Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 40

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү. даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган, улсын яллагч Ч.Мөнхзул, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, иргэний нэхэмжлэгч О.*******, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох ******* дугаартай хэргийг 2017 оны 03 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* овогт ******* *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1996 оны 10 сарын 04-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-*******/, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдахын өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 2, өвөөгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн 35 дугаар байрны ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, сахарын өвчний улмаас эмчийн хаяналтад байдаг.

 

Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 11 сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрлах “Хавирга” боомтоор Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл болох тарваганы 279 ширхэг арьсыг /35.154.00 төгрөгийн үнэ бүхий/ их хэмжээгээр “Ланд круйзер” маркийн ******* УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хаалга, багажны хавтас болон газан баллон зэрэгт нууж хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2016 оны 11 сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу яваад “Нарантуул” зах дээр тарваганы арьс зардаг хүмүүстэй уулзсан. Тарваганы арьс Хятад улсад өндөр үнээр зарагддаг гэж сонссон болохоор Нарантуул захын хойд талын хаалга /Мангасын ам гэдэг хаалга/-ны баруун талд байдаг гэр ахуйн тавилга зардаг газрын зүүн талд ченжүүд зогсдог газар очоод “тарваганы арьс байна уу” гэж асуухад, махлагдуу ах “тарваганы арьс зарна” гэж хэлсэн. Одоо тэр ахыг танихгүй бөгөөд урьд нь уулзаж байгаагүй. Тэр ахаас 1 ширхэг тарваганы арьсыг 1200 төгрөгөөр авахаар болж 279 ширхэг арьсыг 334800 төгрөгөөр худалдаж авсан...Би “Маяти” маркийн бүхээгтэй ачааны машинд ачсан. Улсын дугаарыг нь санахгүй байна, мөн тарваганы арьсыг 20000 төгрөг өгч ачсан...Дорнод аймагт ирээд тарваганы арьсыг гэртээ буулгасан. Гэрт өвөө *******, эгч , ах , дүү нар байсан. Хүргэн ах “Ланд круизер 80” маркийн ******* УБЕ улсын дугаартай машиныг аваад грашид нь 279 ширхэг арьсаа авч ирээд 2-3 хоногт тарваганы арьсуудыг багцалж машины хаалганы хавтас, газны боллан, тээшний баруун талын хавтас зэрэгт хийсэн. Ингээд 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 07 цагийн орчимд тарваганы арьс нуусан “Ланд круизер-80” маркийн ******* УБЕ улсын дугаартай машинтай тээврийн бирж дээр очиж Улаанбаатар хотоос ирсэн автобуснаас 4 зорчигч, 1 зорчигчийг бирж дээрээс Алтан-Эмээл явна гэж байхад нь суулгаад хамт явсан. Дандаа танихгүй хүмүүс байсан. Хавирга боомт дээр 11 цагийн үед ирсэн бөгөөд гаалийн хяналтын талбай дээр машинаа үзлэгт оруулж зорчигч нар буугаад тээш шалгуулах, штамб даруулахаар орчихсон байсан. Гаалийн байцаагч миний машинд үзлэг хийж байгаад “машины хаалганы хавтсыг тайлж үзүүл” гэхээр нь үзүүлээд тарваганы арьс нуусан байсныг мэдэж машин саатуулсан. Ингээд бүх тарваганы арьсыг гаргаж 5 зорчигчийг явуулж намайг улсын хил нэвтрүүлээгүй” гэжээ. /хх 95-96/

 

Иргэний нэхэмжлэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б.******* нь Чойбалсан сумын Хавирга хилийн боомтоор тарваганы арьсыг гаргах гэж байгаад хураалгасан байгаа. Байгаль орчны сайдын 2014, 2015 онд гарсан тушаал дээр тарваганы арьсны үнэлгээг тогтоосон байдаг. Эдгээр хураагдсан эд зүйлс нь Чойбалсан сумаас агнасан гэж тогтоогдоогүй байгаа. Эд мөрийн баримтаар хураагдсан арьсыг үзэхэд жигд жижиг хэмжээтэй байсан. Үүнийг мөндлийн арьс гэж үзэж үнэлгээ тогтоосон нь бодитой юм. Харин Байгаль орчны сайдын гаргасан тушаалын дагуу хураагдсан эд зүйлийг улсын орлогод оруулах ёстой учир уг арьсыг улсын орлогод оруулж өгнө үү гэв.

 

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны улсын байцаагчийн 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 03 тоот дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн 279 ширхэг арьс нь Монгол оронд их тархсан Монгол тарваганы арьс байна. 2.БОАЖЯамны сайдын 2014 оны 02 сарын 25-ны өдрийн тушаалаар Монгол орны нийт нутгаар гурван жилийн хугацаатай хориглосон. 3.Хатаасан тарваганы арьсны гадаад шинж байдлаар нь нас, хүйсийг тодорхойлох боломжгүй байна. Мөн татаж хатаагаад нугалж жижгэрүүлсэн байдал нь насыг тогтоох боломжгүй болгосон байна. 4.Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт Монгол тарваганы экологи эдийн засгийн үнэлгээг /Бурхийг эр тарвагыг 170.000 /, Тарчийг эм тарвагыг 200.000/, эр мөндлийг 126.000, эм мөндлийг 145.000 төгрөгөөр тогтоосон байдаг. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасан байдаг” гэжээ. /хх 86/

 

Иргэний нэхэмжлэгч О.******* /хх 56-57/, Гэрч Н. /хх 58-59/, Н. /хх 60-61/, М. /хх 66-67/, А. /хх 64/, Г. /хх 70-71/, Б. /хх 72-73/, У. /хх 62-63/, Б. /хх 68-69/, Ц. /хх 76-77/, С. /хх 78-79/,У. /хх 74-75С. Э. /хх 80-81/, У. /хх 82-83/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 94-99/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх 6-11/, Зорчигч, эд зүйл тээвэрлэсэн “Land Cruiger 80” маркийн ******* УБЕ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 13, 39/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-23, 29, 40/, Эд мөрийн баримтаар 279 ширхэг тарваганы арьс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 101/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 17/, Дорнод аймгийн Автотээврийн төвийн тодорхойлолт /хх 105/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, үнэлгээ /хх 41-48/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 49-52/, Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон...барааны кодолсон жагсаалт, журам /хх 112-119/, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Зарим амьтныг агнах, барихыг хориглосон тухай” тушаал /хх 120-121/, Шүүгдэгчийн гадаад паспорт болон иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх 102/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 103/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /задгай/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан,  тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 11 сарын 30-ны өдөр Монгол Улсын хилээр гаргахыг хориглосон амьтны гаралтай түүхий эд буюу 279 ширхэг тарваганы арьсыг Дорнод аймгийн “Хавирга” хилийн боомтоор хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан;

 

Иргэний нэхэмжлэгч О.*******, гэрч Н., М. /хх 66-67/, А. /хх 64/, Г. /хх 70-71/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх 611/, Зорчигч, эд зүйл тээвэрлэсэн “Land Cruiger 80” маркийн ******* УБЕ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 13, 39/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-23, 29, 40/, Эд мөрийн баримтаар 279 ширхэг тарваганы арьс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 101/, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны улсын байцаагчийн 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 03 тоот дүгнэлт /хх 86/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 49-52/, Экологи-эдийн засгийн үнэлгээ, /хх 120-121/ зэрэг хангалттай нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хил нэвтрүүлсэн тарваганы арьс /амьтны түүхий эд/ нь хилээр гаргахыг хориглосон эд зүйлд хамаардаг болох нь иргэний нэхэмжлэгч О.*******, гэрч Н. нарын мэдүүлэг, Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон...барааны кодлосон жагсаалт, журам /хх 112-119/, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Зарим амьтныг агнах, барихыг хориглосон тухай” тушаал зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.*******гийн тарваганы арьсыг хил нэвтрүүлэхийн тулд нуун далдалж, гаалийн хяналтын бүсэд оруулсан үйлдлийг хориглосон эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийг төгс үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хориглосон эд зүйл улсын хилээр гаргасан гэдгээ хүлээнэ, харин тээвэрлэсэн машиныг 7000000 төгрөгөөр үнэлснийг багасгаж, эзнийх нь үнэлсэн үнэлгээгээр үнэлүүлэхийг хүсч байна...Хотын тамгын газрын үнэлгээчдийг албан ёсны зөвшөөрөгдсөн үнэлгээчин гэж үзэхэд учир дутагдалтай юм...” гэж мэтгэлцжээ.

Гэвч шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь үнэлгээний комиссын үнэлгээтэй холбогдуулж шаардлагатай тохиолдолд мэдээллийн эх сурвалжийг шалгуулах, магадлах зорилгоор комисс, түүний гишүүдийг гэрчээр асуулгах, баталгаажуулах боломж хуульд нээлттэй байхад энэ талаар мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байна.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заажээ.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “Машиныг жинхэнэ эзэмшигчийн мэдүүлсэн үнэлгээгээр үнэлүүлэх” талаар гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.******* нь тарваганы арьс /амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд/ бусдаас авсан, улмаар гадаад гаргахыг завдсан уг үйл баримт /факт/ нь Амьтны тухай хуулийн 12 дугаар зүйл “...амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдахыг...хориглоно...”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 “Энэ хуулийн 25.3-т заасан...амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан...гадаад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэх хэм хэмжээг зөрчсөн хууль бус үйл ажиллагааны үр дагавар нь хориглосон эд зүйлийг хууль бусаар нэвтрүүлж байгаа нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдэх бодит нөхцөл байдлыг бүрдүүлжээ.

 

Хориглосон эд зүйл болох тарваганы арьсыг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад дурдсан Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баримталж 35.154.000 төгрөг /эр мөндлийн бодгаль/-өөр үнэлсэн нь үндэстэй гэж үзнэ.

Мөн тарваганы арьсанд үнэлгээ тогтоохтой холбогдуулж гаргасан Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны улсын байцаагчийн 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 03 тоот дүгнэлт нь бусад нотлох баримтуудтай уялдсан, хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үнэлэв.

 

Иймд  шүүгдэгч  Б.*******г хориглосон  эд  зүйлийг  хилээр  хууль  бусаар

нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгийг хураахгүйгээр

хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.*******гийн хориглосон эд зүйл болох тарваганы арьс тээвэрлэсэн буюу гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “Land Cruiger 80” маркийн ******* УБЕ улсын дугаартай автомашин нь иргэн Б.ын өмч болох нь 00842602 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 17/, Дорнод аймгийн Автотээврийн төвийн тодорхойлолт /хх 105/, гэрч Г. /хх 70-71/, Б. /хх 72/ нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул жинхэнэ өмчлөгч Б.д дээрх тээврийн хэрэгслийг буцаан олгох нь зүйтэй юм.

Харин шүүгдэгчээс уг автомашинд тогтоосон үнэ буюу 7000000 төгрөгийг гаргуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 35154000 төгрөгийн үнэ бүхий 279 ширхэг тарваганы арьсыг тус тус улсын орлого болговол зохино.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, түүний эзэмшлээс 200000 төгрөгийн үнэ бүхий “Sharp” маркийн 32 инчийн LCD зурагт, 500000 төгрөгийн үнэ бүхий “Mоnel” маркийн хоёр хаалгатай хөргөгч  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээх, 7000000 төгрөгийн үнэ бүхий  “Land Cruiger 80” маркийн ******* УБЕ улсын дугаартай автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн мөн өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгох, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Б.*******гийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, Е1342681 дугаартай гадаад паспортыг шүүгдэгчид, 00842602 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэн Б.д тус тус буцаан олгох нь зүйтэй.

   

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ******* овогт Баатархүүгийн *******г хориглосон эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол  Улсын  Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 175 дугаар зүйлийн 175.1

дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гийн эд хөрөнгийг хураахгүйгээр 300 /гурван зуу/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.******* нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Ялтан Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 279 /хоёр зуун далан ес/ ширхэг тарваганы арьсыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж улсын орлого болгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн ******* УБЕ улсын дугаартай “Land cruiser 80” маркийн тээврийн хэрэгслийг, 00842602 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт жинхэнэ өмчлөгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Гүнжийн тоотод оршин суух, овогт д олгож, ялтнаас тээврийн хэрэгслийн үнэ 7000000 /долоон сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10-т зааснаар ялтан Б.*******гийн эзэмшлээс 200000 төгрөгийн үнэ бүхий “Sharp” брэндийн 32 инчийн LCD зурагт, 500000 төгрөгийн үнэ бүхий “Monel” маркийн хоёр хаалгатай хөргөгч битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээж, ******* УБЕ улсын дугаартай “Land cruiser 80” маркийн автомашин битүүмжилсэн мөн өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

 

8. Баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Б.*******гийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, Е1342681 дугаартай гадаад паспортыг шүүгдэгчид, 00842602 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэн Б.д тус тус буцаан олгосугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.*******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлд холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

                         

 

 

ДАРГАЛАГЧ                     Ү.ОДГЭРЭЛ