Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 774

 

                                                                                   

С.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Даваадорж,  

шүүгдэгч С.Э,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/352 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуугийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч С.Эт холбогдох эрүүгийн 1909012320055 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;  

 

С.Э нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат гэх газарт “Экспресс трейд’’ ХХК-иар “...би танайхаар урд нь Жаргалантын аманд худаг гаргуулж байсан юм, одоо ахдаа худаг гаргуулах гэсэн юм, гаргаад өгөөч...” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч худаг гаргуулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өсөх овгийн Сарантуяагийн Энхбаярыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж,

шүүгдэгч С.Э нь хохирогч Ш.Ганбатад 5.000.000 /таван сая/ төгрөг төлсөн ба хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохыг дурдаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч С.Эын өмгөөлөгч О.Алтанчулуу давж заалдах гомдолдоо: “...1. Цагдаагийн хоёрдугаар хэлтэст “Экспресс трейд” ХХК нь гомдол гаргасан байна/хх-16/. Гэтэл Ш.Ганбатыг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хохирогчоор тогтоох тогтоол үйлдэж, мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх түхай хуулийг ноцтой зөрчсөн байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж заасан. Анх цагдаагийн байгууллагад “Экспресс трейд” ХХК нь гомдол гаргасан байх тул энэ нь хуулийн этгээд бөгөөд хуулийн этгээд хохирогчоор гомдол гаргасан тохиолдолд хуулийн этгээдийн итгэмжлэлийн үндсэн дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоож, хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй,

      2. Гомбодоржийн Одонтуяа гэх иргэн нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн хадатын аманд худаг гаргах зөвшөөрөлтэй хэдийч “Экспресс трейд” ХХК-ийг очиход хэрхэн иргэний эрх зүйн харилцаа үүсгэж, хэлцэл хийгдэж, өөрийн эзэмшил, өмчлөлийн газарт худаг гаргуулсан талаар гэрчээр асуулгаж, өмгөөлөгч би өөрийн биеэр гэрчийн мэдүүлэг авахад оролцох хүсэлтэй байна. Учир нь, гэрч Ц.Бахархал, Г.Одонтуяа нарын харилцаа хамаарлыг тогтоолгох. Ц.Бахархал нь яагаад Г.Одонтуяагийн эзэмшил, өмчлөлийн газар дээр худаг гаргуулах болсон талаар нотлох баримтыг бэхжүүлж тусгаагүй.

      3. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн хадатын аманд хэдэн төгрөгийн үнэлгээтэй худаг гаргасан нь тодорхой бус байгаа зэргийг тогтоогоогүй гэж үзэж байгаа тул тус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Энэ хэрэг гарах болсон шалтгаан нь ерөнхийдөө байгууллага хоорондын үл ойлголцлоос үүссэн юм. ...” гэв.

 

      Прокурор Д.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн гомдолд тайлбар хэлэхэд, шүүгдэгч С.Э болон “Экспресс трейд” ХХК-ийн хооронд худаг гаргуулах талаар гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй. Харин шүүгдэгчийн гэмт санаа зорилго нь иргэн Ц.Бахархалт гэх хүнд төлөх ёстой төлбөрөө тооцуулахын тулд “Экспресс трейд” ХХК-ийг хуурч, хуурамч мэдээллээр уг компанийг төөрөгдөлд оруулж, улмаар бусдад 8.670.000 төгрөгийн хохирол учруулж залилсан. “Экспресс трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ш.Ганбатыг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр томилсон болох нь Улсын бүртгэлийн газрын гэрчилгээгээр нотлогдсон. Иймд Ш.Ганбатыг хохирогчоор тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Хуулийн этгээдийг хохирогчоор тогтоогоод байх шаардлагагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч С.Э нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат гэх газарт “Экспресс трейд’’ ХХК-иар “...би танайхаар урд нь Жаргалантын аманд худаг гаргуулж байсан юм, одоо ахдаа худаг гаргуулах гэсэн юм, гаргаад өгөөч...” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч худаг гаргуулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

Залилах гэмт хэрэг нь “бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг зайлшгүй шаарддаг бөгөөд шинж нь тогтоогдоогүй нөхцөлд тус “Залилах” гэмт хэргийн шинжийг хангахгүй.

 Анхан шатны шүүхээс С.Эыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.  

Учир нь, хэрэгт авагдсан:

хохирогч Ш.Ганбатын “...Энхбаяр гэдэг хүн манай компанийн ...утсаар яриад манай менежер Г.Энхбаяртай холбогдоод ...гүний худаг гаргуулах захиалга өгөх гэсэн юм гэж ярьсан байсан.” /хх 26/, гэрч Г.Энхбаярын хэрэгт анх удаа гэрчээр мэдүүлсэн “...Энхбаяр гэдэг хүн манай компани руу залгахад би холбогдож, уг хүнтэй ажил хийх талаар тохирсон юм. Тухайн үед нэг метрийг нь 120,000 төгрөгөөр, 60 метр гүнзгий ухна гэж тохирсон. Тэгээд худаг гаргах газраа зааж өгсөн. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн Хадатын ам гэх газар гэж заасан. Тэгээд би уг газарт ажилчдын хамт очиж ажлаа хийсэн. ...Надтай ярихдаа худаг гаргуулья гэж хэлсэн. Урд нь худаг гаргуулсан гэж хэлж байгаагүй санаж байна. ...Харин дараа нь дахин яриад Жаргалантын аманд худаг гаргуулмаар байна гэж хэлээд одоо мөнгийг чинь бөөнд нь өгье гэж хэлсэн. ...” /хх 44/ гэсэн мэдүүлэг зэргээс шүүгдэгч С.Э нь тус “Экспресс трейд’’ ХХК-ийг  “...би танайхаар урд нь Жаргалантын аманд худаг гаргуулж байсан юм, одоо ахдаа худаг гаргуулах гэсэн юм, гаргаад өгөөч...” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, худаг гаргаж залилсан гэх байдал тогтоогдсонгүй. Харин С.Эын утсаар ярьсан ярианы дагуу заасан газарт нь очиж худаг гаргасан үйл явдал тогтоогдож байна.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг  нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байхад “Экспресс трейд’’ ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг Хадат гэх газарт гаргасан худгийг хичнээн төгрөгийн өртөгөөр гаргасан үнэлгээ хэрэгт байхгүй байх бөгөөд хохирлын хэмжээг тодорхой тогтоогоогүйгээс ямар хэмжээний хохирол учруулсан нь тодорхойгүй болжээ.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар С.Эыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж эргэлзээгүйгээр нотлоогүй тул түүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсонгүй гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аливаа нэг гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, арга хэрэгсэл, учруулсан хор уршиг, шалтгаант холбоо, гэмт этгээд болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоосон байвал зохино.

Шүүгдэгч С.Эын гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ...эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж  заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 1909012320055 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Эыг цагаатгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/352 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас С.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар хэрэгсэхгүй болгож, Сарантуяагийн Энхбаярыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч С.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдаж, С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

              ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

              ШҮҮГЧ                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ