Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/336

 

                                             

                                                           

 

 

 

 

 

    2024           04         24                                  2024/ШЦТ/336

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч О.Нандинцэцэг /томилолтоор/,

Хохирогч Д.А,

Шүүгдэгч А.Т /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогтТд холбогдох эрүүгийн “2411 00390 0358” дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, А овогтТ, 1997 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 4-р хороо 122-66 тоотод оршин суудаг,

-урьд нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 628 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан, РД:/....../,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Т нь 2024 оны 1 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 5 дугаар хороо, "Бишрэлт" Их дэлгүүрийн арын зам дээр хохирогч Д.Атай маргалдаж түүнийг түлхэн унагаж эрүүл мэндэд нь "дух, зүүн хацар, дээд уруул, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хохирол санаатай учруулсан болох нь:

 

Шүүгдэгч А.Тын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Би санаатай өшиглөөгүй, хальт түлхсэн газар унаад нүүрээ халзалсан. Босож ирээд над руу хараасан. Би босох гэж байгаад курткыг нь урсан..” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч А.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө Н, Ж, Анарын хамт манай гэрийн ойролцоо болох Чингэлтэй дүүргийн 5-р хороо Бишрэлт зочид буудлын хойно байх байрны авто зогсоол дээр машин дотроо сөжү, пиво аваад хувааж уусан. Машинд хэсэг юм ярьж байгаад Атай тусдаа юм ярих гээд машинаас бид хоёр буугаад машины ард юм ярьж зогсож байгаад би Аын мөрөн дээр хөнгөн түлхсэн. Тэгтэл А газарт унасан. Би Аыг газраас дээш босгох гээд гарнаас нь татахад куртик нь урагдсан ба би бас газар унасан. Тэгтэл А орилоод намайг зодчихлоо гээд уйлаад газраас босохгүй байсан. Жмашинаас буугаад Аыг аргадаж байж дээш нь босгосон..” гэх мэдүүлэг /хх-60/,

 

Хохирогч Д.Аын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Тэр үед бид хэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд машинд сууж байсан. Тэгтэл уух юм дуусаад Намуун, Т хоёр уух юманд явсан. Ж бид хоёр сууж байтал тэр 2 буцаж ирсэн. Тэгээд юу ч ярилгүй байж байсан. Т ах бид хоёр ам мурийгаад байдаг байсан. Тэгсэн Намуун, Жхоёр та 2 гараад ярилц гээд машинаас гаргасан. Тэгээд гартал намайг түлхээд унагаасан. Намайг татаж босгоод үсдээд өвдөглөсөн. Миний нүүрэн дээрх сорви зөвхөн унаснаас биш 3-4 газар сорви болсон байгаа. Зөвхөн түлхээгүй. Тэгээд би уйлаад гэр лүүгээ такси бариад харьсан. Би найзтайгаа цуг амьдардаг байсан. Манай найз Хнамайг хараад хүнд зодуулчхаад цагдаа дуудна гээд Та руу залгаад хаана байгаагаа хэл гэсэн чинь өмнөөс нь Хутсыг нь булааж авч яриад байсан. Хбид хоёр очоод “миний найзыг яаж байгаа юм” гээд хэрэлдсэн чинь Намуун, Ххоёр хоорондоо маргалдсан. Тэгээд цагдаа дуудсан. Би хохирлоо барагдуулна, нүүрэн дээр үлдсэн соривоо байхгүй болгомоор байна. Толгойны зураг авхуулсан баримт байсан тул Т 200.000 төгрөг өгсөн. Би эмчилгээнд орох боломжгүй байгаа тул хохирлоо нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2024 оны 1 дүгээр сарын 16-17 шилжих шөнө 02 цаг гээд ажлаа тараад ажлын хүмүүс болох Т, Намуун, Жнарын хамт Тэнгис кинотеатрын арын зогсоол дээр ирээд машин дотроо суугаад юм ярьцгаагаад сөжү болон пиво ууцгаасан. Тэгээд сууж байгаад машинаас буугаад байж байтал Т ах намайг нүүр лүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн бөгөөд би шууд гэртээ очсон..” гэх мэдүүлэг, /хх-ийн 7 дугаар тал/,

 

Хохирогч Ш.Халиуны мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2024 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 7 цагийн үед Баянгол дүүрэгт байх гэртээ унтаж байхад найз Б.А манайд уйлаад ороод ирсэн. Мөн нүүр ам нь шарх болсон байсан. Би юу болсон талаар Ааас асуухад ажлынхаа залууд зодуулчихлаа..” гэх мэдүүлэг, /хх-ийн 17 дугаар тал/,

 

Гэрч К.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2024 оны 1 дүгээр сарын 17-ны шөнө 03-04 цагийн үед ажлаа тараад хэсэг сууя гэж ярилцаад Тагийн гэрийн гадаа машинд суухаар болсон. Тэгээд Чингэлтэй дүүргийн 5-р хороо Бишрэлт зочид буудлын арын байрны машины зогсоол дээр машин дотор бид 4 пиво болон сөжү архи холиод уусан. Бид хэд машинд ууж байхад А нь Тад хандаа чи гуйж ажиллуулсан биз дээ гээд үг хаяад байсан ба Та тоохгүй бид нартай юм яриад өөр юм яръя гээд сэдвээ өөрчлөөд байсан. Таг бууя ярилцъя гээд өдөөд байсан. Тэгээд Т, А 2 машинаас буусан ба нээх удаагүй би машины толинд харсан чинь А газар хөлөө жийгээд суучихсан байдалтай байсан..” гэх мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр тал/,

 

Шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1689 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “..Д.Аын биед дух, зүүн хацар, дээд уруул, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.." гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-4/, шүүгдэгч А.Тын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-41-51/, шүүгдэгч А.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч А.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Т нь 2024 оны 1 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 5 дугаар хороо, "Бишрэлт" Их дэлгүүрийн арын зам дээр хохирогч Д.Атай маргалдаж түүнийг түлхэн унагасны улмаас Д.Аын эрүүл мэндэд нь "..дух, зүүн хацар, дээд уруул, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал..” гэмтэл үүссэн. Энэ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийн улмаас Д.Ад хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Тын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч А.Тын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.Тд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан бөгөөд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Д.А нь Синдерелла Клиник ХХК-ийн 2023 оны 01 сарын 20-ны өдрийн эмнэлгийн дүгнэлтийг хэрэгт гаргаж өгсөн бөгөөд энэ баримт нь хуулбар хувь буюу хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаа тул үнэлэх боломжгүй гэж үзлээ.

Хохирогч Д.А нь 2024 оны 01 сарын 17-ны өдөр толгойн компьютерт томографикийн шинжилгээ өгсөн баримт хавтаст хэргийн 30 дахь талд авагдсан байх бөгөөд шүүгдэгч нь хохирогч Д.Ад 200.000 төгрөгийг өгсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Т нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогтТыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч А.Т нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР