Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 132/ШШ2021/00202

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б овогт С  М --ын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б овогт Д-ын Б -т  холбогдох,

 

4.027.000 төгрөг гаргуулах тухай 132/2021/00096/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.М, хариуцагч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  М.Энхмаа  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Д.Б 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг,  2019 оны 8 сарын 30-нд  500.000 төгрөгийг тус бүр 12 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги тооцож, 3 сарын хугацаатай зээл өгсөн. Нийт 4 удаагийн үйлдлээр 3.000.000 төгрөг зээлсэн. Үүнээс хойш зээлийн эргэн төлөлтөө дансаар хийдэг мөн би өөрөө очиж авдаг байсан. Гэрээний хугацаа дуусах өдөр нь би очиж гэрээгээ сунгадаг байсан ба 3,4 удаа сунгасан. Энэ хугацаанд хүүгийн төлбөрөө төлж байсан. Сарын хүүгийн төлбөрт нийт 360.000 төгрөг өгдөг байсан. Зээлээ төлөх талаар шаардсан боловч төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн хүү 4.000.000 гаруй төгрөг төлөгдсөн боловч 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй.

... Иймд үндсэн зээлийн төлбөр 3.000.000 төгрөг, хүү 600.000 төгрөг, алданги 427.000 төгрөг нийт 4.027.000 төгрөгөөс хариуцагчийн 2021 оны 03 арын 04-ний өдөр төлсөн 200.000 төгрөгийг хасаад 3.827.000 төгрөгийг  хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Д.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр умайн хүзүүний хорт хавдар 4 дүгээр шатанд орсон гэсэн оношоор Улаанбаатар хотруу явсан. С.Моос зээл авсан нь үнэн. Эхлээд 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр  500.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр  500.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 30 –ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг 12 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахаар С.М ирээд шинэ гэрээ хийгээд явдаг байсан. Хүүгийн төлбөрөө дор дор нь хийдэг байсан боловч сүүлийн 3, 4 сард зээлээ төлж чадаагүй. Би бас С.Мын дүүгээс зээл авсан. Тэд нартай ярилцаад зээлийн хүүгээ зогсоогоод зээлээ ямар нэг байдлаар төлж барагдуулна гэж тохирсон.

... Би 2020 онд биш 2019 онд зээл авсан. М өөрөө гэрээгээ авч ирээд надаар тамга даруулж, гарын үсэг зуруулдаг байсан. 2019 оны 09 сараас 2020 оны 12 сарыг хүртэл нийт  4.900.000 гаруй төгрөг төлсөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Д.Бхолбогдуулан 4.027.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаж, шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3.827.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч С.М нь гэрээний дагуу зээлийн төлбөр 3.000.000 төгрөг, хүү 600.000 төгрөг, алданги 427.000 төгрөг нийт 4.027.000 төгрөгөөс хариуцагчийн 2021 оны 03 арын 04-ний өдөр төлсөн 200.000 төгрөгийг хасаад 3.827.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарладаг бол хариуцагч Д.Б  нь дээрх гэрээний дагуу 3.000.000 төгрөгийг авсан ба үндсэн зээлээ төлнө гэж өөрийн татгалзал, түүний үндэслэлийг тайлбарлаж   байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог бөгөөд хуулийн энэ шаардлагын дагуу зохигч талуудын хооронд 2019 оны 08 сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 08 сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 08 сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг,  2019 оны 8 сарын 30-ны өдөр  500.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг хариуцагч Д.Бшилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.  

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алддаг байна.

Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2019 оны 08 сарын 12, 2019 оны 08 сарын 16, 2019 оны 08 сарын 24,  2019 оны 8 сарын 30-ны өдөр тус тус байгуулагдсан зээлийн гэрээ хэрэгт нотлох баримтаар хавсаргагдаагүй тул зээлийн хүү, алданги авах эрхгүй байна.

Хариуцагч нь 2019 оны 09 сараас 2020 оны 12 сарыг хүртэл 4.900.000 гаруй төгрөгийн зээлийн төлөлт хийсэн гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж мэтгэлцээгүй тул хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримт болох 2020 оны 08 сарын 18, 2020 оны 08 сарын 24, 2020 оны 10 сарын 12, 2020 оны 10 сарын 31-ний өдөр тус тус байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч С.М нь хариуцагч Д.Бдээрх төгрөгийг хүлээлгэн өгөөгүй, тэдний хооронд байгуулсан 2019 оны 08 сарын 12-ны өдрийн, 2019 оны 08 сарын 16-ны өдрийн, 2019 оны 08 сарын 24-ний өдрийн, 2019 оны 8 сарын 30-ны өдрийн  зээлийн гэрээг сунгасны илэрхийлэл болгох зорилгоор дээрх зээлийн гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ хууль ёсоор байгуулагдаагүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.4-т заасан шаардлагыг хангаагүй байгаа нь аливаа хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нарын дунд байгуулагдсан 2020 оны 08 сарын 18, 2020 оны 08 сарын 24, 2020 оны 10 сарын 12, 2020 оны 10 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1-д  зааснаар нэхэмжлэгч С.М-ын нэхэмжлэлтэй, Д.Б-д холбогдох 3.827.000 /гурван сая найман зуун хорин долоо мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79.382 /далан есөн мянга гурван зуун наян хоёр/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  О.ОДОНЧИМЭГ