Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2021/00341

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* задгай хороололд оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг, *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ийн д холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.тэй 2017 онд танилцсан бөгөөд 2018 оноос хамтран амьдарсан. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүү ийг төрүүлсэн. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Удалгүй бидний харилцаа хөндийрч, таарч тохирохгүй болсон. Хүү маань одоо хоёр настай бөгөөд миний асрамжид байдаг. Тусдаа амьдрах хугацаанд Г. нь биднийг эргэж тойрч байгаагүй. Би өөрийн гэсэн ажил төрөлтэй хүүгээ тэжээгээд явчих чадвар байгаа хэдий ч хуулийн дагуу эцэг, эх хоёрын хэн аль нь үр хүүхдээ тэжээн тэтгэх ёстой учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хүү ийг миний асрамжид үлдээж, эцэг Г.гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.*******тай 2017 онд танилцсан бөгөөд 2018 онд миний хүү болох ийг төрүүлсэн. Энэ хугацаанд бид хоёр гэрлэлтээ батлуулж амжаагүй бөгөөд хамтран амьдраагүй. Би 2018 оны 04 дүгээр сараас 2019 оны 07 дугаар сар хүртэл Хилийн цэргийн 0129 дүгээр ангид гэрээт цэргийн алба хаасан. Энэ хугацаанд Д.******* болон хүү т хэрэглээний мөнгө өгч байсан. *******ыг сургуулиа төгсөх хүртэл санхүү ар талыг нь хариуцаж байсан. Бид хоёрын гэр ойрхон байдаг учраас хэрэглээний эд зүйлсийг манай аав, ээж хоёр бүрдүүлж өгч байсан. Би 2019 оноос хойш Дотоод хэргийн их сургуульд элсэн суралцсанаас хойш мөнгө өгч чадаагүй. Бид хоёр тусдаа амьдарч, хоёр биенээсээ хол байдаг байсан болохоор хэрүүл маргаан их гардаг байсан. Харин салах шийдвэрийг Д.******* гаргасан. Тиймээс хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээхийг болон хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Г.д холбогдуулан Хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Д.*******, Г. нар нь 2017 онд танилцан гэрлэлтээ хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүйгээр 2018 оноос хамт амьдарсан байх бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүү ийг төрүүлсэн болох нь дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Д.******* нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү ийг өөрийн асрамжид авах санал гаргасныг хариуцагч Г. хүлээн зөвшөөрч байх тул хүү ийг эх Д.*******ын асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д "Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ", мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байна. Иймд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү ийг тэжээн тэтгэх үүрэг хуульд зааснаар хариуцагч Г.д үүсч байх тул хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү ийг эх Д.*******ын асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2зааснаар 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.гээс сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105 033 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.гээс улсын тэмдэгтийн хураамжид 105 033 /70 200+34 833/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ