Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 19

 

                                                   Ц.М, Б.Б, Ц.Б нарт

                                       холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Х.Батчимэг, шүүгдэгч Ц.М-ын өмгөөлөгч Г.Амгалансуурь, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар магадлалтай, 201710010092 дугаар эрүүгийн хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1974 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэгт холбогдох үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газарт хяналт шалгалтын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан, Боржигон овогт Ц.М нь 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль авах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Боржигин овогт Б.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1977 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, эрэгтэй, 1997 оны 11 дүгээр сарын 10-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 1999 оны 7 дугаар сарын 27-нд Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 2003 оны 5 дугаар сарын 12-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3, 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 2 хоног хорих ялаар тус тус шийтгүүлсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, Их Монгол Боржигон овогт Ц.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль зуучлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх Прокуророос Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

-шүүгдэгч Ц.М-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэргийг,

-шүүгдэгч Б.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.М-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар магадлалаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх яллагдагч Ц.М, түүний өмгөөлөгч Г.Амгалансуурь нарын хүсэлтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дахин явуулах шаардлагагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д заасныг удирдлага болгон яллагдагч Ц.М, түүний өмгөөлөгч Г.Амгалансуурь нарын гаргасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.6-д зааснаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохих асуудлыг нотлоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь :

Шүүгдэгч Ц.М нь Замын-Үүд дэх гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаалийн улсын байцаагч Батболдын шалгалтаар илрүүлэн Баатархүүгээс хураан авсан 950 грамм мана чулууг Баатархүүд буцааж өгөхдөө Батсайханаар зуучлуулж Баатархүүгээс 826.000 төгрөгийн хахуулийг ажлын байрандаа өөрийн биеэр авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж авагдсан яллагдагч Ц.Б, Б.Б нарын мэдүүлэг, яллагдагч Ц.М нь хахуульд авсан 826.000 төгрөгийг авсан болохыг ажлын байранд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр, мөн чулууг өөрийн гэртээ аваачиж тавьсан болох нь түүний орон байранд үзлэг хийсэн тэмдэглэлээр, сэжигтэн Ш.Батболд, Өнөрбуян нарын мэдүүлэг, яллагдагч Ц.М-ын 91911461 дугаартай утасны ярианы лавлагаа, яллагдагч Ц.Бы 80906778 дугаартай утасны лавлагаа, хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч Б.Б-гийн Авлигатай тэмцэх газарт гаргасан өргөдөл зэрэг бичгийн нотлох баримтуудаар түүний албан тушаалаа ашиглан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар зуучлуулан хээл хахууль авсан болох нь хангалттай нотлогдсон гэж үзэж байна.

Шүүгдэгч Ц.М нь 826.000 төгрөгийн хахууль авахдаа хураагдсан чулууг ямар үнэтэй болохыг мэдээгүй байж шүүх хуралдаанд “...найз маань гуйж байхад 1 кг хүрэхгүй, 20 гаруй мянган төгрөгийн үнэтэй чулууг авч өгөхийн тулд 800.000 төгрөг нэхэх хүн би биш...гэж мэдүүлдэг. Гэвч тухайн үед уг чулуу нь үнэлэгдээгүй байсан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагааны явцад чулуу үнэлэгдсэн. Нөгөө талаар энэ гэмт хэргийн шинжид тухайн эд зүйлийн үнэлгээ, хаанаас, хэнээс худалдаж авсан, зах зээлд ямар үнэтэй, ямар ашиг олох, улсын хилээр нэвтрүүлсэн тохиолдолд ямар үнээр худалдан борлуулах зэрэг асуудал нь хээл хахууль авч байгаа албан тушаалтан болон хахууль авах гэмт хэргийн шинжид ямар ч хамааралгүй гэж үзэж байна.

Энэ хэрэгт гүйцэтгэх ажлын шугамаар ажиллагаа явуулаагүй. Харин шүүгдэгч Баатархүү нь буруу зүйл хийсэн талаар цагдаагийн байгууллагад өөрийн биеэр ирж мэдээлэл өгсний дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.3 дахь хэсэгт зааснаар мэдээллийг шалгах явцад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, шүүгдэгч Ц.Мын ажлын болон орон байранд хийсэн үзлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн.

Шүүгдэгч Б.Б-гийн хэргээ илчлэн ирсэн нөхцөл байдлыг тогтооход цаг хугацааны хувьд эргэлзээ байгааг шүүх анхаараагүй гэжээ. Шүүгдэгч Б.Б нь хийсэн хэргийн талаар цагдаад мэдэгдээд, цагдаагаас тэр даруй хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Энд цаг хугацаа давхацсан болон эргэлзээтэй асуудал байхгүй.

Иймд анхан шат шүүх нь шүүгдэгч Ц.М-ын хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар анхан шатны журмаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэж заасныг баримтлан, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдал нотлогдсон гэж дүгнээд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүх нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасан нь ойлгомжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Төрийн албан хаагчийн ёс зүй, Төрийн албаны хууль дүрэм, журмаар тогтоож өгсөн хэмжээ хязгаарын дотор эрх мэдлээ хэрэгжүүлэхийг үүргээ болгож, шударга ёсыг баримталж ажиллах ёстой байтал шүүгдэгч Ц.М нь бусдаас хахууль авахын тулд өөрийн бүрэн эрхэд хамааралгүй бусдын илрүүлсэн зөрчилд хөндлөнгөөс оролцож өөрт олгогдсон эрх хэмжээгээ илтэд хэтрүүлэн хээл хахуулийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон болно.

Иймд Ц.М, Б.Б нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасан Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаартай магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгч Ц.М-ын өмгөөлөгч Г.Амгалансуурь тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай гэв.

 Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Ц.М-ыг гэм буруутайд тооцохдоо “бусдаар дамжуулан” гэснийг “өөрөө” гэж, мөн Ц.М-д оногдуулсан нэмэгдэл ялаас “үйл ажиллагаа явуулах” гэснийг хасах, мөн 826.000 төгрөгийг Ц.М-д буцаан олгохоор заасныг хүчингүй болгох нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ц.М, Б.Б, Ц.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.М нь Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр шүүгдэгч Б.Б-гийн гаалийн үзлэг шалгалтаар хураалгасан 950 грамм мана чулууг “Б.Б-д буцааж өгүүлэх” талаар шүүгдэгч Ц.Бы гуйснаар 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр шүүгдэгч Б.Б-гээс 826.000 төгрөгийн хээл хахууль авсан,

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр гаалийн хяналт шалгалтаар хураалгасан 950 грамм мана чулуугаа буцааж авахын тулд Ц.Баар зуучлуулж 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Замын-Үүд дэх гаалийн газрын хяналт шалгалтын гаалийн улсын ахлах байцаагч Ц.М-д 826.000 төгрөгийн хээл хахууль өгсөн,

Шүүгдэгч Ц.Б нь шүүгдэгч Б.Б-гийн хүссэний дагуу түүний 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр гаалийн хяналт шалгалтаар хураалгасан 950 грамм мана чулууг шүүгдэгч Ц.М-аар буцааж авахуулах талаар ярьж, тэднийг 826.000 төгрөгийн хахууль өгч, авалцахад зуучилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.М-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль авах”, шүүгдэгч Б.Б-гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль өгөх”, шүүгдэгч Ц.Б-ы үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль зуучлах” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, тухайн хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв тогтоосон байх тул хэргийн талаар нотолбол зохих байдлыг дахин шалгуулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэв.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар хээл хахууль өгч авахад зуучилсан үйлдлийг уг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлаас хамааран Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт заасан зохих зүйл, хэсгийг журамлан хээл хахууль авах, эсхүл хээл хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон гэж зүйлчлэхээр хуульчлагдсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ы хээл хахуульд зуучилсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, харин шүүгдэгч Ц.Б-ы үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлд заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгох талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д холбогдох хэрэгт шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, хэргийг 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх ашигтай талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б нь сайн дураар хэргээ илчлэн ирснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин шүүгдэгч Ц.М-д холбогдох хэрэгт шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулиар Ц.М-ын үйлдлийг зүйлчилж шийдвэрлэсэн нь зөв боловч төрийн албанд хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулж ашиглан, гаалийн улсын байцаагч Ш.Батболдын гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн хурааж, гаалийн ахлах байцаагч Ц.Өнөрбуянд шилжүүлсэн нийт 273 ширхэг бөмбөрөө мана чулууг зөрчил гаргагчид эргүүлэн өгөх зорилгоор дур мэдэн авч явж гэртээ хадгалж, Б.Б-гээс 826.000 төгрөгийн хахууль авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, хээл хахууль авах гэмт хэрэг үйлдээгүй хэмээн маргаж буй шүүгдэгч Ц.Мд тэнсэх журмыг хэрэглэх үндэслэлтэй эсэх талаар ямар нэг хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, хувийн байдалд илт тохироогүй байна гэж үзэв.

Түүнчлэн шүүхээс Ц.М-д хуульд заасан нэмэгдэл ялыг оногдуулахдаа ямар албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахыг тодорхой заагаагүй байх тул зөвтгөн засч, хорих ялыг тэнсэж хянан харгалзсан заалтыг хүчингүй болгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Прокуророос Ц.Б-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж,

-шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Ц.М-ыг ...бусдаар дамжуулан хээл хахууль авсан” гэснийг “Шүүгдэгч Ц.М-ыг өөрөө хээл хахууль авсан” гэж,

-шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял шийтгэсүгэй” гэснийг “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж,

-шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаас “826.000 төгрөгийг Ц.М-д буцаан олгосугай” гэснийг хүчингүй болгож,

-шийтгэх тогтоолын 9 дэх заалт буюу Ц.М-д оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                                   

                        ДАРГАЛАГЧ                                                            Б.ЦОГТ

                        ШҮҮГЧИД                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН