээр тус гар утсыг 450,000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан..” гэх мэдүүлэг, /1хх-ийн 104-105 дугаар хуудас/,
“Кости-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 119- 21 дүгээр хуудас/, Хохирогч Ж.Дын гар утсыг “24” гэх ломбардад барьцаанд тавьсан 2.4” Ломбардын гэрээ”-ний хуулбар, /хх-ийн 128 дугаар хуудас/, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “24” гэх ломбардын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /1хх-ийн 110-111 дүгээр хуудас/,
3. Хохирогч ЧЧаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Чингэлтэй дүүргийн 5-р хороо 18 дугаар байрны урд талын ил зогсоол дээр өөрийн ....улсын дугаартай Тоёота Сиента маркийн тээврийн хэрэгслээ тавьсан байсан. 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө үүрээр 05 цагийн үед таксинд гарах гээд машинаа халаагаад зогсож байсан чинь согтуу 2 залуу цаанаас чанга чанга орилоод, гартаа барьж байсан 2 лаазтай пиво машин руу шидсэн. Тэгээд миний машин урд талын салхины шилний баруун доод буланг хагалсан. Тэгээд би яаж байгаа юм бэ гээд дуудсан чинь 2 тийшээ салаад зугтаасан. Би араас нь хөөж байгаад нэг залууг барьж аваад цагдаад хүргэж өгсөн. Тэр хоёр залуугийн арай намхан махлаг нь миний машиныг онож салхины шил хагалсан. Бид хоёр Ашид билгүүн гэх үнэлгээний газарт салхины шилээ үнэлүүлсэн 455,000 төгрөг гэж үнэлсэн. Тэгж үнэлүүлэхдээ 34,000 төгрөг өөрсдөө гаргаж үнэлүүлсэн. Би 489,000 төгрөгийг нэхэмжилж байна. Бас би 4-5 хоног таксинд явж чадаагүй би өдөрт багадаа 50,000 төгрөг олдог байсан үүнийгээ гаргуулж авмаар байна.." гэх мэдүүлэг, /1хх-ийн 240 дүгээр хуудас/,
"Кости-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, /хх-ийн 250 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, /1хх-ийн 73 дугаар хуудас/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан”, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийн цагдан хоригдсон 60 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, нийт эдлэх ялыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхөөр даалгав.
Бусад асуудлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мэс 3.085.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Тт 2.100.000 төгрөгийг, хохирогч Г.Бт 450.000 төгрөгийг, хохирогч Ц.Хд 30.000 төгрөгийг, хохирогч ЧЧд 55.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Цт 450.000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Б.М нь 2024 оны 04 сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 5 хоног завсарлуулав.
Шүүгдэгч Б.М нь 1.000.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хохирлын барьцааны данс болох Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан байх тул уг мөнгийг хохирол төлүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлэхийг тус шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Мийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт БМийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан”, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ял, торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийн цагдан хоригдсон 60 хоногийг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Мэс 3.085.000 төгрөгийг гаргуулж хохирогч Түвшинтөгөлдөрт 2.100.000 төгрөг, хохирогч Г.Бт 450.000 төгрөг, хохирогч Ц.Хд 30.000 төгрөг, хохирогч ЧЧд 55.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Цт 450.000 төгрөгийг тус тус олгосугай.
7. Шүүгдэгч Б.Мэс 1.000.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хохирлын барьцааны данс болох Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан байх тул уг мөнгийг хохирол төлүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлэхийг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.
9. Шүүгдэгч Б.Мийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
11. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР